| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00155/И |
| Дугаар | 311 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 311
| 2017 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/00311
| Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 50-46 тоотод оршин суух, …регистртэй, Соном овогт С.Д-н ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Д оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би 1982 онд барилгын техник мэргэжлийн 3 дугаар дунд сургуульд узелийн слесраар ажилд орж 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилласан. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Улсын төв архивт тус байгууллагын бичиг баримт ирээгүй учраас лавлагаа олгох боломжгүй байдал хүрээд байна. Иймд намайг барилгын техник мэргэжлийн 3 дугаар дунд сургуульд 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл узелийн слесраар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Д нь Барилгын техник мэргэжлийн 3 дугаар дунд сургуульд 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл узелийн слесраар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн С.Дгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
С.Д нь Барилгын техник мэргэжлийн 3 дугаар дунд сургуульд 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл узелийн слесраар ажиллаж байсан болох нь түүний 1974 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5/, түүнтэй хамт ажиллаж байсан З.Зандармаа, Ч.Цогзолмаа, Н.Гантөмөр нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, тэдгээрийг нотлох бичмэл баримтууд /хх 8-14/, гэрчээр асуугдсан тэмдэглэлүүд /хх 20-23/, архивын сан хөмрөгт Барилгын техник мэргэжлийн 3 дугаар дунд сургуулийн баримт шилжээгүй учир лавлагаа гаргах боломжгүй тухай Үндэсний төв архивын лавлагаа /хх 6/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул С.Дг дээрх албан тушаалд ажиллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, ...регистртэй, Соном овогт Сономын Даваасамбууг Барилгын техник мэргэжлийн 3 дугаар дунд сургуульд 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл узелийн слесраар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Дгаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА