| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06394/И |
| Дугаар | 237 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 237
| 2017 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/00237
| Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Үүрэг трейдийн …дугаар байрны …тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, …дүгээр байрны … тоотод хүү Н.Энхбилэгийн хамт түр оршин суух, “За” сургалтын академид багш ажилтай, …регистртэй, Хөх Чулуут ургийн овогт Б овогтой О-н,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, …дугаар байрны …тоотод охин Н.Э-ын хамт оршин суух, “Үүрэг трейд” ХХК-д инженер ажилтай, … регистртэй, Сартуул ургийн овогт Самдандорж овогтой Н-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг, хариуцагч С.Ннар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие С.Нямдоржтой 1991 онд танилцаж, улмаар 1993 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтийн 357 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 1995 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү Н.Энхбилэг, 2004 оны 5 дугаар сарын 12-ны өдөр охин Н.Энхзул нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань ааш зан нь эвдэрч, хоёр удаа өөрийн амь насаа егүүтгэнэ гэж, сэтгэл зүйн хүнд дарамтанд хүртэл оруулж байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс салж тус тусдаа амьдрах болсон юм. Энэ үеэс хойш хүү маань эх Б.Огийн асрамжинд, охин маань эцэг С.Нямдоржийн асрамжинд өсөж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Н.Энхзулыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Б.О Солонгос улс руу 3 сарын хугацаатай ажлын визээр 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр явсан ба тэндээ 3 сарын хугацаанд ажиллах зорилготой байгаа юм. Эвлэрүүлэх хугацаа 12 дугаар сарын 15-ны өдөр дуусах байсан бөгөөд Б.О өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон учир надад итгэмжлэл олгосон байгаа. Б.О, С.Ннар нь хоорондын хувийн таарамжгүй байдлын улмаас байнга муудалцдаг. Хүүхдүүд нь мөн аав ээжийгээ хамт амьдраасай гэж хүсэхгүй байгаа нь таарамжгүй харилцаатай, цаашид хамтран амьдрах боломжгүй гэдгийг нотолж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Охин Н.Энхзул нь одоо аавтайгаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс охиноо өөрийн асрамжинд авах шаардлагаасаа татгалзаж, аавынх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хариуцагч С.Ншүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие 1991 онд Б.Отай танилцаж 1993 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрлэлтийн 357 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд хүү, охинтой болсон. Хамтран амьдрах эхний жилүүдэд сайхан амьдарч, амьдралынхаа төлөө гэр бүлээ сайн сайхан авч явахын төлөө эхнэрээ ажил хийлгэлгүй өөрөө 2-3 газар ажиллаж амьдарч ирсэн. Б.О нь 1998 онд хуучин найз залуугаа санаад байна гээд гэрийнхээ эд хогшлыг ачаад хүнтэй суугаад хөдөө нүүж яваад 4 сарын дараа амьдрал хэцүү байна гээд уйлж гуйж байгаад буцаад ирэхээр нь хүн амьдралдаа алдаа гаргаа биз гэж бодоод өрөвдөөд дахин нийлж амьдарч эхэлсэн. Мэргэжил мэдлэг эзэмшүүлж дээд сургуульд суралцах бүх л талын арга хэмжээг авч Англи хэлний багш болгосон. Сүүлийн жилүүдэд гэр бүлдээ анхаарал халамж тавих байдал нь муудаж, үг хэлэхээр чи дуугүй бай, чи хуцлаа гэх зэргээр хэл амаар доромжилж, “тэгвэл хоёулаа салъя” гэж удаа дараа хэлж доромжилж хөөдөг байсан. Гэр бүл, үр хүүхэддээ анхаарал халамж тавихгүй зөвхөн мөнгө, ажил л гэж ярьж уурлаж загнаад байхаар нь энэ байдлыг нь зогсоож жоохон ч гэсэн ухаан суух болов уу гэж бодоод аргаа барахдаа амиа хорлоно гэж айлгасан. Би тийм зүйл хийх хүн биш л дээ. 2016 оны 3 дугаар сарын 04-ний орой гэр орон үр хүүхэддээ анхаарал халамж тавьж хамтдаа гэр орноо цэвэрлэе гэж хэлснээс болж хэрүүл маргаан болсон. Улмаар Б.О нь “би танай боол биш, би явлаа, салъя” гэх зэргээр уурлан уцаарлаж байгаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь би “уурлаад яах вэ, салхинд гарч гулгая” гэж хэлэхэд дуугүй суугаад байсан. Би охин Н.Энхзултайгаа цанын бааз орж гулгачихаад ирэхэд хувцасаа аваад явсан байсан. Өмнөх он жилүүдэд уучилж дахин амьдарч сайн сайхан байлгаж байсан шигээ одоо ч дахин уучилж элэг бүтэн амьдарч чадах чадвар, оюун ухаан надад байгаа болохоор уучлал гуйж гэртээ ирж хамтдаа амьдрахыг олон удаа гуйсан. Эхнэр маань нэгэнт гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн бол одоо надад татгалзах зүйл алга. Шүүхээс олгосон эвлэрүүлэх хугацаанд бид хоёр эвлэрүүлэн зуучлагч дээр нэг удаа очсон. Зуучлагч нь мэргэжлийн сэтгэл судлаач зааж өгсөн. Би тэр хүнтэй очиж уулзсан. Эхнэрт хэлсэн боловч очоогүй. Нэгэнт гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн учир би зөвшөөрч байнаа. Харин охин Н.Энхзулаа би өөрийн асрамжинд авмаар байна. Бид тусдаа амьдарснаас хойш охин маань миний асрамжинд байгаа, би охиноо асрамжлаад авч явах хангалттай боломж бололцоотой. Харин охиндоо эхээс нь тэтгэлэг шаардахгүй. Бидний дунд эд хөрөнгийн дундын маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч С.Нямдоржоос гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Ннэхэмжлэлийн шаардлагын гэрлэлт цуцлуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, гэрлэгчдийн дундаас төрсөн охин Н.Энхзулыг өөрийн асрамжинд авахыг хүссэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаагүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О биечлэн оролцох боломжгүйн улмаас шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэгт олгогдсон итгэмжлэл Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Б.О, С.Ннар нь 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 1993 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж, хууль ёсны гэр бүл болсон ба тэдний дундаас 1995 оны 3 дугаар сарын 26-нд хүү Н.Энхбилэг, 2004 оны 5 дугаар сарын 20-нд охин Н.Энхзул нар төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-6,7 дугаар тал/, ПА №357 дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар /хх-3 дугаар тал/, зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх гэрлэгчдийг хоорондын зөрчилдөөний улмаас гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн нь гэрлэлт цуцлах зайлшгүй үндэслэл болохгүй, тэдний дундаас төрсөн, насанд хүрээгүй охин Н.Энхзулын эрх зөрчигдөх магадлалтай байдлыг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар 3 сарын хугацаанд эвлэрэх боломж олгосон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон бөгөөд гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй гэж тайлбарлах тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зөв гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас төрсөн, насанд хүрээгүй охин Н.Энхзулын асрамжийн асуудлыг шийдэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар түүний санал болон зохигчдын тайлбар, хүүхдийн нас, мөн гэрлэгчид тусдаа амьдарсан үеэс эхлэн эцгийнхээ асрамжинд байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан охин Н.Энхзулыг түүний эцэг С.Нямдоржийн асрамжинд үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжлэх болно.
Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй.
Зохигчид гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй бөгөөд хариуцагч С.Ннь нэхэмжлэгч Б.Огаас охин Н.Энхзулд тэтгэлэг гаргуулахаар шаардахгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан …регистртэй Хөх чулуулт овогт Б.О, … регистртэй Сартуул овогт С.Н нарын гэрлэлтийг цуцалж, 2004 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Н.Э-ыг эцэг С.Н-ийн асрамжид үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Б.О, С.Ннарын хэн нэг нь нөгөөдөө охин Н.Энхзулыг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
4.Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч С.Ннь нэхэмжлэгч Б.Огаас хүүхдийн тэтгэлэг шаардаагүй болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА