Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1044

 

 

    

 

 

 

 

2020        06      03                                           2020/ШЦТ/1044

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

 улсын яллагч Л.Галав,

 хохирогч Н.Батхүү,                       

 шүүгдэгч М.М,

 шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч Н.Ганбат,  

 шүүгдэгч А.Днарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхжаргалын М.М, Олхонууд овогт Тунгалагийн Т.П, Боржгин овогт Алтангэрэлийн А.Днарт холбогдох эрүүгийн 2006 01360 0865 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. М.М, Монгол улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Цэнхэр жимс” ХХК-д жолооч, борлуулагч ажилтай, ам бүл 7, аав, ээж, ах, 3 дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Ар гүнт” фермийн 2-8 тоотод оршин суух, урьд 2019 оны 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №305 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД:НТ99030616/,

2. А.Д, Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Юнисовт” ХХК-д программын борлуулагч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 27-1934 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЙЖ99050214/,

3. Т.П, Монгол улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, ах, эгч, эмээ, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 27-1934 тоотод оршин суух, /РД:УЖ02240873/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч М.М нь Т.П, А.Днартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод” авто засварын гадна асаалттай орхисон байсан иргэн Н.Батхүүгийн эзэмшлийн 22-46 УНР улсын дугаартай, “Гранд Марк-2” маркийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүгдэгч М.М нь Т.П, А.Д

нарын гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

1. Шүүгдэгч М.М нь Т.П, А.Днартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод” авто засварын гадна асаалттай орхисон байсан иргэн Н.Батхүүгийн эзэмшлийн 22-46 УНР улсын дугаартай, “Гарнд марк-2” маркийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан;

2. Шүүгдэгч Т.П нь М.М, А.Днартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод” авто засварын гадна асаалттай орхисон байсан иргэн Н.Батхүүгийн эзэмшлийн 22-46 УНР улсын дугаартай, “Гарнд марк-2” маркийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан;

3. Шүүгдэгч А.Днь М.М, Т.П, нартай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод” авто засварын гадна асаалттай орхисон байсан иргэн Н.Батхүүгийн эзэмшлийн 22-46 УНР улсын дугаартай, “Гарнд марк-2” маркийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.М, Т.П, А.Днар тус тус гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийн үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Пын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийн үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[2],

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Д өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийн үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[3],

4. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд[4],

5. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[5],

6. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[6],

7. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Тод үнэлгээ” ХХК-ний үнэлгээний /нийт үнэлгээ 6,860,000 төгрөг/ тайлан[7],

8. Шүүгдэгч М.Мын иргэний үнэмлэхний лавлагаа, Оршин суугаа газрын тодорхойлолт[8],

9. Шүүгдэгч Т.Пын оршин суугаа газрын тодорхойлолт, Иргэний үнэмлэхний  лавлагаа, нас тоолсон тэмдэглэл[9],

10. Шүүгдэгч А.Доржнамбарын оршин суугаа газрын тодорхойлолт, Иргэний үнэмлэхний лавлагаа[10],

11. Шүүгдэгч А.Доржнамбар, Т.П, М.М нарын эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11],

12. Хохирогч Н.Батхүүгийн 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шөнө 01 цагийн үед би өөрийн ажилладаг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Чулуут” АОС-ын 4-70 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Сод” авто засварын гадна талд гудамжинд өөрийн 224-46 УНР улсын дугаартай, “Гранд марк-2” авто машиныг тавиад шөнө 01 цагийн үед гарч машинаа халаагаад асааж үлдээгээд өөрөө ажил руу орж хувцсаа солиод гараад ирсэн чинь миний машин алга болсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд хяналтын камер шүүж үзэхэд гудамжинд явж байсан гурван залуу миний машиныг унаж явсан бичлэг бичигдсэн байсан. Тэгээд цагдаа нар миний машины араас яваад машин унаж явсан гурван залууг Баянгол дүүргийн “Энхбаярын зам” гэх газраас барьж, миний машиныг олж өгсөн. Миний машин 2004 онд үйлдвэрлэгдэж, 2014 онд орж ирсэн, 6,500,000 төгрөгөөр, урд гуперийн засварыг 80,000 төгрөгөөр, ногоон өнгийн “Норт Пэйс” куртикийг 2019 оны 02 дугаар сард 250,000 төгрөгөөр, “Сандэй плаза”-гаас авч байсан. Одоо 150,000 төгрөгөөр, тамирын хослолыг 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Сандэй Плаза”-гаас 150,000 төгрөгөөр авч байсан болохоор 150,000 төгрөгөөр үнэлж байна. Харин миний түрийвч болон алдагдсан бичиг баримтыг 2020 оны 02 дугаар сарын 29-ний шөнө над руу Мөнхчулуун гэх хүн холбогдож, би уг хүнээс 30,000 төгрөг өгч түрийвч бичиг баримтаа авсан” гэх мэдүүлэг[12],

 

 

13. Шүүгдэгч М.Мын 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Д, Т.П бид 3 гэмтэл орохоор болж гарч яваад таксины мөнгөгүй яах вэ? гэж бодоод явцгааж байтал манай хажуу талын гудамжинд “Сод” авто-засварын хажууд саарал өнгийн 2246 гэсэн дугаартай “Гранд марк 2” автомашин асаалттай, жолоочгүй байсан чинь манай 2 найзын нэг нь энийг унаад явчих уу гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгье гэж хэлээд би жолоон дээр суугаад нөгөө хоёрын 1 нь хажууд болон нөгөө нь ард суугаад бид 3 хөдөлсөн. Тэгээд “Жуков”-ын хөшөөний хажуугаар өгсөөд Монелийн зам руу ороод Дарь-эх, Дэнжийн 1000 гэх замаар явж байтал манай найз охин Марал залгаад та нар машин хулгайлчихсан юм уу? гэхээр нь би үгүй гэж хэлтэл хаана байгаан, би яваад очьё гэж хэлсэн. Тэр үед бид нар 3, 4 дүгээр хороололд ирчихсэн байсан. Тэгээд Маралаатай “Өргөө” кино театрын ард машиныг тавьчихаад манай ах Бат-Эрдэнийд орох гэж байтал 2 энгийн хувцастай хүн араас гүйгээд ирэхээр нь бид нар зугтаагаад Хорооллын эцэс дээр оччихоод доошоо алхаж байтал Цагдаагийн машинаас цагдаа нар бууж ирээд бид нарыг барьсан...” гэх мэдүүлэг[13],

 

14. Шүүгдэгч А.Д 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаан өгсөн:“...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гудамжинд нэг асаалттай 23246 гэсэн дугаартай саарал өнгийн “Гранд марк 2” машин байхаар хажуугаар нь өнгөрч байтал жолооч байхгүй байсан. Тэгэхээр нь би энэ машины жолооч байхгүй байна, энийг унаад явчихая, гэмтлийн эмнэлгийн тэнд аваачаад хаячихья гэж хэлээд М.М жолоодоод Т.П бид 2 суугаад хөдлөөд явж байгаад “Жуков”-ын хөшөөний хажууд зогсож, түлхүүрийг дотор нь тавиад цааш такси бариад явья, энд миний таньдаг охин байгаа гэж тэр 2-т хэлээд буухдаа суусан газруудаа арччих гэж би хэлсэн. Тэгээд би өөрийн таньдаг найз Намуунаагийнд ортол нүүчихсэн байхаар нь ямар ч мөнгөгүй аргагүй болоод буцаж машиндаа очоод би төв замаар явбал цагдаа зогсоогоод лай болох байх, хойгуураа яваад Баянхошуу ороод тэндээсээ гэмтэл орьё гэж хэлээд М.М машинаа бариад бид нар хөдөлсөн. Тэгээд “Жуков”-оор хойшоо өгсөөд Монель, Дарь-Эх, Дэнжийн 1000 гэх замаар явж байтал миний 80840804 дугаар руу Марал залгаад М.Мтай яриад та нар хүний машин аваад явчихсан юм уу?, гэр хүмүүс ирчихсэн байна гэж хэлэхээр нь би М.Маар үгүй гэж хэлүүлтэл Маралаа тэгвэл та нар хаана байна, бид нар яваад очъё гэж хэлэхээр нь 3, 4-р хороолол “Өргөө”-гийн ард хүрээд ир гэж хэлчихээд тэр хавьд байдаг. Нийтийн байрны хажууд машиныг тавьчихаад М.Мын хүргэн ах Бат-Эрдэнийд орох гээд явж байтал “Приус 30” маркийн автомашинтай хүмүүс сууж байсан. Тэгээд бид нар Бат-Эрдэнэ ахынд ортол хүн байхгүй байхаар нь гадаа машинд “Приус 30”-ын хаалга дуугарахаар нь хашааны үүдэнд очоод хартал олон хүмүүс буугаад ирсэн. Би зугтаагаарай гэж нөгөө 2-тоо хэлээд гүйж байгаад зам дагуу Цагдаагийн машинтай хүмүүс зогсоод цагдаа нар буугаад ирэхээр нь бид нар хайж байгаа хүмүүс чинь мөн байна гэж хэлээд очсон ...” гэх мэдүүлэг[14],

15. Шүүгдэгч Т.Пын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гудамжиндаа явж байтал “Сод” авто-засварын урд талд асаалттай автомашин эзэнгүй байж байхаар нь бид 3 машинд суугаад явсан. Тэгээд машиныг М.М бариад би жолоочийн хажуугийн суудалд суугаад хойд суудал дээр А.Дсуугаад хөдөлж яваад “Жуков”-оор хойшоо өгсөөд Сансрын клонкийн орчимд явж байхдаа ард сууж байсан А.Дмашин дотор голын хайрцаганд байсан түрүүвчтэй бичиг баримтыг цонхоор гаргаж хаясан. Тэгээд Дарь-Эхийн тэр хавиар гудамжаар ороод явж байхдаа машины хойд хэсэгт байсан куртик, биеийн тамирын хослолыг А.Дхаясан. Тэгээд бид нар “Дэнжийн 1000”-аар ороод 3, 4 дүгээр хорооллын зүг рүү яваад Эх нялхсын хажуугаар гараад “Өргөө” кино театрын ард нийтийн байрны хашаанд машиныг оруулж тавьчихаад буугаад доошоо уруудаад алхаж байтал машинтай цагдаа нар таарахаар нь бид нар зугтаагаад гудамжаар ороод гүйгээд хорооллын эцсийн тэнд гарч ирээд хоорондоо ярилцаад, зугтаахаа болиод үнэнээ хэлсэн...” гэх мэдүүлэг[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч гэм буруугийн болон хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.М, Т.П, А.Днарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М, Т.П, А.Днараас нийт 230,000 /хоёр зуун гучин мянга/-н төгрөг гаргуулан, хохирогч Н.Батхүүд олгох нь зүйтэй байна.

Гурав.Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч М.М, Т.П, А.Днарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч М.М, Т.П, А.Днар нь бүлэглэн үйлдсэн бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон байдалд шүүхээс дүгнэлт хийж, ялыг ялгамжтай оногдуулах нь эрүүгийн хариуцлагын шударга ёсны зарчимд нийцнэ.

Дүгнэн үзвэл: Шүүгдэгч А.Днь авто тээврийн хэрэгслийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж, унаж яваад хүрэх газраа хүрээд хаячихья, тэгээд буухдаа суусан газруудаа арччих, мөн замдаа машин дотор байсан бусдын эд зүйлийг гаргаж хаях зэргээр шүүгдэгч М.М, Т.П хоёрыг удирдан жолоодож, явах, суух, зугтаах гэх мэт хийх үйлдэл бүрийг зааж чиглүүлэн гэмт хэргийн зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан байдаг.

            Харин шүүгдэгч М.М нь бусдын эзэмшлийн авто машиныг хууль бусаар, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр жолоодон авч явсан байдаг бөгөөд авто машин барих үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл шүүгдэгч Т.П нь нөгөө хоёрыг дагаад л автомашины урд суудал сууж дагалдан явдаг.

            Тиймээс хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн ба тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь хуульд нийцнэ.

Иймд шүүгдэгч Т.Пын үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон байдалд дүгнэлт хийж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Т.Пыг чөлөөлж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл нь Т.Пыг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Харин шүүгдэгч М.М, А.Днарын үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон байдалд ялгамжтай дүгнэлт хийж, тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, А.Днарт тус бүр 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсан болно.

Шүүгдэгч М.М, Т.П, А.Днар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  М.М,  Т.П,  А.Днарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Т.Пыг чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, А.Днарт тус бүр 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.М, А.Днарт анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.М, Т.П, А.Днараас нийт 230,000 /хоёр зуун гучин мянга/-н төгрөг гаргуулан, хохирогч Н.Батхүүд олгосугай.

            6. Шүүгдэгч М.М, Т.П, А.Днар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.М нь Т.П, А.Днарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4] Хавтаст хэргийн 3-7 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 8-10 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 40 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 36 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 41 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 42-44 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 45-46 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 47-49 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 12-16 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 20 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 22-23 дугаар тал