Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 041

 

            Баян-Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ө сумын 9 дүгээр багийн оршин суугч С нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаан даргалагчид  холбогдох,

            “Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гүлнар, гуравдагч этгээд Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өоос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ө нь 2016 оны багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгуулийн үр дүнгээр иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдож, одоо хүртэл ажиллаж байгаа бөгөөд өрсөлдөж нэр дэвшигч Х зөвшөөрөлгүй шүүхэд гомдол гаргасны үндсэн дээр Улсын дээд шүүхийн тогтоолоор дахин сонгууль явагдахаар болж улмаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сонгууль явагдсан юм. Харин тус сонгууль маш шударга бус байдалтай явагдаж хурлыг даргалсан дарга болон сонгуулийг зохион байгуулсан ажлын хэсэг хуулийн дагуу явуулж чадаагүй байдлын улмаас миний эрх ашиг зөрчигдөж байна. Сонгуулийн үед дараах зөрчил гарсан болно. Үүнд:

  1. 2017 оны Ө сумын сонгогчдын нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж аваагүй ба 2016 оны нэрсийн жагсаалтын дагуу сонгогчдыг сонгуульд оруулсан.
  2. Ө сумын 9 дүгээр багийн иргэн А.Жансерик, А.Алтынбек нарын сонгууль өгөх эрхийг хязгаарлаж, Ө сумын сонгуулийн комиссын дарга Х.Асет нь зориуд санаатай сонгуульд оруулахгүйгээр сонгуульд санал өгөх эрхийг хязгаарласан. Үүнийг багийн Засаг дарга А.Жанат болон тухайн иргэд биечлэн гэрчлэх болно.
  3. Сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь байгаа мөртөө иргэний цахим үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхтэй ирсэн сонгогчдыг сонгуульд оруулаагүй.
  4. Нэр дэвшигчдийн нэрсийг санал авах хуудсанд үсгийн дарааллаар бичээгүй бөгөөд Ө миний нэрийг хүснэгтийн 2 дугаарт бичиж эхэнд нь Хгийн нэрийг бичсэнээр үсгийн дараалал алдагдсан болно.
  5. Мөн хуралдаан даргалагч А.Хурметхан нь тооллогын комиссын хууль ёсны тогтоол гараагүй байхад Хурлын даргын томилсон тогтоол гаргасан.
  6. Мөн санал өгсөн хүмүүсийн саналын хуудсанд санал тоолох явцад хүчинтэй хуудсыг буруу тоолж хүчингүйд тооцсон сонгогчдын эрхийг зөрчсөн хэдэн хүн санал өгсөн талаар тэмдэглэлд тусгаагүй зэрэг сонгуулийн хуулийн ноцтой зөрчил гаргасан болно.

Иймд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот хууль бус тогтоолыг хүчингүй болгож шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаан даргалагч А.Хурметхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

2017 оны Ө сумын сонгогчдын нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж аваагүй ба 2016 оны хуучин нэрсийн жагсаалтын дагуу сонгогчдыг оруулсан гэж нэхэмжлэлд дурдсан байна. Баян-Ө аймгийн Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийг 6 дугаарт 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны хүртэл шилжиж ирсэн жагсаалтаар орно гэж багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгохоос өмнө хуралдсан хуралдаанаар багийн иргэдэд би уншин танилцуулж батлуулсан юм.

Өмнөх сонгуулиудын нэрсийн жагсаалтаар сонгууль шударга явагдсан гэж үзэж байна. Энд ямар ч маргаан байхгүй гэж үзэж байна.

Ө сумын 9 дүгээр багийн сонгогчдоос 2016 оны нэрсийн жагсаалт болон 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл шилжиж ирсэн жагсаалтад нэр нь байхгүй сонгогчдыг санал хураалтад оруулах юм бол хуралдаан даргалагч миний бие мөн  9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг дахин сонгох ажлыг Ө сумаас томилогдсон комиссын дарга Х.Асет хоёулаа буруутгагдах учраас бид хуралдааны дэгийг баримталж нэр нь байхгүй тул оруулаагүй үнэнч шударга ажилласан юм.

Нэхэмжлэгч Өын нэхэмжлэлд хоёр сонгогчийг Х.Асет зориуд санаатай сонгуульд оруулаагүй гэж бичсэн нь ямар ч үндэслэлгүй болно.

Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг дахин сонгох талаар орон нутгийн радио өргөн нэвтрүүлгийн цагаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр болон 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2 өдөр дараалан зарлал өгүүлэхэд сонгуульд зөвхөн цахим үнэмлэхтэй ирж санал өгөх болно гэж тодорхой зарлуулсан ба мөн дэг дээр бичсэн болно.

Уг сонгууль явагдах үеэр сонгуулийн комиссын ахлагч Х.Асет бид хоёр нэр дэвшигч нарын ажиглагчдын хамт сууж байхад зарим нэгэн сонгогчид иргэний цахим үнэмлэхгүй ирэхээр нь бид хоёр хоёулаа иргэний цахим үнэмлэхтэй эсвэл одоо хүчин төгөлдөр иргэний цахим үнэмлэхийн лавлагаа авч ирж санал өгөхийг хэлэхэд нь эдгээр сонгогчид зөвөөр ойлгож иргэний цахим үнэмлэхээ зарим нь лавлагаа авч ирж санал өгч байсан. Нэр дэвшигч Ө хүртэл өөрөө цахим үнэмлэхгүй ирэхээр бид санал хураалтад оруулаагүй тул очиж иргэний үнэмлэхээ авчирч санал өгсөн юм.

Нэр дэвшигч нарын нэрсийг саналын хуудсанд үсгийн дарааллаар бичээрэй гэж хэлж байсан. Гэтэл казах цагаан толгойд “Х” үсэг 15 дугаарт, “С” үсэг 24 дүгээрт байсныг үндэслэн бичсэн гэж үзэж байгаа. Өын ажиглагч мэдэж байсан бол тухайн үед яагаад хэлж засуулан залруулаагүй юм бэ, хэний төлөө санал өгөх нь сонгогч бүрийн эрх бөгөөд саналын хуудсанд нэр дэвшигчийн нэр нь үсгийн дарааллаар бичигдсэн бичигдээгүй нь гол асуудал биш сонгогч нар нэр дэвшигчдийн нэрийг нь үзэж саналаа өгдөг болохоос дарааллыг нь харгалзаад санал өгнө гэдийг би мэдэхгүй юм. Энэ бас үндэслэлгүй юм.

Ө нь эхлээд тооллогын комисс байгуулагдсан уу, хууль ёсны тогтоол гаргасан уу гэдгийг ойлгож мэдээд бичих хэрэгтэй байсан юм. Тухайн үеийн тооллогын явцыг протоколд нэр бүрчлэн тусгасан тул хангалттай гэж үзсэн.

Сонгуулийн комиссын ахлагч болон гишүүд 2 нэр дэвшигчийн ажиглагч нар бүгд хэвлэгдсэн саналын хуудас, нэрсийн жагсаалтад нэр бүхий санал өгсөн сонгогчийн тоо, санал өгсөн сонгогч нарын дугаар бүхий талон бүгдийг нь тоолж үзэхэд ямар ч зөрүү гараагүй байгаа. Нийт хэвлэгдсэн саналын хуудас 644, нэрсийн жагсаалтаар санал өгсөн хүний тоо 644, сонгогч нарын санал өгсөн дугаарын талон 644, 1,2 дугаар хайрцгаас гарсан саналын хуудас 644 байх ба бүгд таарч тохирч байгаа юм.

Санал хураалт явагдаж дууссаны дараа санал авсан хайрцгийн битүүмжлэлийг задлахаас өмнө сонгуулийн комиссын ахлагч Х.Асет нь ямар тэмдэглэл үйлдсэн саналын хуудсыг хүчингүй мөн хүчинтэйд тооцох талаар комиссын гишүүд болон ажиглагч нараас саналыг нь асуухад саналын хуудсанд нэр бүхий 2 нэр дэвшигчийн нэрийн өмнөх зөвхөн 1 гэсэн тоог дугуйлбал хүчинтэйд тооцох болно, хэрэв 1 гэсэн тооноос өөр газар ямар нэгэн цэг, нэрийн сүүлийн хэсэгт ямар нэгэн тэмдэглэл хийвэл хүчингүйд тооцох болно гэж санал хураагаад энэ талаар хурлын тэмдэглэлд тодорхой бичиж тэмдэглэсэн болно.

Санал хураалт дараах байдалтай болсон. Үүнд Х 312 санал, Ө 299 санал, хүчингүй саналын хуудас 33 нийт 644 саналын хуудас гарсан.

Сонгуулийн комиссын зарим гишүүд хүчингүй саналын хуудсыг хүчинтэйд тооцох санал гаргаж 2 цаг гаруй маргалдсан юм. Хайрцаг задлахаас өмнө хэлэлцсэн болохоор уг саналыг дахин өөрчлөхгүй, үнэн зөвөөр хууль дүрэм дэгийн дагуу шийдвэрлэсэн нь зөв гэдгийг би тухайн үед хэлсэн юм. Ингээд сонгуулийн ажлын комиссын ахлагч Х.Асет өөрсдөө саналын хуудсыг тоолохоос өмнө хэлэлцэн зөвшөөрсний дагуу байя, хүчингүй саналын хүчинтэйд тооцох ямар ч хууль байхгүй маргалдаад хэрэггүй гэж хэлсэн. Х нь 12 хүний саналаар давуу ялалт байгуулж бүх юм хуулийн хүрээнд явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн шаардаж байгаа зүйлүүд нь ямар ч үндэслэлгүй. Ингээд сонгуулийн ажлын комиссын гишүүд, ажиглагч нар бүгд хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 дугаар бүхий тогтоол гаргаж хамгийн олонхийн санал авсан Хиса овогтой Хазимаг багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсонд тооцож гарын үсэг зурсан ба тус хуралдааны нарийн бичгийн дарга Х.Гүлнар мөн гарын үсэг зурсан бөгөөд тус 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын тамгыг дарж баталгаажуулсан юм. Сонгуулийн тооллогын комиссын хууль ёсны тогтоолыг мэдэхгүй. Сонгуулийн ажлын хэсгийн гишүүд болон ажиглагч нарын гарын үсэг зурж баталгаажуулсныг үндэслэн тухайн өдөр 01 дүгээр тогтоол гаргасан болно.

Ингээд нийтдээ 33 саналын хуудсыг хүчингүй болж ялсныг хуралдааныг даргалагч миний бие, хурлын нарийн бичгийн дарга Х.Гүлнар, сонгуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Асет, гишүүд О.Емшибай, Т.Сатыпалды, М.Онгар, А.Күлиза, С.Сырлыбек, Е.Рина, Ц.Одгэрэл, Х.Даукен, Ж.Айболат, нэр дэвшигч Хгийн ажиглагч Б.Ергенбек, нэр дэвшигч Өын ажиглагч Т.Хавджалел нар бүгд зөвшөөрч гарын үсэг зурсан юм.

Хуралдааныг даргалагчийн хувьд миний бие хурлын дэгийн дагуу бүгдээрээ ямар саналын хуудсыг хүчингүйд тооцох талаар нэгэнт зөвшөөрч баталсан болохоор үүнийг дахин өөрчлөх боломжгүй гэдгийг хэлсэн юм.

Баян-Ө аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 110/ШШ2017/0032 дугаар бүхий шийдвэрээр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 23 дугаар зүйлийн 23.5, 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай” 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, багийн хурлын даргыг сонгох хуралдааныг товлон зарлаж хуралдуулахыг тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааныг даргалагч бөгөөд 2012 онд сонгогдсон Хурлын дарга А.Хурметхан надад даалгаж байсан юм.

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдсан хуралдаан болон Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай 01 дүгээр тогтоол ямар нэгэн маргаан зөрчилгүй хууль дүрэм дэгийн дагуу гарсан тул нэхэмжлэгч Өын Баян-Ө аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хянаж үзээд Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоол хүчин төгөлдөр болсон тухай шийдвэрлэж өгөхийг хүсэж тайлбарлаж байна.

Баян-Ө аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх Өын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон тогтоолыг 2017 оны 04 дүгээр сард хүчингүй болгож нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэсэн билээ. Ө нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2018 оны 01 дүгээр сар хүртэл Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын урамшууллын мөнгийг бүрэн бүтэн авч байсан. Гэтэл 2017 оны 04 дүгээр сард Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар уг урамшууллын мөнгийг Ө бус А.Хурметхан би авах ёстой байсан юм. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг дахин сонгох сонгууль ямар ч маргаан зөрчилгүй явагдсаар байтал нэхэмжлэгч Ө нь 6 төрлийн үндэслэлгүй шаардлага гаргасанд би туйлын их харамсаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гүлнар шүүх хуралдаанд  тайлбарлахдаа:

 Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Өын нэхэмжлэлийн дагуу шүүхэд бичгээр тайлбараа хүргүүлсэн байгаа. Өөр нэмж, тодруулж ярих зүйл байхгүй, тайлбар дээр бүх зүйлийг тодорхой тусгасан байгаа гэв.

Гуравдагч этгээд Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг даргалагч А.Хурметхан нь хуралдааны дэг батлахад дэгийн 6-т 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл шилжин ирсэн жагсаалтаар орно гэж дэг дээр тодорхой тусгаж баталсан ба өмнөх бүх сонгуулиудад уг жагсаалтаар явагдаж ирсэн болно. Ямар ч маргаан гараагүй нэмэлт жагсаалт давхар хөтөлсөн тул энд ямар ч зөрчил байхгүй.

Ө сумын 9 дүгээр багийн сонгогчид 2016 оны 11 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл шилжиж ирсэн жагсаалтад нэр нь байхгүй сонгогчдын санал хураалтад оруулахгүй гэж мөн дэг дээр тодорхой тусгасан байгаа. Иргэн А.Жансерик, А.Алтынбек нарын нэр уг жагсаалтад байгаагүй тул комиссын дарга Х.Асет нь учир байдлаа хэлж сонгуульд оруулаагүй ба үүнийг зориуд санаатай гэж нэхэмжлэлд дурдсаныг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.Хариуцагч болон комиссын дарга хэрэв эдгээр иргэдийг оруулсан тохиолдолд буруутгагдах учраас тэд хуулийн дагуу шударга ажилласан нь харагдаж байна.

Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох дахин сонгуулийн зарыг радиогоор 2 өдөр дараалан зарлаж иргэд зөвхөн иргэний үнэмлэхтэй ирж, сонгуульд оролцоно гэж анхааруулсан мөн хурлын дэг батлахад мөн л цахим үнэмлэхтэй иргэн сонгуульд орно гэж тэмдэглэлд тодорхой тусгасан тул энэ мөн үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Дэг баримтлахгүй юм бол дэг батлаад хэрэг байна уу.

Нэр дэвшигчийг саналын хуудсанд үсгийн дарааллаар бичээгүй гэхэд комиссын гишүүд болон саналын хуудсыг хэвлэгч нь “Х” үсэг 15 дугаарт, “С” үсэг 24 дүгээрт байна гэж бичсэн байна лээ. Хэний төлөө санал өгөхийг дарааллаас болж андуурна гэж үгүй нэрийг уншиж өгөхөөс нэг, хоёрт бичих нь гол биш. Учир нь аль аль нэр дэвшигчийн нэрийн өмнө “1” гэж бичсэн учир дараалал гэсэн ойлголт энд байхгүй. Хоёулаа “1” гэсэн дугаарт бичигдсэн тул ямар ч үндэслэлгүй шалтаг гэж үзэж байна. Өмнөх сонгуульд бодит маргаан байсан тул би шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Ө ялагдсан тул намайг занаж зориуд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаад байна гэж хувьдаа бодож байна.

Сонгуулийн комиссын дарга Х.Асет албан ёсны тооллогын комисст ажилласан бүх хүмүүс зэрэг тоолж тоолох болгонд нарийн бичиг Х.Гүлнар нь хурлын тэмдэглэлд тодорхой тоог бичиж байсан ба талоныг багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч Х.Өкейхан хурааж авч байсан нь хэвлэгдсэн хуудас 644, санал өгсөн хүний тоо 644, санал өгсөн хуудас 644 болж таарсан. Энэ талаар ямар ч маргаан будилаан байхгүйг гэрчилж комисст ажилласан бүх хүмүүс хүлээн зөвшөөрч хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурсныг үндэслэн хуралдаан даргалагч А.Хурметхан нь хуулийн дагуу олонхийн санал авч 13 хүний саналаар илүү гарсан намайг томилсон тогтоол гаргасан нь ямар ч хууль зөрчөөгүй шударга, ард түмний сонголтыг хүндэтгэсэн явдал гэж үзэж байна.

Нэр дэвшигчийг зөвхөн өмнөх “1” гэсэн тоог дугуйлна, бусад тохиолдолд хүчингүйд тооцно гээд дэг дээр тусгаж хурлын тэмдэглэлд тодорхой бичсэн мөн саналын хуудсанд мөн адил нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлна уу гэж заасан байгаа. Комиссын гишүүд хууль зөрчих ёсгүй дэгийг баримтлан Ө болон миний нэрийн өмнөх үсэг овгийн үсэг мөн хойно тэмдэглэгээ хийсэн саналын хуудсыг хүчингүйд тооцсон нь маш зөв шударга ажилласан гэж үзэж байна. Зарим комиссын гишүүд хоёулангийн хүчингүй хуудсыг нэмье гэж санал болгоход хурлын тэмдэглэлээр тодорхой бичсэн байгаа гэж хуралдаан даргалагч А.Хурметхан болон комиссын дарга Х.Асет нар зөвшөөрөөгүй, тэд дэг буюу хууль баримталж ажилласан байна гэж үзэж байгаа.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөр нэмж, тодруулж ярих зүйл байхгүй, тайлбар дээр бүх зүйлийг тодорхой тусгасан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өоос Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан “Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс  хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, дүгнээд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Баян-Ө аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 110/ШШ2017/0032 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн[1] дагуу Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын  даргыг сонгох хуралдаан нь  2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, иргэдэд хуралдааны дэгийг[2] танилцуулж, баталсны  дараа санал хураалт явагдаж, санал хураалтын үр дүнгээр нэр дэвшигч Х нь олонхийн санал авсан үндэслэлээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор[3] багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсонд тооцогджээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч  “ Хурлын даргыг сонгох санал хураалтын үйл ажиллагааг 2016 оны нэрсийн жагсаалтаар явуулсан, үүний улмаас тухайн багийн оршин суугчид А.Алтынбек, А.Жансерик нар нь санал хураалтад орж чадаагүй, сонгогчдын нэрсийн жагсаалтад нэрс нь байгаа мөртөө иргэний цахим үнэмлэхийн хуулбар, жолооны үнэмлэхтэй ирсэн сонгогчдыг  оруулаагүй, нэр дэвшигчдийн нэрсийг саналын хуудсанд үсгийн дарааллаар бичээгүй, тооллогын комисс хууль ёсны тогтоол гаргаагүй байхад хуралдаан даргалагч Хурлын даргыг томилсон тогтоолыг шууд гаргасан, зарим хүчинтэй хуудсыг буруу тоолж хүчингүйд тооцсон” гэж тодорхойлон маргажээ.

Шүүх дараах  байдлаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох  үндэслэлгүй гэж дүгнэлээ

1. Багийн Хурлын даргыг сонгох санал хураалтыг  2016 оны сонгогчдын нэрсийн жагсаалт[4] болон 2016 оны 06 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хүртэлх хугацаанд тухайн багт шилжиж ирсэн иргэдийн нэмэлт жагсаалтаар[5] явуулсан нь  хэрэгт  авагдсан сонгогчдын нэрсийн жагсаалтаар болон сонгуулийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Асет,  ажлын хэсгийн гишүүн М.Онгарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр[6] тус тус тогтоогдож байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 23 дугаар зүйлийн 23.10 дах хэсэгт “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд...” гэж заасан нь багийн  хуралдаанд тухайн үед сонгуулийн насанд хүрсэн   иргэдийг оролцуулж болох тухай  зохицуулалт тул зөвхөн  2016 оны сонгогчдын нэрсийн жагсаалтаар болон шилжиж ирсэн иргэдийн нэрсийн жагсаалтаар санал өгүүлж, сонгуулийн насанд хүрсэн, тухайн багийн бусад  иргэдийн санал өгөх эрхийг хязгаарласан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Гэхдээ дээрх үндэслэлээр буюу санал өгөх эрхийг хязгаарласан талаар санал өгч чадаагүй гэх иргэд нь өөрсдөө шүүхэд нэхэмжлэл гаргах замаар мэдүүлээгүй, сонгох эрх нь зөрчигдсөн талаар маргаагүй, тухайн багийн сонгуулийн насны хэчнээн иргэн тухайн хуралдаанд санал өгөхөөр очсон боловч оролцож чадаагүй нь тодорхой бус  тул зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгаснаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгоход учир дутагдалтай  байна.

2. Хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т  “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож батална” гэсний дагуу багийн Нийтийн Хурлын хуралдаанаас тогтоосон дэгийн[7] 3-дах хэсэгт  “ Иргэд иргэний цахим үнэмлэхтэй багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын сонгуульд оролцоно” гэж заасан байх тул жолооны үнэмлэх, цахим үнэмлэхийн хуулбартай ирсэн сонгогчдод санал өгүүлээгүй  гэсэн  нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.     

3. Хурлын хуралдааны дэгт, мөн тухайн хуралдааны үйл явцыг тэмдэглэсэн тэмдэглэлд[8] тооллогын комисс байгуулсан нь тогтоогдоогүй, харин зохион байгуулах ажлын хэсэг болон нэр дэвшигчдийн ажиглагчдыг оролцуулан саналын хуудаст тооллого явуулсан нь тэмдэглэлд тусгагдсан, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-т  “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг ... баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар ... батална” гэж зааснаар маргаан бүхий захиргааны акт болох хуралдааны 01 дүгээр тогтоолоор олонхийн санал авсан Хг багийн Хурлын даргад сонгогдсонд тооцсон нь  хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй тул   “тооллогын комиссын тогтоолгүйгээр тогтоол гаргасан“ гэж хариуцагчийг буруутгасан нэхэмжлэгчийн тайлбар мөн үндэслэлгүй байна.

4. Хурлын хуралдааны дэгийн 5 дах хэсэгт заасан “нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудсанд үсгийн дарааллаар бичнэ” гэснийг зөрчиж саналын хуудасны 1 дүгээрт  Хгийн, 2 дугаарт  Өын нэр бичигдсэн  саналын хуудсаар санал хураалт явагджээ.

Нэхэмжлэгчээс болон түүний ажиглагчаас  дэгийн 5 дах заалт зөрчигдсөн талаар санал хураалтын үед гомдол гаргаагүй, тухайн үед саналын хуудасны 2-т нэр нь бичигдсэнийг хүлээн зөвшөөрч, өөрөө санал хураалтад оролцож санал өгсөн, саналын хуудасны 2-т нэр дэвшигч Өын нэр бичигдсэнээс хамаарч  тэрээр сонгуулийн үр дүнгээр ялагдсан гэж шүүхээс үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

5. Багийн Хурлын даргыг сонгох санал хураалтын эцсийн дүнгээр нийт 644 иргэн санал өгснөөс 312 иргэн нэр дэвшигч Хгийн төлөө, 299 иргэн нэр дэвшигч Өын төлөө тус тус санал өгч, нэр дэвшигч Х нь 13 санал илүү авсан нь, мөн  33 саналын хуудсыг хүчингүйд тооцсон  нь тус тус хуралдааны  тэмдэглэлээр[9] батлагджээ.  

Шүүхэд нотлох баримтаар битүүмжлэн ирүүлсэн хуралдааны бичиг баримтад  үзлэг хийхэд санал өгсөн  645 саналын хуудас, мөн санал өгөхөөр ирсэн иргэн бүрд олгогдож, санал өгсний дараа хурааж авсан гэх   645 талон тус тус байсан, мөн нэрсийн жагсаалтад нэр нь бичигдсэн иргэдийг санал өгснөөр урд талын дугаарыг дугуйлан тэмдэглэсэн нь 645, харин санал өгсөн иргэдийн гарын үсэг зуруулсан хэсэгт нийт  646 сонгогч гарын үсэг зурснаар тусгагджээ.

Мөн нэхэмжлэгчийн маргаж байгаа хүчингүй гэх 33 саналын хуудаснаас Өын нэрийн ард тэмдэглэгээ хийсэн саналын хуудас 2, Өын овгийн “Ө” үсгийг харлуулж дугуйлсан саналын хуудас 1, Өын овгийн “Ө” үсгийг тойруулан зурж, нэрийн ард тэмдэглэгээ хийсэн саналын хуудас 1, Өын өмнөх тоог харлуулж будаж, овгийн “Ө” үсгийг дугуйлсан саналын хуудас 1, Өын өмнөх тоог дугуйлж, нэрийн ард тэмдэглэгээ хийсэн саналын хуудас 1, Өын овгийн “Ө” үсгийг харлуулж дугуйлсан саналын хуудас 1, Өын овгийн “Ө” үсгийг дугуйлсан саналын хуудас 12, Өын өмнөх тоог болон овгийн “Ө” үсгийг давхар дугуйлсан саналын хуудас 3, Хгийн нэрийг бүтнээр дугуйлсан саналын хуудас 1, Хгийн нэрийн өмнөх тоог хагас харлуулж, овгийн “Х” үсгийг дугуйлсан саналын хуудас 1, Хгийн овгийн “Х” үсгийг дугуйлсан саналын хуудас 2, Хгийн өмнөх тоог дугуйлж, нэрийн ард тэмдэглэгээ хийсэн саналын хуудас 2, Хгийн нэрийн ард тэмдэглэгээ хийсэн саналын хуудас 2, нэр дэвшигч 2 иргэний хоёулангийн нэрийн өмнөх тоог дугуйлсан саналын хуудас 2, ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй саналын хуудас 1, бүгд 33 хуудас болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр[10] батлагдаж байна.  

Хуралдааны дэгийн 8 дэх хэсэгт[11],  түүнчлэн сонгогчдод өгсөн саналын хуудсанд[12] “санал өгөх нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлах” талаар тус тус тодорхой  заасан,  энэ заасан зааврын дагуу сонгогч нь зөвхөн нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлах үүрэгтэй тул өөр тэмдэглэгээ хийсэн үндэслэлээр дээрх 33 саналын хуудсыг хүчингүйд тооцсон хуралдаан зохион байгуулах ажлын хэсгийн шийдвэрийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгчээс “хүчинтэй саналын хуудсыг хүчингүйд тооцсон” гэж маргасан нь үндэслэлгүй гэж үзлээ.

6. Мөн Хгийн төлөө санал өгсөн 312, Өын төлөө санал өгсөн 299 саналын хуудсанд шүүхээс үзлэг хийж тоолоход Хгийн төлөө санал өгсөн саналын хуудас 313 гарсан, үүнээс Хгийн нэрийн өмнөх тоог дугуйлсан саналын хуудас 304,  Өын нэрийн өмнөх тоог дугуйлсан 291, Хгийн төлөө санал өгсөн 9, Өын төлөө санал өгсөн 8 саналын хуудсанд тус тус өөр тэмдэглэгээ хийгдсэн байх ба өөр тэмдэглэгээ хийсэн дээрх саналын хуудсуудыг нэр дэвшигчдийн авсан саналын тооноос  хасаж тооцсон нөхцөлд  нэр дэвшигч Х нь мөн 13 саналаар илүү болох нь тогтоогдож байна.

7. 9 дүгээр багийн иргэд болох А.Алтынбек, А .Жансерик нарыг санал өгөх нэрсийн жагсаалтад нэр нь байхгүй үндэслэлээр санал хураалтад оролцуулаагүй талаар нэхэмжлэгч маргасан.

Эдгээр 2 сонгогч нь Ө сумын 9 дүгээр багт бүртгэлтэй болох нь, мөн  2018 оны 01 дүгээр сарын 19-ний байдлаар 18 нас хүрсэн болох нь тус тус хэрэгт авагдсан цахим үнэмлэхийн хуулбараар[13] тогтоогдож байгаа ба сонгууль зохион байгуулах ажлын хэсгээс тэднийг  сонгогчдын нэрсийн жагсаалтад байхгүй үндэслэлээр санал хураалтад оролцуулаагүй нь буруу  болжээ.

Гэхдээ  энэ 2 иргэн нь санал хураалтад оролцуулаагүй талаар өөрсдөө маргаагүй, хэрэв санал хураалтад оролцож  нэхэмжлэгч  Өын төлөө санал өгсөн гэж үзсэн тохиолдолд тэдний өгсөн санал нь санал хураалтын эцсийн үр дүнд нөлөөлөхгүй, нэр дэвшигч Хгийн төлөө өгсөн санал нь  олонхи  хэвээр үлдэхээр  байна.

Иймээс  Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны үйл ажиллагаа  хууль бус байсан, үүний улмаас нэхэмжлэгчийн сонгогдох эрх  зөрчигдсөн гэж үзэх боломжгүй  тул маргаан бүхий захиргааны акт болох  “Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох тухай”  01 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

            1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,  23 дугаар зүйлийн 23.14, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Өоос Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны даргалагчид холбогдуулан гаргасан “Ө сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  З.ГҮЛБАРША

 

 

 

 

           

 


[1] Хэргийн 140 дүгээр хуудас

[2] Хэргийн 28 дугаар хуудас

[3] Хэргийн 21 дүгээр хуудас

[4] Хэргийн 53-104 дүгээр хуудас

[5] Хэргийн 105-111 дүгээр хуудас

[6] Хэргийн 45, 123 дугаар хуудас

[7] Хэргийн 28 дугаар хуудас

[8] Хэргийн 22-27 дугаар хуудас

[9]  Хэргийн 22-27 дугаар хуудас

[10] Хэргийн 50 дугаар хуудас

[11] Хэргийн 28 дугаар хуудас

[12] Хэргийн 52 дугаар хуудас

[13] Хэргийн 5, 6 дугаар хуудасны ар тал