Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 00584

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01573 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МПК” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, дутуу олгосон цалин хөлс 1 369 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Баярцэнгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Нанометалл” ХХК-д захирлын нарийн бичиг албан тушаалд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа очиход чамайг ажлаас халсан гэж мэдэгдсэн. Ингээд ажлыг хүлээн авч акт үйлдсэн. Ажлаас ямар шалтгаанаар чөлөөлж байгаа талаар асуухад хэлж өгөөгүй. Ажлаас халагдсан тушаал авья гэж хэлэхэд ажлаас халагдсан тушаалыг өгөөгүй. Улмаар 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “МПК” ХХК-ийн албан бланк дээр ажлаас халах тушаалыг гаргаж өгсөн. Тушаалд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөв гэсэн үндэслэл дурдсан байсан. Т.Дэлгэрцэцэг нь ажлаас гарах ямар нэг хүсэлтийг өгч байгаагүй бөгөөд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна. 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д сарын үндсэн цалингийн хэмжээ 500 000 төгрөг байхаар тохирсон. Гэвч ажил олгогчийн зүгээс өнөөдрийг хүртэл цалин хөлсөө дутуу өгсөн, нийгмийн даатгалын дэвтэрт огт бичилт хийгээгүй тул 2015 оны 9 дүгээр сард 150 000 төгрөг, 10 дугаар сард 169 000 төгрөг, 11 дүгээр сард 250 000 төгрөг, 12 дугаар сард 100 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард 100 000 төгрөг, 2 дугаар сард 100 000 төгрөг, 3 дугаар caрд 100 000 төгрөг, 4 дүгээр сард 100 000 төгрөг, 5 дугаар сард 300 000 төгрөг, нийт 1 369 000 төгрөгийн дутуу олгосон цалин хөлсийг гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн С.Баасанцэрэн миний бие нь “МПК” ХХК, “Нанометалл” ХХК-иудад захирлаар ажилладаг. “МПК” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан 1 гишүүнтэй, “Нанометалл” ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан мөн 3 гишүүнтэй болно. Манай компани иргэн Т.Дэлгэрцэцэгийн хүсэлтээр түүнийг өөрийн захирлын нарийн бичгийн ажилд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр тушаал гаргаж ажилд авсан ба 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх гол үндэслэл нь тэрээр ажиллах хугацаандаа ажил олгогчоос мөрдүүлэхээр өгсөн нарийн бичгийн ажил үүрэг, журмыг биелүүлж чадахгүй, өөрөөр хэлбэл эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй байсан. Иймд Т.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Дэлгэрцэцэгийг “МПК” ХХК-ийн нарийн бичгийн ажилд эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11, 5 дугаар зүйлийн 5.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч “МПК” ХХК-иас дутуу олгосон цалин хөлс болох 1 369 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 513 703 төгрөг нийт 4 882 703 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Дэлгэрцэцэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Т.Дэлгэрцэцэгийн ажилласан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “МПК” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 36 900 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар хариуцагчаас 244 167.63 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэнгэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх дээрх иргэний маргааныг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнэсэн дүгнэлтүүдийн болон тогтоох хэсгүүдийн 1-ээс 4 дэх заалтуудыг дараах байдлаар зөвшөөрөхгүй байгаа болно. Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ “Нанометалл” ХХК-д холбогдуулан гаргасан. Гэтэл шүүх шийдвэртэй хариуцагчийг “МПК” ХХК гэж тогтоож төлбөр хариуцуулсан. Энэ хоёр компани хэдий нэг гүйцэтгэх захиралтай боловч тус тусдаа улсын бүртгэлийн газарт бүртгэгдэж, аж ахуйн нэгжийн гэрчилгээ авсан хуулийн этгээдүүд. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг өөр этгээдээр солихыг нэхэмжлэгч зөвшөөрч буй үйл баримтыг тогтоогүй, өөрөөр хэлбэл 28.1-д заасан байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогоогүй нь хууль буруу хэрэглэсэн байдлыг бий болгосон. Нэхэмжлэгч ажлын хөлс дутуу олгогдсон гэж тооцоолон 1 369 000 төгрөг нэхэмжилсэн. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнээ 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бичгээр гаргасан. Энэ шаардлагад мөн л 1 369 000 төгрөг гэж бичсэн байгаа. Үүнийг шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан. Ер нь ажилтан нь ажил хөдөлмөрөө бүрэн гүйцэт хийж байж гэрээнд заасан хөдөлмөрийн хөлсөө бүрэн шаардах эрхтэй. Гэтэл энэ байдал гүйцэт хэрэгжээгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 23-нд гаргасан. Харин шүүх хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 15-нд хийж шийдвэрээ гаргасан. Тодруулбал бараг 6 сарын дараа хэрэг шийдвэрлэгдсэн. Гэтэл шүүх 6 сарын хугацаагаар тооцож ажилгүй байсан хугацааны цалин олговор 3 513 703,1 төгрөг нэмж нийт 4 882 703,1 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь буруу юм. Хэрэг шийдвэрлэхэд хариуцагч талаас ямар нэгэн учир шалтгаангүй гаргаагүй бөгөөд үүнээс болж хариуцагч үндэслэлгүйгээр их хэмжээний санхүүгийн алдагдал хүлээхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх магадлал гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Дэлгэрцэцэг нь хариуцагч “МПК” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, дутуу олгосон цалин хөлс 1 369 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Т.Дэлгэрцэцэг нь 2015 оны 7 сарын 2-ны өдрөөс “Нанометалл” ХХК-д нарийн бичгийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан талаар маргаангүй байна.

 

Хариуцагч “МПК” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/01 тоот тушаалаар ажилтан Т.Дэлгэрцэцэгийг нарийн бичгийн албан тушаалаас чөлөөлөхдөө “ажилтны өөрийн хүсэлтээр” гэх үндэслэл заажээ.  /хэргийн 42 дугаар тал/

 

Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хөдөлмөрийн гэрээ, цалингийн карт зэрэг баримтуудаас үзвэл хариуцагч “МПК” ХХК болон “Нанометалл” ХХК-иуд нь нэг захиралтай байх бөгөөд ажилтан Т.Дэлгэрцэцэг нь 2015 оны 9 сар хүртэл “Нанометалл” ХХК-иас, 2015 оны 9 сараас 2016 оны 5 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд “МПК” ХХК-иас тус тус цалин хөлс авч ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч “МПК” ХХК нь ажилтан Т.Дэлгэрцэцэгтэй  хөдөлмөрийн гэрээг  бичгээр  байгуулах үүргээ биелүүлээгүй нь ажилтантай  хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Ажлаас халсан ажил олгогчийн тушаалд ажилтны хүсэлтээр түүнийг ажлаас халсан гэх үндэслэл заасан боловч хариуцагч байгууллага нь шүүхэд “… ажилтан Т.Дэлгэрцэцэг нь  мэргэжил, ур чадварын хувьд нарийн бичгийн ажил албан тушаалд тэнцээгүй тул ажлаас халсан” гэж тайлбарлажээ. Гэвч хариуцагч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

          Анхан шатны шүүх ажил олгогчоос ажилтны мэргэжил, ур чадварын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшинг тогтоогоогүй, энэ талаар дүгнэлт гаргаагүй атлаа түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж зөв дүгнэж, ажилтан Т.Дэлгэрцэцэгийг “МПК” ХХК-д нарийн бичгийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

           Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байх боловч ажилтны ажилгүй байсан хугацаа  2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын 139 хоног байхад 149 хоног гэж алдаатай тооцсоныг давж заалдах шатны шүүхээс залруулан зөвтгөж 3 277 884 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

           Ажил олгогчоос ажилтанд 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд цалин хөлсийг 1 369 000 төгрөгөөр дутуу олгосон нь  цалингийн карт нэртэй бичгийн баримтад хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй байх тул анхан шатны шүүх дээрх цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

           Түүнчлэн анхан шатны шүүх ажилтан Т.Дэлгэрцэцэгийн ажилласан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг  хариуцагч “МПК” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

           Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй хуулийн заалт баримталсан, хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан зэрэг алдаа гаргасан байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул  давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөв.

 

                Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01573 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “… эргүүлэн …” гэснийг “эгүүлэн” гэж,

2 дахь заалтын “… 128.1.11 …” гэснийг хасч, “… 3 513 703 төгрөг …” гэснийг  “3 277 884 төгрөг” гэж, “… 4 882 703,1 төгрөг …” гэснийг “4 646 884 төгрөг” гэж,

4 дэх заалтын “… 244 167,63 төгрөг …” гэснийг “159 500 төгрөг” гэж тус тус өөрчлөн,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244 167 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            Э.ЗОЛЗАЯА

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Ш.ОЮУНХАНД          

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ

 

,