| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2016/00362/И |
| Дугаар | 516 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 516
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 27 байр 19 тоотод оршин суух, Боржигон овогт Сандагийн Оюунтөгс /МЯ 85111041/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 хэсэг 061 тоотод оршин суух, Долоон чоно овогт Жаргалын Болдбаатар /МЭ 74011118/ холбогдох
“1.091.570 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Оюунтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Ж.Болдбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Ж.Болдбаатар нь 2014 оны 04 дүгээр сард манай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг хэсэг 27 байрны 25 тоотод байрлах 2 өрөө байрыг хөлслөхөөр болж бид хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр сарын төлбөрийг 300.0 төгрөг байхаар тохирсон. Ж.Болдбаатар нь эхлээд байрны хөлсөө сар болгон надад өгдөг байсан. 2015 оны 07 дугаар сарын 09-нд гарсан бөгөөд сүүлийн 3 сар /4,5,6/- ын төлбөр 900.000 төгрөгийг болон байранд орсноос хойш байсан хугацааныхаа хэрэглээний усны мөнгө 191.500 төгрөгийг төлөхгүй байгаа юм.
Иймд Ж.Болдбаатараас 2015 оны 4,5,6 сарын байрны төлбөр болох 900.000 төгрөг болон хэрэглээний усны төлбөр 191.500 төгрөг нийт 1.091.575 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэх.
Хариуцагч Ж.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
.... Бид хоёр анх 2014 оны 04 дүгээр сард харилцан тохиролцож уг байрыг сарын 300.000 төгрөгөөр хөлслөхөөр болсон. Энэ байрнаас 2015 оны 07 дугаар сарын 09-нд гарсан. Би түрээсийн мөнгөө сар болгон өгдөг байж байгаад сүүлийн 3 сарын төлбөрийг төлөөгүй нь үнэн.
Учир нь: Өвөл их хүйтэн өвөлжсөн болохоор байрны мөнгөө өгөөгүй. Тухайн үед би С.Оюунтөгсийг дуудаж хүйтэн байна гэдгээ хэлж байсан. Оюунтөгс гэрт ирээд хүйтэн байгаа талаар өөрөө хараад явсан.
Миний хувьд нэхэмжлэгчийн нэхээд байгаа 900.000 төгрөгнөөс 450.000 төгрөгийг хэрэглэсэн усны төлбөр болох 191.500 төгрөгийн хамт өгнө. Харин уг байр хүйтэн байсан учраас 450.000 төгрөгийг төлөхгүй. Энэ мөнгийг өгөх гэхлээр нэг хүний цалингаар амьдардаг учраас төлөх боломжгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
С.Оюунтөгсийн нэхэмжлэлтэй Ж.Болдбаатарт холбогдох “1.091.570 төгрөг гаргуулах тухай” нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 07 дугаар сар хүртэл “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 3 дугаар хэсэг 27 дугаар байрны 25 тоотод байрлах орон сууцыг сарын 300.000 төгрөгөөр хөлслөхөөр” тохиролцсон бөгөөд хариуцагч Ж.Болдбаатар нь 2015 оны 4,5,6 дугаар саруудын байрны хөлс 900.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарыг дуустал усны төлбөр 119600 төгрөг, төлөгдөөгүй хугацааны алданги 71.900 төгрөг нийт 191.850 төгрөг зэргийг төлөөгүй болох нь болох нь хэрэгт авагдсан 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Болдбаатар, Ө.Хонгорзул нарын ... Ж.Болдбаатар Хонгорзул нар нь 2014 оны 4 сараас 27 дугаар байрны 25 тоотыг сарын 300.000 төгрөгөөр харилцан тохиролцож түрээсэлсэн. 2015 оны 4,5 сарын түрээсийн төлбөрөө төлөх боломжгүйгээс 6 сарын 17-ны өдөр хүрлээ. Уг түрээсийн мөнгө болох 650.000 төгрөгийг 7 сарын 30-ны дотор багтаан төлж дуусгана ... гэх С.Оюунтөгсөд бичиж өгсөн баталгаа бүхий бичгийн баримт, “Урсгал ус” ХХК-ны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Хэдийгээр хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Бид хоёр анх 2014 оны 04 дүгээр сард харилцан тохиролцож уг байрыг сарын 300.000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Би түрээсийн мөнгөө сар болгон өгдөг байж байгаад сүүлийн 3 сарыг нь өгөөгүй нь үнэн.
Учир нь: Өвөл их хүйтэн өвөлжсөн болохоор байрны мөнгөө өгөөгүй. Тухайн үед би С.Оюунтөгсийг дуудаж хүйтэн байна гэдгээ хэлж байсан. Оюунтөгс гэрт ирээд хүйтэн байгаа талаар өөрөө хараад явсан. Миний хувьд нэхэмжлэгчийн нэхээд байгаа 900.000 төгрөгнөөс 450.000 төгрөгийг хэрэглээнийхээ усны төлбөрөө өгнө. Харин уг байр хүйтэн байсан учраас 450.000 төгрөгийг төлөхгүй. Энэ мөнгийг өгөх гэхлээр нэг хүний цалингаар амьдардаг учраас төлөх боломжгүй...” гэсэн байгаа хэдий ч энэ талаарх нотлох баримт болон 450.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй няцаасан баримтаа гаргаж ирүүлээгүй байна.
Иймд Ж.Болдбаатараас байрны төлбөр болох 900.000 төгрөг, усны төлбөр 191.850 төгрөг нийт 1.091.570 төгрөгийг гаргуулан С.Оюунтөгсөд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Зохигчид уг орон сууцыг сарын 300.000 төгрөгөөр хөлсөлсөн болон цэвэр, бохир усны төлбөрийг хөлслөгч төлөхөөр тохиролцон дээр талууд маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.748 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 30.748 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287 дүгээр зүйлийн 287.1, 289.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.Болдбаатараас 1.091.570 төгрөг гаргуулан С.Оюунтөгст олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.180 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10.180 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2- д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2- д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах эрхтэй.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ