Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 000112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        Ц.З-д холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2017/0328/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд: 

 

Прокурор                                          Ц.Идэрмөнх

Шүүгдэгч                                           Ц.З

Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолтой Ц.З-д холбогдох, 1725000000174 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 17-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, Б овогт Ц.З.

 

Шүүгдэгч Ц.З-ыг 2017 оны 10 сарын 26-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Б.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Ц. З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ц.З-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5.д зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д заасныг баримтлан шүүгдэгч Ц.З-аас 2 500 000 төгрөг гаргаж Б.А-т олгох,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Идэрмөнх эсэргүүцэлдээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар  торгож, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д заасныг баримтлан шүүгдэгч Ц.З-аас 2 500 000 төгрөг гаргуулан Б.А-т олгохоор шийдвэрлэсэн ба тогтоолд шүүгдэгчээс гаргуудсан хохирол буюу 2 500 000 төгрөгийг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг тусгаж өгөөгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” –ийг шийтгэх тогтоолд тусгана гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.З гаргасан тайлбартаа: Миний хувьд Б.А-тай хамт явж шүдийг нь эмчид үзүүлсэн. Эхний ээлжинд эмчилгээний зардалд 1 200 000 төгрөг төлнө. Эмчилгээний хугацаа 4-5 сар үргэлжилнэ энэ хугацаанд 1 250 000 төгрөгийг хэсэгчилж төлж болно гэж хэлсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч “Борлууд” овгийн Ц.З нь 2017 оны 10 сарын 26-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.А-ыг цохиж биед нь зүүн нэгдүгээр шүдний хугарал бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

Хохирогч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... “Тайгер” барнаас гараад араас нь очиж З-тай маргасан байсан..., Тэр өдөр би өөрөө архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор ямар учир шалтгааны улмаас З-тай хэрүүл хийж маргасан гэдгээ санахгүй байгаа. Тухайн үед ямар ч байсан хэрүүл хийж маргаж байх үед Золжаргал нэг удаа толгойгоороо миний шүд рүү мөргөсөн..., Би араас нь хөөж байгаад орхисон..., Шүд угаараа хугаралтай гэж гарсан..., Буйланд суулгадаг авагддаггүй шүд хийлгэхэд 2 500 000 төгрөг болно гэсэн тул 2 500 000 төгрөг нэхэмжилнэ..., Хохирол барагдуулбал гомдолгүй… гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Э-ын ... Тэр үед З, А бид хоёрын дундуур ороод А-ыг зүгээр байгаач гэж хэлээд тэр хоёр маргалдсан..., Тэгтэл тэр хоёр ноцолдож байгаад З цаашаа гүйгээд явсан..., А араас нь хөөгөөд гүйцээгүй. А-ын хамраас цус гарсан байсан. А шүд рүү мөргөчихлөө шүд хөдөлж байна гэж ярьж байсан... гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Э-ны ... А, З хоёрын маргаан юунаас болж үүссэнийг би анзаараагүй..., Би машин дотороо сууж байсан чинь З чи намайг түрүүлж цохисон шүү гээд нэг мөргөсөн..., Тэгтэл А-ын хамраас цус гарч байсан. З цаашаа гүйгээд явсан..., А араас нь хөөгөөд гүйцээгүй. Бид 3 машинд суугаад З-ын араас очиход З цаашаа зугтаад явсан. Бид хэд тэгээд гэр гэртээ харьсан..., Гэртээ хариад байж байтал А утсаар яриад шүд маань хөдөлсөн байна, юм идэж болохгүй байна гэж ярьсан... гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... “Тайгер” баарнаас гараад явж байхад араас ирээд “мангар бацаан” гээд намайг өдөөд цохисон..., Тэгэхээр нь би “чи намайг цохисон тул” гэж хэлээд нэг цохисон нь үнэн..., Гэм буруугаа хүлээж гэмшиж байна..., Хохирлыг төлөх болно... гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 923 дугаартай :

..хохирогч Б.А-ын биед дээд зүүн нэгдүгээр шүдний хугарал үүссэн, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Ц.З-ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүний гэм бурууд тохирсон ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүх хохирогчийг шүдээ хийлгээгүй буюу гэм хорын хохирлоо арилгаагүй байхад хохирлыг үнэлж гаргахдаа нэхэмжлэлийн хэмжээг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзлээ.

Харин шүүх хохирогч Б.А-т учруулсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийж төлж барагдуулах талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зааж өгөөгүй байх тул шүүгдэгч Ц.З-ын хувийн байдал, эрхэлсэн ажилгүй зэрэг байдлуудыг нь харгалзан хохирогчид төлөх хохирлын 2 500 000 төгрөгийг 5 сарын хугацаанд сар бүр 500 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

“...Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчид хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шийтгэх тогтоолд тусгаагүй тул тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3., 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг :

 

...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д заасныг баримтлан шүүгдэгч Ц.З-аас гэм хорын хохирол 2 500 000 төгрөг гаргаж хохирогч Б.А-т олгож үүнийг 5 сарын хугацаанд сар бүр 500 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй ... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай. 

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ЦЭЦЭГМАА

 

               ШҮҮГЧ                                                                       Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                         

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР