Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/35

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

иргэний нэхэмжлэгч О.Ж,

шүүгдэгч Н.М,

шүүгдэгч Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал би, Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нын М, Боржигон овогт Д-ийн Б нарт холбогдох эрүүгийн 1917002220008 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 14-нд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 11 сарын хорих ял,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Хэнтий аймаг дахь Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Боржигон овогт Н-ын М, /РД:............/

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 17-нд Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 11-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял,

Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б овогт Д-ийн Б /РД:.........../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Н.М нь Бтэй бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Дулааны уул гэх газар нутаглах иргэн М.Бын хотноос 9 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.170.000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн Н.М нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Дулааны уул гэх газар нутаглах иргэн М.Бын хотноос 11 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.080.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б нь Н.Мтэй бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Дулааны уул гэх газар нутаглах иргэн М.Бын хотноос 9 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б нь яллагдагч Н.М-ийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн М.Бын хотноос 11 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, зарж борлуулсан орлого гэдгийг мэдсээр байж 352.000 төгрөгийг авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сараас эхэлж Б гэдэг айлд мал харахаар ирсэн. Мал хүлээж авахад 250 хонь, 120 ямаа тоолж авсан. Мөнгөний хэрэг гараад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 9 тооны хонь нядалсан. Хотод байдаг найз Цтэй утсаар яриад машин асуухад приус маркийн машин ирсэн. Жолоочийг нь танихгүй. Машины хөлсөнд 1 хонь өгсөн, найз Цд 1 хонь өгсөн. Налайх дүүргийн зах дээр махны ченжид махаа өгсөн. Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 13-14-ний үед буцаж ирээд 11 хонь хийж аваад буцаад хот орж зарсан. Б ахад 200 000-300 000 төгрөг өгсөн. Хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй хэрэглэсэн миний буруу гэв.

 

2. Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би М-г туслаач гэхээр нь Хэнтий аймгаас шууданд суугаад Дархан суманд ирсэн. Намайг М тосож авсан. Би хонь харах, малын хашаа янзлах ажилд туслах зорилготой ирсэн. Тэгээд М идэшний хонь хийнэ гээд мал хийсэн. Би 9 хонийг яах талаар мэдээгүй байсан. М хэлэхдээ хот орж хувцас авна, даргатай ярьсан мөнгө байхгүй байна, хониноос 2-3 хонь хийгээд яв гэж хэлсэн гэж байсан гэв.

 

3. Хохирогч Х.Д  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай хөдөө гэр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг Дулааны уул зүүн энгэрийн бууц гэх газарт нутагладаг. 2018 онд Дорнод аймгийн Хөлөнбуйр гэх газар оторлочихоод 2019 оны 09 дүгээр сарын дундуур буцаад нүүж ирсэн, тэгэхдээ Хэнтий аймгаас Говьсүмбэр аймаг руу мал туух хүн хайж байгаад М гэх залууг олж авсан. Тэгээд 10 гаран хоног малаа туулгаад Говьсүмбэрт ирчихээд мал маллах хүн хэрэгтэй байна гэсэн чинь М би маллая, ардаа татлаа түтлээ байхгүй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хургатайгаа нийлээд 257 хонь, ишигтэйгээ нийлээд 141 ямаа нийт 398 мал хүлээлгэж өгсөн. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр хотоос 42 хонь нэмж авчираад, манай үхрийг малладаг байсан Шонх гэдэг залуу 6 хонь адууны наймаанд аваад нийтдээ 446 бага мал болж байгаа юм. Түүнээс манайх өөрөө 4 хонь, малчин М-н аавын буяны ажилд 1 хонь, М идшинд 1 хонь, 1 хонь зарсан, манай үхэр маллаж байсан Э  буюу Шонх 1 хонь идшинд хэрэглээд, хүүхдийн даахины найранд 1 хонь, нүүж явахдаа 2 хонь авч явсан. 14 хурга Чойр луу зарсан ингээд нийт 25 хонь хэрэглэсэн, нийт 280 хонь байх ёстой. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хөдөө манай саахалт айлын Ү-ын эхнэр О  манай эхнэр Б  руу утасдаад М архи уугаа танайд гадна дотноос машинтай хүмүүс ирээд байна. Мал чинь хашаатай байна, ирж үзэж хараарай гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Б 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хөдөө гэртээ очиход малын хашааны зүүн хажуу талд бага малын 11 ширхэг гэдсийг гаргаад хаячихсан байсан гэсэн, тэгээд цагдаад дуудлага өгсөн. Малаа манай эхнэр Б 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр саахалт айлын Үтай хамт тоолж үзэхэд 246 хонь байсан. Ингэхлээр 34 хонь дутаж байгаа юм. Алдсан малаа зүсээр нь нарийн хэлж мэдэхгүй байна. Нас гүйцсэн бүдүүн хонь 10 орчим байсан бүгд алга байна лээ. Бусад сувай хонь, хязаалан, шүдлэн, төлгөн хонинуудаас алга болсон байна. Манай хонь зөв чих урдаасаа ганзага, буруу чих араасаа ухам имтэй. Хондлой дээгүүр нь улаан оохороор будаж тэмдэглэсэн... Алдсан 20 тооны хонины үнэлгээ нийт 4.250.000 төгрөг болсон уг мөнгөнөөс Б нь 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн мөнгийг М нь төлж барагдуулна гэсэн одоогоор төлөөгүй байна. Миний хувьд Бд гомдол санал байхгүй, М нь үлдсэн мөнгийг төлчихвөл гомдол санал байхгүй”  гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 18-22/

 

4. Иргэний нэхэмжлэгч О.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Эрүүгийн 1917002220008 дугаартай хэрэгт ашиглагдсан Тоёота Приус маркын тээврийн хэрэгсэл нь манай Хас банкны өмчлөлд байдаг юм. Х , Б нар нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1930000876 дугаартай зээлийн гэрээ байгуулан 40-29 УБУ улсын дугаартай Тоёота Приус 30 маркын тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авсан боловч  зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй учир тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын эзэмшлийнх хэвээрээ байгаа юм. Манай байгууллагын эзэмшлийн 40-29 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрүүгийн 19170002220008 дугаартай хэрэгт битүүмжилсэн байна лээ. Уг тээврийн хэрэгсэл нь Баттулгын эзэмшилд шилжээгүй байхад хураасан нь үндэслэлгүй гэж үзэж уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Улаанбаатар хот 5 шар дахь Хас банктай Хосбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулан уг тээврийн хэрэгслийг 16.800.000 төгрөгийн зээлээр худалдан авч байсан. Б нь Хосбаярын хамтран зээлдэгчээр орсон байна лээ. Уг Тээврийн хэрэслийг 16.800.000 төгрөгөөр үнэлнэ”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 дугаар хуудас/

 

5. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Намайг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд  байхад манай саахалт айлын О гэх эмэгтэй  2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 27 минутанд залгаад танай малчин Эрдэнээ шөнө 01 цагийн үед ирээд манай нөхөр Үыг аваад явсан. Тэгээд манай нөхөр өглөө согтуу ирсэн. Энэ хавиар архи дарс уугаад байх шиг байна, та нар ирсэн нь дээр байх гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Сүмбэр сумын 6 дугаар баг, Дулаан гэх газар ирэхэд манай хорооны зүүн талд бог малын 11 тооны гэдэс дотор гаргаад хаясан байсан. Манай малчин М гэрт байхгүй байсан. Манайд Мэс өөр малчин байхгүй, харин М-н ах Б гэх залуу ирж манай хашааг барьж өгч байсан. Би нөхөртэйгээ 2019 оны 12 дугаар сарын 08-нд ирээд 09-нд буцсан тэгэхэд ах Б нь байж байсан. Манай нөхөр Мд малаа хүлээлгэж өгсөн, малынхаа тоог сайн мэдэж байгаа”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

6. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 01 цаг өнгөрч байхад Сүмбэр сумын 6 дугаар баг Ханангийн хаваржаанд байх манай гэрт М нь хүргэн ахтайгаа /нэрийг нь мэдэхгүй/ намхандуу залуутай хамт цагаан өнгийн приус 20 маркын автомашинтай ирсэн. Тэгээд надаас хонь харсан уу гэж асуухаар нь би хонийг чинь харсан хашаандаа байна лээ гэж хэлсэн. Тэгээд  М харьлаа гээд явсан. Намайг бие засахаар гараад харахад гадаа цагаан өнгийн приус 20 байсан, мал мах ачсаныг нь анзаараагүй. Тухайн үед яриаг нь сонсоход Улаанбаатар хот орчихоод буцаад гэртээ ирж байгаа бололтой байсан. Тэгээд  01 цаг өнгөрч байхад Үыг аваад ирсэн тэгээд манайд 1 шил архи задлаж өгчихөөд хүргэн ахыгаа аваад явсан. Харин Ү бид 2 Мөнх-Эрдэнийн өгсөн архийг уугаад үлдсэн” ... гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар хуудас/

 

7. Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “М гэх хүн 2019 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 01 цаг өнгөрч байхад хүргэн ах болон жолооч гэх залуу, Ү нарын хамт манай гэрт ирсэн. Тухайн үед М нь Улаанбаатар хот явчихаад ирлээ гэж байсан. Ямар тээврийн хэрэгсэлтэй ирснийг мэдэхгүй. Би тэр шөнө гэрээс гараагүй”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 дугаар хуудас/

 

8. Гэрч Х.Ү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Намайг гэртээ байх байхад 2019 оны 12 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед Бын малчин М манайд ирээд  манайд очьё би хотоос ирлээ, ганц шил юм авчирсан ууя гээд байхаар нь  би Мтэй хамт саахалт Б гэх айлд очиж ганц юм уусан. Тухайн үед тэр айлд М-ийн хүргэн ах Б унтаж байсан. Тэгээд 0,75 литрийн архи М задлаад тойруулснаа Б бид хоёрт хандаад та 2 хуваагаад уучих бид 3 харьж унтлаа гээд ах Б-аа сэрээгээд аваад явсан. Приус маркын машин байсан дугаарыг нь хараагүй”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-53 дүгээр хуудас/

 

9. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ унтаж байтал манай найз Б надруу залгаад хонины арьс хуулаад өг гээд Ба-ын гэрт очтол голыг нь тасдаад гэдсийг нь авсан хонинууд байсан. Тэднийд М, Б, тэгээд найз Б эхнэр Б нар байсан. Тэгээд би тэр хонины арьсыг хуулалцаж өгсөн. Тэгэхэд л тэд нартай танилцсан. Миний ойлгосноор Б-ын машинаар М ах, Б ах нар авчирсан юм шиг байна лээ”... гэх мэдүүлэг /хх-ийн 54 дугаар хуудас/

 

10. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай найз Цн надруу залгаад манай нэг танил хөдөөнөөс мал ачиж ирэх гэсэн юм унаа олоод өгөөч гээд байна чи явах уу гэхээр нь гарал үүслийн бичиг баримт нь бүрэн бол хамаа алга гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн үед гарсан. Замд тэр хөдөөний хүн над руу 98808811 дугаарын утсаар яриад явсан. Баянтал сумын торон хашаа өнгөрөөд утсаар яриад байсан хүн мотоцикльтой тосож дагуулаад явсан. Намайг очиход хөдөө гэрт нь бас нэг ах байсан. Амбаараас  хонины гулууз гаргаж ирээд ачсан, тэгээд тэр 2 ах хамт буцсан. Налайх дүүрэг ороод Налайх гэдэг захад оруулж зарсан. 9 гулуузнаас нэгийг нь надад хөлсөнд нэгийг нь хотод Цд өгсөн. Хэдэн төгрөг болсон, хэнд зарсаныг нь би сайн мэдэхгүй. Тэгээд хотод тэр 2 Цгийнд буусан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нөгөө ах надруу дахиж залгаад дахиад нэг яваад ирмээр байна гэхээр нь таны малын бичиг асуудалгүй бол хамаагүй, өчигдөр ирэхдээ бичиггүй ирсэн ш дээ гэхэд асуудалгүй, ах нь очоод авна гэсэн. Тэгээд үдээс хойно 16 цагийн үед хотоос гарсан. 23 цагийн үед хөдөө очсон. Гэрийнхээ наахна талд отроор яваа гээд айлд тэр хоёр ах архи уусан. Замдаа бас архи уусан. Арай хөгшин ах нь тэр айлд согтоод үлдсэн. Нөгөө ахтай нь цаашаа гэр лүү нь очсон. Тэгээд хоттой хониноосоо 11 хонь барьж аваад голыг нь тасдаад гэдсийг нь хашааны гадаа гаргаж хаяад арьсыг нь хуулахгүй ачаад байсан. Би ахаа бичгээ хаанаас авах юм бэ  гэхэд одоо шөнө бичиг өгөхгүй байхаа гээд тэр ах малын тамга, дэвтэртэйгээ авчихья гээд байхаар нь за за гээд явсан. Замаараа нөгөө хөгшин ахыг аваад өглөө 9 цаг өнгөрч байхад хот орсон. Тэгээд Ц гэртээ байхгүй байхаар нь манай хашаанд малынхаа арьсыг хуулах юм уу гэтэл зөвшөөрөөд тэнд хуулсан. Хамт хуулалцах хүн байна уу гэхээр нь би найз М-ыг дуудаж өгсөн... Би өөрийн эзэмшлийн Приус 30 маркын 40-29 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Уг машиныг би Хас банкны лизингээр 2018 оны 12 дугаар сард 16 500 000 төгрөгөөр ахаараа авахуулж байсан. Миний нэр дээр шилжээгүй байгаа”... гэх мэдүүлэг /хх-ийн 55-64 дугаар хуудас/

 

11. Гэрч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Мөнх-Эрдэнийг 2019 оны 09 дүгээр сарын үед танидаг болсон. Түүнээс хойш надруу ганц нэг удаа утсаар яриад байдаг байсан. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр надруу залгаад хотруу мал оруулах гэсэн юм, машин олоод өгөөч гэсэн. Тэгээд би хамт ажилдаг Булгаагийн нөхөр хот дотор заримдаа таксинд явдаг Б-ыг гуйж холбож өгсөн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 13-ы орой Б, Э, Б гээд ах 3 манайд ирэхдээ нэг хонины махтай ирсэн. Тэр оройдоо Э, Б ах 2 манайд хоносон”... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дүгээр хуудас/

 

12. Гэрч Э.Төмөртулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2019 онд Налайх дүүргийн махны захад лангуун дээр түр сууж байсан юм. 12 дугаар сарын дундуур байх яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна зах хаах гэж байхад хөдөөний бололтой дээлтэй ах орж ирээд хонины мах авах уу гэхээр нь харья гээд захын гадаа байсан приус машин дээр очсон. Арын багажинд нь хонины мах ачсан  байсныг үзээд авахаар болсон. Би 6 гулууз махыг 1 килограммыг нь 5000 төгрөгөөр бодож авсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/

 

13. Гэрч Н.Бямбасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Манайх эхээс арвуулаа, М айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Зан байдлын хувьд гайгүй, хөнгөмсөг, хүн юм хэлвэл за тэгье гээд байдаг. Багаасаа аав ээж дээрээ байсан. Эхнэр хүүхэд байхгүй...Би Бтэй 1999 онд сууж байсан. Зан аашийн хувьд авах юм байхгүй, аймаар, байнга л намайг хажуунаас загнаад төвөгтэй байдаг. Өмнө нь энэ 2 хүн нийлж хулгай хийгээд М нь ял эдэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/

 

 14. Гэрч Ц.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “М миний хүү байгаа юм. Ааш зангийн хувьд хүний үгээр, их хөнгөмсөг. Ажил төрөлд бол сайн, ажил голохгүй хийдэг. Би уг нь цэрэгт явуулья  гэсэн чадалгүй хэрэгт холбогдоод явчихсан. Ганцаараа байсан бол хэрэг үйлдэхгүй байсан байх. Манай хүргэн Бтэй нийлээд ийм хэрэг хийсэн байсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар хуудас/

 

15. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Б нь миний төрсөн ах бөгөөд 192 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн. Бид нар эцэг эхээс 10-уулаа бөгөөд Б ах айлын 5 дахь хүүхэд байгаа юм. Галшар суманд ерөнхий боловсролын сургууль төгсөөд Дорноговь аймгийн Зүүнбаян суманд цэргийн алба хаасан. Зан байдлын хувьд тохитой, томоотой хүн. Хэнтий аймгийн төвд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг”... гэх мэдүүлэг /хх-ийн 108 дугаар хуудас/

 

16. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 111 дугаар хуудас/

 

17. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн  81 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 117 дугаар хуудас/

 

18.  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 41 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 123 дугаар хуудас/

 

19. Малын толгой болон нэхийнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-16, 2-р хх-ийн 97-98 дүгээр хуудас/

 

20. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дүгээр  сарын 19-ний өдрийн 02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, 2-р /хх-ийн 130-131 дүгээр хуудас/

 

21. Хэнтий аймаг дахь 2 дугаар шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 48 дугаар хуудас/

 

22. Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 49-74 дугаар хуудас/

 

23. Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 24-45 дугаар хуудас/

 

24. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын хуулбар /2-р хх-ийн 102-106 дугаар хуудас/

 

25. Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 41-45 дугаар хуудас/

 

26. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 110-120 дугаар хуудас/

 

27. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 17, 46 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчимын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч М.Бын мэдүүлэг /1-р хх-ийн/,  Гэрч Д.Бгийн мэдүүлэг /1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч С.Б-ын мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар хуудас/, гэрч Б.Ц-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 дугаар хуудас/, гэрч Х.Үын мэдүүлэг /1-р хх-ийн 49-53 дүгээр хуудас/, гэрч Б.М-ын мэдүүлэг /хх-ийн 54 дугаар хуудас/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 55-64 дугаар хуудас/, гэрч Э.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/, гэрч Э.Т-ын мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/, гэрч Н.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

 Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М, Б нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Д.Б-ийг хулгайлсан хонийг худалдан борлуулсан мөнгөнөөс гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж 352 000 төгрөгийг авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүгдэгч Н.М, Б нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

 

Учир нь: Хулгайн гэмт хэрэг гэдэг нь бусдын эзэмшлийн эд зүйлийг хууль бусаар өөрийн эзэмшилд нууц далд аргаар үйлдэж авсанаар захиран зарцуулах эрх үүсдэг. Тухайн хэргийн хувьд хохирогч М.Б нь шүүгдэгч Н.Мд хөлсөөр мал харуулах тухай хэлцэл хийж бог болон бод малыг сарын 800.000 төгрөгөөр цалинжуулж маллуулахаар тохиролцон шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч М.Б, гэрч Д.Б, шүүгдэгч Н.М-ийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.М нь бусадтай бүлэглэн, хэлцлийн дүнд малыг харж хамгаалах үүргийн дагуу өөрийн эзэмшилд хүлээж авсан боловч  захиран зарцуулах эрхгүй байж 20 тооны хонь авч ашигласан гэмт буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Н.М-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр завшсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд, шүүгдэгч Б нь шүүгдэгч Н.Мтэй бүлэглэн 9 тооны бага малыг бүлэглэн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд,

 

 Мөн шүүгдэгч Д.Б-ийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 тооны бог малыг хууль бусаар завшсан гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж олсон орлогоос 352.000 төгрөг авч ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

 

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.М, Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэж хөрөнгө битүүмжилсэн нь  үндэслэлгүй байна.Тухайн эд зүйл хөрөнгө нь шүүгдэгчийн өмчлөлд шилжин ирсэн ба түүнийг авч ашиглах үйлдэл нь хууль бус үйлдэл хийснээр буюу зарж борлуулснаар дуусгавар болсон гэж үзэх боломжтой юм. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 9 тооны хонийг төхөөрч амбаарт бэлдсэн байдаг. Мөн 2019 оны 12 дугаар сарын 15-ны шөнө хоттой хониноос 11 тооны хонийг шууд төхөөрөөд машинд ачсан үйлдлээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж хүндрүүлэн үзэхээр тухайн зүйл заалтад тусгасан байхаар хуульчилсан байна.

 

Иймд шүүгдэгч Б, Н.М нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч М.Бд нийт 4 250 000 төгрөг учирснаас шүүгдэгч Б хохирол төлбөр 2 000 000 төгрөгийг төлснийг дурдаж, шүүгдэгч Н.Мэс 2 250 000 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 6 дугаар баг Дулааны уул гэх газар оршин суух хохирогч М.Бд олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй болно.

Шүүгдэгч Н.М-ийн цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн хор уршиг зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн иргэн Б.Б-ын эзэмшлийн Хас банкны нэр дээр байх 40-29 УБУ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Н-ын М, Боржигон овогт Д-гийн Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Н.М, Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 08 /найм/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил 08 /найм/ сар 28 /хорин найм/ хоногоор,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан 02 /хоёр/ жил 08 /найм/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар хорих, шүүгдэгч Бд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.М-ийн цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Б нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Н.Мэс 2.250.000 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 6 дугаар баг Дулаан уул гэх газар нутаглах хохирогч М.Бд олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Б.Б-ын эзэмшлийн Хас банкны нэр дээр байх 40-29 УБУ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч Б.Бд олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ