Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 974

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Шүүгдэгч П.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.О  холбогдох эрүүгийн 2006 01863 1234 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын дотор засал, чимэглэл хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг  тоотод албан ёсны бүртгэлтэй, одоогоор Баянзүрх дүүрэг,   тоотод оршин бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , П.О .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч П.О нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэндоржтой маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, хавирч унагаах зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

  Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Цэрэндоржийн өгсөн мэдүүлэг /хх-9-13/, гэрч О.Билгүүний өгсөн мэдүүлэг /хх-17-19/, гэрч Г.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4030 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 651 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-48-52/, П.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-72-73/, Шуурхай удирдлагын тасгын дуудлагын лавлагааны хуудас /хх-4/, шүүгдэгч П.О урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-55/, хохирогч Г.Цэрэндорж, яллагдагч П.О нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-78-79/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч П.О нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэндоржтой маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, хавирч унагаах зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Цэрэндоржийн өгсөн: "2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр найз Алтангэрэлийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхон 424-131 тоотод байх гэртээ 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Би архи даадаггүй болохоор тус архийг дуусгаад их хэмжээгээр согтсон. Ингээд Алтангэрэлийг таксинд суулгаж өгөхөөр 21 цагийн орчим гэрээсээ гарсан. Тэгээд бид хоёр орцны урд алхаж байтал үл таних хоёр залуу хажуугаар зөрсөн бөгөөд би зөрөхдөө нэг залуутай нь мөрөөрөө шүргэлцсэн. Тэгээд би хоёрын дунд үл ойлголцол үүссэн бөгөөд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл тус согтуу залуу гараараа миний нүүр хэсэг 1 удаа цохиод 1 удаа хөлөөрөө хавирсан. Энэ үед нь би орцны үүдний жижиг шат руу толгойгоороо уначихсан. Ингээд би гэртээ ороод унтсан бөгөөд маргааш өглөө нь бостол зүүн талын нүд юм харахаа больчихсон байсан тул би эмнэлэг ортол тархинд цус хуралттай болсон байсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй бөгөөд намайг цохисон залуу надаас ирж уучлалт гуйсан. Тус залуу Отгонжаргал гэдэг бөгөөд манай орцонд амьдардаг залуу байсан. Мөн надад эмчилгээний зардал болох 1.769.000 төгрөгийг дансаар шилжүүлж, миний хохирлыг барагдуулсан."/хх-9-13/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Билгүүний өгсөн: “О  нь орцны урд тамхи нэхсэн гэх 2 залуугийн туранхайг нь газар унагасан байдалтай, тэр хоёр хоорондоо зууралдаж, ноцолдож байсан." /хх-17-19/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Алтангэрэлийн өгсөн: “Нэг мэдэхэд Цэрэндоржтой хамт гэр рүү нь буцаад орж байсан бөгөөд Цэрэндоржийн нүүр амнаас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад орцны гадаа хүмүүстэй маргалдсан гэж надад хэлсэн." /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4030 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Г.Цэрэндорж нь зүүн нүдний ухархайн дээд хананаас дээш үргэлжилсэн зүүн духны ясны дотор ялтас дайрсан зөрөөгүй шугаман хугарал, зүүн духны хэсгийн жижиг голомтлог хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн нүдний гэмтлийн гаралтай харааны мэдрэлийн эмгэг, зүүн хөмсөгний зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. 2020.03.24-ний нүдний эмчийн үзлэгт зүүн нүдний гэмтлийн гаралтай харааны мэдрэлийн эмгэг гэсэн оноштой байна. Уг үзлэгт Г.Цэрэндоржийн харааны чадал тодорхойгүй, багажийн шижилгээгээр онош бүрэн тогтоогүй, үзлэг бүрэн биш байгаа тул одоогоор гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. /хх-30-32/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 651 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд:

1. Г.Цэрэндоржийн биед зүүн нүдний ухархайн дээд хананы шугаман хугарал, зүүн хөмсөгний зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг үйлчлэлээр, цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Уг зүүн нүдний ухархайн дээд хананы шугаман хугарал, зүүн хөмсөгний зулгарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн духны ясны дотор ялтас дайрсан зөрөөгүй шугаман хугарал, зүүн духны хэсгийн жижиг голомтлог хатуу хальсан дээрхи цусан хураа гэмтэл нь 2020.03.21 болон 04.24-ний өдрийн толгойн компьютер томографийн зургийг давтан уншуулахад тогтоогдсонгүй.

5. Зүүн нүдний гэмтлийн гаралтай харааны мэдрэлийн эмгэг нь 2020.04.24-ний өдрийн Reflex эмнэлгийн харааны дуудлагат потенциалын шинжилгээгээр тогтоогдсонгүй. /хх-48-52/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд П.О яллагдагчаар өгсөн: “Би тухайн өдөр архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан тул болсон явдлыг бүрэн тодорхой санахгүй байгаа. Ямар ч байсан орцныхоо гадна үл таних эрэгтэй хүнтэй маргалдаж, хавсарч унагааж байсан. Би гэм буруугаа маш сайн ойлгож байгаа бөгөөд тэр өдрөөс хойш архи согтууруулах ундаа огт хэрэглэхээ больсон. Мөн хохирогч Г.Цэрэндоржоос уучлалт гуйж, бид хоёр эвлэрсэн. Би холбогдох бүх эмчилгээний зардлыг төлж барагдуулсан." /хх-72-73/ гэх мэдүүлэг,

 

Шуурхай удирдлагын тасгын дуудлагын лавлагааны хуудас /хх-4/,

 

Шүүгдэгч П.О урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-55/,

 

Хохирогч Г.Цэрэндорж, яллагдагч П.О нараас гаргасан "гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай" хүсэлт /хх-78-79/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд П.О нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Цэрэндоржтой маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохих, хавирч унагаах зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Цэрэндорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар П.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч П.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            1. Шүүгдэгч П.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар П.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар П.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй П.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.     

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба П.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС