| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07929/И |
| Дугаар | 391 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 391
| 2017 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2017/00391
| Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтраул тауэр, 8 дугаар давхарт байрлах, ...регистртэй, “Юнител” ХХК-ийн
Хариуцагч: Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн ... тоотод оршин суух, ... регистртэй, Монгол овогт Ш.Э-д холбогдох
1,881,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Юнител”
ХХК болон хариуцагч Ш.Э нар харилцан тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88065320 дугаарт нь Samsung Galaxy S6 Edge маркийн гар утсыг 12 сарын хугацаатай буюу 2016 оны 10 дугаар сар хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 10 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймд хариуцагч Ш.Энхжаргалаас 88065320 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох 1,254,000 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги болох 627,000 төгрөг нийт 1,881,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчидын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ш.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,881,000 төгрөгийг 5 сарын хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн нь Ш.Энхжаргалд холбогдуулан 1,881,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Ш.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,881,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ш.Э-д холбогдох 1,881,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,881,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,500 төгрөгийг хариуцагч Ш.Э-с гаргуулж, нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА