Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 305

 

Г.Лхагвад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 12А дугаар шийтгэх тогтоол,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 103 дугаар магадлалтай, 201511000482 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Цэрэндорж овогт Ганбаатарын Лхагва нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Лхагвыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Г.Лхагва, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Лхагвын өмгөөлөгч Ө.Батболд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Г.Лхагвад холбогдох хэргийг нэг талыг баримтлан зөвхөн буруутгах ажиллагаа руу чиглүүлэн шалгасан, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг шалгаагүй, нотлох баримтын эх сурвалжийг нягтлаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн талаар нэг мөр шалгаж тогтоогдоогүй байхад Г.Лхагвад 5 жил 1 хоногийн хорих ял оногдууллаа. Г.Лхагва нь гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр буюу даваа гаригт болсон гэж тодорхой мэдүүлдэг. Харин Ч.Мөнхбаяр нь 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэж зөрүүтэй мэдүүлдэг боловч үүнийг ямар ч гэрч нотолдоггүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан нөхцөл байдлыг нарийвчлан шалгах шаардлагатай. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, бодит байдалд нийцэхгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мэдүүлгийн зөрүүг мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалган тогтоох шаардлагатай. Сохортол цохиулсан нүд улайх төдийгөөр гэмтэхгүй. Мөн тухайн цаг хугацаанд энэ гэмтлийг авсан гэснийг тогтоосон дүгнэлт ч байхгүй. Тэгээд ч хаа байсан 20 гаруй хоногийн дараа бусдад гэм хор нялзааж байгаа нь ойлгомжгүй байна. Г.Лхагва нь “би энэ хэргийг үйлдээгүй, Ариунсан нүд рүү нь өвдөгдсөн. Тэр хүнийг хэлээгүй нуусандаа харамсаж байна”  гэж мэдүүлдэг. Мөн Ариунсанг гэрчээр оролцуулах хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргахад бүгдийг нь хэрэгсэхгүй болгож нэг ч удаа оролцуулж байгаагүй. Мөрдөн байцаалтын ажиллагааг үнэхээр сэтгэл гаргахгүй, үнэнийг олж тогтоохгүй, прокурор хэргийн бодит байдалд анхаарал хандуулалгүйгээр, анхан шатны шүүх цаасан дээр бичигдсэн мэдүүлэг гэх зүйлд бүрэн хөтлөгдөж шийдвэрлэсэн. Хохирогч “би огт нүдний асуудалгүй байсан” гэдэг боловч нотлох баримтыг нь гаргаад ирэхээр жолооны үнэмлэх авахдаа үзүүлж байсан гэх үгээр тайлбарладаг. Өмнө нь болсон шүүх хуралдаанд огт нүдээ үзүүлж байгаагүй гэдэг ч нотлох баримтыг нь гаргаад ирэхээр түүнийг үгүйсгэх арга хэмжээ рүү оруулдаг. Хохирогч Мөнхбаяр нь 2012 оны 1 дүгээр сарын 20-ноос 30 хүртэл СЭМ тасагт “... нүд бүрэлздэг, дотор эвгүйрдэг, нүдний угаар татаж өвддөг ...” энэ зовиур 2011 оны 12 дугаар сараас эхэлсэн гэх өвчний түүх байдаг. Үнэхээр нүдний асуудалгүй байсан юм бол 2012 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ямар учраас нүдний эмч Цэцэгмаад үзүүлж байсан байх вэ, гэтэл яагаад Цэцэгмаа 2015 оны 9 дүгээр сарын эхээр анх удаа үзсэн гэж худал ярьж байна вэ гэдэг нь эргэлзээтэй. Мөн 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Оюундэлгэр эмчид нүдээ үзүүлж байсан байна. 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Цэцэгмаад үзүүлсэн үзлэгийн бүртгэлд нүдний үрэвсэл гэсэн оноштой байгаа нь ямар учиртай вэ, яагаад хохирогч нь 13А маягт авч явчихаад ямар зөвшөөрлөөр ажилладаг нь мэдэгдэхгүй Солонго гэх эмнэлэгт үзүүлсэн, тус эмнэлгийн ямар мэргэжилтэй, юуны эмч гэдэг нь тодорхойгүй Түвшинтөгс гэх эмчийн гаргасан дүгнэлтээр шинжээч эмч дүгнэлт гаргасан бэ, мөн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс Мөнхбаярыг хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувиар группт оруулсныг шүүх ямар үндэслэлээр үнэлж байна вэ гэдэг нь тодорхойгүй. Өмнө нь муу байсан нүдээ Г.Лхагватай муудалцсан зодоон мэт зүйлээр шалтаглан 12,500,000 төгрөг нэхэмжилж улсаас сар бүр хөдөлмөрийн чадвар алдалтаар мөнгө нэхэмжлэх санаа байв уу гэж бодож байна. Огт нүдний асуудалгүй байсан гэж өөрөө ч, эхнэр нь ч худал мэдүүлэг өгөх ямар зорилго байна вэ. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Лхагва нь 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хан-Уулын 15-01 тоотод Ч.Мөнхбаяртай “эмэгтэй хүний хувцсыг тайлсан” гэх асуудлаас болж маргалдах явцдаа түүний зүүн нүдэнд гараараа нэг удаа цохиж нүдний толбо, торлог, судаслаг бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Г.Лхагвын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, хэргийн үйл баримтыг шинээр тогтоож дүгнэлт хийх эрх хэмжээ хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж үйл баримтыг тогтоосон нөхцөл байдал тогтоогдоогүй тул “... Г.Лхагва энэ хэргийг үйлдээгүй, Ч.Ариунсан нүд рүү нь өвдөгдсөн, хохирогч урьд нь нүдний гэмтэлтэй байсан ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын дээрх байдлаар гаргасан гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын “хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 12А дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 103 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболдын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ