Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2021/0599

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

“ҮАГ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаамуна, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “ҮАГ” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: Татварын ерөнхий хууль (2008 оны)-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Д.Б нарын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 230291390 дүгээр шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Д.Б нарын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 230291390 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Б.М нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдааны явцад:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан нөхцөл байдал тогтоогдоогүй маргаантай байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль бус,

2. 2016-2018 онд 4 удаагийн үйлдлээр нийт 33 сая төгрөгийн татвар төлсөн байхад үүнийг хасаж тооцоогүй тооцооллын алдаатай, ... гэж тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд шүүгч “захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэр гаргасан.

      Нэг. Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Б.Б нар нь "ҮАГ” ХХК-ийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 230291390 дүгээр шийтгэлийн хуудсаар 695,085,148.00 төгрөгийн зөрчилд 23,138,356.00 төгрөгийн нөхөн татвар, 82,595,601.00 төгрөгийн торгууль, 43,813,563.00 төгрөгийн алданги, нийт 149,547,520.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.

     Татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтыг хийхдээ санхүүгийн тайлан, татвар төлөгчийн талаарх татварын удирдлагын нэгдсэн системийн тайлан, татварын тооцоолол, орлогын бүртгэлийн мэдээллийг шалган шийдвэрлэдэг.

     Мөн татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар ногдуулсан он тус бүрийн зөрчил нь ил тодорхой, уг зөрчил нь санхүүгийн болон татварын тайлан, татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээллээр нотлогдож байсан тул зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй байсан.

     Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна”, 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, “мөн зөрчил үйлдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж заасан байдаг тул зөрчил үйлдэгдсэн нь тодорхой учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэт явуулах шаардлагагүй тул хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.

     Иймд гомдол гаргагчийн зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх урьдчилсан нөхцөл хангалттай тогтоогдоогүй байхад шийтгэлийн хуудас үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцээгүй гэсэн гомдол гаргагчийн тайлбар нь үндэслэлгүй юм.

     Хоёр. “ҮАГ” ХХК нь гаргасан гомдолдоо 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10,000,000.00 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3,000,000.00 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10,000,000.00 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10,000,000.00 төгрөг төлсөн гэх боловч дээрх төлөлтийн мэдээллийг татварын албаны цахим тайлангийн системийн мэдээлэлтэй тулган шалгахад 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10,000,000.00 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3,000,000.00 төгрөгийн төлөлт хийсэн нь нотлогдохгүй байна.

     Энэ нотлогдохгүй байгаа гэх нотлох баримт нь тус хэрэгт авагдсан Татварын албаны бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, “Хуулийн хугацаанд төлөөгүй татварын торгууль алданги ногдуулсан тооцоо” хавсралт ХШ-08 маягт болон Нийслэлийн татварын газрын маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 85 дугаар тогтоолоор тогтоогдож байсан.

     2018 оны 08 дугаар сарын өдрийн 10,000,000.00 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10,000,000.00 төгрөг нийт 20,000,000.00 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь Татварын албаны цахим тайлангийн системийн мэдээлэл, “Хуулийн хугацаанд төлөөгүй татварын торгууль алданги ногдуулсан тооцоо” хавсралт ХШ-08 маягтаар нотлогдож байсан тул гомдол гаргагчийн нотлогдож байгаа нийт 20,000,000.00 төгрөгийн төлсөн татварыг хасаж тооцсон байна.

     Харин 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10,000,000.00 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3,000,000.00 төгрөгийн төлөлт нь нотлогдохгүй байгаа тул торгууль, алдангийг ногдуулж тооцооллыг хийхдээ гомдол гаргагчийн төлөөгүй татварыг хасаж тооцох үндэслэлгүй юм.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт заасны дагуу “хүн, хуулийн этгээдээс албан татвар, төлбөр, хураамж гаргуулах тухай шийдвэр бол” гэж заасан байх тул захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл тогтоогдож байна.

    Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0571 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлүүдэд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, тэдгээр үндэслэлүүдэд хамаарах шаардлагатай баримтыг хэрэгт цуглуулаагүй, зарим асуудлаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан ямар баримт нотолгоонд үндэслэж байгаа талаар тайлбар, дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

Иймд шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтын талаарх эрх зүйн зохицуулалтуудыг тодруулж, хариуцагчийн шийдвэр үйл ажиллагаа тэдгээрт нийцсэн эсэх, уг шийдвэр үйл ажиллагааны улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Б, Д.Б нар “ҮАГ” ХХК-ийн 2016-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, гомдол гаргагч “ҮАГ” ХХК-ийг

1. Үндсэн үйл ажиллагааны орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй 2016 оны 310,899,396.0 төгрөгийн зөрчлөөс орлого олохтой холбогдон гарсан 79,515,827 төгрөгийн НӨАТ-тай худалдан авалтыг хасаж үлдэх 231,383,569.0 төгрөгийн зөрчилд 23,138,356.0 төгрөгийн нөхөн татвар /хохирол/ 6,941,507.0 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 4,627,671.0 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/,

2. НӨАТ-ыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 11-355 хоног хоцроосон 2016 оны 33,535,644.0 төгрөгийн зөрчилд 2,455,136.0 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 1,318,402.0 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/, 2017 оны 132,715,129.0 төгрөгийн зөрчилд 30,536,382.0 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 16,489,644.0 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/, 2018 онд 184,262,903.0 төгрөгийн зөрчилд 41,437,166.0 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 20,718,577.0 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/,

3. Цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 13-107 хоног хоцроосон 2016 оны 23,352,365.0 төгрөгийн зөрчилд 817,332.0 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 438,908.0 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/, 2017 онд 10,319,710.0 төгрөгийн зөрчилд 408,078.0 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 220,361.0 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/ бүгд 23,138,356.0 нөхөн татвар /хохирол/ 82,595,601.0 төгрөгийн торгууль /торгох шийтгэл/, 43,813,563.0 төгрөгийн алданги /нөхөн төлбөр/ нийт 149,547,520.0 төгрөгийн торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж татварын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 230291390 дүгээр шийтгэлийн хуудсаар 695,085,148.00 төгрөгийн зөрчилд нийт 149,547,520.00 төгрөгийн төлбөр оногдуулсан байна.

Гомдол гаргагч дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “... шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж акт үйлдсэн нь хуульд заасан шаардлага болон компанийн албан татвар ногдуулалт, төлөлтийн бодит байдалд нийцээгүй ... манай компани татварын хугацаа хэтэрсэн өрөөс тодорхой төлөлтүүдийг төлсөн байтал төлөгдсөн дүнг хасаж тооцолгүй акт үйлдсэн .. Татварын алба нь татвар төлөгчийн тайланг хүлээн авч улмаар баталгаажуулах үүргээ биелүүлээгүй ... тайланг баталгаажуулаагүй орхигдуулснаар татварын хяналт, шалгалт үндэслэл бүхий байх бодит нөхцөл байдалд тулгуурласан эсэх нь эргэлзээтэй буюу зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх боломжгүй байсан ... Татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд “Хугацаанд нь төлөөгүй татварын өр”-ийг хэрхэн барагдуулах талаар хуульчилсан ... хугацаанд нь төлөөгүй татварыг хураахтай холбоотой арга хэмжээ дарааллыг тогтоосон байх бөгөөд татварын алба, татварын байцаагч авч хэрэгжүүлэх боломжтой байтал авч хэрэгжүүлээгүй шууд шийтгэлийн хуудас үйлдсэн нь хуульд нийцээгүй ... шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд болох хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгийг дангаар үндэслэсэн нь хууль хэрэглээний алдаатай ... зөрчлийн хуульд заасан шийтгэлийн төрөлд хамаарахгүй шийтгэл оногдуулж татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон .. шийтгэл оногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг үндэслэсэн хэдий ч тооцооллын хувьд алдаатай буюу алдангийн хэмжээ нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагаас давсан ...  манай компанийн банкин дахь харилцах дансыг хааж, дансны чөлөөт үлдэгдлээс татварын өрийг барагдуулахаар татаж авсан атлаа давхар акт үйлдэж нөхөн татвар, торгууль, алданги тооцож байгаа нь нэг зөрчилд хэд хэдэн хариуцлагын арга хэмжээг давхардуулан хэрэглэсэн ...” гэсэн үндэслэлээр маргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаан бүхий актын үндэслэлээ “... 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10,000,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10,000,000 төгрөгийн төлөлтийг хасаж тооцолгүй алданги, торгууль ногдуулсан байна гэсэн нь хяналт шалгалтын программын актын хавсралт нь сард 1-ээс илүү төлөлт ороход багана нэмэгддэггүй тул зөвхөн эхний төлөлтийг нь оруулсан харин хугацааны алдангийг тооцохдоо уг төлөлтүүдийг хасаж төлбөр оногдуулсан ... татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудсаар оногдуулсан жил бүрийн зөрчил нь ил тодорхой, уг зөрчил нь санхүүгийн болон татварын тайлан, татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээллээр нотлогдож байсан тул зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй ... “ҮАГ” ХХК нь ... тайлангаа засварлаж ирүүлээгүй ... хяналт шалгалт хийх үед “ҮАГ” ХХК-ийн татварын ногдол дутуу, тайлангаа тушаагаагүй байсан ...  2018 онд дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй гэх зөрчилд алданги ногдуулж, тооцооллыг хийхдээ гомдол гаргагчийн төлсөн татварыг хасаж тооцсон ... торгууль болон алданги хоёр нь тусдаа зөрчил ... Татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасан ажиллагаа нь зөвхөн хяналт шалгалтын дараа үүссэн татварын өр төлбөр буюу хуульд заасны дагуу Маргаан таслах зөвлөл болон шүүхээр гомдлоо хянан шийдвэрлүүлж дууссаны дараа хийгддэг ажил ... Зөрчлийн тухай хуулийг огт хэрэглэж болохгүй, хориглосон заалт байхгүй ...” гэж тайлбарлан тус тус маргажээ.

Анхан шатны шүүх гомдол гаргагчийн маргасан “гомдол гаргагчийн төлсөн гэх 33,0 сая төгрөгийн үнийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татварыг хариуцагч шийтгэл оногдуулахдаа хасаж тооцсон эсэх нь тодорхойгүй”-тэй холбоотой  хэсэгт “... нэхэмжлэгч компанийн 2016-2018 оны хугацаанд 4 удаагийн үйлдлээр төлсөн 33,0 сая төгрөгийн НӨАТ-ын тооцооллыг хуулийн хугацаанд төлөөгүй татвараас хасаж тооцсон эсэх нь эргэлзээтэй энэ талаарх хариуцагчийн тайлбар зөрүүтэй байгаа нь хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн ...” гэсэн дүгнэлт хийж, хэргийн оролцогчдын маргаж буй бусад үндэслэлүүд, маргаан бүхий актын Үндсэн үйл ажиллагааны орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй, Цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 13-107 хоног хоцроосон гэх зөрчлүүдтэй холбоотой хэсэгт огт дүгнэлт хийлгүйгээр, маргаан бүхий актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана байна” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

Мөн шүүх “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын үндэслэл тодорхойгүй, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000.00 төгрөг нийт 33,0 сая төгрөг төлсөн байхад эдгээр татвар төлөлтийг хасаж тооцсон эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна ... ” гэж гомдол гаргагч компанийг 33,0 сая төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн байх боловч хэрэгт үүнтэй холбоотой баримт авагдаагүй, шүүх ямар баримтад үндэслэж ийнхүү дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд гомдол гаргагч 2016 онд төлөгдвөл зохих нийт НӨАТ-ын дүнгээс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2017 онд төлөгдвөл зохих нийт НӨАТ-ын дүнгээс 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2018 онд төлөгдвөл зохих нийт НӨАТ-ын дүнгээс 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000.00 төгрөгийн татварыг тус тус төлсөн, ийнхүү төлсөн татварын дүнг хасаж тооцолгүй тайланд тусгагдсан дүнг шалгуур болгож акт тавьсан нь үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2276 дугаар тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдаанд хариуцагч “...  33,0 сая төгрөгийг төлсөн нь нотлогдож байгаа ба түүнийг хасаж тооцсон. Программ дээрээс хэвлэн гаргахаар жагсаалтаас харагдахгүй байгаа болохоос биш хасаж тооцсон ...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... “ҮАГ” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 сая төгрөг болон 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 3 сая төгрөгийн төлөлт нотлогдохгүй байгаа ... 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10 сая төгрөг, мөн оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10 сая төгрөгийг торгууль, алдангийн тооцоолол хийхдээ гомдол гаргагчийн төлсөн татвараас хасаж тооцсон ...” гэж зөрүүтэй тайлбарласан, хэрэгт Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “... 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000.00 төгрөгийн төлөлт нь нотлогдохгүй байна. Харин 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нотлогдож байна ... шийтгэлийн хуудасны “ҮАГ” ХХК-ийн 2018 оны дотоодын бараа, үйлчилгээний НӨАТ хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоо” хавсралт /ХШ-08/ тооцоололд 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000.00 төгрөгийн төлөлт харагдахгүй байгаа боловч торгууль, алдангийг ногдуулж тооцооллыг хийхдээ гомдол гаргагчийн төлсөн татварыг хасаж тооцсон байна ...” гэх 85 дугаар тогтоол, Хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоо “ҮАГ” ХХК-ийн 2016, 2017, 2018 оны дотоодын бараа, үйлчилгээний НӨАТ /Маягт ХШ-08/, “ҮАГ” ХХК-ийн “Дотоодын бараа, үйлчилгээний НӨАТ”-ын ногдуулалт, төлөлтийн тооцоо, Хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоо “ҮАГ” ХХК-ийн 2016, 2017 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого зэрэг баримтууд авагдсан байна.

Шүүх дээрх асуудлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, гомдол гаргагчийн 2016 онд төлөгдвөл зохих нийт НӨАТ-ын дүнгээс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2017 онд төлөгдвөл зохих нийт НӨАТ-ын дүнгээс 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2018 онд төлөгдвөл зохих нийт НӨАТ-ын дүнгээс 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 10,000,000.00 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000.00 төгрөгийн татварыг төлсөн эсэх, хариуцагчаас шийтгэл оногдуулахдаа гомдол гаргагчийн төлсөн гэх 33,000,000.00 төгрөгийг хасаж тооцсон эсэхтэй холбоотой болон маргаан бүхий актын бусад үндэслэл болох Үндсэн үйл ажиллагааны орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй, НӨАТ-ыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 11-355 хоног хоцроосон, Цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 13-107 хоног хоцроосон гэх зөрчлүүдтэй холбоотой хэргийн оролцогчдын тайлбар, маргаанд хамаарах хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасантай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд шүүх маргаан бүхий актын үндэслэл болох Үндсэн үйл ажиллагааны орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй, НӨАТ-ыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 11-355 хоног хоцроосон, Цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 13-107 хоног хоцроосон гэх зөрчлүүдтэй холбоотой тайлбар, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг цуглуулж,  хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрд дүгнэлт хийсний үндсэн дээр маргаан бүхий актын улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх замаар хэргийг дахин шийдвэрлэх нь зүйтэй.

Ийнхүү анхан шатны шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлага, түүний хууль зүйн үндэслэл тус бүрд дүгнэлт хийгээгүй, маргаж байгаа асуудлаар хангалттай баримт авах боломжтой байхад хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн маргаан бүхий 230291390 дүгээр шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 121.1.4-д “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж тус тус зааснаар шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй, үүнийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ