| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2020/0288/Э |
| Дугаар | 293 |
| Огноо | 2020-04-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 293
2020 04 01 2020/ШЦТ/293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Лувсаншарав,
улсын яллагч: Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 2009 00181 0093 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Сити” Их сургуульд маркетингийн чиглэлээр 3 дугаар курсэд суралцдаг, ам бүл-5, эмээ, өвөө 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхон, Сөүл гудамж Е байр 44 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-ийн Б /РД: /,
Яллагдагч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 04 цагийн орчим, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Войд” гэх бааранд иргэн Ж.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүн тус газар нь гараараа алгадан цохиж, эрүүл мэндэд нь доод эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “... Миний үйлчлүүлэгч анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, бөгөөд хохирогчид анхны тусламжийг тэр дор нь үзүүлсэн. Өөрийн хийсэн буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож байгаа тул хуульд заасан хамгийн бага хэмжээний торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Б мэдүүлэхдээ “... Б бид 2 хоорондоо маргалдаж байхад баруун гараараа миний зүүн шанаа хэсэгт нэг удаа алгадсан. Б алгадуулснаас болоод миний эрүү эвгүй оргиод миний амнаас цус гарсан. Тэгээд ажлаа хийж байгаад ажил дээрээ хоночихоод маргааш өглөө нь сэрэхэд миний ам хөндүүр оргиод эрүү өвдөж эхэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний эрүү хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б яллагдагчаар мэдүүлэхдээ “...Б бид 2 рестораны вип өрөөнд хоорондоо маргалдаж байхад намайг түлхсэн. Тэгэхээр нь би Б ын зүүн хацар хэсэгт нь баруун гараараа алгадсан. Намайг алгадасны дараа Балжиннямын амнаас цус гараад байсан...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №1008 дугаартай дүгнэлтэд “... Ж.Балжиннямын биед доод эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянав.
Нэг. Гэм буруугийн талаар.
Яллагдагч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 04 цагийн орчим, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Войд” гэх бааранд иргэн Ж.Б тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүн тус газар нь гараараа алгадан цохиж, эрүүл мэндэд нь доод эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинлжэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Б.Б ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцлүүлэгт шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар ямар нэгэн маргаан гаргаагүй болохыг дурдвал зохино.
Хохирогч Ж.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 7.015.077 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогчид учирсан бодит хохирлыг бүрэн барагдуулсан болох нь хохирогчийн тус шүүхэд хандаж гаргасан хүсэлтээр тодорхойлогдож байх тул шүүхээс шүүгдэгч Б.Буяжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял шийтгэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзэв.
Гурав. Бусад асуудлаар
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Б ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ж.Б нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР