Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1022

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  М.Мөнхбадрал,                            

улсын яллагч Н.Гэрэлмаа,

хохирогч Т.Баялагтөгс,

шүүгдэгч  О.Э, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Н.Дашдулам,

шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.Э, Э.Ш, Э.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01037 0913 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн О.Э, 2001 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Анагаахын шинжлэх ухааны их сургуульд суралцдаг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 13 дугаар гудамж, 158 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.Ш, 2001 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцдаг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 36а байр 02 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.Б, 2001 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд суралцдаг, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршоолол 3 дугаар гудамж, 19 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:,

Шүүгдэгч О.Э, Э.Ш, Э.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ганцын гэх зам дагуу явж байсан иргэн Т.Баялагтөгсийн эзэмшлийн Самсунг галакси Нөт-5 загварын гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, дээрэмдэн бусдад 180.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Э.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Т.Баялагтөгс шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би найз нартайгаа цуглараад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд гэртээ харих замдаа замаа андуураад буруу тийшээ явж байсан. Такси барих гэсэн чинь шүүгдэгч нар зогссон. Би 3 хүн байна гэж огт мэдээгүй. Намайг утсандаа таксинд явах уу гэхээр нь би “ах нь утсандаа таксинд явахгүй ээ” гээд алхаад явж байсан чинь араас машинтай хүн дагаад байхаар нь нүднийхээ шилийг аваад халаасандаа хийсэн чинь ард машины хаалга дуугараад 2 залуу бууж ирээд, намайг түлхэж унагаагаад халааснаас утас аваад явсан. Маргааш нь би Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч нарын ар гэрээс хохирол төлбөрт 1.000.000 төгрөгийг хүлээн авсан.  Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Залуу хүүхдүүдэд хөнгөн ял оноож өгнө үү” гэв.

Хохирогч Т.Баялагтөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... би зам дагуу алхаад явж, такси барих зорилготой гараа өргөөд алхаж явсан. Тэр үед нэг машин миний дэргэд зогссон. Тэгээд санахад 20-25 орчим насны эрэгтэй хүн надаас ахаа хаашаа явах юм гэхээр нь би Сэлбэ рүү явна, гэхдээ ахад нь мөнгө байхгүй. Сууж яваад гэрийнхээ гадаа мөнгийг чинь өгчихье гэсэн. Тэгтэл надаас та утсаа өгөөд явчих гэж асуухаар нь би үгүй гэж хэлээд татгалзсан. Тэгээд би үргэлжлүүлэн зам дагаад алхсан. Нэг машин удаанаар дагаад яваад байсан. Тэгтэл ард машины хаалга хаах чимээ гарсан бөгөөд үл таних 2 залуу машинаас бууж ирээд, миний нүүрэн тус газар нэг удаа цохиж, миний утсыг аваад буцаад машиндаа суусан. Тэгээд би босоод тэр залуусын араас гүйх гэсэн боловч гүйцээгүй бөгөөд тэр 2 залууг машинд суух үед машин дотор нь бас нэг залуу суугаад явж байсан. Нийтдээ гурвуулаа байсан санагдаж байна...би уг хүмүүсийн зургийг харлаа. Тухайн үед би согтуу байсан учир царай төрхийг нь сайн харж чадаагүй. Уг хүмүүсиийг харахад Б гэх залуу машинаас бууж миний араас ирсэн. Хоёр залуугийнх нь нэг мөн байна. Энэрэл гэх залуугийн царай их тод бууж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-13/,

Гэрч Н.Эрдэнэбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний Эээс авсан гар утас цагаан өнгийн дэлгэц нь дотроо толботой, дэлгэц нь цуурсан, арын таг нь хагарсан, Самсунг Нөт-5 маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Яллагдагч Э.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цагаан даваанаас буцаж Эийн машинтай явж байгаад Дарь-Эхийн зам дагуу явж байсан. Дарь-Эхийн зам дагуу нэг согтуу 40-50 орчим насны хүн гар өргөсөн. Тухайн үед Э машин бариад явж байсан. Б урд талын суудалд, би хойно сууж явсан. Тэр ахын дэргэд машинтайгаа зогсоод Э тэр ахаас “хаашаа явах юм гэж асуусан”. Харин тэр ах “мөнгө байхгүй” зэрэг зүйлс ярьж байсан ба нарийн сайн сонсож чадаагүй. Тэр ах согтуу байсан. Э “утсандаа явах юм уу” гэж асуухад тэр ах “үгүй” гэж хэлээд байх шиг байсан. Тэгтэл Э машинтайгаа чигээрээ яваад өгсөн. Явж байхдаа Э, Буянаа хоёр хоорондоо ярьж байснаа Э “утсыг нь авчих уу” гэсэн чинь Буянаа “лай лай хогийн утас байна” гэж ярьж байснаа буцаад эргэсэн. Буцаж хохирогчийн дэргэд машинтайгаа Буянаа буучихаа гэсэн чинь “за за ” гэж хэлээд буусан. Тэгээд бууснаа буцаад машин дотор орж ирээд Буянаа “чадахгүй юм байнаа” нэг нь буучих гэхээр нь би “Э та 2 буучаач дээ” гэсэн чинь Энэрэлэт “машин барьж байна ш дээ гэсэн, та хоёр буучих” гэхээр нь би “за за” гэж хэлээд Буянаатай цуг машинаас буусан. Тэгтэл Б түрүүлж очоод хохирогчийн хөл рүү жийсэн тэр үед хохирогч гартаа утсаа барьчихсан байсан ба газар унаад өгсөн. Тухайн үед хохирогчийн утас хажууд нь унахаар нь би газраас гар утсыг нь аваад буцаж Бтэй хамт машин руугаа гүйж орсон. Тэгээд бид 3 Эийн Цайзад байрлах гэр рүү нь явсан бөгөөд гэрт хоносон. Өглөө нь сэрээд утсыг нь харсан чинь цагаан өнгийн Самсунг Нөт-5 маркийн гар утас байсан ба дэлгэц нь дээд талдаа туяа орчихсон. Ар талын таг нь хагарчихсан гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-124/,

Яллагдагч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Урагш зам дагуу явж байтал машин дотор Шинээ надад хандан “чи утсандаа явах юм уу гээд очоод асуучих” гэхээр нь  би машинаас буусан. Тэр үед хохирогч ах урд алхаад явж байсан. Нэлээд согтчихсон гуйвж дайваад явж байсан. Би машинаас буугаад жоохон алхаж байгаад хүн ер нь юу гэж таксинд утсандаа явах вэ дээ гэж бодоод буцаад машиндаа суусан. Тэгээд машинд орж ирээд “би асууж чадахгүй юм байнаа” гэсэн чинь Ш “өө ганц юм асуучихаж чадахгүй ямар арчаагүй пизда вэ” гэж хэлсэн. Тухайн үед хохирогч ах урд бараг 100 метр орчмын газарт алхаад явж байсан. Тэгэхээр нь бид 3 машинтай урагш явж байтал Ш хохирогч ахын дэргэд ирмэгц “за за бууя” гэж хэлээд машинаас буусан. Шыг буусны дараа би араас нь буусан. Тэгээд би машины дэргэд тамхи татаад зогсож байтал Ш буцаад гүйгээд ирсэн. Тэгээд бид 2 буцаад машиндаа суусан. Машинд суучихаад тэр ахыг хартал газарт сууж байсан. Тэгээд Э машинаа хөдөлгөөд явсан бөгөөд Ш машин дотор “намайг яаж цохисныг харсан уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь “нэг цохисон чинь уначихлаа ш дээ” гэж хэлсэн. Тэгээд шууд Эийнх рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-147/,

Яллагдагч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өглөө нь машины голын хайрцаганд 1 ширхэг цагаан өнгийн Самсунг нөт-5 маркийн гар утас байсан бөгөөд би Шинээгэээс “энэ юун гар утас юм бэ” гэж  асуутал Ш “өчигдөрийн тэр хүнээс авсан гэж хэлсэн.” Яг тэгж авсан гэж хэлээгүй. Тэгэхээр нь би хүнд мөнгөний артэй байсан бөгөөд наад утсаа надад өгчихөөч гэж хэлээд авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 134/,

Хохирогч Т.Баялагтөгсийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 39-42/, Дамно ХХК-ний Самсунг Нөт-5 маркийн гар утсыг 180.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27/, яллагдагч О.Эийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 39-42/, О.Эийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 51-58/, Гэрч Б.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 59-60/, Гэрч Д.Оюунбаатарын мэдүүлэг /хх-ийн 61-62/, Э.Шын хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 80-90/, Э.Бийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 101-104/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 153/, шүүгдэгч нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109, 110, 111/, шүүгдэгч нарын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 55, 72, 104/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч О.Э, Э.Ш, Э.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ганцын гэх зам дагуу явж байсан иргэн Т.Баялагтөгсийн эзэмшлийн Самсунг галакси Нөт-5 загварын гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, дээрэмдэн бусдад 180.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь

Хохирогч Т.Баялагтөгсийн: "... би зам дагуу алхаад явж, такси барих зорилготой гараа өргөөд алхаж явсан. Тэр үед нэг машин миний дэргэд зогссон. Тэгээд санахад 20-25 орчим насны эрэгтэй хүн надаас ахаа хаашаа явах юм гэхээр нь би Сэлбэ рүү явна, гэхдээ ахад нь мөнгө байхгүй. Сууж яваад гэрийнхээ гадаа мөнгийг чинь өгчихье гэсэн. Тэгтэл надаас та утсаа өгөөд явчих гэж асуухаар нь би үгүй гэж хэлээд татгалзсан. Тэгээд би үргэлжлүүлэн зам дагаад алхсан. Нэг машин удаанаар дагаад яваад байсан. Тэгтэл ард машины хаалга хаах чимээ гарсан бөгөөд үл таних 2 залуу машинаас бууж ирээд, миний нүүрэн тус газар нэг удаа цохиж, миний утсыг аваад буцаад машиндаа суусан. Тэгээд би босоод тэр залуусын араас гүйх гэсэн боловч гүйцээгүй бөгөөд тэр 2 залууг машинд суух үед машин дотор нь бас нэг залуу суугаад явж байсан. Нийтдээ гурвуулаа байсан санагдаж байна...би уг хүмүүсийн зургийг харлаа. Тухайн үед би согтуу байсан учир царай төрхийг нь сайн харж чадаагүй. Уг хүмүүсиийг харахад Б гэх залуу машинаас бууж миний араас ирсэн. Хоёр залуугийнх нь нэг мөн байна. Энэрэл гэх залуугийн царай их тол бууж байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Эрдэнэбадрахын: “...Миний Эээс авсан гар утас цагаан өнгийн дэлгэц нь дотроо толботой, дэлгэц нь цуурсан, арын таг нь хагарсан, Самсунг Нөт-5 маркийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл болон гэм бурууд маргаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд прокурор нь гэмт хэрэг үйлдэхэд унаж явсан автотээврийн хэрэгсэлийн талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Эийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж авсан автотээврийн хэрэгслэл нь гэмт хэрэг үйлдэхээр зориуд санаатай ашигласан автомашин гэж шүүх үзээгүй болохыг дурьдав.

Прокуророос шүүгдэгч О.Э, Э.Ш, Э.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Э, Э.Ш, Э.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Э, Э.Ш, Э.Б нар нь хохирогч Т.Баялагтөгсөд учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Э, Э.Ш, Э.Б нар нь бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Э, Э.Ш, Э.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Э, Э.Ш, Э.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Э, Э.Ш, Э.Б нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар О.Э, Э.Ш, Э.Б нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Э, Э.Ш, Э.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Э, Э.Ш, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР