Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 217

 

     2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/00217

                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, …дүгээр байрны …тоотод оршин суух, …регистртэй, Алаг адуун ургийн овогт Л овогтой И-н,

Хариуцагч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, ..дугаар байрны …тоотод оршин суух, …регистртэй, Боржигин ургийн овогт Р овогтой Б,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, …байрны … тоотод түр оршин суух, …регистртэй, Цэ захирагчийнхан ургийн овогт У овогтой Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,500,000 /гучин долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нандинцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нандинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Идэрзаяа нь Р.Буяндэлгэр, У.Баярмаа нарын хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 18-нд 20,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан байна. Энэ хугацаанд огт төлөлт хийгдээгүй ба улмаар зээлийн гэрээний хугацаа дуусч, мөнгөө нэхэхэд зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацаа дуусахад алдангитай нь буцааж өгнө, өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлж аргацаасаар одоог хүртэл хойшлуулан хохироож байна. Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Р.Буяндэлгэр, У.Баярмаа нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зээл төлөх хугацаа дууссан ч төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх 5 сарын хүү сар бүрийн 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг болсон. Үндсэн зээл 20,000,000 төгрөг нэмэгдээд нийт гэрээний үүргийн үндсэн дүн 25,000,000 төгрөгөөс тооцсон алданги нь 0,5 хувиар тооцохоор гүйцэтгээгүй үүргийн үндсэн дүнгээс хэтрээд байгаа учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нийт гүйцэтгээгүй дүнгийн 50 хувиар тооцоолж алдангид 12,500,000 төгрөг, нийт төлвөл зохих 37,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна. Барьцааны гэрээний дагуу Р.Буяндэлгэрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Ард аюушийн өргөн чөлөө, 33 дугаар байрны 60 тоот дахь Ү-2205031547 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалсан бөгөөд энэ барьцаа хөрөнгөөс нэхэмжлэгчийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Р.Буяндэлгэр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Л.Идэрзаяагаас 20,000,000 төгрөгийн зээл авсан. Тус авсан мөнгөө найз Ж.Энхтуул, Б.Алтанцэцэг, Э.Гэрэлт-Од нарт өгсөн. Үндсэн зээл, зээлийн хүүг төлнө гэсэн юм. Тэр мөнгөнөөс би хувьдаа авч ашиглаагүй. Үндсэн зээл төлөхөө зөвшөөрч байна. Алдангийг төлөх нь тодорхойгүй. Энэ хүмүүсээс мөнгө аваад төлнө гэжээ.

Хариуцагч У.Баярмаа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ЭТӨЧ 101-162 тоотод оршин суух Л.Идэрзаяагаас 20,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлдсэн нь үнэн болно. Гэвч энэ зээлийг бид өөрсдөө хэрэглээгүй. Бидний найз Э.Гэрэлт-Од, Ж.Энхтуул нарт авч өгсөн юм. Тэд сар бүр хүүг төлөөд 2016 оны 4 дүгээр сард мөнгийг 100 хувь төлнө гэсэн боловч өдий болтол өгөөгүй. Р.Буяндэлгэр нь 4 нялх хүүхэдтэй, 1 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй. Миний бие мөн өөрийн гэсэн төлөх хөрөнгөгүй тул нэгэнт өөрсдөө хэрэглээгүй, энэ мөнгийг төлж чадахгүй байна. Гэвч бид иргэн Л.Идэрзаяаг хохиролгүй болгоно. Үндсэн зээл, хүүг зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Идэрзаяа нь хариуцагч Р.Буяндэлгэр, У.Баярмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх тэрхүү 20,000,000 төгрөгийг өөрсдөө ашиглаагүй, бусдад авч өгсөн учир алданги төлөх боломжгүй гэж тайлбарласан байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд өвчний улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч түүний хүсэлтэд хавсаргасан өрхийн эрүүл мэндийн төвийн магадлагаанд бичигдсэн өвчний онош тодорхойгүй, хэвтэн эмчлүүлж байгаа болон бусдын асрамжинд, хэвтрийн дэглэм сахиж байгаа эсэх нь тодорхойгүй, эмчлэгч болон ерөнхий эмчийн нэр гаргацгүй байх тул түүний хүсэлтийг хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу зээлдүүлэгч Л.Идэрзаяа нь 20,000,000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр Р.Буяндэлгэр, У.Баярмаа нарт зээлдүүлж, зээлийн хүүг сар бүрийн 18-ны өдөр төлөх, зээлдэгч нар нь зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд Р.Буяндэлгэрийн өмчлөлийн Ү-2205031547 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Ард аюушийн өргөн чөлөө 33 дугаар байрны 60 тоот дахь орон сууцыг барьцаалсан байна. /хх 5, 6/

Зохигчдын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан үндэслэлд нийцсэн, хуульд заагдсан хэлбэрээр хийгдсэн байх бөгөөд зээлдүүлэгч Л.Идэрзаяа нь зээлийн гэрээний дагуу 20,002,000 төгрөгийг зээлдэгч Р.Буяндэлгэр, У.Баярмаа нарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон Төрийн банкны орлогын баримтаар тус тус тогтоогджээ. /хх 8, 9/

Мөн хариуцагч нар нь гэрээний хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тэдний тайлбараар тогтоогдох бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,000,000 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг болон талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон шаардах эрх зээлдүүлэгчид үүсэх боловч энэ хугацаа 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх (бүгд 165 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 25,000,000 төгрөгийн 0,5 хувиар тооцвол хоногт 125,000 төгрөг буюу нийт 20,625,000 төгрөг болох) учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нийт гүйцэтгээгүй үүрэг 25,000,000 төгрөгийн 50 хувь буюу 12,500,000 төгрөгийн алдангийг хариуцагч нараас шаардах эрхтэй, хуулийн дээрх заалтыг үндэслэн алданги шаардсан нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, талуудын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа, эсхүл нэхэмжлэгч буюу төлбөр авагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Ү-2205031547 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Ард аюушийн өргөн чөлөө 33 дугаар байрны 60 тоот дахь орон сууцыг албадан худалдах аргаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Л.Идэрзаяа нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхдөө 1,750 төгрөг илүү төлсөн байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт “...тогтоосон хэмжээнээс илүү хураасан” тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч … регистртэй, Боржигин овогт Р. Б, …регистртэй Цэ захирагчийнхан овогт Уяатын Баярмаа нараас 37,500,000 /гучин долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Алаг адуун овогт Л.И олгосугай.

2.Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Ү-2205031547 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Ард аюушийн өргөн чөлөө, 33 дугаар байрны 60 тоот дахь орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 345,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Л.Идэрзаяад тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 1,750 төгрөгийг улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-өөс буцаан олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

ДАРГАЛАГЧ                     А.САРАНТУЯА