Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1049

 

 

 

 

 

 

 

 

2020        06       04                                    2020/ШЦТ/1049

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

 улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

 хохирогч Т.Буяннэмэх,                

 шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 2006 01918 1015 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Амарсайханы А.Б, Монгол улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “ЭмАйЮу” Олон улсын дээд сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 3-14 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /Р

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын музейн хажуу талын байрны орцонд иргэн Т.Буяннэмэхтэй маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь толгойгоороо нэг удаа мөргөж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                         

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүгдэгч А.Бий гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын музейн хажуу талын байрны орцонд иргэн Т.Буяннэмэхтэй маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь толгойгоороо нэг удаа мөргөж, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч А.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

                                       ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 06-нд Жуковын музейн хажуугийн байрны тэнд пиво уугаад сууж байгаад муудалцаад би Буяннэмэхийн толгой руу нэг мөргөчихсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1].

2. Шүүхийн  хэлэлцүүлэгт хохирогч Т.Буяннэмэх мэдүүлэхдээ: “...Тэр өдөр Ганбаяр, А.Б нартай Жуковын орцонд 2 том нийслэл пиво уугаад муудалцаад толгой руугаа мөргүүлээд эмнэлэг явсан. Над руу хандаж хэрүүлийн чанартай бүдүүлэг үг хэлсэн. “Чи ер нь дургүй хүргээд байгаа шүү” гэсэн. Эмчилгээ хийлгэхэд гарсан зардлын 70 хувийг шилжүүлсэн байгаа. Хамарны таславчны хагалгаа хийлгэмээр байгаа, үүнийгээ цаашид нэхэмжилж хохиролгүй болмоор байна. Хамрын таславчны мурийлт хамрын хугарал зэрэг гэмтэл учирсан. Шүүгдэгчтэй шүүх хуралдааны өмнө уулзаж баримтаа үзүүлсэн. Би цаашид хагалгаанд орно. 2,800,000 төгрөг нэхэмжилж байна. 210,000 төгрөгөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлнэ. Нийт 3,010,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ[2].

3. Хохирогч Т.Буяннэмэхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 15 цагийн орчим би А.Б, Ганбаяр гэх 2 найзтайгаа 2 литрийн хэмжээтэй Нийслэл нэртэй пиво хоёрыг хувааж ууцгаагаад Жуковын ойролцоох байрны орцонд хамт сууцгааж байсан. Тэгтэл А.Б надад хараалын үг хэлэх шиг болсон яг юу гэж хэлснийг нь би санахгүй байна. Тэгээд бид хоёр маргалдахад А.Б босож ирээд намайг заамдаад нүүрэн тус газар руу шууд мөргөсөн. Тэгтэл Ганбаяр А.Бийг надаас холдуулаад Ганбаяр, А.Б хоёр тэндээс яваад өгсөн...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч У.Ганбаярын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 15 цагийн орчим найз А.Б, Буяннэмэх нартай хамт орцонд 3 литрийн пиво хувааж уусан. .Тэгтэл А.Б, Буяннэмэх хоёр татаж байсан тамхин дээрээс болж муудалцаад А.Б, Буяннэмэхийн нүүрэн тус газар 1 удаа толгойгоороо мөргөсөн. Тэр үед би тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг[4],

5. Монгол Улсын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №4695 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...Т.Буяннэмэхийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт[5],

6. Шүүгдэгч А.Бий 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр15 цагийн орчим би найз Буяннэмэх, Ганбаяр нарын хамт Жуковын 50 дугаар байрны орцонд 2 литрийн хэмжээтэй 3 пиво хувааж уусан. Буяннэмэх бид хоёр тамхинаас болж маргалдаад би Буяннэмэхийн нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн чинь хамарнаас нь цус гарсан. Баримтаар гарсан хохирлыг төлнө” гэх мэдүүлэг[6],

7. А.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7], иргэний үнэмлэхний лавлагаа[8] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Бий гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч А.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан бодит хохирол 331,600 төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Харин хохирогч Т.Буяннэмэх нь цаашид гарах  эмчилгээний зардлын баримтыг бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв. Иймд шүүгдэгч Т.Буяннэмэх нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, зүйлчлэлийн талаар маргаангүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Бд анхааруулав.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  А.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  А.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Бд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 7-9 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 17-19 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 43 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 36 дугаар тал