| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/1006/Э |
| Дугаар | 1023 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 1023
2020 04 02 2020/ШЦТ/1023
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч А.Ариунаа,
хохирогч З.Баярмаа,
шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Т.Анхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Пд холбогдох эрүүгийн 2006 00539 0404 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.П, Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн “Түнэл” суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дулааны 4 дүгээр цахилгааны станц ТӨХК-д цахилгаан цехийн РХА-ийн монтёр ажилтай, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь Эхийн 4 гудамжны 16446 тоотод оршин суух хаягтай боловч 1 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 7-392-7 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ц.П нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцийн задгайд байрлах гэртээ иргэн З.Баярмаатай маргалдаж, үснээс нь зулгаан, газарт унагаж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Шүүгдэгч Ц.Пын гэм буруугийн талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.П нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцийн задгайд байрлах гэртээ иргэн З.Баярмаатай маргалдаж, үснээс нь зулгаан, газарт унагаж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.П гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.П мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэжээ[1].
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Баярмаа мэдүүлэхдээ: “... Би 3 эрэгтэй дүүтэй. Энэ хоёр хамт амьдраад 6 жил болж байгаа. 7 насны зөрүүтэй. Айл гэрт юу хэрэгтэй бүгдийг нь авч тавьсан. Оюутан байхдаа анхны хүүхдээ гаргасан. 2 жилийн өмнөөс “Ганцын” задгайд хашаа аваад тэндээ 2 дахь охиноо гаргасан. Би гэрт нь очиж гэр орны ажилд нь тусалдаг байсан. Ц.П хутга авч нөхөр лүүгээ дайраад, нөхөр нь зугтаж гадуур амьдарч байсан. Бид нар бүгд гэрт нь очиж цэвэрлэгээ хийж өөд нь татсан. Манай дүүг доромжлоод хүүхдүүдээ өлсгөж, цангалаа гээд мессеж хүртэл бичсэн байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ[2].
3. Хохирогч З.Баярмаагийн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[3],
4. Гэрч З.Баттогтохын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний оройн 19 цагийн үед байх гэртээ байж байхад манай ах З.Батмягмар нь эхнэр Долгорын хамт ирээд “нөгөө Ц.П Баярхүүгийн гэрт нь ирсэн байна. Хамт очъё гэж хэлээд явсан. Баярхүүгийн гэрт очиход Ц.П хаалгыг нь эвдэж орсон байдалтай Баярхүүгийн хөнжил, гудас хувцсыг нь бүгдийг гаргаж шидсэн байсан. Гэрт нь байсан буйдан, шүүгээ, хөргөгч зэргийг бүгдийг өөрийн амьдарч байгаа нийтийн байр руу зөөсөн байсан. Би яагаад эд зүйлийг авч явсан талаар асуухад “өөрийн хоёр хүүхдээ авч явах гэж зөөсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “би чамайг өөрийн дүү шиг гэж бодоод хэлж байгаад алгадна” гэж хэлээд Ц.Пын баруун хацарт нь нэг удаа алгадсан. Тухайн үед ах Батмягмар нь цагдаа дуудсан байсан. Ц.П нь Баярмаагийн үснээс зулгайгаад, үсдэн дарж газар унагаасан. Баярмаа амьхандаа тавь гэхэд нь тавихгүй байсан бөгөөд дундуур нь Долгор орж салгасан...” гэх мэдүүлэг[4],
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 дугаар сарын 01 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээч эмч Б.Ундармаагийн №1419 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...1. З.Баярмаагийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун тохойны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмгэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт[5],
6. Хохирогч З.Баярмаагийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би Ц.Пын биед хүрээгүй. Ц.Пын нүүр лүү чичилж “эрэгтэй хүний хийморь бүс, малгайндаа байдаг юм шүү, чи яагаад үүдэндээ хамаг хувцсыг нь гаргасан юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхэд Ц.П нь над руу дайрч үсдээд газар унагаасан. Би амьхандаа гарыг нь тавиулах санаатай гартай нь их ноцолдсон. Надад учирсан гэмтлийг Ц.П учруулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, Ц.Птай хэрүүл, уруул хиймээргүй байна...” гэх мэдүүлэг[6],
7. Шүүгдэгч Ц.Пын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Баярхүү бид хоёр 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тусдаа амьдарч байгаа. Тухайн өдөр би гэртээ очиход гэрийн хаалга онгорхой, хөргөгчинд ямарч идэх юм байхгүй, гэрээс шээс үнэртэж байхаар нь гэрээсээ эд зүйлээ өөрийн амьдарч байгаа нийтийн байр руу зөөчихөөд нөхөр рүүгээ “Би хоёр хүүхдээ өөр дээрээ авна. Гэрийн эд зүйлээ авсан” талаар мессеж бичсэн. Гэтэл гэрт хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь хүн байхгүй байсан. Гэтэл гаднаас Баярмаа эгч, Батмягмар ах, Баттогтох эгч нар орж ирээд над руу учир зүггүй дайрч эхэлсэн. Тэгээд Батмягмар ах миний хүзүүг боосон. Ингээд гэрийн эд зүйл хулгайлан авч явлаа гээд Баярмаа, Баттогтох эгч нар намайг үсдэж дайрсан. Би Баярмаа эгчтэй үсдэлцэж, зууралдсан. Би Баярмаа эгчийг үсдэх гэж байгаад дух хэсэгт нь хумсаараа халзалсан ба тэр хэсгээс нэлээн цус гарч байсан. Маргаан болж байхад Баярмаа, Баттогтох, Батмягмар нар бүгд над руу дайрч хэл амаар доромжилж байсан. Би тэр үед цагдаа дуудсан. З.Баярмааг эгчтэй үсдэлцсэн, тохой, бугалга хэсэгт учирсан гэмтлүүд нь үсдэлцэж байх хугацаанд газар унаж, хана мөргөсөн байх үед үүссэн байх гэж бодож байна. Би З.Баярмаа эгчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[7],
8. Ц.Пын иргэний үнэмлэхний лавлагаа[8], Оршин суугаа хаягийн тодорхойлолт[9], ажлын газрын тодорхойлолт[10], Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11] зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Пын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн зүгээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй. Иймд шүүгдэгч Ц.П нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ц.Пд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ц.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, зүйлчлэлийн талаар маргаангүй, энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, мөн шүүгдэгч Ц.П нь амаржаад удаагүй, 1 сар, 10 хоногтой нярай хүүхэдтэй, өрх толгойлсон эх, гэх зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас Ц.Пыг чөлөөлсүгэй.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Ц.Пыг чөлөөлсүгэй.
3. Ц.П нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Пд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 3 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 30 дугаар тал,
[9] Хавтаст хэргийн 31 дүгээр тал
[10] Хавтаст хэргийн 38 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 42 дугаар тал