Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1008

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

    Улсын яллагч П.Даваасүрэн,

    Шүүгдэгч Э.Т , түүний өмгөөлөгч Т.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01455 1152 дугаартай хэргийг шүүх 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймаг Сэргэлэн суманд төрсөн, 38 настай эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, групп-т байдаг гэх, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

         2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Э.Т .

 

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Э.Т  нь 2020 оны 3 дугаар 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Холбоо толгойн 3-34 тоотод оршин суух Ц.Алтанчимэгийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хэлэх зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

   Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6, 5-9/, хэргийн газрын схем зураг /хх-10/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-11/, хохирогч Ц.Алтанчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-14-16/, зурагт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-16/, гэрч З.Эрдэнэчулууны өгсөн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Ж.Одгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-18-19/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-33/, шүүгдэгч Э.Т ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-71/, шинээр Э.Т ийн хувийн байдлын тухай баримтууд 2 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

        Шүүгдэгч Э.Т  нь 2020 оны 3 дугаар 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Холбоо толгойн 3-34 тоотод оршин суух Ц.Алтанчимэгийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж нийт 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Алтанчимэгийн өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр манай хажуу айлын эмэгтэй “танай гэрт хулгайч ороод зурагтыг чинь аваад гараад явлаа, та гэртээ яаралтай ирэх хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь би гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой зурагт алдагдсан байсан. Манай гэрт орж зурагт хулгайлсан хулгайч манай зурагтыг тэврээд гудамжаар урд зүгт алхаад явж байхад нь хажуу айлын эмэгтэй хойноос нь гүйгээд очиход тэр хулгайч манай зурагтыг газарт хаяад цаашаа гүйгээд явсан гэсэн.” /хх-15-16/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Эрдэнэчулууны өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 7-ны өглөө би гэртээ ганцаараа байсан. Ингээд тухайн өглөө төмөр замын УС 15 байр орох гэж явсан. Энэ байранд манай дүүгийнх байдаг юм. Тэгээд дүүгийндээ очих гээд явж байхад замд Э.Т  гэгч залуутай тааралдсан. Э.Т  гэгч залуу дэлгүүрээс архи авсан байсан ба “архи уух уу” гэхээр нь зөвшөөрөөд архийг нь хамт уухаар болж гадаа гудамжинд зогсож баигаад шилээр нь бид хоёр хувааж уугаад салцгаасан. 2020 оны 3 дугаар сарын 8-ны өглөө 7 цаг гэж байхад гэрээс гарсан бөгөөд өмнөх өдөр нь гэрийн хаалга эвдэлсэн байсан болохоор хаалгаа хадаасаар торгоогоод тогтоогоод хадчихсан юм. Би дахиад дүүгийндээ очих гээд явж байхад бас тааралдаж “ax шар тайлах юм байна уу, үхлээ” гэхээр нь би дэлгүүрээс 1 шил архи аваад “дахиад гудамжинд архи уултай биш” гэж бодоод гэр рүүгээ дагуулаад очсон. Гэртээ очоод авсан нэг шил архиа хувааж уугаад гэрээс гарч явсан. Би гэрээс гарахдаа хаалгаа буцаагаад хадаасаар хадаад торгоогоод гарсан. Тэр үед Э.Т  миний хажууд хараад зогсож байсан. “Та хаалгаа яасан юм бэ” гэж надаас Э.Т  асуухаар нь “ах нь өчигдөр хаалга цоожлоод гараад эргээд түлхүүрээ олдоггүй ямар сайндаа гадаа хонолтой биш” гэж бодоод хаалга эвдэлсэн гэж хэлсэн юм. Тухайн үед цаг 08 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна манайд нээх удаагүй Э.Т  бид хоёр гарч явсан. Би дүүгийнх рүүгээ явсан. Харин Э.Т  нь хаашаа явсан талаар мэдэхгүй. УС арван тав байрны хажуугаас салаад явцгаасан. Ингээд би өдөр13 цаг өнгөрч байхад гэртээ ирэх үед эхнэр, цагдаагийн ажилтан нар ирсэн байхаар нь гайхаад асуусан. Манай гэрээс зурагт алга болсон, хулгай орсон гэсэн. Манай гэрээс аваад гарч явж байсан залууг манай хажуу талын хөрш айл болох Ж.Одгэрэл хашааныхаа цасыг шүүрдэж байхдаа манай гэрээс хүн гарч явж байхыг харсан гэсэн.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Одгэрэлийн өгсөн: “...Өглөө манай хашааны урд зурагт бариад нэг хүн явж байсан. Тэгээд би араас нь дуудсан, эргэж харахгүй болохоор нь араас нь хөөгөөд тэгээд нөгөө хүн зурагтаа хашааны буланд хаячихаад зугатаагаад явчихсан. Тэгээд би зурагтыг аваад гэртээ оруулж ирсэн.” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

        Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1826 дугаартай дүгнэлт:

        1. Шинжилгээнд ирүүлсэн Энхээ овогтой Төмөрхуягийн гэх гарын хээний дардас нь гарын хээний адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.” /хх-55-56/ гэх дүгнэлт,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Т ийн яллагдагчаар өгсөн: “...Би зурагтыг авах болсон шалтгаан бол нэмж архи ууя гэж бодсон. Би З.Эрдэнэчулуун болон түүний эхнэр Ц.Алтанчимэг нарын гэрт нэвтрэх эрхтэй хүн биш. Зурагтыг нь үлдээгээд явсан. Зарж борлуулсан зүйл байхгүй.” /хх-71/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-6, 6-10/,

“Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тодорхойлолт /хх-33/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар   шүүгдэгч Э.Т ийн 2020 оны 3 дугаар 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Холбоо толгойн 3-34 тоотод оршин суух Ц.Алтанчимэгийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Алтанчимэг, гэрч З.Эрдэнэчулуун, Ж.Одгэрэл нарын өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Э.Т ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон энэ үеэс төгссөнд тооцно.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрч үйлдсэн байхыг хэлнэ. Мөн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх зэрэгт тусгайлах бэлтгэсэн зүйлийг ойлгоно.

 

Иймд шүүгдэгч Э.Т ийн 2020 оны 3 дугаар 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Холбоо толгойн 3-34 тоотод оршин суух Ц.Алтанчимэгийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

         Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

  Шүүгдэгчийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Ц.Алтанчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүх хялбаршуулсан журмаар шүүгдэгч Э.Т т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд хорих ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Т т оногдуулсан хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

         Шүүгдэгч Э.Т  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Э.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

 2. Э.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Э.Т т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Т  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

         5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгч Э.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

    6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС