Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2017/0019/З |
Дугаар | 042 |
Огноо | 2018-04-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 042
2018 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 110/ШШ2018/0042 |
| Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, шүүгчид С.Еркеш, Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сагсай сумын 5 дугаар багийн оршин суугч Б ийн нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Х газрын даргад холбогдох;
“Баян-Өлгий аймгийн Х газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Быг ажилд томилох тухай“ 57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг тус газрын даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, хариуцагч С, гуравдагч этгээд Б, түүний өмгөөлөгч Х.Бакен, иргэдийн төлөөлөгч Х.Гүлжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тайлбартаа :
Миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан билээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Үндэслэлийг нь тайлбарлахдаа анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ зарим үйл баримтыг тодруулж шалгаагүйн учир дутагдалтай гэжээ. Иймд Баян-Өлгий аймгийн Х газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Быг ажилд томилох тухай” 57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг Баян-Өлгий аймгийн Х газрын даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна.
Үндэслэл нь миний бие төрийн албанд 27 дахь жилдээ ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч хүн юм. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоно. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, тусгаарлах өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч миний бие Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/32 тоот тушаалын дагуу шинээр байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Х газарт шилжиж, 2016 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан болно. Энэ талаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Х газрын нягтлан бодогч Ж.Мухибатын тодорхойлолт болон миний цалин хөлс авч байсан тухай 2016 оны 8, 9, 10 дугаар сарын цалингийн цэсээр нотлогдоно. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Х газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэлд “...С: хоёр байгууллагад одоогийн байдлаар нийт 65 ажилтан албан хаагч ажилладаг бөгөөд шинээр бүтцээр 45 орон тоотой батлагдсан. Урьд нь ажиллаж байсан хүмүүсийг аль болохоор багтааж ажилд авна” гэж хэлсэн байдаг. Миний ажиллаж байсан ажил, албан тушаал орон тоо маань шинэ бүтцэд хэвээр хадгалагдан үлдсэн байхад хариуцагч холбогдох хуулийг ноцтойгоор зөрчиж буюу хэт нэг талыг барьж зөвхөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Бд давуу байдал олгож түүнийг маргаан бүхий орон тоонд шууд томилсон явдалд гомдолтой байна. Тийм учраас Быг томилсон шийдвэр хүчингүй болох ёстой. Бы хувьд Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангаагүй буюу зохих журмын дагуу төрийн албанд томилогдоогүй хүн болно. Б зохих журмын дагуу төрийн албанаас зарласан орон тоонд шалгалт өгөхөөр холбогдох материалаа бүрдүүлж өгсөн боловч төрийн албаны мэргэшлийн шалгалтаас удаа дараа унасан, өөрөөр хэлбэл тэнцээгүй, түүнчлэн төрийн албанд анх орон нөөцийн жагсаалтад бүртгэлгүй хүн болно. Ийм хүн төрийн албанд ажиллаж байх ёсгүй. Өөрөөр хэлбэл Б нь анх Сагсай сум хариуцсан мэргэжилтний ажилд томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн албанд анх орох нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй, төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшигдээгүй болно. Нөгөө талаар гуравдагч этгээд албан тушаалтны эсрэг гэмт хэрэгт холбогдож, гэм буруутай нь тогтоогдсон болно. Нэг үгээр хэлбэл нэг талд Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу томилогдоогүй, гэмт хэрэгт холбогдож байсан гуравдагч этгээд байж байхад нөгөө талд улсад 27 гаруй жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөсөн төрийн жинхэнэ албан хаагч байж байдаг. Хуулиараа бол би хамгийн эхний ээлжид баталгаагаа эдлэх ёстой гэж бодож байна. Гэтэл ажил олгогч дээрх байдлаар нэг талыг барьж гуравдагч этгээд Быг ажилд томилсноор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан журмыг ноцтой зөрчсөн. Хэрэв хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсан тохиолдолд миний зөрчигдсөн эрх сэргээгдэх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б нь 2015 оноос хойш Хөдөлмөрийн хэлтсийн Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж ирсэн төрийн жинхэнэ албан хаагч юм. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн чиг үүргийг нэгтгэж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Х газрыг шинээр байгуулсантай холбогдуулан урьд аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Сагсай сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн Б, Хөдөлмөрийн хэлтсийн Сагсай сум хариуцсан мэргэжилтэн Б нарыг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Б/32, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны Б/08 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, шилжүүлсэн байдаг. Х ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар Баян-Өлгий аймгийн Х газрын бүтэц, орон тоог Дарга 1, Дэд дарга 1, 3 хэлтэс, сум хариуцсан мэргэжилтэн 19, нийт 45 орон тоотой байхаар баталсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ. Орон тоо цөөрсөн гэдгийг “хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг”, мөн хэсэгт заасан “шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг, комиссын дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ. Нэхэмжлэгч Бийн хувьд хэлтсийн даргын тушаалын дагуу шинээр байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Х газарт шилжиж, Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, хуучнаар Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байгаа. Өөрөөр хэлбэл, 2016 оны 8,9,10 дугаар саруудын цалин хөлсийг авч ажиллаж байсан байна.Гэтэл хариуцагч аймгийн Х газрын дарга нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д “шалгаруулж авна ” гэж заасан журмыг зөрчин байж маргаан бүхий актаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Быг маргаан бүхий орон тоонд шууд томилсон байдаг. Ингэснээр нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа. Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтнаас маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө оролцогчийг сонсох ажиллагааг заавал хийхийг хуульчилсан байдаг. Гэвч хариуцагч дээрх байдлаар үйлдэл болон эс үйлдэхүйгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг маргаан бүхий орон тоонд шууд томилж холбогдох хуулийг ноцтой зөрчсөн.
Хариуцагч өнөөдрийн шүүх хуралдаанд сонгон шалгаруулалт явуулна гэж тайлбарлаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл зохих журмын дагуу явуулаагүй,одоо явуулъя гэж байгаа юм байна. Үүнээс үзэхэд Сагсай сум хариуцсан мэргэжилтний 2 орон тоо 1 болж цөөрсөн бөгөөд ажил олгогч энэ үед өмнө нь ажиллаж байсан албан хаагчдаас сонгон шалгаруулалт явуулаагүй гэдэгтэй ижилхэн сонсогдож байна. Нэхэмжлэгчийн хувьд аймгийн Х газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Быг ажилд томилох тухай” 57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг аймгийн Х газрын даргад даалгах шаардлага гаргасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаар бүлэгт захиргааны акт гаргах ажиллагааг маш тодорхой зохицуулсан байх бөгөөд захиргааны байгууллага бусдын эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргахдаа эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдэд заавал мэдэгдсэн байх, нөхцөл байдлыг тогтоосон байх, оролцогчийн эрх үүргийг тайлбарласан байх, сонсох ажиллагаа явуулаад тухайн оролцогчид тайлбар гаргах боломж олгох ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд эдгээр ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх нь эргэлзээтэй байна. Гэрчийн мэдүүлэг өгсөн аймгийн Х газрын хэлтэс, нэгжийн дарга нар болох А.Галия, Х.Назимгүл, А.Павель нарын мэдүүлгээс үзэхэд ажил олгогч сонгон шалгаруулалт явуулаагүй, ажил олгогчийн энэ асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлэсэн гэсэн агуулгатай тайлбар өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч аймгийн Х газрын дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Маргаан бүхий орон тооны ажлын байранд сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нөхцөлд гуравдагч этгээд Быг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгуулж байж сонгон шалгаруулалт явуулах гэсэн шаардлага нь үндэслэлгүй. Төрийн албыг эзэнгүйдүүлэн тэр дундаа ард иргэдийн эмзэг бүлэгт үйлчилж байгаа төрийн үйлчилгээ байгаа болохоор хүчингүй болгуулах гэсэн шаардлага үндэслэлгүй. Энэ нь халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд харшилна. Хэрэв шүүхээс маргаан бүхий орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нөхцөлд уг орон тооны ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байгаа иргэнийг тодорхойлох нь ажил олгогчийн эрхэд хамааралтай асуудал болно. Үүнийг Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 4 дүгээр хэсэгт тодорхойлж өгсөн байдаг. Хэрэв шүүхээс нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлийг хангасан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахад бэлэн гэдгийг хэлмээр байна гэв.
Гуравдагч этгээд Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баян-Өлгий аймгийн Х газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тушаалаар мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохдоо Б бид хоёрын нийгмийн халамжийн байгууллагад ажилласан жил буюу ажлын туршлага, үр дүнгийн гэрээний үнэлгээ буюу үйл ажиллагааны үр дүн, нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр сургалтад хамрагдсан байдал буюу мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан үзэж намайг сонгож томилсон. Энд хууль зөрчсөн ямар нэгэн асуудал гараагүй. Би хөдөлмөр, халамжийн байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. Тухайлбал Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалаар мөн өдрөөс нийгмийн бодлогын ажилтнаар, Сагсай сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар захирамжаар мөн өдрөөс сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтнаар, Сагсай сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр захирамжаар мөн оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн халамжийн ажилтнаар, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар мөн өдрөөс Сагсай сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтнээр, Баян-Өлгий аймгийн Х газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тушаалаар мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байна. Б нь нийгмийн халамжийн байгууллагад 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сар хүртэл нийтдээ 1 жил 7 сар орчим л ажилласан байдаг. Бийн төрийн албанд 27 гаруй жил ажилласан гэдэг нь үндэслэлгүй. Тэр 2001-2011 онуудад ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Сагсай сум дахь тооцооны төвд ажилласан. Банк нь хувийн хэвшлийн байгууллага бөгөөд энэ нь төрийн албанд ажилласан хугацаанд тооцогдохгүй. Бийн намайг ямар ч шалгалт өгөөгүй, төрийн албаны мэргэшлийн шалгалтаас удаа дараа унасан, өөрөөр хэлбэл тэнцээгүй, түүнчлэн төрийн албанд анх орох нөөцийн жагсаалтад бүртгэлгүй хүн болно гэсэн нь ямар ч үндэслэлгүй. Миний хувьд 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан Төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор дэс түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн. Мөн намайг албан тушаалтны эсрэг гэмт хэрэгт холбогдож гэм буруутай нь тогтоогдсон болно гэсэн нь ямар ч үндэслэлгүй. Миний бие 2017 онд цагдаагийн газарт шалгагдсан нь үнэн бөгөөд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/24 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр буюу “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Тийм учраас эдгээр асуудлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгч Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн хувьд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо миний ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэсэн мөртлөө Быг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргуулахыг хүссэн байна. Үүнээс үзвэл ажилтны ажлын байр хэвээр хадгалагдсан тохиолдолд түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах асуудал тавигддаг болохоос сонгон шалгаруулалт явуулах асуудал болохгүй гэж үзэж байна. Төрийн албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан байгаа. Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 тоот тогтоолд “шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ гэсэн байдаг. Тийм учраас хуулийг баримтлах уу, Улсын дээд шүүхийн тогтоолыг баримтлах уу гэдгийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Хариуцагч сая Бы үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан үзсэн гэж тайлбарласан байгаа. Хэрэв сонгон шалгаруулалт явуулсан тохиолдолд Б нь үйл ажиллагааны үр дүнгийн хувьд нэхэмжлэгчээс илүү, үр дүнгийн гэрээг “А” үнэлгээгээр дүгнүүлж ирсэн байгаа. Түүний мэргэшлийн түвшингийн үнэлгээний хувьд удаа дараагийн сургалтад хамрагдаж, сертификат авсан, мөн мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргээс ч гэсэн илүү байгаа нь тодорхой харагдаж байгаа гэдгийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Нэгэнт Быг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авсан учраас түүнийг томилсон тушаалыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Х.Гүлжан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Х газрын дарга нь өөрөө зөвшөөрч байгаа юм байна. Нэхэмжлэгч Бийн нэхэмжлэл нь үндэслэлтэй юм. Сонгон шалгаруулалт явуулах нь зөв гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б нь тус шүүхэд “Баян-Өлгий аймгийн аймгийн Х газрын даргын Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баян-Өлгий аймгийн Х газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Быг ажилд томилох тухай“ 57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг тус газрын даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн[1] болно.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс гэсэн хэрэгжүүлэгч агентлагууд ажиллуулах тухай Засгийн газрын 2008 оны 67 дугаар болон уг тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 08 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Х газар гэсэн хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Х газар гэсэн хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосонтой холбогдуулан урьд ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс гэсэн 2 хуулийн этгээдийг нийлүүлснээр аймгийн Х газар болж өөрчлөн байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тогтоогдож байна.
Уг 09 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/08 дугаар “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” тушаал[3] болон аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн б/32 дугаар “Бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан хэлтсийн ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар[4] тус 2 хэлтсийн нийт ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингийн сангийн хамт шинээр байгуулагдсан аймгийн Х газрын мэдэлд шилжүүлсэн байна. Үүний дагуу аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Сагсай сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Б, аймгийн Нийгийн халамж, үйлчилгээний хэлтэст Сагсай сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан гуравдагч этгээд Б нар нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн аймгийн Х газарт шилжиж, 2016 оны 8,9,10 дугаар сард өмнөх албан тушаалын буюу хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн халамжийн мэргэжилтний чиг үүргийг тус тус гүйцэтгэн ажилласнаар цалин хөлс авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[5] тогтоогдсон болно.
Дээрх байдлаар өөрчлөн байгуулагдсан аймгийн Х газрын бүтэц, орон тоог баталсан Х ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалд зааснаар тус газарт хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний 19 орон тоо батлагдсан[6], үүний дагуу аймгийн Х газрын даргаас аймгийн төвийн сум болох Өлгий сумд 6 мэргэжилтэн, бусад 12 сум болон Цагааннуур тосгонд тус бүр 1 мэргэжилтэн ажиллуулахаар тогтоосон[7] байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргахгүй байна.
Ингэж Сагсай сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Сагсай сумын нийгмийн халамжийн мэргэжилтний 2 орон тоог нэгтгэж,Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн нэг орон тоо батлагдсанаар тус сумын мэргэжилтний орон тоо цөөрсөн, уг Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд аймгийн Х газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тушаалаар[8] 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн гуравдагч этгээд Быг томилж, нэхэмжлэгч Бд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаар тушаалаар[9] Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэн нэг удаагийн тэтгэлэг олгон төрийн албанаас чөлөөлсөн байна.
Хариуцагчаас маргаан бүхий Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд гуравдагч этгээд Быг томилсон үндэслэлийн талаар “ажлын туршлага, ажилласан жилийг нь харгалзсан” гэж тайлбар[10] ирүүлсэн ба харин нэхэмжлэгчээс уг орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Бд давуу байдал олгон шууд томилсон нь хууль бус гэж маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)–ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ,мэдлэг, ур чадвар,ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан.
Дээр дурдсанаар Сагсай сумын нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтний чиг үүргийг Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хэрэгжүүлэхээр[11] болж орон тоо цөөрсөн, энэхүү хуулийн заалтаар албан тушаалын орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулалтаар томилохоор зохицуулсан байна.
Гэтэл хэргийн оролцогчдын тайлбар[12], гэрч нарын мэдүүлэг[13] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчаас маргаан бүхий орон тоонд гуравдагч этгээд Быг томилохдоо дээрх хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй, тодруулбал сум хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Б болон гуравдагч этгээд Б нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ,мэдлэг, ур чадвар,ажлын дадлага, туршлага зэрэг үзүүлэлт тус бүрээр нь шалгаруулан дүгнээгүй, түүнчлэн сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэг байгуулан, уг ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаагүй болох нь тогтоогдож байгаагаас гадна хариуцагч шүүх хуралдаан дээр хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулахгүйгээр томилгоо хийснээ хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсаны улмаас Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн байхад хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулах замаар тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн нь хамгийн илүү хангаж байгааг тогтоохгүйгээр Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд гуравдагч этгээд Быг шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал,хууль дээдлэх зэрэг төрийн албаны үндсэн зарчим болон 27 дугаар зүйлийн 27.2.3 дах хэсэгтэй нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байна гэж дүгнэлээ.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох” зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай шууд хамааралтай буюу “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан,эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн”-өөр орон тоо цөөрсөн тохиолдолд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсны дараа шалгараагүй үлдсэн албан хаагчийг 27.2.4-т зааснаар эхлээд мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, эсхүл төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэших зэрэг баталгаагаар хангах боломжгүй тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм. Гэтэл дээр дурдсанаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо нь цөөрсөн байхад хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, түүнчлэн нэхэмжлэгч Бөөс тэтгэлэг авах тухай хүсэлт гаргаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан түүнд нэг удаагийн тэтгэлэг олгон, төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан. Хариуцагчаас нэхэмжлэгч Бтэй биечлэн уулзах байдлаар сонсох ажиллагаа явуулсан гэх боловч нэхэмжлэгч тал сонсох ажиллагаа явуулсныг үгүйсгэснээс гадна маргаан бүхий орон тоонд Быг томилох шийдвэр гаргахаас өмнө энэхүү асуудлын талаар сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл хүргүүлснийг нотлох баримт байхгүй, хариуцагчийн явуулсан гэх сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл байхгүй байх тул тухайн томилгооны асуудлын талаар Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр аймгийн Х газрын даргын 2016 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 57 дугаар “Быг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг тус газрын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дах хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Х газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Быг ажилд томилох тухай“ 57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Сагсай сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг тус газрын даргад даалгасугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА
ШҮҮГЧ С.ЕРКЕШ
ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ
[1] Хэргийн 119-120-р хуудас /2-р хавтас/
[2] Хэргийн 112,160,164-166-р хуудас /1-р хавтас/, 40-41,85-86-р хуудас 2-р хавтас/
[3] Хэргийн 85-86-р хуудас /2-р хавтас/
[4] Хэргийн 164-166-р хуудас/1-р хавтас/
[5] Хэргийн 75-80,108,138,140,224,228-229-р хуудас /2-р хавтас/, 1-2-р хуудас /3-р хавтас/
[6] Хэргийн 162-163-р хуудас /1-р хавтас/
[7] Хэргийн 39-р хуудас /2-р хавтас/
[8] Хэргийн 60-р хуудас /1-р хавтас/
[9] Хэргийн 109-110-р хуудас /1-р хавтас/
[10] Хэргийн 118-р хуудас /1-р хавтас/
[11] Хэргийн 43-58-р хуудас /2-р хавтас/
[12] Хэргийн 117-118,119-120-р хуудас /2-р хавтас/
[13] Хэргийн 106,107,224,228-229-р хуудас /2-р хавтас/,1-2-р хуудас /3-р хавтас/