Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1048

 

 

    

 

 

 

 

2020        06        04                                   2020/ШЦТ/1048

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

 улсын яллагч А.Сайнбаяр,         

 шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.Од холбогдох эрүүгийн 1906 07212 0892 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Д.О, Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн “Замын-Үүд” суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 нөхөр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн “Сүмбэр” сум, 1 дүгээр баг, 75-1-3 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлтэй,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэн У.Нандин-Эрдэний хийсэн алдаатай гүйлгээний улмаас өөрийн дансанд орж ирсэн 2,000,000 төгрөгийг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Шүүгдэгч Д.Д.О гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.О нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэн У.Нандин-Эрдэний хийсэн алдаатай гүйлгээний улмаас өөрийн дансанд орж ирсэн 2,000,000 төгрөгийг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.О гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:  

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д.О өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй, үнэхээр их гэмшиж байна” гэх мэдүүлэг[1],

2. 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр иргэн Э.Нандин-Эрдэнээс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл[2],

3. Хохирогч Д.Д.О 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Д.О утас руу залгахад авсан бөгөөд би 2,000,000 төгрөг андуурч шилжүүлсэн талаар хэлэхэд “би мэдэхгүй юун 2,000,000 төгрөг урдаас дөнгөж саяхан ирсэн дансаа шалгаад хариу хэлье” гэж хэлсэн. Тэгээд удалгүй над руу залгаж 2,000,000 төгрөг орсон байна, би мэдсэнгүй. Орсон мөнгийг нь бага багаар зарлага хийгээд дуусч байна...” гэх мэдүүлэг[3],

4. Д.О, У.Нандин-Эрдэнэ нарын өөр хоорондоо мессежээр харилцсаныг гэрэл зургаар бэхжүүлсэн баримт[4],

5. Д.Д.О “Хаан” банкин дахь 5374174237 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд, Д.Д.О “Хаан банк-ны депозит дансны хуулга[5],

6. Шүүгдэгч Д.Д.О Иргэний үнэмлэхний лавлагаа[6], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7],

7. Шүүгдэгч Д.Д.О 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр миний “Хаан банк”-ны 5374174237 тоот дансанд 2,000,000 төгрөг орсон байсан. Тухайн үед би Говьсүмбэр аймгийн “Говьсүмбэр” суманд гэртээ байсан. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд мөнгийг хэрэглээд дууссан. Тухайн үед миний дансанд андуурч мөнгө орсныг мэдсэн боловч надад мөнгөний хэрэг гарсан байсан тул аваад хэрэглэсэн” гэх мэдүүлэг[8] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.Д.О гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Оэс 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулан хохирогч У.Нандин-Эрдэнэд олгуулахаар шийдвэрлэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Д.Од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.О нь урьд ял шийтгүүлж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн хууль зүйн ойлголт байхгүй болсон тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргаагүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас ялын шүүмждээ: Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж хуульчилжээ.

Шүүх хянан үзвэл: Шүүгдэгч Д.О нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн харьяа дүүргийн эмнэлэгт жирэмсний хяналтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 8-9 недельтэй жирэмсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн шинээр гаргаж өгсөн жирэмсэн эмэгтэй хөтөч, хяналтын дэвтрийн эмчийн бичилтээр нотлогддог. Шүүгдэгч жирэмсэн эмэгтэйн хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хуулиар хориглосон байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас орж ирсэн мөнгийг бусдынх гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Д.Д.Ог чөлөөлсүгэй.

            3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Оэс 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулан, хохирогч У.Нандин-Эрдэнэд олгосугай.

4. Шүүгдэгч Д.О нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Од авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 6 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 13 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 25-26 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 27-36 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 17 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 22 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 76-77 дугаар тал