| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2016/05349/И/ |
| Дугаар | 00583 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 00583
И.Наранхүүгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00031 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: И.Наранхүүгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Чинтуяа,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баясгалан, Б.Болормаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 421 дүгээр тогтоолоор И.Наранхүүгээс 805 210 867 төгрөг гаргуулж, “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч И.Наранхүү нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан 1 байр, 19 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008965 дугаарт бүртгэгдсэн 209.9 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай зогсоол болон иргэн Б.Дашдондогийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46в дүгээр байрны 9 тоот 214 м.кв талбайтай 5 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014173 дугаарт бүртгэгдсэн орон сууцын хамт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас И.Наранхүүгийн өмчлөлийн дээрх орон сууц, зогсоол болон Б.Дашдондогийн өмчлөлийн орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлэн дуудлага худалдаанд оруулахаар болсныг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/14283 дугаар албан мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мэдэн, хүлээн аваад энэхүү гомдлоо гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас И.Наранхүүгийн саналыг авалгүйгээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан 1 байр, 19 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008965 дугаарт бүртгэгдсэн 209.9 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай зогсоолын хамт зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур буюу 622 800 000 төгрөгөөр үнэлэн 435 960 000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу 46в байрны 9 тоот 214 м.кв талбайтай, 5 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014173 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 681 050 000 төгрөгөөр үнэлэн 476 735 000 төгрөгөөр тус тус дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан 1 байр, 19 тоот орон сууцны 1 м.кв 4 100 000 төгрөгийн үнэтэй буюу нийт 856 900 000 төгрөгийн үнэтэй орон сууц юм. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зах зээлийн ханшаас 234 100 000 төгрөгөөр бага буюу 30 хувиар бага үнээр үнэлсэнд гомдолтой байна. Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор Зайсангийн тойруу 46в байрны 9 тоот орон сууцны 1 м.кв 4 000 000 төгрөг ба нийт 856 000 000 төгрөгийн үнэтэй орон сууц юм. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас бодит ханшнаас 174 950 000 төгрөгөөр бага буюу 20.5 хувиар бага үнээр үнэлсэн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцнуудыг үнэлэхдээ зах зээлийн ханш болон уг орон сууцанд супер засвар буюу маш чанартай, өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн засвар үйлчилгээг хийсэн болохыг тооцоогүй байгаа юм. Хэдийгээр уг орон сууцыг барьцаанд тавьсан ч ийм бага үнээр үнэлж дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь И.Наранхүү болон Б.Дашдондогийн өмчлөх эрхэд шууд халдан, ноцтой зөрчиж байгаа юм. Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаалбарыг дуудлага худалдаанд оруулж үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаснаас үлдэх төлбөрийг үүрэг гүйцэтгэгчид буюу өмчлөгчид буцаан өгдөг. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хэт доогуур үнэлсэнээс энэхүү өмчлөх эрхээ эдлэх боломжгүй болоод байна. Хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцааны зүйлийг үнэлсэн байна. Мөн И.Наранхүү нь “Ориент инвест” ББСБ-д уг орон сууц, зогсоолыг барьцаалж зээл авахдаа компанийн үйл ажиллагаанд зориулж зээл авсан байдаг бөгөөд өнөөдрийн Монгол Улс даяар нүүрлээд байгаа эдийн засгийг хямралын улмаас буцаан төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тухайгаа болон төлбөрийг хүлээн зөвшөөрч, цаашид төлж барагдуулахаа шүүх болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсээр ирсэн. Цаашид төлбөрийг төлж барагдуулах ба хэрэв барьцаалбарыг дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангаж байгаа тохиолдолд Монгол Улсын хууль, журам, стандартын дагуу барьцааны зүйлийн зах зээлийн ханшийг бодитойгоор тогтоож үнэлгээг гаргах ёстой. Иймд Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан 1 байр 19 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008965 дугаарт бүртгэгдсэн 209.9 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай зогсоол болон Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор Зайсангийн тойруу 46в дүгээр байрны 9 тоот 214 м.кв талбайтай, 5 өрөө эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014173 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 421 дүгээр тогтоолоор Ишбадамын Наранхүүгээс 805 210 867 төгрөгийг гаргуулж, “Ориент инвест” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалант хотхон 1 дүгээр байрны 19 тоот орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 190/02 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 190/05 тоот тогтоолоор хураан авч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсан тойруу 46в дүгээр байрны 09 тоот орон сууцыг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 190/01 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 190/06 тоот тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн үнэлгээчин томилон үнэлэгдсэн үнэлгээг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/14284, 3/14283 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан И.Наранхүүгийн гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 19673 дугаар захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байгаа тул гомдолтой байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр би шүүх хуралдаан давхцсан, шүүх хуралдаанд оролцож чадахгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангуулах тухай хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилсон гэх хөрөнгийн үнэлгээний байгууллага нь орон сууцуудыг үнэлэхдээ зах зээлийн ханш болон орон сууцанд оруулсан дээд зэргийг засвар үйлчилгээг бодитой тогтоогүй, өмчлөгчийн өөрийн тогтоосон болон зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн нь үндэслэлгүй байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан xoтхон 1 байр, 19 тоот, үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008965 дугаар бүртгэгдсэн 209.9 м.кв талбайтай орон сууцыг дунджаар тооцоолоход 1 м.кв 4 100 000 төгрөг буюу 860 590 000 төгрөгийг, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор Зайсангийн тойруу 46а байрны 9 тоот 214 м.кв талбайтай орон сууц нь 1 м.кв 4 000 000 буюу нийт 856 000 000 төгрөгийг тус тус үнэтэй байхад анхан шатны шүүх дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаагүй нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар дахин шинжээч томилуулах, тухайн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалтай байсан тул шүүхэд хандаж энэхүү асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байхад дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн үнэлгээг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж шийдвэрлэж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг шууд ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Иргэний хуульд зааснаар шүүхийн журмаар албадан дуудлага худалдаагаар борлуулсан хөрөнгөөс үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг бүрэн хангаж, үлдэх мөнгийг үүрэг гүйцэтгэгчид буцаан олгох хуулийн зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэт бага үнэлснээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг шууд ноцтой зөрчиж байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан үнэлгээ тогтоох ажиллагааны процессын талаар огт маргаагүй зөвхөн үнэлгээний үнэ дээр маргаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч И.Наранхүү нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 835 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 468 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 421 дүгээр тогтоолоор И.Наранхүүгээс 801 047 679 төгрөг гаргуулж “Ориент инвест ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 31-43 дугаар тал/
Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон 1 дүгээр байр, 29 тоотод байрлах 209.9 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, 18 м.кв талбай бүхий авто зогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46в байр, 9 тоотод байрлах 214 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг тус тус битүүмжлэн, хураасан байна. /хх-ийн 49-56 дугаар тал/
Анхан шатны шүүх эд хөрөнгө битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасантай нийцжээ.
Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналд талууд тохиролцоогүй байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь хууль зөрчөөгүй болно. /хх-ийн 64-70, 120 дугаар тал/
Хөндлөнгийн шинжээч “Мөнх оргил трейд” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон 1 дүгээр байр, 29 тоотод байрлах 209.9 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц, 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг 622 800 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 46в байр, 9 тоотод байрлах 214 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 681 050 000 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх-ийн 81-112 дугаар тал/
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь анхны дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг шинжээчийн тогтоосон 622 800 000 төгрөгийн 70 хувь буюу 435 960 000 төгрөгөөр, 681 050 000 төгрөгийн 70 хувь буюу 476 735 000 төгрөгөөр тус тус анхны дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь дээрх үнэлгээгээр дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, бодит байдалд нийцээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.
Түүнчлэн нэхэмжлэгч И.Наранхүү нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал өгөх эрхийг хязгаарласан гэж маргасан нь үндэслэлгүй. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн саналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмын дагуу авсан байна.
Нэхэмжлэгч нь хөндлөнгийн шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-иас гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг буруу, үндэслэлгүй гаргасан гэж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан байх боловч тэрээр хүсэлтийн үндэслэлээ буюу шинжээчийн дүгнэлт буруу гарсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөр шүүхэд шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлгүй, давхацсан гэх шүүх хуралдаанууд нэг өдөр товлогдсон ч зарласан цаг зөрүүтэй байна гэж дүгнэж түүнээс ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/00031 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Г.ДАВААДОРЖ