| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0462/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/458 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/458
2020 5 15 2020/ШЦТ/458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2020/0462/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Б.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2009000000584 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 5, дүү, дүүгийн эхнэр 2 хүүхдийнх нь хамт, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Асет төвийн баруун талын Алтан сант хотхоны 902 тоотод оршин суудаг боловч Багануур дүүрэг, 3-р хороо, Наран хороолол 30-р байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.А /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5а байрны 10 тоотод өөрийн эхнэр Г.Г-г өмнөх өдөр нь гэртээ хоноогүй гэсэн шалтгаанаар зодож нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А: “...Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна. Би дахин ийм зүйл хийхгүй. Эхнэртэйгээ одоо тусдаа амьдарч байгаа боловч цаашдаа хамт амьдарна. Би хувиараа такси үйлчилгээнд явдаг. Сардаа 500.000 төгрөг олдог. Иймд надад торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч Г.Г өгсөн: "...2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хорооллын 5а байрны 10 тоотод түрээсэлж байсан байрандаа байхад 21 цаг 30 минутын үед намайг ажлаа тараад гэртээ орох үед манай нөхөр Б.А намайг гадуур хонож гэртээ ирлээ гэсэн шалтгаанаар миний нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Би Б.Ат нүүрэндээ цохиулаад хамраас цус гараад ариун цэврийн өрөөнд ороод цусаа цэвэрлэж байх үөд миний нуруу хэсэгт гараараа 1 удаа цохиод миний баруун талын гуя хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед хамт амьдардаг хамаатны ах Болдбаатар намайг салгасан. Тэгээд манай эгч намайг Б.Ат зодуулсныг сонсоод манай гэрт ирээд намайг дагуулж гэмтлийн эмнэлэг рүү явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
Яллагдагч Б.А-н өгсөн: "...2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 22:00 цагийн үед Г.Г-тэй өмнөх өдөр нь гэртээ ирж хоноогүй гэж бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Би тухайн үед 2 шил пиво уучихсан байсан юм. Би хэрүүл маргааны үеэр Г.Г-н нүүр хэсэгт 1-2 удаа гараараа цохисон юм. Тэгээд Г.Г-н хамаатан Болдбаатар ирээд бид хоёрыг салгасан. Түүнээс хойш би эхнэр Г.Г-тэй холбоо бариагүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №4467 дугаартай: “...Г.Г-н биед хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 9-10 тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2020.04.06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5а байрны 10 тоотод өөрийн эхнэр Г.Г-г гэртээ хоноогүй гэх хардалтын шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийнхээ эрүүл мэнд, эрх чөлөөнд хардалтаар шалтаглан ноцтой халдаж байгаа догшин хэрцгий зан байдал шууд нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Г нь хавтаст хэргийн 53 дугаар талд “...миний бие нөхөр болох Б.А-с хохирол болох 300.000 төгрөгөө бүрэн гүйцэд авсан нь үнэн болно. Одоо гомдолгүй.” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР