Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 6084

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 21/4 байр, 48 тоотод оршин суух, Билэг овогтой Бавуугийн Батаа /РД:ТЗ61011011/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 47-18 тоотод оршин суух, Мөнх овогтой Жамцын Чинзориг /РД: ЧН61062872/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 47-18 тоот, “Тачбин” ХХК /РД:5167094/-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол, 3 дугаар байр 31 тоотод оршин суух, Боржигон овогтой Цэдэндамбын Эрдэнэ /РД: НЭ57102377/-ийн бие даасан шаардлагатай,

 

Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 46,5 км төмөр замыг 00460 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасалт хийж, Б.Батаагийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Ж.Чинзориг, “Тачбин” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй,

Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг Төрийн өмчийн хорооноос худалдан авахад иргэн Ж.Чинзориг нь 318,890,000 төгрөг оруулсан болохыг тогтоолгох, оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн төмөр замын 72.5 хувь буюу 67,4км төмөр замын өмчлөгч нь мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

“Бүрхээст хайрхан” ХХК нь Ц.Эрдэнийн 100 хувийн өмчлөлийн компани болохыг тогтоолгож, “Тачбин ХХК” руу “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хөрөнгө болох Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Батаа, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагч Ж.Чинзориг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнэ, гэрч Н.Ичинноров, Г.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батаа миний бие, иргэн Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нарын өгсөн мэдээллийн дагуу Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын “Чингисийн далан” өртөөнөөс тус аймгийн Гурванзагал сумын нутагт байрлах “Мардай” хүртэлх 93км төмөр замыг 2 жил орчим хугацаанд хөөцөлдсөний үр дүнд 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Төрийн өмчийн хороотой “Худалдах-худалдан авах” 373 тоот гэрээ байгуулан уг төмөр замыг 440,000,000 төгрөгөөр худалдан авч, тухайн үед өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр дээр гаргуулан авсан юм. Төмөр замын үнэ болох 440,000,000 төгрөгийг миний бие дангаар төлөх боломжгүй байсан тул Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нарын хуучны танил Ж.Чинзоригоос тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болж, төмөр замыг богино хугацаанд зарж борлуулан худалдан авахад оруулсан хөрөнгөө авах аман тохиролцоо хийснээр Ж.Чинзориг 240,000,000 төгрөг, би найз нөхдөөс нэмж зээлж 200,000,000 төгрөгийг Төрийн өмчийн хорооны дансанд төлсөн болно. Төмөр замыг богино хугацаанд борлуулах, ашиглах боломжгүй байсан учраас Ж.Чинзоригийн хүсэлтээр мөнгө өгөх аман тохиролцоогоо өөрчилж “Тачбин” нэртэй компани байгуулан дүрмийн санг 50:50 хувь гэж тодорхойлон 2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Тачбин” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөн Ж.Чинзоригийн хүсэлтээр “Бүрхээст хайрхан” ХХК, “Тачбин” ХХК-ийн хооронд төмөр зам худалдах-худалдан авах гэрээ байгуулж 93км төмөр замыг “Тачбин” ХХК-д шилжүүлсэн. Энэ гэрээ нь үнэн хэрэгтээ зөвхөн шинээр байгуулсан “Тачбин” ХХК-ийн хөрөнгөд төмөр замыг бүртгэн авах зорилгоор хийгдсэн гэрээ байсан болно. Бид анхнаасаа төмөр замаа борлуулах, хэн аль нь оруулсан мөнгөө ашгийн хамт авах, анх энэ наймааны санаа гаргасан Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нарт борлуулалтын орлогоос урамшуулал олгох, урамшууллын хэмжээг тухайн үед нь шийдвэрлэхээр амаар тохиролцож байсан. Мөн худалдан борлуулах асуудлыг бие дааж шийдвэрлэхгүй байх, харилцан бие биеэ мэдээллээр хангаж, хамтарч ажиллахаар, төмөр замыг харах манаачийн цалинг хэн аль нь ээлжээр төлөхөөр тохиролцсон болно. 2011 оны үе шиг санаж байна. Ж.Чинзориг нэг удаа төмөр замаа зарахаар боллоо “Өмчлөх эрхийн гэрчилгээ” хэрэгтэй байна гээд байхаар нь түүнд итгээд өгсөн. Энэ үеэс эхлэн Ж.Чинзоригийн зан ааш нь хувирч төмөр замыг надад мэдэгдэлгүйгээр зарж борлуулах ажлаа эхлүүлж, бүгдийг өөрийн өмч мэт үзэж, 2013-2015 онд нийт 42,5 км замыг хуулан бусдад худалдсан байна. Бусдад ийнхүү зарах гэж байгаагаа надад огт яриагүй, Дорнод аймагт төмөр замыг хуулж ачуулж байгааг би Ц.Эрдэнээгээс сонссон юм. Компанийн өмчийг ийнхүү дур мэдэн надад мэдэгдэлгүй зарсан асуудлаар тухайн үед би эрүүгийн журмаар гомдол гаргах боломж байсан ч “...би авахаа авсан, чамд ногдох хувь өгнө...” гэх Ж.Чинзоригийн үгэнд итгэсэн болно. Энэ олон жилийн хугацаанд Ж.Чинзориг нь амаар ярьж тохиролцсоноосоо байнга буцаж, итгэл эвдэж байсан учраас түүнтэй төмөр замаас үлдсэн өөрт ногдох хэсгийг авах тухай тохиролцоог баталгаажуулж авахаар ярилцахад мөн л урьд нь ярьж тохиролцсоноосоо буцаж, өөрийн санааг тулгаж, “...чамд үнээс илүүг өгч чадахгүй, шүүхээр явж өөрт ногдох хувиа тогтоолго...” гэх мэтээр өмчлөх эрхийг минь үгүйсгэж байгааг зөвшөөрөхгүй. Батаа миний бие “Тачбин” ХХК-ийн гишүүн, хуулийн дагуу тухайн компанийн ашгийн болоод уг компанийн нэр дээрх өмч болох төмөр замын 50 хувийг өмчлөх бүрэн эрхтэй. Энэ асуудлаарх маргааныг миний зүгээс эв зүйгээр зохицуулахыг эрмэлзэж, Ж.Чинзоригийн хэлсэн болгонд буулт хийж өнөө хүрсэн болохоос биш, би Ч.Чинзоригоос түүний өмчөөс авах, булаах гээгүй, надад тийм сувдаг, шуналтай зан байхгүй. Ер нь “Тачбин” ХХК байгуулагдсан цагаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, гагцхүү төмөр замыг борлуулах л зорилгоор тус компанийг байгуулсан учраас “Тачбин” ХХК нь төмөр замыг хамтран өмчлөх бид хоёрын эрхийг нотолж байгаа хууль ёсны баримт мөн. Гэтэл Ж.Чинзориг нь надад мэдэгдэлгүй төмөр замыг удаа дараа хуулан бусдад худалдан цаашид хамтран ажиллах боломжгүй итгэл эвдлээ. Миний бие “Тачбин” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 50 хувь эзэмшигч, хөрөнгө оруулагчийн хувьд ногдох хэсгээ гаргуулж, компаниас гарахаас өөр аргагүй нөхцөлд орж байна. “Тачбин” ХХК-д шилжүүлсэн Дорнод аймгийн гурван загал сумын нутагт байрлах “Чингисийн далан” өртөөнөөс “Мардай” хүргэлх 93км төмөр замын хамтран өмчлөгч учраас өөрт ногдох хэсгээ дараах байдлаар тооцож, гаргуулах хүсэлтэй байна. Үүнд: 1.Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93км төмөр замын 50 хувийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох. 2.Ж.Чинзориг нь төмөр замын 42,5 км замыг хуулан авч ихэнх хэсгийг нь Засгийн газрын ордны баруун талын Улаанбаатар банкны 5 дугаар давхарт байрлах “МРС” ХХК-д худалдсан байх тул гэрээний дагуу орж ирэх орлогын 50 хувийг гаргуулж авах. З.Одоо газар дээр үлдсэн төмөр замын 50 хувийг өөрийн өмчлөлд авах. 4.“Тачбин” ХХК-ийн гишүүнээс хасуулж зохих бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгуулах 4 шаардлагыг гаргаж байна. Энэ бүх хөрөнгийг Ж.Чинзориг нь өөрийн нэрээр, мөн “Тачбин” ХХК-ийн өмнөөс бусадтай хэлцэл хийх, худалдан борлуулж болзошгүй байгаа тул иргэн Ж.Чинзориг, хуулийн этгээд болох “Тачбин” ХХК хоёуланг нь хариуцагчаар татахыг хүсэж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Батаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж өөрчилсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Батаа миний бие нь хариуцагч Ж.Чинзориг болон "Тачбин" ХХК-д холбогдуулан Дорнод аймгийн "Чингисийн далан" өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, Ж.Чинзориг нь төмөр замын 42,5 км замыг хуулан авч ихэнх хэсгийг нь "МРС" ХХК-д худалдсан байх тул гэрээний дагуу орж ирэх орлогын 50 хувийг гаргуулж авах, "Тачбин" ХХК-ийн /4 гишүүнээс хасуулж зохих бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгуулах, одоо газар дээр үлдсэн төмөр замын 50 хувийг өөрийн өмчлөлд авах, Төрийн Өмчийн хорооноос "Бүрхээст хайрхан" ХХК-ийн нэр дээр олгосон № 00460 тоот өмчлөгчийн эрхийн гэрчилгээ"-г иргэн Ж.Чинзоригоос гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан байсан.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Ж.Чинзориг төмөр замын 42,5 км замыг хуулан авч ихэнх хэсгийг нь "МРС" ХХК-д худалдсан байх тул гэрээний дагуу орж ирэх орлогын 50 хувийг гаргуулж авах “Тачбин" ХХК-ийн гишүүнээс хасуулж зохих бүртгэл хийлгэхийг хариуцагчид даалгуулах, Төрийн Өмчийн хорооноос "Бүрхээст хайрхан" ХХК-ийн нэр дээр олгосон № 00460 тоот Өмчлөгчийн эрхийн гэрчилгээг иргэн Ж.Чинзоригоос гаргуулан авах тухай зэрэг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн нэхэмжлэгч миний бие Дорнод аймгийн "Чингисийн далан" өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, одоо газар дээр үлдсэн төмөр замын 50 хувийг өөрийн өмчлөлд авах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн найруулж Ж.Чинзориг нь 93 км төмөр замаас 40 км гаруй төмөр замыг бусдад зарсан байх тул шүүхийн шийдвэрээр Дорнод аймгийн "Чингисийн далан" өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох төмөр замын 50 хувь болох 46,5 км төмөр замыг Төмөр замын өмчлөгчийн эрхийн № 00460 тоот гэрчилгээнээс хасалт хийж, нэхэмжлэгч Б.Батаа миний өмчлөлд шилжүүлж өгөхийг "Тачбин" ХХК-ийн захирал Ж.Чинзоригт даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батаа миний бие иргэн Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нарын өгсөн мэдээллийн дагуу Дорнод аймгийн Эрээнцав-Чойбалсангийн төмөр замын “Чингисийн далан” өртөөнөөс тус аймгийн “Гурван загал” сумын нутагт байрлах “Мардай” хүртэлх 93 км төмөр замыг хоёр орчим жилийн хугацаанд хөөцөлдсөний эцэст 2006 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төрийн өмчийн хороотой худалдах, худалдах авах 73 тоот гэрээ байгуулан уг төмөр замыг 440,000,000 төгрөгөөр худалдан авч, тухайн үед өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр  дээр гаргуулан авсан юм. Төмөр замын үнэ болох 440,000,000 төгрөгийг би ганцаар төлөх боломжгүй байсан учраас Ц.Эрдэнэ, Г.Баямөнх нарын хуучин танил Ж.Чинзоригоос тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болж, төмөр замыг богино хугацаанд зарж худалдах, авахад оруулсан хөрөнгөө өсгөн авах аман тохиролцоо хийснээр Ж.Чинзориг 240,000,000 төгрөг, өөрийн найз нөхдөөс нэмж 200,000,000 төгрөгийг зээлж Төрийн өмчийн хорооны дансанд төлсөн болно. Төмөр замыг богино хугацаанд борлуулах, ашиглах боломжгүй байсан учраас Ж.Чинзоригийн хүсэлтээр мөнгө өгсөн авах аман тохиролцоогоо өөрчилж “Тачбин” нэртэй компани байгуулан дүрмийн санг 50:50 хувь гэж тодорхойлон 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Тачбин” ХХК-ийг улсын үбртгэлд бүртгүүлсэн. 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөн Ж.Чинзоригийн хүсэлтээр “Бүрхээст хайрхан” ХХК, “Тачбин” ХХК-ийн хооронд төмөр зам худалдах, худалдан авах гэрээ байгуулж 93 км төмөр замыг “Тачбин” ХХК-д шилжүүлсэн. Энэ гэрээ нь үнэн хэрэгтээ зөвхөн шинээр байгуулсан  “Тачбин” ХХК-ийн хөрөнгөнд төмөр замыг бүртгэн авах зорилгоор хийгдсэн гэрээ юм.  Бид анхнаасаа төмөр зам борлуулах, хэн аль нь оруулсан мөнгөө ашгийн хамт авах, анх энэ наймааны санаа гаргасан Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нарт борлуулалтын орлогоос урамшуулал олгохоор тохиролцож байсан. Мөн худалдан борлуулах асуудлыг бие даан шийдвэрлэхгүй байх, харилцан бие биеэ мэдээллээр хангаж, хамтарч ажиллахаар төмөр замыг манаачийн цалинг хэн хэн нь ээлжилж төлөхөөр тохиролцсон. 2011 оны үед Ж.Чинзориг нэг удаа төмөр замаа зарахаар боллоо. Өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгтэй байна гээд байхаар нь түүнд итгээд өгсөн. Энэ цагаас эхлэн Ж.Чинзоригийн ааш өөрчлөгдөж эхэлсэн. Б.Баянмөнх, Ж.Чинзориг гурав нийлээд бид манаач нарт цалинжуулах болоод Б.Баянмөнх бид хоёр хоёулханаа явсан. Ц.Эрдэнээ эхний хоёр сард явуулсан. Түүнээс хойш Ц.Эрдэнэ оролцохоо больсон. 2007 оноос хойш уулзаагүй байсан. Ажилд оролцоогүй. 2010 онд манаач нараас залгаад танай Ж.Чинзориг дарга чинь ирээд зам хуулаад байна гээд залгасан бид энэ талаар ярилцаж тохирсон байсан. Ямар нэг асуудал гарвал бид хоорондоо ярилцаад шийдэх байсан энэ талаар тэмдэглэл дээр бичигдсэн. 700, 800 км явж байж очдог газар болохоор Ж.Чинзориг руу залгаад чи яагаад зам хуулаад байгаа юм бэ гэхэд би 1000 хоньтой хүн төлөг алж идэхээ чамаар заалгахгүй гэсэн. Дараа нь залгаад мөнгөний хэрэг болсон тухайгаа хэлсэн. Ж.Чинзориг жилийн дараа ахиад зам хуулаад эхэлсэн. Ц.Эрдэнээ бүгдээрээ цагдаад хандая гэсэн би зөвшөөрсөн. Тэгээд Г.Баянмөнх надаас нэг хэдэн баримт авсан байсан. Тэгээд Ж.Чинзориг, Б.Батаа хоёр хуурамч компани байгуулж намайг хуурсан гээд надад өргөдөл гомдол гаргасан байсан. Ц.Эрдэнэ бид хоёр Ж.Чинзоригийн эсрэг өргөдөл гаргана гэчихээд яагаад хэлсэндээ хүрсэнгүй вэ гэхэд Ц.Эрдэнээ зүгээр ээ хүмүүст нь хэлсэн байгаа. Чамайг дараа нь сугалаад авна гэсэн. Бид худлаа хэлээгүй, яриагүй энэ асуудал шийдсэн. Би түрүү жил Ж.Чинзоригтой ярьсан. Би 46.5 хувиа авна, өөр юу ч авахгүй гэсэн. Тэгсэн прокурорын тогтоолоос хамаарна гэсэн. Тэгээд прокурорын шийдвэр гарсан. Б.Батаагийн эгчийнх нь бие муудаад бурхан болсон учраас хэд хоног чимээгүй явсан. Ж.Чинзориг чи байж бай Ц.Эрдэнээ бид хоёр нэг асуудлаар шүүхэд хандаж байгаа гэсэн. Ж.Чинзориг хэргээ шийдүүлчихлээ. Надаас авсан мөнгөн дээр гурван өрөө байр өгөхөөр боллоо гэж байсан. Тэгээд Ж.Чинзоригтой уулзах гэж араас нь өчнөөн гүйсэн. Ж.Чинзориг “Эн Ар Си” гэдэг компанитай гэрээ хийгээд замыг зарсан байна. Би “Тачбин”  ХХК-ийн 50 хувийн эзэмшигч юм. Ж.Чинзориг надад 50 хувийг өгөхгүй гэсэн. Компаний хөрөнгө бол ганцхан төмөр зам юм. Бид бие биедээ итгэж байсан. Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 46,5 км төмөр замыг 00460 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасалт хийж, Б.Батаагийн өмчлөлд шилжүүлэхийг Ж.Чинзориг, “Тачбин” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Чинзориг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг ТӨХ-ноос худалдан авахад иргэн Ж.Чинзориг нь 318,890,000 төгрөгийг оруулсан болохыг тогтоолгох, Оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн төмөр замын 72,5% буюу 67,4 км төмөр замын албан ёсны өмчлөгч нь мөн болохыг тогтоолгох.  Энэхүү төмөр замыг худалдан авах саналыг анх Ц.Эрдэнэ надад санал болгож, хамтран худалдаж авахаар тохирсон бөгөөд “ТӨХ-ноос авангуут 2 сарын дотор Улаанбаатар төмөр замд шууд худалдана гэж тохирчихсон байгаа" гэсэн. Ц.Эрдэнээгийн дотны хүн нь УБТЗ-д дээд албан тушаалд ажилладаг байсан юм. Миний хувьд уг саналыг судалж үзээд Ц.Эрдэнэ Б.Батаа нарын хамт дөрвүүлээ Дорнод аймгийн Гурван загал явж бодит байдал дээр ингэхдээ УБ-Дорнод орох бүх зардал нэг сая гаруй төгрөгийг би хариуцан машинаар явж ирсэн. Ингээд миний бие тус төмөр замыг хөрөнгө гаргаад авч болох юм” гэж тооцоод нөхдүүдтэй /Ц.Эрдэнэ, Б.Батаа, Г.Баянмөнх нартай/ “Оруулсан хөрөнгөнийхөө хэмжээгээр хувь эзэмших, хариуцлага хүлээхээр тохиролцон” төмөр замыг худалдаж авахаар шийдвэрлэсэн. Тухайн үед миний бие Худалдаа үйлчилгээний “Ирмүүн” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус төмөр замыг өөрийн компанийн нэр дээр авч болох байсан боловч 2 шалтгааны улмаас больсон юм. Манай компани барилгын материалын худалдаа үйлчилгээ эрхэлдэг, орлого зарлага ихтэй байгууллага учир санхүүгийн хувьд өөр объект, ялангуяа хамтарч хөрөнгө оруулж буй олон эзэнтэй эд хөрөнгө холих шаардлагагүй гэж тооцсон.  Ерөөс тус замыг аваад 2 сарын дотор л УБТЗ-д борлуулчихна гэсэн итгэл үнэмшилтэй болсон байсан тул Б.Батаагийн санал болгосон “Бүрхээст хайрхан" нэртэй нэг хүний эзэмшлийн цаасан дээрх эрх “хоосон” компаний нэр дээр аваад богинохон хугацаанд эргүүлэн зарахаар төлөвлөсөн болно. Ингээд төмөр замын эхний дэнчин 10 хувь болох дөчин дөрвөн сая төгрөгийг би төлж үүнээс хойш нийт 8 удаагийн үйлдлээр 2006 оны 05 сарын 24-өөс 2006 оны 08 сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд 318,890,000 төгрөгийг “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр дээр иргэн Ж.Чинзоригоос” гэж хийсэн бөгөөд Б.Батаагаар дамжуулан ТӨХ зохих дансанд төмөр замын урьдчилгаа болгон бэлэн мөнгө өгч байсан болно. Энэ хугацаанд нөхдүүдэд “төмөр замд хөрөнгө оруулаач” гэж олон удаа хандсан боловч хэн нь ч “1” ч төгрөг гаргаагүй бөгөөд бүгд “0” хөрөнгөтэй хүмүүс болох нь тодорхой болсон юм. ТӨХ-оос “Худалдах, худалдан авах гэрээ №373 дагуу мөнгөө төлж, үгүй бол оруулсан мөнгийг чинь улсын орлого болгоно" гэх мэтээр удаа дараа шаардаж байсан бөгөөд миний хувьд нэгэнт оруулсан хөрөнгөө хамгаалахаар нэмж мөнгө төлсөөр нийт хөрөнгийн 72,5% буюу 318,890,000 төгрөгийг төмөр зам авахад зориулсан бөгөөд мөнгийг та нөхөд гарга, үгүй бол би оруулсан бүх мөнгөө татлаа” гэж босгож ирснээр Б.Батаа арга буюу хүнээс мөнгө зээлж үлдэгдэл төлбөрийг ТӨХ-ноос уг төмөр замыг “Бүрхээст хайрхан" ХХК-ийн нэр дээр өмчлөх гэрчилгээг гаргах эрх нээгдсэн болно. Тухайн үед нөхдүүд надаар бүх хөрөнгийг шийдүүлээд цааш худалдах, дундаас нь мөнгө унагах, хувь хүртэх гэсэн башир арга хэрэглэж би хожуу ухаарсан юм. Төмөр замыг богино хугацаанд худалдан борлуулах боломжгүй болж хугацаа нь 1 жил өнгөрсөн бөгөөд төмөр замд оруулсан хөрөнгө маань өсөж үрждэггүй үхмэл хөрөнгө болсон бөгөөд “Ж.Чинзоригийнх" гэх баримт байхгүй байсан. Иймд Б.Батаагийн хамтаар 50:50 хувийн хөрөнгө оруулалттай, нийт өөрийн хөрөнгө нь 1 нэг сая төгрөгийн дүрмийн сантай “Тачбин" нэртэй хамтарсан компани байгуулсан. Энэхүү компани дээрээ “Бүрхээст хайрхан” ХХК-иас төмөр замаа шилжүүлэн авснаар төмөр зам тодорхой хэмжээгээр миний мэдэлд ирж, сэтгэл амар суух боломжтой болсон юм. “Тачбин” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн тус төмөр замын бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор 20 км тутамд 5 айл буулган эргүүл харуулын гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл цалин хөлсийг 72:28 хувийн харьцаатай төлж харж хамгаалуулж байгаа бөгөөд орлого ашиг олдоггүй, үргэлж алдагдалтай ажиллаж байгаа юм. Нэгэнт төмөр замын ихэнх хөрөнгийг гаргасны хувьд өмчлөх эрх тэр хэмжээгээр надад оногдож байгаа хэмээн ойлгож энэ хэмжээгээрээ алдагдлаа үүрч явах нь надад ногдсон үүрэг болсон тул 2007 оноос хойш бүх хугацаанд харуул хамгаалалт, сахиулуудыг байршуулж гэрээ хийн өөрийн хувийн хөрөнгөөр цалинжуулж ирсэн. Мөн 1 жилдээ 3-аас доошгүй удаа харуулуудаа эргэж тойрох, гэрээ байгуулах, төмөр замын байр байдлыг шалгах, авах ёстой арга хэмжээнүүдийг зохион байгуулах зэрэгт байнга анхаарч өөрийн “Өмчдөө" ойр ажиллаж ирсэн. Төмөр зам авснаас хойш хавар, намрын тал хээрийн их түймэрт 4 удаа өртөгдөхөд, мөн хулгайд алдагдах бүрт газар дээр нь хууль хяналтынхантай хамтран ажиллаж ирсэн бөгөөд сум орон нутгийн удирдлага, ард иргэд бүгд намайг таньж мэдэх хэмжээнд хүрсэн билээ. Харин Б.Батааг манай 2 зэрэг харуул нэр усны сургаар нь мэдэх болохоос, өөр хэн ч орон нутагт таньж мэддэггүй. Хугацаа өнгөрөх тусам энэхүү төмөр зам нь улам бүр муудаж, хэрэглээнээс хасагдах, түймэрт өртөх, хулгайд өртөх, дэр мод илжрэх болоод өгрөх зэргээр хорогдол маш их болж байсан бөгөөд оруулсан хөрөнгөө аж ахуйн эргэлтэд оруулах үүднээс “банкны барьцаанд тавья, бизнесийн эргэлтэд оруулъя, цаг хугацаа өнгөрөх тутам хаягдал төмөрний үнэ ч хүрэхгүй болж байгааг Б.Батаад нэг бус удаа хэлж ярьж байсан боловч, тодорхой хариу өгдөггүй, төмөр замаа гэж явдаггүй байсан. Иймд оруулсан хөрөнгөө олж авах үүднээс сүүлийн хэдэн жил уйгагүй хөөцөлдсөний үр дүнд тодорхой хэсгийг нь зарж борлуулсан билээ. Гэтэл дээр өгүүлсэн нөхөд Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нар маань ноход болж үндэслэлгүйгээр өөрийн өмчид халдсан мэтээр гомдол гарган намайг Дорнод аймагт эрүүгийн хэрэг үүсгүүлж хэсэг явсан боловч үнэнд гүйцэгдэн тус хэрэг хэрэгсэхгүй болсон. Б.Батаа ч бас эдгээр нөхдийн адилаар илүү харж, билүү долоон “Тачбин” ХХК-ийн 50 хувийн эзэмшлээр далимдуулж иргэн Ж.Чинзориг миний шударга хөдөлмөрийн үр булаахаар санаархаж байгаа нь нэхэмжлэлийн утга санаанд тод харагдаж байна. Төмөр замыг худалдан авахад зориулсан хувь хэмжээ өөр өөр байтал "Тачбин" ХХК-ийн дүрмийн сангийн эзлэх хувь хэмжээтэй хөрөнгө оруулалтыг хольж, түүнээс ашиг олох, аливаа хариуцлагаас мултрах гэсэн хувийн санаархал байна. Компани үүсгэн байгуулагчийн хувьд Б.Батаа нь шүүхийн шийдвэрээр компаниас хасагдах биш хурлын шийдвэрээр зохицуулагдах бөгөөд тус компаний алдагдал эрсдэлийг хамт үүрэлцэж, нөгөөтэйгээр тус компанид оруулсан хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээгээр ашиг хүртэх учиртай. Иймд иргэн Ж.Чинзориг миний бие өөрт ногдох эд хөрөнгөө дараах байдлаар тогтоолгож, баталгаажуулах хүсэлтэй байна. Үүнд: Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг ТӨХ- ноос худалдан авахад иргэн Ж.Чинзориг нь 318,890,000 төгрөгийг оруулсан болохыг тогтоолгох, Оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн төмөр замын 72,5 хувь буюу 67,4 км төмөр замын албан ёсны өмчлөгч нь мөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Ж.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрчилгээ гээд байгаа нь худалдах, худалдан авах гэрээний хавсралт гэрчилгээ ирсэн. 50 хувийг надад гаргаж өгөөч гээд байна. 38 км замыг надад өгчих гэж гуйж байсан хүн. Харин би өгөхгүй гээд хэлж байсан. Шүүхэд хандчихъя гээд би хандах уу? чи хандах уу гээд Б.Батаа шүүхэд хандсан. Энэ хүн 196,000,000 төгрөг гаргасан гээд байгаа боловч худлаа. 318,890,000 төгрөгийг Ж.Чинзориг гаргасан талаар баримт хэрэгт байгаа. Энэ баримтыг би эрүүгийн хэрэг дээр ч нотолсон. Энэ хэрэг дээр ч нотолно. Энэ хүн нэхэмжлэлийн шаардлагаа хувь хүнд гаргаад байгаа юм уу? эсвэл компанид гаргаад байгаа юм уу? мөн өөрөө хувь хүн нэхэмжлэл гаргаад байгаа юм уу? компаний өмнөөс нэхэмжлэл гаргаад байгаа юм уу? ойлгохгүй байна. Худалдах, худалдан авах гэрээ 2007 оны  12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Харин энэ этгээд өөрөө Бүрхээст хайрхан ХХК-ийн хувьцааныхаа 50 хувийг өөр компани руу шилжүүлсэн байхад би өөрөө авч байсан. Нэрийг нь хэлэхгүй Экс гэж хэлэх нэг хүнтэй гэрээ байгуулчихаад компанийнхаа хувьцааг шилжүүлчихсэн байсан. н.Оюунцэцэг гэж хүнээс 300,000,000 төгрөг зээлж байсан. Төрийн өмчийн хорооны дарга н.Сугар нарт 300,000,000 төгрөг төлсөн гэж хэлж байсан. Тэр үед надад энэ хүмүүст би залилах юм байна гэж сэтгэгдэл төрүүлсэн. Би өөрийн офиссоо худалдаад Төрийн өмчийн хороонд мөнгө шилжүүлж байсан. Б.Батаа тэр үед мөнгөгүй байсан. “Ирмүүн” ХХК орлого зарлага ихтэй компани байсан учраас тусдаа компани дээр төмөр замыг авсан дээр гээд санал хэлээд, Ц.Эрдэнээ авчих  юм бол Ц.Эрдэнээ чи бид хоёрыг зайлуулчихнаа гээд 2006 оны 6 дугаар сарын 25-ны өдөр “Бүрхээст хайрхан” гэдэг компани дээр авна гэдэг шийдвэрийг би гаргасан. Гэтэл энэ хүн 2007 оны 6 дугаар сард хувьцаагаа бусдад шилжүүлсэн байсан. Шилжүүлэх прецессийг Ц.Эрдэнээ сайн мэдэж байсан. Шилжих явцад 318,890,000 төгрөгийг гаргасан гэдгийг Г.Баянмөнх, Ц.Эрдэнээ, Б.Батаа ч мэддэг. Обектийг хэн хүлээж авсан бэ гэхээр Б.Батаа, Ц.Эрдэнээ хоёр хүлээж авч байсан. Надаас 500,000 төгрөг аваад явж байсан баримт нь ч байгаа. Би өөрөө ууц нуруу өвчтэй байсан учраас тухайн үед газар дээр нь очиж үзэж байсан. Ц.Эрдэнээгийн машинаар явж байсан нь үнэн. Ц.Эрдэнээ надаас 1,000,000 төгрөг авч байсан нь үнэн буцааж өгөх ёстой байсан ч өгөөгүй. Эргэж тойрох талаар бид ярилцаагүй. Эргэж тойроход нь 40 гаран сая төгрөгөөр би эргэсэн байдаг. Буудалд бууна, хөдөө хононо гээд зардал их гардаг. Харуулуудтай хийсэн гэрээг эд нар анх хийсэн ч би сүүлд нь гэрээг шинэчилж хийсэн. 51,000,000 төгрөгийн цалин олгогдохоос би 31,000,000 төгрөгийг, Б.Батаа 15,000,000 төгрөг, Б.Баянмөнх 7,000,000 төгрөг гаргасан байдаг. Тэгэхээр би ихэнх мөнгийг төлдөг байсан. Объект авахад бол хэн мөнгө гаргасан юм. Б.Батаад мөнгө байсан юм уу үгүй юм уу гэдгийг мэдэх ёстой. Миний оруулсан 72.5 хувь буюу 67.4 км зам нь “Тачбин” компани буюу Ж.Чинзоригийн өмч юм гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнэ шүүхэд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.Батаа, хариуцагч гэх Ж.Чинзориг нарыг би олон жилийн өмнөөс мэдэх ба энэ хүмүүстэй хамтран ажил төрөл явуулж байсан үе надад бий. Харин өнөөдөр энэ хоёр этгээд нь иргэн миний худалдан авсан төмөр замын байгууламж буюу МУ-ын Дорнод аймаг дахь “Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км урт төмөр замыг залилан мэхлэх аргаар өөрсдийн өмчлөл эзэмшилд авсан бөгөөд хүний ёсноос гажууд ичгүүр сонжуургүйгээр танай шүүхэд иргэн миний өмчийг хоорондоо булаацалдан хэрүүл маргаан үүсгэж яваад нь би үнэхээр харамсаад барахгүй байна. Болсон хэрэг явдлын талаар товч дурдвал 2006 оны 9 сарын 11-ний өдөр миний бие нь “Бүрхээст хайрхан“ ХХК-ийг байгуулсны үндсэн дээр тэр үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр дээрх төмөр замыг 440,000,000 төгрөгөөр худалдан авч, улмаар “Өмчлөх эрхийн гэрчилгээ”-г авч байсан юм. Тухайн үед уг “Бүрхээст хайрхан” ХХК-ийг би үүсгэн байгуулахдаа өөрийн танил буюу одоо танай шүүхэд нэхэмжлэгчээр оролцож байгаа Б.Батаа гэх хүнийг захирлаар тавьж байсан. Би энэ хүнд ямар их итгэл найдвар хүлээлгэж байсан нь эндээс тод харагдана гэж бодож байна. Харин өнөөдөр эргээд энэхүү Б.Батаа гэгч этгээдэд мэхлүүлж хууртагдана гэдгээ тухайн үед огтхон ч төсөөлж чадаагүй билээ. Дээр хэлсэнчлэн уг 93 км төмөр замыг худалдан авахад надад 440,000,000 төгрөг шаардлагатай байсан тул 240,000,000 төгрөгийг нь одоо энэ хэргийн хариуцагч Ж.Чинзориг гэдэг хүнээс тухайн үед би зээлэн авч байсан. Харин үлдэгдэл буюу 240,000,000 төгрөгийг нь би хувиасаа гаргаж байсан гэдгээ энд зориуд дурьдах нь зүйтэй. Нэгэнт Ж.Чинзоригоос 240,000,000 төгрөгийг зээлсэн учраас тэрээр мөнгөө надаас байнга нэхэж байсан тул энэ мөнгийг нь буцааж өгөхийн тулд би өөрийн хувьчилж авсан дээрх 93 км төмөр замаа бусдад худалдан борлуулах шаардлагатай болсон. Тиймээс 2007 оны 9 сарын 21-ний  өдөр “Уулзалтын тэмдэглэл“ гэсэн баримт бичгийг бид өөрсдийн гараар бааталгаажуулж байсан. Бид гэдэгт Б.Батаа, Ж.Чинзориг, Г.Баянмөнх иргэн Ц.Эрдэнэ миний бие орж байсан бөгөөд бид дөрөв дээрх бичиг баримт үйлдээд, өөрсдийн гарын үсгээ зурж баталгаажуулсан. Энэ баримт бичигт дурьдсанаар тухайн төмөр замыг буюу 93 км төмөр зам зөвхөн Ц.Эрдэнэ миний бие худалдан борлуулах эрхтэй гэсэн заалтыг оруулж өгсөн бөгөөд энэ нь уг төмөр зам нь бүхэлдээ иргэн миний хувийн өмч байсан гэдгийг бусад гурван этгээд хүлээн зөвшөөрч, тодорхойлсон албан ёсны баримт бичиг болсон. Өөрөөр хэлбэл Мардайн чиглэлийн дээрх 93 км төмөр замыг хувьчилж авах асуудлыг би ганцаараа бүтэн 4 жил хөөцөлдөж байж, эцэст нь хувьдаа буюу өөрийн үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан “ХХК-ийн нэр дээр хувьчлан авч чадсан билээ. Дээрх “Уулзалтын тэмдэглэл” хэмээх баримт бичиг үйлдэхэд оролцсон Г.Баянмөнх гэдэг хүн бол бас л миний танил бөгөөд тухайн үед “ Бүрхээст хайрхан” ХХК-ийн менежер гэдэг албан тушаалд байсан. 2006 оны 09 сарын 11-ний өдрөөс хойш буюу дээрх төмөр замыг хувьчилж авсны дараа 2006 оны 12 сарын 22-ны өдөр Төрийн өмчийн хороо нь хувьчилж буй 92 км төмөр замаа “Бүрхээст хайрхан” ХХК-ийн захирал Б.Батаа, менежер Г.Баянмөнх нарын хүмүүст хүлээлгэн өгч, “Төмөр зам хүлээлцсэн тухай акт” гэсэн бичгийг үйлдэж байсан. Ийнхүү төмөр замыг хувьчлан авсны дараа надад мөнгө зээлдүүлсэн Ж.Чинзориг гэгч нь Б.Батаатай үгсэн хуйвалдаж, уг төмөр замыг өөрсдийн өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авах луйварыг зохиосон юм. Энэ нь ямар луйврын арга вэ гэвэл Ж.Чинзориг нь “Тачбин” гэдэг нэртэй хуурамч ХХК байгуулж, улмаар уг хуурамч компани руугаа иргэн Ц.Эрдэнэ миний үүсгэн байгуулсан “Бүрхээст хайрхан “ХХК-ийн бүх өмч хөрөнгийг хэнд ч мэдэгдэлгүйгээр нууцаар, хууль бусаар шилжүүлсэн билээ. Чинзоригийн энэхүү аймшигтай залилан мэхлэх үйлдлийг би тухайн үед огт мэдээгүй бөгөөд сүүлд мэдсэн даруйдаа Цагдаагийн байгууллагад хандсан. Анх Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт би өргөдөл гаргасан ба тухайн аймаг руу өөрийн өмгөөлөгч Б.Цолмон гэдэг хүнийг дагуулан очиж байсан. Улмаар уг газар нь Ж.Чинзоригт МУ-ын ЭХ-ийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба хэргийн дугаар нь 201511000289 бүхий байсан. Харин Ж.Чинзориг гэгч нь уг хэргийг УБ хотын БГД-ийн ЦХ-рүү татуулж, улмаар БГД-ийн ПГ-аас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс хохирогч Ц.Эрдэнэ миний бие нь өөрийн өмгөөлөгч Б.Цолмонгийн хамт хуульд заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдол гаргаж байсан ба хамгийн сүүлд бид УЕП-ын туслах, ХБМБАХТХ-ийн дарга Е.Сагсай гэдэг хүнд гомдлоо гаргасан юм. Энэхүү гомдлын хариуг одоогоос 3 хоногийн өмнө буюу 2006 оны 5 сарын 16-ны өдөр авсан ба уг хариуг мөн шүүхэд нотлох баримт болгон гарган өгч байна. Уг гомдолд дурдсанаар бол Ж.Чинзоригт холбогдох 201511000289 дугаар бүхий, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг хянаад, улмаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож , хэрэгт хийгдэх ажиллагааны талаар прокурорын даалгавар бичиж , хэргийг БГД-ийн прокурорын газарт хүргүүлсэн болохыг дурдсан байна. Нэгэнт уг эрүүгийн хэрэг өнөөдөр сэргээгдсэн тул тухайн үед буюу 2015 оны 06 сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газрын ХБМБТ-ийн мөрдөн байцаагч Н.Энхсайхан гэдэг хүний гаргаж байсан “Эд хөрөнгө битүүмжлэх " тогтоол”-ын хуулбарыг шүүхэд нотлох баримт болгон гарган өгч байна. Уг тогтоолоор өнөөдөр танай иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгч Б.Батаа, хариуцагч Ж.Чинзориг нарын хоорондоо булаацалдаад байгаа 93 км төмөр замын зарим хэсгийг буюу 630 ширхэг зам төмөр замыг битүүмжилж байсан юм. Болсон хэрэг явдлын хувьд товчхондоо энэ бөгөөд өнөөдөр иргэн миний бие тус арван тэрбум төгрөгний үнэ бүхий дээрх 93 км төмөр замаа Б.Батаа, Ж.Чинзориг гэсэн зальт этгээдүүдэд алдчихаад байна гэдгээ эрхэм хүндэт Шүүгч таньд хэлмээр байна. Миний өмгөөлөгч Б.Цолмонгийн зөвлөснөөр МУ-ын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалт гэсэн ойлголтын хуульчилсан гэх ба 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна. Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх арбитр хуулиар тогтоосон аргаар хэрэгжүүлнэ гэж хуульчилсан байдгийг надад хэлж өгсөн. Иргэн Ц.Эрдэнэ миний зүгээс шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. “Бүрхээст хайрхан” ХХК нь иргэн Ц.Эрдэнэ миний 100 хувийн өмчийн компани мөн болохыг тогтоолгох, “Тачбин” ХХК гэх компани руу “Бүрхээст хайрхан“ ХХК-ийн бүх өмч хөрөнгө шилжүүлсэн гэх хуурамч баримт бичиг буюу гэрээг хүчингүй болгуулна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батаад тайлбар хэлэхэд миний хувьд энэ хоёртой өмчийн маргаан хийгээд байгаа юм биш. Би өмчлөх эрхээ хамгаалуулахаар яриад байгаа юм. 2002 онд 114 км зам байсан. 2003 онд МАН-ын засаг захиргаа байх үеэс хөөцөлдөж эхэлсэн. Ж.Чинзориг ганцаараа компаниа  байгуулсан гэж байна. Бид анх миний машин дотор суугаад компани байгуулах талаар ярилцаж байсан. Хүн өмчтэй болж болно, хөрөнгөтэй болж болно. Энэ бизнесийн санааг надаас гаргуулж байсан. Ж.Чинзоригт хэлэхэд би ингэж худлаа хэлээд байгаа юм уу?. бид протокол үйлдсэн. Хэдүүлээ мөнгийг нь хуваагаад төлье гэсэн. Би 230,000,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөс хэн хэдийг авсан юм бэ? үлдсэнийг нь яасан юм бэ? нөхрийгөө та нар битгий булшил. Би худлаа хэлэхгүй. Хоёр дахь мөнгийг Г.Батхуягаас авсан. Бид хоорондоо хөрөнгө оруулна гээд ярилцсан протокол үйлдэж гарын үсэг зурсан. Ц.Эрдэнээ гэж байхгүй бодчихож байгаа юм байна. Би хүнээс луйвар хийдэггүй. н.Энхболд, н.Норовоо чи бид дөрөв Ганзам зочид буудалд байж байхдаа би 4,000,000 төгрөг өгч байсан. Компаний хуурамч гэрээгээр хүний юмыг луйвардаж болдог юм байна. Хуулийн байгууллагынхан шударгаар шүүх байх. Энэ бизнесийг Б.Батаа мэдэхгүй Ж.Чинзориг мэдэхгүй байхад Г.Баянмөнх бид хоёр санаачилсан. Би шүүх бүрэлдэхүүнд хандаж хэлэхэд хувьцаа авахын талд чадах бүхнээ хийнэ гэж хэлмээр байна. Г.Баянмөнх бид хоёрыг түлхэж байна. Энэ хөрөнгөө хэнд ч өгөхгүй хамгаална. “Бүрхээст хайрхан” ХХК нь Ц.Эрдэнийн 100 хувийн өмчлөлийн компани болохыг тогтоолгож, “Тачбин ХХК” руу “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хөрөнгө Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Батаа нь хариуцагч “Тачбин” ХХК, Ж.Чинзориг нарт холбогдуулан Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 46,5 км төмөр замыг 00460 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасалт хийж, Б.Батаагийн өмчлөлд шилжүүлэхийг Ж.Чинзориг, “Тачбин” ХХК-д даалгах тухай нэхэмжлэл,

Хариуцагч Ж.Чинзориг нь нэхэмжлэгч Б.Батаад холбогдуулан Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг Төрийн өмчийн хорооноос худалдан авахад иргэн Ж.Чинзориг нь 318,890,000 төгрөг оруулсан болохыг тогтоолгох, оруулсан хөрөнгийн хэмжээгээр төмөр замын 72.5 хувь буюу 67,4 км төмөр замын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнэ нь “Бүрхээст хайрхан” ХХК нь Ц.Эрдэнийн 100 хувийн өмчлөлийн компани болохыг тогтоолгож, “Тачбин ХХК” руу “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хөрөнгө Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай бие даасан шаардлагыг гаргасан байна.

           

Шүүх нэхэмжлэгч Б.Батаагийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Батаа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн өмчийн хорооноос хувьчилсан Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр зам /цаашид “төмөр зам” гэх/-ыг худалдаж авахад урьдчилгаа 44,000,000 төрөг төлж, төмөр зам худалдан авахад 196,000,000 төгрөг оруулсан. Хариуцагч Ж.Чинзоригтой хамтран “Тачбин” ХХК-ийг байгуулж, компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон тул төмөр замын 50 өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Ж.Чинзориг 93 км төмөр замаас зарж 46,5 км төмөр зам газар дээр үлдсэн тул төмөр замын 00460 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасалт хийж, Б.Батаагийн өмчлөлд шилжүүлэхийг “Тачбин” ХХК-д даалгах” гэж, хариуцагч Ж.Чинзориг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Б.Батаа төмөр зам худалдаж авахад 121,000,000 төгрөг оруулсан, үлдэх 318,980,000 төгрөгийг би оруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 476.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заасан байх бөгөөд талууд ашиг олох зорилгоор маргаан бүхий төмөр замыг худалдан авч, худалдахаар харилцан тохиролцсоноор тэдний хооронд Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв. 

 

Зохигч төмөр замыг Б.Батаа, Ж.Чинзориг, Ц.Эрдэнэ, Г.Баянмөнх нар харилцан тохиролцож “Бүрхээст хайрхан” ХХК-ийн нэр дээр худалдан авч, худалдаж борлуулсан ашгаа хувааж авахаар тохиролцсон тухайд маргаагүй боловч, оруулсан хөрөнгө, үйлчилгээ буюу хураамж, ногдох хувь хэмжээний талаар маргаж байна.

 

2006 оны 09 сарын 11-ний өдөр “Бүрхээст хайрхан” ХХК нь Төрийн өмчийн хороотой байгуулсан 373 дугаартай худалдах худалдан авах гэрээний дагуу Дорнод аймгийн Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг 440,000,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөгч болсон байна. /хх-ийн 7, 10-13 дугаар тал/

 

Иргэний хуулийн 477.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна”, 477.4-т “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна.” гэж тус тус заасан тул төмөр зам нь зохигчдын дундаа өмчлөх хөрөнгө болно.

 

Нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээнээс гарахаас бусад тохиолдолд хэлцлээр тохирсон хувь хэмжээний ашиг шаардах эрхтэй. Харин гэрээнээс гарах бол үлдэх этгээд гэрээг үргэлжлүүлэх, гэрээ дуусгавар болох асуудлыг тохиролцсоноор гэрээг үргэлжлүүлэх бол гэрээнээс гарч байгаа этгээдэд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр олгоно. Гэрээ дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол үлдэх хөрөнгийн жагсаалт гаргаж хувиарлана.

 

Гэвч нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон эсэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Батаагаас хариуцагч “Тачбин” ХХК, Ж.Чинзориг нарт холбогдуулан гаргасан Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 46,5 км төмөр замыг 00460 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасалт хийж, Б.Батаагийн өмчлөлд шилжүүлэхийг “Тачбин” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч Ж.Чинзориг нь Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг Төрийн өмчийн хорооноос худалдан авахад 318,890,000 төгрөгийг оруулсан болохыг тогтоолгох, оруулсан хөрөнгийн хэмжээгээр төмөр замын 72.5 хувь буюу 67,4 км төмөр замын өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч сөрөг шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  татгалзал, тайлбар гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Учир нь нэхэмжлэлийн шаардлага, сөрөг шаардлага, маргаж буй маргааны зүйл нь хамтран ажиллах гэрээнээс өөрт ногдох хувийг гаргуулах агуулгатай байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу хамтруулан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж хүлээн авахаас татгалзав.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын тухайд “Бүрхээст хайрхан” ХХК нь Ц.Эрдэнийн 100 хувийн өмчлөлийн компани болохыг тогтоолгож, “Тачбин ХХК” руу “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хөрөнгө Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан.

 

Тус хэргийн маргааны зүйл нь хамтын гэрээний дагуу өөрт ногдох хэсгийг тогтоолгох, бие даасан шаардлага нь Б.Батаа, Ж.Чинзориг нарын байгуулсан гэрээг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Бүрхээст хайрхан” ХХК нь Ц.Эрдэнийн 100 хувийн өмчлөлийн компани болохыг тогтоолгоно гэсэн нь үндсэн нэхэмжлэлтэй нэг дор шийдвэрлэх маргааны зүйл,  шаардлагад хамаарахгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэх үндэслэлгүй байх тул хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 140,400 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 479 дүгээр зүйлийн 479.3-д зааснаар хариуцагч Ж.Чинзориг, “Тачбин” ХХК холбогдох Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 46,5 км төмөр замын 00460 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнээс хасалт хийж, Б.Батаагийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг Төрийн өмчийн хорооноос худалдан авахад иргэн Ж.Чинзориг нь 318,890,000 төгрөгийг оруулсан болохыг тогтоолгох, оруулсан хөрөнгийн хэмжээгээр төмөр замын 72.5 хувь буюу 67,4 км төмөр замын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай хариуцагч Ж.Чинзоригийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнийн гаргасан “Бүрхээст хайрхан” ХХК нь Ц.Эрдэнийн 100 хувийн өмчлөлийн компани болохыг тогтоолгож, “Тачбин ХХК” руу “Бүрхээст хайрхан” ХХК-ийн хөрөнгө Чингисийн далан өртөөнөөс Мардай хүртэлх 93 км төмөр замыг шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг тус хэрэгт хамтруулан шийдвэрлээгүй болохыг дурдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Батаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Чинзоригоос төлсөн 140,400, төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Эрдэнээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж буцаан олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР