| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0362/Э |
| Дугаар | 402 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
Улсын яллагч Г.Ууганбаатар,
Шинжээч эмч Б.Даваасүрэн,
Хохирогч А.Жамъянжав, түүний өмгөөлөгч Ц.Батхүү,
Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн 2011003390194 дугаартай хэргийг 2020 оны 3 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, овогт, 1994 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, My Go баарны захирал, БГД НАМУЗХ-ийн нарийн бичгийн дарга ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 18-2303 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ЙС94052211/.
Шүүгдэгч Э.М нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “My Go” бааранд А.Жамъянжавтай маргалдан хоолойг нь гараараа боож, гар, хөлөөрөө цохих, өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Э.Мос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Тэр өдөр би эхлээд Далхаасүрэн ахтай уулзсан. Бид 2 манай баар руу явж байхад Жамъяа ах Далхаа руу залгасан. Жамъяа ахыг Shangri-La-ын үүднээс аваад хөдөлсөн. Тэр үед Далхаа ах Жамъяа ах аль, аль нь уучихсан байсан. Би эрүүл байсан. Бид 3 манай бааранд ороод архи уугаад суусан. Далхаа ах нээх удалгүй би өглөө эрт хуралтай гээд яваад өгсөн. Зодооныг хэн эхлүүлсэнийг санахгүй байх шиг байгаа юм. Мэдүүлгийнхээ дараа мөрдөн байцаагчаас энэ хэргийг болиулаад өгөөч гэж гуйсан гэсэн. Мөрдөн байцаагч нь болохгүй энэ хэрэг нэгэнт прокурор руу шилжсэн гэж хэлсэн гэсэн. Тохой, дух, хурууны гэмтэлүүдийг өөрөө үүсгэсэн гэж бодож байна. Тохойн гэмтэл нь бол шатны уруу унасанаас болсон байх духны гэмтэл нь өөрөө духан дээрээ 2-3 удаа том шилтэй шилэн аягыг цохиж хагалсан. Хурууны гэмтэл нь болохоор миний жавьж руу хуруугаа хийгээд ураад байсан. Тэгэхээр нь би хазах маягтай болиулсан. Эдгээр гэмтэлүүдэд хөнгөн зэргийн гэмтэл үүссэн гэж дүгнэлт гарсан. Би эргээд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандсан. Надад хөнгөн зэргийн гэмтэл гараагүй ч гэсэн зулгаралт нь үлдсэн хэвээр байсан..” гэв.
Хохирогч А.Жамъянжаваас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Тэр өдөр Shangrila-гаас авахуулаад бид 3 суусан. Би цагаан архи уух дургүй болохоор өөр архи аваад суусан. Бие засах өрөө орчихоод ирсэн чинь хамт явж байсан залуу явчихсан байсан. Хэсэг хугацааны дараа би баарнаас нь гараад явсан. Би гарч ирээд амь авраарай гээд орилсон. Тэр үед 3 залуу байсан. Хамгаалагчтайгаа гарч ирээд намайг чирж оруулаад бас зодсон. Миний гэрт гутлын мөртэй дотуур цамц хүртэл байгаа. CD-ны бичлэг 10-н минутыг таслаад авсан байна. Миний бие эрүүл байна. Одоо гомдол санал хүсэх зүйл байхгүй. Миний бодлоор гэрчийн мэдүүлгүүд худлаа гэж бодож байна..” гэв.
Шүүгдэгч Э.Мос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-58-61/: “..Тухайн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Жамъянжав, Талхаасүрэн нартай өөрийн ажиллуулж байгаа бааранд суун ганц нэг юм уусан бөгөөд Талхаасүрэн удалгүй явж энэ үед миний таньдаг нэг хүүхэн найзтайгаа ирж ингээд дөрвүүлээ суусан энэ үед Жамъянжав уусан юмандаа согтсон уу яасан миний энэ сорвийг харж байна уу гэж дух руугаа зааснаа ширээн дээр байсан шилэн аягыг духаараа хэд хэдэн удаа мөргөж хагалснаа ингэж үүсгэсэн юм гэж хэлсэн тэгснээ надаас том атаман Улаанбаатарт байна уу байвал аваад ир гээд агсраад байсан мөн надаас хэрүүл өдөж байснаа намайг сууж байсан сандлаас түлхэж унагаасан, тэгээл бид хоёрын дунд хэрүүл маргаан болж хоорондоо зууралдаж аваад нэг нэгийгээ унагаан дээр, доороо орцгоосон тэгсэн Жамъянжав миний аманд хуруугаа хийчихээд жавьжнаас татаад байсан бөгөөд би энэ үед нь хурууг хазаж гарыг нь амнаасаа гаргасан бөгөөд энэ үед бид хоёрын маргаан түр гайгүй болтол Жамъянжав баарны хаалгаар гадагшаа гарсан бөгөөд хамгаалагч хаачих гээд байгаа юм мөнгөө төл гээд гадуур өмсөж байсан хувцаснаас нь таттал гаднах өмсөж байсан хувцас нь үлдээд өөрөө баарны гаднах шат руу эрчиндээ хөл алдаад унасан, тэгэхээр нь хамгаалагч бид хоёр буцааж оруулж ирсэн бөгөөд тооцоогоо хийхгүй манай ажилчидыг баахан хэл амаар доромжилж байгаад явсан, би энэ тухайгаа өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан байгаа өөр нэмж ярих зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч А.Жамъянжаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-19-20/ “..Би 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр найз болох Талхаасүрэн, танил Миеэгомбо хоёртой уулзан ажил ярингаа Миеэгомбын ажиллуулдаг гэх Чингэлтэй дүүрэгт байрлах Амрита бааранд 00 цагийн орчим вип өрөөнд орж Белуга архи захиалан ууцгаасан. Тэгтэл 02 цагийн орчим гаднаас Миеэгомбын таньдаг бололтой 20 орчим насны 2 эмэгтэй орж ирэн бид З-тай хамт сууж ойр зуурын юм ярьцгаасан бөгөөд би ариун цэврийн өрөө ороод ирэх үед Талхаасүрэн явчихсан байхаар нь би Миеэгомбод хандан ах нь явлаа гэхэд нутгийн ах жоохон суу л даа гээд анх удаа ирсэн байж ингээд явж байхдаа яадаг юм гэх утгатай зүйл хэлэхээр нь би буцаж суугаад Миеэгомботой хамт ганц нэг удаа бүжиглэсэн, тэгээд нутаг болон улс төрийн талаар ярьж байгаад согтуу хумүүс болсон хойно ам зөрөлдөн маргалдан миний хор шарыг янз бүрээр малтаад байхаар нь баруун гарынхаа нэг хуруугаар Миеэгомбын дух руу тулгаж байгаад түлхтэл ёжтой байдлаар инээгээд байсан. Тэгэхээр нь хоёр гараараа хацар руу нь түлхээд сууж байсан сандлаас унагатал босч ирээд бид хоёрын хооронд хэрүүл маргаан хурцадсан. Эхлээд хэл амаараа үзэж байгаад дараа нь хувцсаа тайлаад үзье гээд бид 2 гадуур өмсөж байсан хувцсаа тайлаад нэг нэгийгээ түлхээд барилдах маягийн зүйл болоод би Миеэгомбын дээрээс дараад унатал тус баарны хамгаалагч гэх биеэрхүү бөх байрын залуу араас татаж чангаагаад салгах маягтай болоход Миеэгомбо зөрүүлж над руу дайраад байсан. Ингээд түр салах шиг болсон тэгснээ эргэж барьцалдаж унахад Миеэгомбо миний ард гаран араас хоолой боогоод байхаар нь ам руу нь гараа хийгээд доош нь дараад өөрөөсөө салган тухайн баарнаас гартал араас хамгаалагч залуу болон Миеэгомбо хоёр гарч ирэн Миеэгомбо наадахаа явуулж болохгүй шүү, оруулж байгаад алъя гэж орилсон. Тэгсэн хамгаалагч нь миний араас ирээд барьж авснаа хоолойгоор гараа оруулан боох маягтай болоод нэг гараараа суганаас барин чирсэн. Энэ үед Миеэгомбо нөгөө талын суганаас өргөн буцааж баар руугаа оруулаад нэг өрөө рүү чирч оруулах гээд байхаар нь би тухайн баарны тек рүү хөлөөрөө жийгээд цаашаа явахгүйг хичээгээд байсан. Энз үед Миеэгомбо камераа унтраа гээд хүмүүстэй хэлсэн. Тэгсэн намайг газар унагаан цааш чирэх гээд байхаар нь тэнд байсан сандалны төмөр хөлнөөс зүүн гараараа атгачихаад байхад Миеэгомбо хамгаалагч хоёр хөлнөөс зэрэг татан миний гарыг тавиулахаар нь гараа нүүрэндээ аваад зүүн талаараа шалан дээр хэвттэл миний толгой, баруун гap, нуруу, ууц хэсэг рүү хөлөөрөө ч юм уу гараараа ч юм уу алийг нь мэдэхгүй цохиод байхаар нь байдал эвгүйтээд байгааг ойлгон, ахыгаа уучлаарай, ах нь зүгээр гаръя, хоёр хүүхэдтэй хүн гэж хэлэхэд Миеэгомбо чи өглөө цагдаа дуудаад гай болно биз дээ, чамайг энд ална гээд байхаар нь би тэгэхгүй гэж амлахад гаргахгүй байсан..” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Одончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-30/ “..02 цагийн орчим хамгаалагчтайгаа хамт вип өрөө рүүгээ ортол манай захирал хамт сууж байсан залуугийнхаа хамт дээгүүр хувцасаа тайлчихсан бөх барилдаж байгаа аятай гал хөлөө өчилцөөд л, хүзүү энэ тэрээ боолцоод л байсан. Тэгэхээр нь цус нөжөө гартал айхтар зодолдоогүй байсан болохоор найзууд юм бол гайгүй байлгүй гэж бодоод хамгаалагчаа үлдээгээд гарсан тэгээд тэр хоёрын маргаан дуусахад тэр хоёрын хүзүү хоолой нь нил улайгаад нэг нэгийгээ аймар самардчихсан байсан, тэгсэн захиралтай маргаан хийсэн залуу гарахаар болж тооцоогоо хий гэхэд нөгөө залуу тооцоогоо хийж чадахгүй гээд хэрүүл хийгээд 30-40 минут болсон. Энэ үед Миеэгомбо утсыг нь булааж аваад тооцоогоо хий гэсэн чинь за хийлээ гэж хэлээд утсаа буцааж аваад хийхгүй гээд байсан ингэж байгаад тооцоогоо хийлгүй гарсан. Өөр болсон зүйлгүй..” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Нарангараваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..Би найз Мядагмаагийн хамт 2020 оны 1 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүрэгт байрлах My go нэртэй бааранд ороход манай найз Миеэгомбо уг баарны үүдэнд зогсож таараад хамт нэг ширээнд суухад уг ширээнд Миеэтэй хамт хоёр ах сууж байсан бөгөөд нэг нь удалгүй явсан. Харин үлдсэн нэг нь намайг агсанаараа Улаанбаатарт барах хүн байхгүй байвал таксиных нь мөнгийг нь өгье аваад ир гэсэн. Энэ үед Миеэ гарсан бөгөөд гарсан хойгуур нь нөгөө залуу Жамьянжав манай найз бид хоёрт хандан би та хоёрт таалагдах гэж худлаа хэлэхгүй, манай аав намайг жоохон байхад согтуу ирээд ээжид ийм зан гаргаж зоддог байсан гэхээр нь, би та тэгээд эхнэрээ бас ингэдэг үү гэхэд нөгөө ах манай эхнэрээс залгаад асуух уу гээд орхисон. Тэгсэн Миеэ гаднаас орж ирээд хамт сууж нэг ууя гэхэд Жамьянжав нь би чамайг зодчих уу, яах уу энэ тэр гээд байсан. Тэгсэн Миеэ яах ч үгүй гэсэн. Тэгснээ чи миний энэ дээр байгаа сорвийг харж байна уу гээд дух руугаа зааснаа энэ энэний сорви гэж хэлснээ архитай шилэн аяга барьж байснаа дух руугаа 2-3 удаа цохисон. Тэгтэл Миеэ болиоч ахаа гэхэд чи намайг ах гэлээ гээд уурласан. Тэгээд тэр хоёрын хооронд хэрүүл болж маргалдахад нөгөө ах Миеэгийн дух руу гараараа түлхсэнээ босоод толгойноос нь бариад сандалтай нь хамт унагачихсан..удалгүй тэр хоёр ахиад зодолдож эхэлсэн бөгөөд хамгаалагч орж салгасан. Тэгсэн Жамъянжав өмсөж байсан майктайгаа гараад гүйчихээр нь Миеэ, хамгаалагч бид 3 араас нь гартал гадаа шатны уруу унаад намайг авраарай гээд хашгираад байхаар нь Миеэ, хамгаалагч хоёр очоод буцааж оруулсан. Энэ үед Жамъянжав орохгүй гээд баарны гадаа байдаг шатны хажуугийн бариулаас барьж аваад тавихгүй байсан бөгөөд Миеэ, Жамъянжавт хандан ороод хувцас хунараа аваад яв гэж хэлээд орцгоосон, Тэгээд 30-40 минут хэрүүл хийж байгаад гарцгаасан өөр болсон зүйлгүй. Миеэгомбо ганцаараа Жамъянжавтай зууралдаад зодолдоод байсан. Тэрнээс хамгаалагч оролцоогүй, харин салгах гэж ганц нэг удаа наашаа цаашаа татсан байх..” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Долгорсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Жамъянжав гэх залуу нь Миеэгомбоос өөр хүнтэй хэрүүл маргаан хийж барьцалдаж авсан зүйл байхгүй. Гэхдээ хамгаалагч болон эрэгтэйчүүдийг хэл амаар доромжлоод дарамтлаад байсан. Жамъянжав, Миеэгомбо хоёр хоорондоо барьцалдаж аваад байсан, харин хамгаалагч очиж салгасан. Жамъянжавын дух нь хавдчихсан байсан, өөр зүйл харагдаагүй, харин Миеэгомбын аман дотор урагдчихсан бас далан дээрээ хазуулсан байсан..” гэх мэдүүлэг,
Гэрч И.Улаанбандиас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:/хх-39/ “..Өрөөний үүд хэсэг баруун гар талд Жамиа, Миеэгийн дээр гарчихсан газар зууралдаад байж байхаар нь Жамиа гэдгийнх нь араас татаж босгоод тэр хоёрыг түр салгатал Миеэ надад хандан чи гарч ажлаа хий, гap гээд байхаар нь тухайн өрөөнөөс гараад явсан..тэгээд 20-30 минутын дараа эргээд бохир хураах гээд зөөгчтэй хамт ороход өрөөний зүүн гар талын хойд булан дээр Миеэ, Жамиагийн дээр гарчихсан зууралдаад байж байхаар нь гарыг нь сугалж гаргатал Миеэ, Жамиа хоёр чи гар л даа гap, гар гээд загнаад байхаар нь гарах гээд явж байтал Жамиа Миеэгийн хөлнөөс бариад цаашаа зууралдаад явахаар нь очиж салгаад та хоёр одоо боль гэхэд нөгөө хоёр намайг гap гээд байсан. Тэгэхээр нь гараад баарныхаа үүдийг барьчихаад зогсож байхад вип өрөөнөөс Миеэ, Жамиа хоёр хэрүүл нь дууссан бололтой гарч ирээд гарах гэхээр нь Жамиад хандан өөрөө тооцоогоо хийчихээд яваарай гэхэд Жамиа гараад хийе дотор хийж чадахгүй гэхээр нь цуг гарах санаатай хаалгаа нээтэл гүйх оролдлого хийхээр нь гарнаас нь таттал өмсөж байсан пиджак нь шувтарч үлдээд өөрөө шатны уруу унасан, тэгэхээр нь буцааж өргөж оруулаад тооцоогоо хийчихээд яв гэж хэлсэн. Тэгсэн л намайг болон манай ажилчдыг янз бүрээр доромжлоод байсан бөгөөд иймэрхүү байдалтай 30-40 минут болсны дараа тооцоогоо хийлгүй гарсан. Өөр болсон зүйлгүй..” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч Б.Даваасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-48/ “..Зүүн дунд хуруу, баруун тохойд шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №1874 дүгээр дүгнэлтэнд: “..А.Жамъянжавын “..биед зүүн дунд хуруу, баруун тохойнд шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт, шүүгдэгч Э.Миеэгомбын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-62/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72/ мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
2020 оны 1 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 04 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “My Go” бааранд Шүүгдэгч Э.М, хохирогч А.Жамъянжав нар архи ууж согтуурсан үедээ хоорондоо маргалдаж улмаар ноцолдож, зодолдон хохирогч А.Жамьянжавын биед зүүн дунд хуруу, баруун тохойнд шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, нуруунд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Э.Миеэгомбын биед гэмтэл учраагүй бол хохирогч А.Жамъянжавын биед учирсан дээрхи гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд хохирогчийн биед учирсан зүүн дунд хуруу, баруун тохойнд шарх, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж шинжээч эмч мэдүүлсэн байна.
Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, эд мөрийн баримт зэргээс үзэхэд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч А.Жамъянжав “надаас том атаман Улаанбаатарт байна уу? байвал аваад ир би таксины мөнгийг нь өгье” гэх зэргээр агсарч ууж байсан архины шилэн аягаар дух руугаа цохиж хагалан, шүүгдэгчийн хоолойг багалзуурдан түлхэж сандлаас нь унагаан гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үүний улмаас шүүгдэгч Э.М хохирогчийг цохих, өшиглөх түлхэн, газарт унахад нь чирэх зэргээр зодсон болох нь тогтоогдож байна.
Хохирогч А.Жамъянжавын духанд үүссэн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг шүүгдэгч Э.М үүсгээгүй, хохирогч өөрөө өөртөө учруулсан байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч хохирогчийг цохих, өшиглөх зэргээр түүнийг зодож үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаж хөнгөн зэргийн гэмтэл учруулахуйц зодож, цохиогүй, бид 2 барьцалдаж ноцолдсон гэх боловч энэ нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.М гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Мд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Хохирогч А.Жамъянжав шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.М бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Э.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР