| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/04110/и |
| Дугаар | 141 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 141
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 44 дүгээр байрны 72 тоотод оршин суух, эмэгтэй, регистрын дугаар ЧБ 81040709, Боржигин овогт Салбалхүндэвийн Отгонтуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 22-2 тоотод байрлах, регистрын дугаар 5356245, Формула Мото ХХКомпанид холбогдох
Хөрөнгө оруулалтын зардал, зээлийн хүүгийн төлбөр болон олох байсан орлогод 168 506 625 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат, өмгөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Энхбаатар, өмгөөлөгч Д.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.Отгонтуяад Ц.Энхбаатар өөрийн эзэмшлийн “Формула мото” ХХК-ийн барьж байгаад санхүүжилтгүйн улмаас зогссон Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 22-2 тоотод байрлах дуусаагүй барилгад хөрөнгө оруулах саналыг 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр тавьсан бөгөөд С.Отгонтуяа хөрөнгө гарган уг барилгыг барьж дуусган ашиглалтад оруулах, Ц.Энхбаатар С.Отгонтуяагийн оруулсан хөрөнгө оруулалтыг тус барилгыг 5 жилийн хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулан С.Отгонтуяа үйл ажиллагааны орлогоороо оруулсан хөрөнгөө олохоор харилцан тохиролцсон.Тохиролцоо ёсоор тэд 5 жилийн хугацаанд түрээсийн төлбөр нэг сарын 6 000 000 төгрөг байхаар тооцох бөгөөд барилгыг ашиглалтанд оруулснаас хойш 5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтыг нөхөх зорилгоор барилгыг бүхэлд нь үнэ төлбөргүй ашиглах тохиролцоонд хүрсэн.Ингээд С.Отгонтуяа 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ариг банкнаас өөрийн найзын орон сууцыг барьцаалан 30 000 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр мөн Ариг банкнаас өөрийн эгчийн хашаа байшинг барьцаалан 20 000 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өөрийн авто машиныг барьцаалан 4 500 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр болон 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус тус өөрийн ахаас 5 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг зээлж, 80 000 000 орчим төгрөгөөр 8 сарын турш хөлсний ажилтнуудын хамт ажиллан барилгыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан.Үүний дараа барилгын 2 дугаар давхрыг ресторан, 3 дугаар давхрыг караоке, 4 дүгээр давхрыг зочид буудлын зориулалтаар засаж тохижуулсан бөгөөд холбогдох бүхий л тусгай зөвшөөрөлыг /ресторан зоогийн газрын, кароакены болон сотууруулах ундаагаар үйлчлэх/ авч, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс “Охь” төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.Гэтэл 2016 он гарсаар Ц.Энхбаатар манай ажил муу байна, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж байнга мөнгө нэхэх болсон бөгөөд үүний дагуу би өөрийн боломжоор 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 4 000 000 төгрөг, түүнээс хойш сар бүр 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаанд түрээсийн төлбөр гэж нийтдээ 10 000 000 төгрөг төлсөн боловч Ц.Энхбаатар 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шуурхай зар сонинд дээрх обьектыг бүхэлд нь түрээслүүлэх зар өгсөн байх бөгөөд энэхүү зарын дагуу сонирхсон хүмүүс ирж уулзаж эхэлсэн.Энэ талаар Ц.Энхбаатараас асуухад “хэрэв чи цаашид түрээслэн ажиллуулах хүсэлтэй байгаа бол анхны тохиролцоонд дурдсан 6 000 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг сар бүр төл гэсэн шаардлага тавьсан. Цаашилбал Ц.Энхбаатар 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр барилгыг суллах шаардлагыг хүргүүлж, бид аргагүйн эрхэнд барилгаас хөөгдөн гарсан.Ц.Энхбаатарын дээрх үйлдлүүд нь барилга ашиглалтанд орсноос хойш 1 жилийн ч хугацаа өнгөрөөгүй байхад бидний тохиролцоог үл тоомсорлож, банкны зээл авч хөрөнгө оруулалт хийж барилгыг бүрэн ашиглалтанд оруулсан С.Отгонтуяагийн итгэлийг эвдэж, эрх ашгийг хохироосон хууль бус үйлдэл юм.Охь төв шинэхэн нээгдсэн учраас сар бүрийн орлого өөр өөр, ихэнх сарын орлого нь зээлүүдийн хуваарийн дагуу төлөхөд хүрэлцэхгүй байсан тул С.Отгонтуяа өөрийн машиныг удаа дараалан барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, Ариг банкны зээлийн хүүг төлж байсан.Үүнтэй холбоотой барьцаанд тавьж зээл авах бүрт дахин зээлийн хүү нэмж төлж эд хөрөнгийн хувьд байнгын хохирол амсаж байсан.Түүнчлэн Ц.Энхбаатар өнгөрсөн нэг жилийн хугацаанд 6 000 000 гаруй төгрөгийн хоол, архи дарс ресгоран, караокеноос хэрэглэсэн байдаг бөгөөд энэхүү төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Ц.Энхбаатарын энэхүү хууль бус үйлдлийн улмаас С.Отгонтуяа хөрөнгө оруулалтаа нөхөж, ашиг олоогүйгээр барахгүй хөрөнгө оруулалтын зорилгоор зээлсэн зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байхдаа барилгаас 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хөөгдөн гарсан.Гэтэл 5 жилийн хугацаанд С.Отгонтуяаг түрээслэж болно гэж хэлсэн бөгөөд эхний 1 жилийн хугацаанд түрээс төлөхгүй байхаар ажиллах саналыг хүлээн авч барилгад хөрөнгөө оруулсан байгаа.С.Отгонтуяа тухайн барилгад 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн засвар хийж 2015 оны 5 дугаар сард дууссан ба 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулсан, татвар төлөөгүй, тусгай зөвшөөрлыг 2015 оны 9 дүгээр сарын 15-нд авсан байдаг.С.Отгонтуяа сард 1 500 000 орчим орлого олдог байсан, үүнийг хар дэвтэр, ломбардад машин тавьсан баримтаар нотолно.Иймд түрээсийн гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол болох барилгыг дуусгахад зарцуулсан нийт зардал 64 500 000 төгрөг (энэхүү тооцоо нь зөвхөн баримтаар нотлогдож байгаа хэмжээ бөгөөд баримтгүйгээр зарцуулсан хөрөнгийн хэмжээ 10 гаруй сая төгрөг) болсон бөгөөд Ариг банкнаас орон сууц болон хашаа, байшин барьцаалан зээлсэн зээлийн хүүний төлбөр 23,778,125 төгрөг, машин барьцаанд тавьж зээлийг эргэн төлж байсны улмаас үүссэн зээлийн хүү 2,250,000 төгрөг, Ц.Энхбаатарын ресторан болон караокегоор үйлчлүүлсний төлбөр 5,978,500 төгрөг, анхны тохиролцооны дагуу үнэ төлбөргүйгээр түрээслэх байсан хугацаанд олох байсан орлого 72 000 000 төгрөг нийт 168 506 625 төгрөгийг Формула ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Формула Мото ХХКомпанийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:С.Отгонтуяагийн гаргасан 168 506 625 төгрөгийн бүхэлд нь эс зөвшөөрч байна.Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Хасбаатарын гудамж 22\2, 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлалтай 5 давхар үйлчилгээний зориулалттай барилга хотын А зэрэглэлийн бүс, хүн амын төвлөрөл сайтай, зам дагуу, орчин нөхцөл байршил сайтай газар байдаг.Би С.Отгонтуяатай 2014 оны 12 сард уулзаж өөрийн шинээр барьж байгаа 5 давхар худалдаа үйлчилгээний төвийн барилгад тодорхой хэмжээний өөрийн зардлаар тохижилт хийхээр харилцан ярилцсан.Энэ барилгын 2 давхарт ресторан, 3 давхарын 5 өрөөг караокены зориулалтаар, 4 давхарыг зочид буудалын зориулалтаар нийтэд нь сарын 6,000,000 төгрөгөөр түрээс тооцож гарсан зардлын нийт дүнгээс суутгаж авахаар тохирсон.Энэ тохиролцсон ёсоор С.Отгонтуяа 2 давхарын засварт тодорхой хэмжээний мөнгө гаргаж хөшиг, абжур, ширээ сандал, рестораны хэрэглэлүүд авсан байдаг.Дээрхи зориулалтаар бидний тооцоогоор нийт 49 275 620 төгрөгний тооцоо гаргасныг баримтуудыг үндэслэн нотлоно.Харин 64 500 000 төгрөгийг зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.Барилга 2015 оны 7 сард бүрэн ашиглалтанд орж С.Отгонтуяа зарцуулсан хөрөнгөө эргүүлж олж эхэлсэн.Сарын түрээсээ төлөөд цаана нь хэдэн төгрөгийн ашиг олсныг бид тооцох боломжгүй.Харин ашиг олоогүй гэдэгтэй нь санал нийлэхгүй тэр хүний бизнесийн нууцыг хүндэтгэнэ.С.Отгонтуяа нэхэмжлэлд дурдахдаа хөрөнгө оруулалт зогссон байсан үед нь өөрөө бүх хөрөнгө оруулалтыг хийж дуусгасан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.С.Отгонтуяа 2 давхарын рестораны дотор талын тохижилтын зарим хэсгийг, тоног төхөөрөмж бусад хэрэглэлүүд авсан, 3-н давхарын хувьд тохижилтыг хийгээгүй зөвхөн караокены машин, буйдан, обой, гипсэн таазны материал авсан.Бусад 4, 5-н давхарын хувьд манайх дангаараа бүх тохижилт засварыг хийж дуусгасан.С.Отгонтуяа хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ яаж олсныг би сонирхоогүй, харилцан тохиролцохдоо зээл авч хөрөнгө оруулалт хийвэл хүү, алдангийг нь төлнө гэж амлаагүй учир зээлийн хүүгийн төлбөрт 23 778 125 төгрөг, мөн машин барьцаанд тавьсны улмаас үүссэн зээлийн хүүгийн төлбөр 2 250 000 төгрөгийг би хариуцахгүй.Үнэ төлбөргүйгээр түрээслэх байсан хугацаанд олох байсан 72 000 000 төгрөгийн орлогыг яаж тооцсоныг ойлгохгүй байна.С.Отгонтуяаг би хөөж гаргаагүй, одоо ч давуу эрхийнхээ дагуу өмнөх тохиролцсоноороо түрээсээ төлж ажиллаад ашгаа олох бололцоо байсан С.Отгонтуяа өөрөө л гарах санал тавиад гарсан гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Отгонтуяа хариуцагч Формула Мото ХХКомпанид холбогдуулан барилгад зарцуулсан 64 500 000 төгрөг, Ариг банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөр 23 778 125 төгрөг, машин барьцаалсан зээлийн хүүгийн төлбөр 2 250 000 төгрөг, ресторан болон караокегоор үйлчлүүлсний төлбөр 5 978 500 төгрөг, олох байсан орлого 72 000 000 төгрөг нийт 168 506 625 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Дараах үндэслэлээр С.Отгонтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Формула Мото ХХКомпанийн барьж байсан Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Хасбаатарын гудамж 3, 4 дүгээр хорооллын эцэст байрлалтай 5 давхар үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгад С.Отгонтуяа хөрөнгө оруулж барьж дуусгаад, уг барилгад оруулсан хөрөнгөө тухайн барилгад 5 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулан олсон орлогоо суутган тооцохоор талууд тохиролцсон гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.
Гэтэл дээрх барилгын 2, 3, 4 давхарыг С.Отгонтуяа бүхэлд нь түрээслэж, эдгээр давхарын дотор талын тохижилтыг өөрөө хийж, түүний оруулсан мөнгийг түрээсийн төлбөрөөс суутгана гэж тохирсон, харин хугацаа тохироогүй гэж хариуцагч тал тайлбарлаж байна.
Талуудын тайлбараас үзэхэд Формула Мото ХХКомпанийн өмчлөлийн 5 давхар барилгын 2, 3, 4 давхарт байрлах талбайд С.Отгонтуяа засвар, тохижилт хийж үйлчилгээний зориулалтаар ажиллуулах, энэхүү засвар болон тохижилтод зарцуулсан мөнгийг дээрх талбайг ашиглан үйл ажиллагаа явуулсны орлогоор олж авах тухай хэлцэл хийгдсэн байна гэж үзэхээр байна.
Гэхдээ талууд дээрх тохиролцоог амаар хийсэн учраас С.Отгонтуяа хэдий хэмжээний хөрөнгө оруулж байж тухайн талбайд үйл ажиллагаа буюу ажил үйлчилгээ явуулж болох, өөрөөр хэлбэл тухайн барилгын 2, 3, 4 давхарыг 2014 оны 12 дугаар сард С.Отгонтуяад хүлээлгэн өгсөн буюу хүлээлцсэн баримтгүй байхад С.Отгонтуяаг тухайн барилгын 2, 3, 4 давхарын засвар болон тохижилтод 64 500 000 төгрөгийн зардал гаргасан байна гэж үзэх боломжгүй байна.
Мөн нэхэмжлэгч талаас ирүүлсэн зарлагын баримтууд, тооцооны хуудаснуудад бичигдсэн бараа материалыг дээрх барилгын засварт зарцуулсан байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
С.Отгонтуяа тухайн барилгад 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулсан, тусгай зөвшөөрлыг 2015 оны 9 дүгээр сарын 15-нд авсан, уг барилгаас 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гарсан гэх тайлбараас үзэхэд С.Отгонтуй тухайн талбайд тодохой хугацаанд үйл ажиллагаа явуулсан болох тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Отгонтуяагийн банкнаас болон бусдаас авсан зээлийн хүүгийн төлбөр болон Ц.Энхбаатарын ресторан болон караокегоор үйлчлүүлсний төлбөрийг Формула Мото ХХКомпани хариуцан төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч С.Отгонтуяа олох байсан орлогоо ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхой бус байх бөгөөд С.Отгонтуяа Формула Мото ХХКомпанийн барилгад үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа татвар төлдөггүй байсан гэж тайлбарлаж байх тул түүнийг хэдий хэмжээний орлоготой ажиллаж байсныг зөвхөн нэхэмжлэгчийн хар дэвтэр болон барьцаалан зээлдүүлэх газарт машин тавьсан баримтаар нотлогдож байна гэж үзэхгүй юм.
Нөгөө талаар нэхэмжлэгч тал түрээсийн гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохирлоо шаардаж байна гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4.-т зааснаар гэрээг бичгээр байгуулна, үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Тиймээс талуудын хооронд хэлцэлээр үүрэг үүсээгүй учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах асуудал үүсэхгүй бөгөөд улмаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар С.Отгонтуяад шаардах эрх үүсэхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар Формула Мото ХХКомпаниас 168 506 625 /нэг зуун жаран найман сая таван зуун зургаан мянга зургаан зуун хорин таван/ төгрөг гаргуулахыг хүссэн Самбалхүндэвийн Отгонтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 000 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН