Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 000111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Цагаатгах тогтоолыг шинээр илэрсэн

нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах тухай.

 

                                                                                    Хэргийн индекс 142/2016/0193/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

            Шүүх хуралдаанд: 

                        Прокурор                              Ц.Мөнхтуяа

                        Шүүгдэгч                               Ж.С

                        Нарийн бичгийн дарга     Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар цагаатгах тогтоолтой Ж.С.д холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурорын дүгнэлтийг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн оршин суудаг, урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2.т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, хорих ял биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Боржигон овгийн Ж.С.

 

Шүүгдэгч Ж.С нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд М.М, Б.Б нарыг бусдад биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар цагаатгах тогтоолоор:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1.д зааснаар Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.С.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Ж.С.д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор дүгнэлтдээ:

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай цагаатгах тогтоолоор Ж.С-ыг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх гэрч С.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ..уншиж чадахгүй 3 дугаар анги төгссөн, энд ярьж байгаа нь үнэн өмнө нь юу ярьж хэлснээ сайн мэдэхгүй байна. Солонготой өмнө нь ярьж байгаагүй гэх мэдүүлгийг үндэслэж шүүгдэгч Ж.С.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь түүний “би энэ гэмт хэргийг С гэж хүний гуйлтаар хийсэн нь үнэн. С надтай яриад би олон нялх хүүхэдтэй чи шүүх дээр очоод согтуу байсан гээд хэлчих гэж хэлсэн. Тэгээд би шүүх хурал дээр согтуу байсан гэж худал мэдүүлэг өгсөн" гэх мэдүүлгээр тогтоогдсон тул Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр С.М.д холбогдох хэргийг хянан хэлэлцээд 169 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг “шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл буюу гэрчийн худал мэдүүлгийг үндэслэж шүүх шийдвэр гаргасан нөхцөл байдал шинээр илэрсэн байх тул Ж.С.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Шүүгдэгч Ж.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

М-тай Чка буудалд ажиллаж байхад л уулзсан. Түүнээс хойш уулзаагүй. Байцаалтанд өгсөн мэдүүлгийг нь уншчихаад утсаар ярьсан чинь намайг согтуу байхад мэдүүлэг авсан гэж хэлж байсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа дүгнэлтдээ:

...Гэрчийн худал мэдүүлгийг үндэслэж шүүх цагаатгах тогтоол гаргасан байх тул Ж.С.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 38 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэв 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар цагаатгах тогтоолоор шүүгдэгч Ж.С-ыг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн идэвхитэй үйлдэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Гэтэл прокурор 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ж.С-д холбогдох эрүүгийн хэргийн гэрч С.М-ыг шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээ өөрчилж зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэж түүнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор С.М-ыг зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д заасныг журамлан тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

 

Ийм учраас Орхон аймгийн прокурорын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5/01 дугаар тогтоолоор С.М нь Ж.С-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн байх ба анхан шатны шүүх С.М-ын мэдүүлгийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд прокурорын дүгнэлт ирүүлжээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д ...гэрч шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гаргасан нь тогтоогдсон... тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг сэргээн шалгаж болохоор заасан байна.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.М-г зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.д заасан гэмт хэрэгт ял шийтгэсэн байгаа боловч 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаартай цагаатгах тогтоолоор Ж.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх ...дээрх гэрчийн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт мөн гэрч Ц.У, М.М нарын мэдүүлэг зэргийг үндэслэж Ж.С нь бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна... гэсэн дүгнэлт хийж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Ж.С-ыг цагаатгажээ.

 

Өөрөөр хэлбэл дан ганц гэрч С.М-ийн мэдүүлгийг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгоогүй хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг давхар үнэлж  хэргийг шийдвэрлэжээ.

 

Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлтийг хүлээн авах хуулийн үндэслэлгүй  байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2., 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 41.4 дүгээр зүйлийн 3.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 38 дугаар цагаатгах тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

 

2. Магадлалын хувийг прокурорт хүргүүлсүгэй.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА  

 

                                                                                                               С.ЦЭЦЭГМАА