| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07692/И |
| Дугаар | 235 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 235
| 2017 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/00235 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, ... тоотод оршин суух, ...регистртэй, Боржигон овогт У.Б-н,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 39 дүгээр байрны 60 тоотод оршин суух, ...регистртэй, Номтынхон овогт Б.Х-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44,327,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Хонгорзул нь гэр бүлийн дундын өмчлөлийн орон сууцыг барьцаалан 2015.08.05-ны өдрөөс 2015.10.05-ны өдөр хүртэл хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 25,000,000 төгрөгийг зээлсэн боловч гэрээний хугацаа дуусахад зээлийн хүүд 5,500,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээг 2016.09.05-ний өдөр хүртэл сунгасан боловч төлбөрөө төлөхгүй байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний төлбөрт нийт 44,327,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5,327,700 төгрөгөөс татгалзаж, үлдэх 39,000,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Б.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44,327,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5,327,700 төгрөгөөс татгалзаж, үлдэх 39,000,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.У.Б-н нэхэмжлэлтэй, Б.Хд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44,327,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5,327,700 төгрөгөөс татгалзаж, үлдэх 39,000,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр төлж барагдуулах, хэрэв дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 379,585 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 26,635 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 352,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА