Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1039

 

                                                                                                                      

 

 

 

 

 

  2020        06         03                                     2020/ШЦТ/1039

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Тулга,   

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Шүүгдэгч Ө.Э, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Эд холбогдох эрүүгийн 2006 00000 1085 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Э нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.Отгон-Эрдэнэтэй бүлэглэн Л.Алтаншагайг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 1085 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Ө.Э нь бусадтай бүлэглэн иргэн Л.Алтаншагайн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан,

 

Хохирогч Л.Алтаншагайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Отгон-Эрдэнэ, Э, Жавхлантөгс, Баагий нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Каргон дээр ажил хийхээр ирсэн ба ажлаа хийж байх үед би Отгон-Эрдэнэд ачааны татлага тайлаадах гэж хэлтэл өдөөс “чадахгүй банди минь, би чиний барлаг, зарц юм уу” гэж хариулсан. Отгон-Эрдэнэтэй маргалдаж, би гараараа түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиход Отгон-Эрдэнийг Э өмөөрч, надтай маргалдаж миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд ажил тараад 22 цагийн орчимд Хонхор буюу гэр рүүгээ явах гэж байх үед бид нар бөөндөө машиндаа суусан байсан ба Эгийн гэрийн гадна зогсож машинаас Э, Отгон-эрдэнэ нар хамт буусан. Би тэр хоёрын араас машинаас буугаад “та хоёр намайг яагаад байлаа” гэж хэлээд Эгийн цамцны мөрнөөс татахад хажуугаас Отгон-Эрдэнэ орж ирээд миний баруун талын нүдэн тус газарт гараараа 1 удаа цохисон. Тэгээд Э, Отгон-Эрдэнэ хоёр над руу зэрэг дайраад миний толгой, тархи руу цохиж эхэлсэн. Би тухайн үед эсэргүүцэж, Эгийн толгойн тус газарт 1-2 удаа цохисоно. Отгон-Эрдэнэ “би чамайг энд ахаараа алуулна” гэж хэлсэн ба Э “чамайг энд алаад булж хаяна” гэж орилоод байсан. Би тэр хоёрт хандаж “та хоёр намайг алмаар байвал Энхтайван гэдэг хүний хашаанд ирээд алаарай” гэж хэлээд гэр рүүгээ явсан. Манай гэрт Э, Отгон-Эрдэнэ, Отгон-Эрдэнийн ах, өөр нэг залуугийн хамт ирээд хашааны хаалга нүдээд байхаар нь манай эхнэр гарч очоод тэр хэдтэй маргалдаж, цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27/,

 

Гэрч Э.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Э, Отгон-Эрдэнэ, Алтаншагай, Төгсөө бид нар ачаа буулгаж байх үед Алтаншагай нь Отгон-Эрдэнийг ачааны татлага буулга гэж хэлсэн. Отгон-Эрдэнэ би яахаараа буулгадаг юм бэ гэж хэлээд тэр хоёр маргалдаж Алтаншагай Отгон-Эрдэнийг цохих шиг болсон. Би хаашаа нь цохихыг хараагүй. Э Отгон-Эрдэнийг өмөөрч Алтаншагайтай маргалдаж түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Хамт ажиллаж байсан учир бид нар салгасан. Ажлаа дуусгаад 22 цагийн орчим Хонхорт машинтай ирээд Эгийн үүдэнд зогсож байх үед Э, Отгон-Эрдэнэ хоёр машинаас буухад араас нь Алтаншагай бууж, Эгийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодоон болсон. Тэр үед Эг Отгон-Эрдэнэ өмөөрч зодооны хажуугаар Алтаншагайн нүүр, шанаан тус газарт гараараа цохисон. Тэгээд тэр гурав барилцаж аваад зодолдсон. Тэгээд Төгсөө бид хоёр машинаас бууж тэр гурвыг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4046 дугаартай:

“Л.Алтаншагайн биед баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язарал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/,

 

Шүүгдэгч Ө.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн өглөө 08 цагийн орчим Алтаншагай, Бат-Эрдэнэ, Жавхлантөгс, Энхзол, Отгон-Эрдэнэ бид нар ажил хийхээр Хонхороос машинд суугаад явсан. Алтаншагай Отгон-Эрдэнэд чи наад татлагаа буулгачих гэж хэлэхэд өөдөөс нь Отгон-Эрдэнэ би татлага тайлж чадахгүй гэж хариулахад Алтаншагай өмнө нь хэлсэн үгээ давтаж хэлсэн ба Отгон-Эрдэнэ чадахгүй гэхэд чи ямар хэжүүн бацаан вэ гэж хэлээд гараараа түүний эрүүн тус газарт нэг удаа цохисон. Би Алтаншагайг боль гэхэд намайг дуугүй бай гэж хэлээд миний баруун мөр рүү гараараа түлхсэн. Тэгээд Алтаншагай бид хоёр маргалдаж би Алтаншагайгийн цээж руу түлхээд гараараа 2 удаа нүүрэн тус газарт цохисон. Алтаншагай зөрүүлээд миний нүүрэн тус газарт 2 удаа цохихоор нь би доошоо тонгойгоод дээшээ босоод ирэхэд Алтаншагай, Отгон-Эрдэнэ хоёр заамалцаад зогсож байх үед нь би Алтаншагайгийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Алтаншагай өөдөөс хөлөөрөө нэг удаа жийсэн. Бат-Эрдэнэ ирээд бид нарыг салгасан. ...Намайг гэрийнхээ гаднаа машинаас буухад Алтаншагай миний араас машинаас бууж ирээд хоёулаа одоо учраа олъё гэж хэлээд миний малгайтай цамцнаас татаж байгаад нүүрэн тус газарт өшиглөсөн. Отгон-Эрдэнэ машинаас бууж ирээд Алтаншагайгийн нүүрэн тус газарт гараараа цохисон. Би тэр үед Алтаншагайгийн гараас мултарч түүний нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед Отгон-Эрдэнэ Алтаншагайгийн нүүрэнд цохиж байсан. Машинд байсан хүмүүс бууж ирээд бид гурвыг салгасан. Тэгээд Отгон-Эрдэнэ бид хоёр гэр рүүгээ шууд орсон. Би гар утсаа хашааны гадна унагаасан байсан учир эргэж гарахад Алтаншагай надад хандаж чи эр хүн л юм бол Энхтайваны хашаанд ирж уулзаарай гэж хэлээд цаашаа алхаад явсан. Отгон-Эрдэнэ бид хоёр хувцсаа солиод Алтаншагайтай уулзахаар 23 цагийн орчим хашааны үүдэнд очсон. Манай найз Баясаа араас ирж, Алтаншагайгийн хаалгыг нүдсэн. Алтаншагай өөрөө гэрч ирээгүй ба эхнэр нь гэрч ирээд та нар яасан их хүн зоддог юм бэ, цагдаад өгнө гэж  хэлсэн. Удалгүй цагдаад ирээд Отгон-Эрдэнэ бид хоёроос байцаалт авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-68/ 

 

- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 01/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ө.Эгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ө.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Э нь бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ө.Э нь бусадтай бүлэглэн иргэн Л.Алтаншагайгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Л.Алтаншагай нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 350.000 төгрөгийг нотлох баримт гаргаж нэхэмжилсэн ба шүүх хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Ө.Э нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Ө.Эд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г  овогт Ө н Э нь бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эг зургаан зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун далан таван мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ