| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1000/Э |
| Дугаар | 1037 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 1037
2020 06 03 2020/ШЦТ/1037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Нарийн бичгийн дарга Г.Хулан,
Хохирогч Д.Нямбаяр,
Шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мт холбогдох эрүүгийн 1906 07219 227 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх зах дотор иргэн Д.Нямбаярын нүүрэн тус газар нь цохиж уруулд цус хуралт, язарсан шарх, нэг шүдний сулрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөх хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 07219 227 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Ш.М нь иргэн Д.Нямбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан,
Хохирогч Д.Нямбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын 2 дугаар давхарт Түвшинжаргал гэх танил эгчийн лангуун дээр хамт ажилладаг хүнийг хүлээгээд байж байх үед зүс таних М гэх эгч тэр хавиар агсам согтуу тавиад байсан ба над дээр ирээд намайг хэл амаар доромжилсон. Би та болиоч гэж хэлээд явуулсан. Гэтэл буцаж ирээд шууд цохиж авсан ба үсдээд энд тэндгүй цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад байж байх үед тэр хавиар явж байсан ах ирж бид хоёрыг салгасан. Би өөрөө цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20/,
Гэрч Р.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай худалдааны төвд худалдагч хийж байсан Нямбаяр манай лангуу дээр ирээд надтай юм яриад зогсож байх үед М ганцаараа ирээд Нямбаяртай маргалдаж, зууралдаад зодолдсон. Яг яаж зодолдсон талаар би хараагүй. Манай лангуу дээр үйлчлүүлэгч байсан учир тэр хоёрыг хөөж гаргасан. Тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Гэрч Б.Цэрэндондовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай өөдөөс харсан Түвшинжаргалын лангуун дээр Нямбаяр ирж суусан ба М ирээд Нямбаяртай маргалдсан. Би юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14438 дугаартай:
“Д.Нямбаярын биед уруулд цус хуралт, язарсан шарх, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/,
Шүүгдэгч Ш.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх худалдааны төвийн В5 лангуун дээр сууж байсан ба тухайн үед хэнтэй архи ууснаа огт санахгүй байна. Би согтолттой явж байх үед Түвшинжаргалын лангуун дээр Нямбаяр сууж байсан. Би урьд нь Нямбаяраас 1.500.000 төгрөг зээлээд цувуулж 1.950.000 төгрөгийг өгсөн юм. Нямбаяр нь 10 хувийн хүүтэй мөнгө зээлж авсан биздээ гэж хэлээд надаас зээлийн хүү нэхэж, бид хоёр маргалдаж би баруун гараараа Нямбаярын хүзүү хэсэгт нэг удаа цохиход уруул хэсэг нь сэтрээд хавдсан. Нямбаяр бид хоёрыг маргалдахад Түвшинжаргал лангуунаас хөөж явсан ба Нямбаяр худалдааны төвөөс гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 12-13/,
- Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 14-15/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Ш.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 43-46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ш.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ш.Мийн иргэн Д.Нямбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Нямбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8.000 төгрөгийг нотлох баримт гаргаж нэхэмжилсэн байна. Шинжилгээ хийлгэхэд зарцуулсан 8.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Ш.Мээс гаргуулан олгох үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Нямбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Ш.М ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ш.М гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бн овогт Шийн Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Мт оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мээс 8.000 /найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нямбаяр /хм80053162/-т олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Нямбаяр нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эртэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ