Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 000110

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Шинээр илэрсэн нөхцөл байдлын

улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож

хэргийг дахин хянуулах тухай

 

 

                                                                                    Хэргийн индекс 142/2017/0299/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

            Шүүх хуралдаанд: 

 

                       Прокурор                                           Ц.Мөнхтуяа

                         Шүүгдэгч                                          Ч.З

               Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор дүгнэлтийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Булган аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн гол баг  тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  регистрийн дугаартай, Боржигон овгийн Ч.З.

 

Шүүгдэгч Ч.З нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт О.М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Боржигон овгийн Ч.З-г хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ч.З-г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Ч.З,д оногдуулсан ялыг өдөрт 3 цагаар тогтоож, уг ялыг ыиелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д заасныг баримтлан Ч.З-с 157.700 төгрөг гаргуулан хохирогч О.М,т олгох, нэхэмжлэлийн бусад хэсгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэлэлцэхгүй орхиж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.З,д урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.З-г хүнийн эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байх ба түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэлгүй гэж дүгнэжээ.

 

Гэтэл Ч.З нь 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлэж, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамжаар 2 жил 03 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр захирамж, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн захиргааны хяналт тогтоох тухай тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл буюу шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн байх тул Ч.З.д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  302 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа дүгнэлтдээ:

Хүсэлтээ дэмжиж байна... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах саналтай байна гэав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч. нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт О.М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ч.З-г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Ч.З-д оногдуулсан ялыг өдөрт 3 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Ч.З-д холбогдох 1725001770095 дугаартай эрүүгийн хэрэгт түүнийг урьд ял эдлэж байсан талаарх шийтгэх тогтоол болон хорих ангиас суллагдсан тухай баримт авагдаагүй учраас шүүх хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж дээрх шийтгэх тогтоолд түүнийг урьд ял шийтгүүлж байгаагүй гэж дүгнэсэн нь буруу биш байна.

 

Прокуророос ирүүлсэн хүсэлтэд Ч.З нь 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан гэмт хэрэгт холбогдож 12 жил хорих ялаар шийтгүүлээд, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр захирамжаар 2 жил 3 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан учраас шийтгэх тогтоол гаргах үед мэдэгдээгүй байсан шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож түүний тэнсэн суллагдсан ялыг эдлүүлэхээр хэргийг нэгтгэж дахин хэлэлцүүлэх агуулга бүхий хүсэлт ирүүлжээ.

 

Нотлох баримтаас үзвэл Ч.З урьд нь 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан гэмт хэрэг үйлдэж 12 жил хорих ялаар шийтгүүлж 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 2 жил 3 сар10 хоногийн ялаас тэнсэн суллагдсан бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль түүнийг хорих байгууллагад ял эдлэж байхад буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн байна.

 

Энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал ялыг шүүх дүйцүүлэн хасна гэсэн заалтад хамаарч байна.

 

Өөрөөр хэлбэл шинэ эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан дээд ял 10 жил, доод ял 8 жил., хуучин хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан дээд ял 15, доод ял 10 жил 1 хоног, хорих ангид Ч.З нийтдээ 9 жил 8 сар 20 хоногийн ял эдэлсэн бөгөөд ялыг дүйцүүлэхэд 8 жил 8 сар ял эдлэхээр тооцогдож байна.

 

/ 10-8=2  15-10=5,  2: 5= 0.4 коф., оногдуулсан ял 12 жил х.хуулийн доод 10 жил = зөрүү 2 жил.., 0,4 коф х 2 жил =0,8 + шинэ эрүүгийн хуулийн доод ял 8 жил= 8 жил 8 сар/

 

Үүнээс үзвэл Ч.З ял завшаагүй бөгөөд шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгчид аль хөнгөн хуулийг хэрэглэх нь дээрх хуулийн зарчимд нийцнэ .

 

Иймд Прокурорын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2., 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 41.4 дүгээр зүйлийн 3.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож хэргийг хянуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

 

2.Магадлалын хувийг Орхон аймгийн Прокурорын газарт хүргүүлсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                               Ц.ТУЯА