Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1050

 

 

    

 

 

 

 

 

2020        06          04                                        2020/ШЦТ/1050

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

 улсын яллагч С.Чимэдцэеэ,       

 шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Сод холбогдох эрүүгийн 2006 01950 1057 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мань гүн овогт Адъяагийн А.С, Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хажууд байрлах эмнэлгийн барилга дээр туслах ажилтан хийдэг, ам бүл 2, найз охины хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өврийн 7 дугаар гудамж, 3292б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, //,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.С нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дүнжингарав” худалдааны төв дэх 617, 618 дугаар лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан орлогын мөнгөнөөс 560,000 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                            

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Шүүгдэгч А.Сын гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.С нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дүнжингарав” худалдааны төв дэх 617, 618 дугаар лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан орлогын мөнгөнөөс 560,000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.С гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1.Хохирогч Н.Отгонбаярын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн хүүхдийн хувцас зардаг 617, 618 дугаартай лангуунд худалдагчаар А.С гэх хүнийг авсан. А.Сыг ажилд авахдаа амаар хэлцэл хийсэн ба 1 сарын хугацаанд 500,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар тохиролцсон. Тэгтэл А.С нь 20 хоног ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа ирэхгүй алга болсон. Үүнээс хойш А.Сын 95191499 дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр лангууны хаалгыг онгойлгоод бараагаа тоолж үзэхэд 1,066,000 төгрөгийн бараа дутсан байсан. Тухайн өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Баянзүрх дүүргийн орчимд явж байгаад А.Стой тааралдсан. Тэгээд А.Сыг дагуулаад ажил дээрээ очоод бараагаа дахиад А.Соор тоолуулахад 1,066,000 төгрөгийн бараа дутсан нь дахин тогтоогдсон. Тэгээд А.Соос энэ талаар асуухад би барааг чинь зараад мөнгийг нь өөртөө хэрэглэчихсэн гэж хэлсэн. ...Хэрэв А.С нь манай лангуунаас 560,000 төгрөг бэлнээр авсан гэж мэдүүлсэн бол манай лангууны барааг зарахдаа хурдан ашиг олох гэсэн байна. Өөрөөр хэлбэл манай барааг маш хямдаар худалдаж мөнгийг нь тухай бүрт нь авч байсан байна. Сүүлд манай лангуугаар үйлчлүүлж байсан хүн танай энэ өмд өмнө нь 25,000 төгрөгөөр зарагдаж байсан байж одоо яагаад 35,000 төгрөг болчихсон юм бэ? гэж асууж байсан ...” гэх мэдүүлэг[1],

2.Худалдагчийн өдрийн тайлан[2],

3. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[3],

4. А.Сын иргэний үнэмлэхний лавлагаа[4], Эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[5],

            5. 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл[6],

            6. Шүүгдэгч А.Сын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 09 дүгээр сард би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн 617, 618 дугаартай лангуунд худалдагчийн ажилд орсон. Би 1 сар ажилласан ба 250,000 төгрөгийн цалин авсан. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яаралтай мөнгөний хэрэг гараад барааны орлогоос 560,000 төгрөг аваад хувийн хэрэгцээнд зарцуулсан” гэх мэдүүлэг[7] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Сын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Соос 560,000 /таван зуун жаран мянга/-н төгрөг гаргуулан, хохирогч Н.Отгонбаярт олгох нь зүйтэй байна.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч А.Сод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг А.Сод анхааруулсан болно.

Харин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,           битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сод 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг А.Сод анхааруулсугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Соос 560,000 /таван зуун жаран мянга/-н төгрөг гаргуулан, хохирогч Н.Отгонбаяр /Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 44-163 тоотод оршин суух хаягтай, /РД:ПЮ81021712/-т олгосугай.

            5. Шүүгдэгч А.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,           битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийг архивт хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Сод авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1]  Хавтаст хэргийн 10-15 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 29 дүгээр тал

[3]  Хавтаст хэргийн 6-7 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 21 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 22 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 27 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 35-38 дугаар тал