Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2017/00001/И |
Дугаар | 134/ШШ2017/00022 |
Огноо | 2017-01-31 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 134/ШШ2017/00022
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, Дорноговь аймгийн “Шинэ зуун” ахуйн үйлчилгээний төвд жижүүр ажилтай, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, Мааньзавын 7-48 тоотод оршин суух, Заябандид овогт Шаравдоржийн Баянжаргал /РД: ЕЙ59102813, утас: 91870544/-ын хүсэлттэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Баянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Баянжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаа боловч 1974 онд Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйд илгээлтийн эзнээр очиж, туслах аж ахуйд 1977 оныг хүртэл туслах малчин, уурын зуухны галч, туслах ажилтнаар ажиллаж байсан хугацааны тушаал, цалингийн баримт олдохгүй байгаа юм. 1977 оноос 1981 оны хооронд цэргийн алба хааж, 1981 онд халагдаж ирээд Дорноговь аймгийн Сүмбэрийн сангийн аж ахуйд тракторчины ажилд орсон. 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 он хүртэл ажилласан тушаал нь олдсон боловч 1994 оныг дуустал ажилласан хугацааны тушаал, цалингийн баримт олдохгүй байна.
Иймд 1974-1977 он, 1981-1994 оны хооронд Сүмбэрийн сангийн аж ахуйд тракторчиноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Баянжаргал нь 1974-1977 он, 1981-1994 оныг дуустал Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйд тракторчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Ш.Баянжаргал нь Дорноговь аймгийн харьяалалтай боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар тухайн үйл явдал болсон газар буюу ажиллаж байсан газрынхаа шүүхэд шаардлага гаргасан нь хууль зөрчихгүй юм.
Шүүх Ш.Баянжаргалын хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:
1.Тэрээр Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйд 1974 оноос эхлэн ажилласан гэж 333910 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйн даргын 1977 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар Курст суралцуулах тухай тушаал зэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргажээ.
Гэтэл дээрх баримтууд нь Шаравдоржийн Баянжаргалд холбогдох баримт мөн эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх нь 1959 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Шаравдоржийн Гоёо гэх хүнийх, 27 дугаар тушаалаар Шаравдоржийн гоёог ажлаас нь чөлөөлсөн байх ба Шаравдоржийн Гоёо гэх нэрийн ард гараар “Баянжаргал” гэж бичсэн, дээрх бичиг баримт, тушаал дээрх “Гоёо” гэх нэр нь Шаравдоржийн Баянжаргал мөн эсэх нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх дээрх төрсөн он, сар, өдрөөс зөрүүтэй байгаа ба тэрээр уг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болох талаар хүсэлтийг тус шүүхэд гаргаагүй. Мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 04/1129 дугаартай архивын лавлагаанд “Ш.Баянжаргалын 1974 онд ажилд томилогдсон тушаал байхгүй байна” гэжээ. Иймд Ш.Баянжаргал нь 1974 оноос 1977 оныг хүртэл хугацаанд Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйд ажиллаж байсан нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх энэ хугацааг тогтоох боломжгүй байна. Харин Ш.Баянжаргал нь дээрх хугацаанд ажиллаж байсан талаар холбогдох баримтаа бүрдүүлэн шүүхэд дахин хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
2. Ш.Баянжаргал нь 1977 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тракторч машинч мэргэжил эзэмшсэн ба Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйн даргын 1978 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Ардын цэргийн албанд татагдсан хүмүүст гэнэт халагдсаны цалин олгох тухай 226 дугаар тушаалаар тракторчны ажлаас чөлөөлөгдөж /хх-24/, 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан /хх-14/ байна. Гэвч хүсэлт гаргагч нь 1977-1978 он хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргаагүй, энэ хугацааг тогтоолгохгүй гэсэн болно.
3. Тэрээр 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйд тракторчин, хадуурчин, тээвэрчинээр ажиллаж байсан болох нь түүний тайлбар, Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйн даргын 1981 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 176 дугаар тушаал /хх-17/, 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн болзол дүгнэх тухай 18 дугаар тушаал /хх-18/, Дорноговь аймгийн Сүмбэр суман дахь каракулын улсын үржлийн аж ахуйн даргын 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хадланд ажиллах хүмүүсийг хувиарлах тухай 126 дугаар тушаал, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тракторчдын мэргэжлээрээ тасралтгүй ажилласаны удаан жилийн нэмэгдэл олгох тухай 172 дугаар тушаал, 1991 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 31 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Гэндэндорж, Д.Жамсран нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. Харин 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан талаар холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэ хугацааг шүүх тогтоох боломжгүй байна.
Хэдийгээр гэрч Ц.Гэндэндорж нь Ш.Баянжаргалыг 1994 он хүртэл ажилласан гэж мэдүүлсэн боловч 1994 оны хэдэн сарын хэдний өдрийг хүртэл ажилласан талаар мэдүүлээгүй, түүний мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тул түүнийг 1994 он хүртэл ажиллаж байсныг тогтоох боломжгүй.
Түүнд холбогдох тушаалуудаас үзэхэд Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуй нь Дорноговь аймгийн Сүмбэр суман дахь каракулын улсын үржлийн аж ахуй болж нэр нь өөрчлөгдсөн байх боловч хэзээ нэр өөрчлөгдсөн талаарх холбогдох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдлаа.
Иймд Ш.Баянжаргалыг Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуй, Дорноговь аймгийн Сүмбэр суман дахь каракулын улсын үржлийн аж ахуйд 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторчин, хадуурчин, тээвэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь Шаравдоржийн Гоёо нэртэй бичиг баримтыг Шаравдоржийн Баянжаргалынх болох, Монголын үйлдвэрчний эвлэлийн бат илэрхийлэхийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон Шаравдоржийн Гоёо гэх нэртэй Сүмбэр сангийн аж ахуйн 1977 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаар тушаал нь түүнд холбогдох тушаал гэдгийг нотлох, өөр бусад холбогдох нотлох баримт олдвол шүүхэд дахин хандаж, тогтоогдоогүй ажилласан жилээ тогтоолгох эрхтэй ба энэ шийдвэр саад болохгүйг мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Заябандид овогт Шаравдоржийн Баянжаргалыг Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуй, Дорноговь аймгийн Сүмбэр суман дахь каракулын улсын үржлийн аж ахуйд 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторчин, хадуурчин, тээвэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Ш.Баянжаргал нь Дорноговь аймгийн Сүмбэр сангийн аж ахуйд 1974-1977 он, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл тракторчиноор ажиллаж байсан байдлаа холбогдох баримтаа бүрдүүлэн дахин тогтоолгох эрхтэй болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ш.Баянжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ