Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч З.Алтансолонго

Шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2036000000120 дугаартай, 178/2020/0109/Э индекстэй хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1956 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 64 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, ганцаараа Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 10-35 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 10-35 тоот хашаанд 2020 оны 04 дүгээр сарын 24,26-ны өдрүүдэд хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.*******ийн биед халдан цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хохирогч ******* овогт *******гийн *******ийн /1964 оны 1 сарын 15-нд төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2020 оны 04 сарын 24-ний өдөр би хүргэн Н.*******ын гэрт ороход Н.******* ээж М.*******тай маргалдаж байсан. Би М.*******ыг тайвшруулчихаад гараад явж байтал гэр дотроос “ ******* авгай чи бид хоёрын амьдралыг самраад хаячихлаа” гээд орилоод байхаар нь буцаад гэр лүү нь орох гэтэл хаалга нь дотроосоо түгжээтэй байсан. Хаалгыг нь хүчтэйхэн таттал онгойчихсон.Намайг ороход М.******* гэрийнхээ хоймор зогсож байгаад над руу халуун тогоо аваад шидэхэд миний зүүн гарын булчин, шуунд оноод газар унахаар нь би тогоог нь аваад орны доогуур шидчихээд М.******* дээр очиж аргадаж тайвшруулсан.Энэ өдрөөс хойш М.******* гэртээ ирэлгүй 2 хоносон.Нэг өдөр гэрийн гадна орилох чимээ гарахаар нь гараад харахад М.******* ирчихсэн миний хүү Б.Батболд охин Б. нар луу орилж дайраад Б.ийн баруун гарыг хазахаар нь би салгах гэтэл миний баруун булчин дээр чулуу атгасан гараараа 1 удаа цохисон.Мөн цагдаа ирсний дараа М.******* над руу дайрч баруун хөхний дээд талаас базаж,зүүн эрүү, хацар луу чулуутай гараараа 1 удаа цохиод зүүн нүд рүү атгасан гараараа цохисон … гэх мэдүүлэг /хэргийн 9-10-р хуудас/

Гэрч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Намайг ээж М.*******ы гэрт ороход ээж М.******* манай хадам ээж Л.*******ийг халуун тогоогоор мөр лүү нь цохичихлоо гээд надад хөхөрсөн мөрөө үзүүлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би хадам ээжийнд ороод “ таны насан дээр хөгшин ярина гэж юу байхав даа, та болио” гээд хэлээд байж байтал миний төрсөн ээж Л.******* орж ирэхэд хадам ээж манай ээж бид хоёр луу дайрч байгаад гэрийн хоймор зуухны ард байсан халуун тогоо аваад ээж рүү шидтэл зүүн гаранд нь оносон. Мөн 04 сарын 26-ны өдөр хадам ээж орилж хүрч ирээд миний цээжин тус газар гараараа цохиод миний эрүүнээс хазахаар нь манай ээж Л.******* ирээд салгахад ээж рүү дайраад шанаа, цээж, толгой хэсэг рүү нь цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн...Л.*******ийн биед зүүн доод эрүүний хэсэгт зулгаралт, зүүн гарын бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт,зүүн гарын тохойны гадна хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы урд доод хэсэгт цус хуралтууд, баруун хөхний хэсэгт цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.Л.*******ийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх дүгнэлт /хэргийн 37-р хуудас/

Шүүгдэгч М.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 04 сарын 24-ний өдөр манай хүү ******* манайд орж ирэхэд араас нь эхнэр Б. нь орж ирээд тэр хоёр намайг гэртээ янз бүрийн хүн цуглууллаа гэхээр нь би “ миний ямар хүн цуглуулах нь та нарт хамаагүй” гээд маргаад байж байтал худ Л.******* манайд орж ирээд гэрт байсан эд зүйл авч шидээд байхаар нь би тэд нар луу орилж хашгирахад бэр Б. надтай ирж зууралдаад ээж Л.******* нь ирж салгасан.Тэгээд тэд нарыг гарсны дараа би цагдаад ирж дуудлага өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна … гэх мэдүүлэг /хэргийн 41-42-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч М.******* нь өөрийн бэр, хүү болон худ Л.******* нартай маргалдаж  түүнийг цохиж  хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч М.******* нь хүү Н.*******, бэр, Б., худ Л.******* нартай маргаан үүсгэж, ноцолдсон болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн...Б.ийн биед зүүн доод эрүүний хэсэгт зулгаралт,зүүн доод эрүүний хэсэгт цус хуралт, зүүн доод эрүүний доод хэсэгт зулгаралтууд, зүүн доод эрүүний доод хэсэгт цус хуралт, зүүн эгэмний дунд доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт, мөн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 сарын 01-ний өдрийн 373 дугаартай шинжээчийн...М.*******ы биед зүүн талын XI хавирга хуучин хугарал, баруун чихний урд хэсэгт өнгөц цус хуралт, зулгаралт, зүүн гарын бугалганд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн “ хөнгөн” зэрэгт хамаарна. М.*******ы биед учирсан баруун чихний урд хэсэгт өнгөц цус хуралт, зулгаралт, зүүн гарын бугалганд цус хуралт  гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой  ... гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******, хохирогч Л.******* болон М.*******ы хүү, бэр нарын хоорондын зүй бус харилцаа, ураг төрлийн холбоотой хүмүүсийн нэгнээ үл хүндэтгэсэн байдал зэргээс үүдэн дээрхи гэмт хэрэг гарахад нөлөөсөн гэж үзнэ.

Шүүгдэгч М.******* нь уур бухимдлаараа халуун тогоо авч шидэх, гараа атгаж байгаад хүнийг цохих үйлдэл нь бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулж болохыг мэдсээр байж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг  агуулсан бөгөөд прокуророос М.*******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон  байна.

Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Л.*******ийн ... гомдол санал байхгүй,нэхэмжлэх зүйлгүй,... гэх мэдүүлгээс шүүгдэгч М.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 46-р/ тогтоогдож байна

Шүүгдэгч М.*******ы хувийн байдлын талаар гэрч Н.*******ын өгсөн....Миний ээж М.******* нь 1956 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. Эцэг эхээс олуулаа.Би энэ хүний төрсөн ганц хүү нь юм. Миний аав Нямдаваа 2005 онд өвчнөөр нас барсан.Миний ээж М.******* нь хүнтэй таарамж муутай хажуудаа байгаа хүмүүсийг байнга дарамталж хэрүүл хийдэг. Зан харьцааны хувьд их хэцүү хүн.Бид нартай таардаггүй, миний хувийн амьдралд их оролцдог ...гэх мэдүүлэг /хэргийн 17-18-р хуудас/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч М.*******ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2 зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч М.*******ыг    дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 43 инчийн Ротензо маркийн зурагт битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/53 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгчид авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх гэх  дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч М.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирогчтой эвлэрсэн. М.******* нь ганцаараа амьдардаг. Хохирогч Л.*******тэй худ ургийн холбоотой. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа.Улсын яллагчийн санал болгосон  450 нэгжтэй тэнцэх хэмжээний  450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. М.******* нь сарын 320000 төгрөгний тэтгэвэр авдаг. Тиймээс торгуулийг 4 сарын хугацаанд  хэсэгчлэн  төлүүлж өгнө үү  гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Шүүхээс: Шүүгдэгч М.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун тавин мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 450000 төгрөгний торгох ялыг  04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч М.*******д  тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 43 инчийн Ротензо маркийн зурагт битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/53 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлах, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.2, 36.6- 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******н *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун тавин   мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан  450000 төгрөгний  торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2036000000120 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.*******д тайлбарласугай.

6.Шүүгдэгч М.*******ы эзэмшлийн 43 инчийн “Ротензо” маркийн зурагт битүүмжилсэн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/53 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч М.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор

давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ГАНТӨГС

Top of Form