Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 00586

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Золбоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/7115 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Золбоогийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хорхон буян” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт  28 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Нарангоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлдүүлэгч Д.Золбаяр нь зээлдэгч Э.Энхсанжаад 65 000 000 төгрөгийг 9 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн ба зээлдэгч Э.Энхсанжаа нь зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн 66-43 УНМ улсын дугаартай, “Лексус 570” маркийн суудлын автомашиныг тавин, зээлдүүлэгч Д.Золбаярын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэн, түүний эзэмшилд шилжүүлж өгсөн байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад Э.Энхсанжаа төлбөрөө төлөөгүй. Зээлдэгч Д.Золбаяр түүнийг үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүн гараагүй. Иймээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийг зарах болсныг түүнд утсаар болон мессежээр мэдэгдсэн. Ингээд зээлдэгч барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар шийдвэрлэж оношлогоонд уг автомашиныг оруулахад онхолдсон, бүтэн засварт орсон болох нь илэрсэн. Энэ доголдлын талаар Д.Золбаяр асуухад Э.Энхсанжаа нь осолд орсон машин гэдгийг хүлээсэн байна. Нэгэнт барьцаа хөрөнгө нь доголдолтой тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэлцэхгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь онхолдсон, бүтэн засварт орсон автомашины үнэлгээ зах зээл дээр маш хямд байдаг учраас зээлдэгч Б.Золбаярын зүгээс зээлдүүлэгч Э.Энхсанжаад барьцаа хөрөнгөө нэмэхийг шаардсан. Э.Энхсанжаа нь түүний тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрч “Хорхон буян” ХХК-ийн өмчлөлийн Ү-2204082432 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамал 10 дугаар гудамж, 51 тоот хаягт орших 300 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэмж барьцаалахыг санал болгож, улмаар хугацааг энэ өдрөөс хойш 1 сарын хугацаатайгаар, хүүг 5 хувь гэж, барьцаанд дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар харилцан тохиролцсон байдаг. Энэ үеэс буюу 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр  миний бие зээлдүүлэгч иргэн Д.Золбаяр, зээлдэгч Э.Энхсанжаа нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан дээрх Зээлийн гэрээний шаардах эрхийг үүрэг гүйцэтгэгч Д.Золбаяраас Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар шилжүүлэн авсан. Мөн уг гэрээний үүрэг гүйцэтгэгч болох зээлдэгч Э.Энхсанжаа нь дээрх гэрээний дагуу үүссэн өрийг бүхэлд нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар “Хорхон буян” ХХК-д шилжүүлэхээр зээлдүүлэгч Д.Золбаяртай харилцан тохиролцсон. Ийнхүү талууд өөр өөрийн эрх, үүргийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч болох Б.Золбоо, шинэ үүрэг гүйцэтгэгч болох “Хорхон буян” ХХК-д тус тус шилжүүлсний дагуу Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасны дагуу уг хэлцлийг хийсэн хэлбэрээр хийж, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б.Золбоо би “Хорхон буян” ХХК-тай Зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Б.Золбоо болон “Хорхон буян” ХХК бид нар өмнөх зээлдэгч, зээлдүүлэгч нарын тохиролцсон нөхцлөөр 65 000 000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцох, зээлийн барьцааны гэрээгээр “Хорхон буян” ХХК-ийн өмчлөлийн Ү-2204082432 дугаар гэрчилгээтэй БЗД, 11 дүгээр хороо, Эмийн ургамал 10 гудамж, 51 тоот хаягт орших 300 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон гэрээг байгуулж, нотариатаар батлуулан, хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Ийнхүү Д.Золбаярын шаардах эрх нь Б.Золбоо надад, Э.Энхсанжаагийн өр нь “Хорхон буян” ХХК-д шилжсэн юм. Энэхүү зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө рүүгээ халдуулмааргүй байна. Тиймээс анхны үүрэг гүйцэтгэгч Э.Энхсанжаагаас, анхны үүрэг гүйцэтгүүлэгч Д.Золбаярын нэр дээр шилжүүлсэн барьцаа хөрөнгө болох 66-43 УНМ улсын дугаартай, “Лексус 570” загварын суудлын автомашиныг худалдан борлуулж төлбөртөө суутгуулах санал тавьсан. Энэ талаар Д.Золбаяр болон Э.Энхсанжаа нарт мэдэгдсэн бөгөөд уг автомашин нь доголдолтой байсан учраас зах зээл дээр 40 000 000 төгрөгөөр борлогдохоор байна гэж тэд хоорондоо үнийг тохиролцсон. Улмаар уг автомашиныг Д.Золбаяр нь 40 000 000 төгрөгөөр худалдсан. Иймд үндсэн зээл болох 65 000 000 төгрөгөөс 40 000 000 төгрөгийн үүргийг зээлдэгч талыг гүйцэтгэсэнд тооцсон болно. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 21-нд дууссан боловч зээлдэгч тал үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөгийг, гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан 5 хувийн хүү болох 3 250 000 төгрөгийн хүүгийн хамт нийт 28 250 000 төгрөгийг сайн дураараа төлөхгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч “Хорхон буян” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28 250 000 төгрөгийг гаргуулан зээлдэгч Б.Золбоо надад олгуулж өгнө үү. Мөн хариуцагч нь энэхүү төлбөрийг төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн барьцааны гэрээнд заасан барьцааны зүйлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу албадан худалдаж олсон орлогоос хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг тээврийн хэрэгслийн талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шалгагдаж байгаа. “Хорхон буян” ХХК нь өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа бөгөөд өмгөөлөгч авсны дараа дэлгэрэнгүй хариу тайлбар хүргүүлэх болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 124 дүгээр зүйлийн 124.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч “Хорхон буян” ХХК-иас 25 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Золбоод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох       Ү-2204082432 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Эмийн ургамал 10 гудамж, 51 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж төлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хорхон буян” XXK-иac 282 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Золбоод олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч “Хорхон буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Түвшинтөгс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн хууль бус баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж, манай компаниас 25 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсэн нотлох баримтуудаас үзэхэд иргэн Э.Энхсанжаа, Д.Золбаяр нар харилцан тохиролцож Э.Энхсанжаагийн эзэмшилд байсан “Лексус 570” загварын автомашиныг 55 000 000 төгрөгийн барьцаанд тавьж, зээл авсан байх бөгөөд Д.Золбаяр нь зах зээлийн бодит үнэ 80 000 000 төгрөг байсан “Лексус 570” загварын автомашиныг иргэн Т.Улаанбаатарт 40 000 000 төгрөгөөр худалдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг автомашинаар Э.Энхсанжаагийн авсан зээлийн төлбөр бүрэн хангагдаж, харин ч Э.Энхсанжаа зөрүү төлбөр нэхэх үндэслэлтэй байсан байна. Харин иргэн Б.Золбоо, “Хорхон буян” ХХК-ийн хооронд 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тухайн үед байгуулж байсан боловч зээлдэгч Б.Золбоо манайд гэрээний 2.1-д заасан зээлийг “Хорхон буян” ХХК-д шилжүүлээгүйгээс энэ гэрээ хэрэгжихгүй, хүчингүй болсон юм. Өөрөөр хэлбэл Э.Энхсанжаа, Д.Золбаяр нарын хооронд автомашин барьцаалж зээл өгсөн, авсан асуудал нь Б.Золбоо, “Хорхон буян” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээтэй ямар ч хамааралгүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, Б.Золбоогийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Золбоо нь хариуцагч “Хорхон буян” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зээлдүүлэгч Д.Золбаяр, зээлдэгч Э.Энхсанжаа нар 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр  зээлдэгч Д.Золбаяр нь 65 000 000 төгрөгийг зээлдүүлж, зээлдэгч Э.Энхсанжаа нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Золбаярын өмчлөлд 66-43 УНМ улсын дугаартай, “Лексус 570” маркийн автомашиныг шилжүүлжээ. /хх-ийн 5 дугаар тал/

 

            Дээрх зээлийн гэрээний шаардах эрх эзэмшигч Д.Золбаяр нь эрхээ гуравдагч этгээд Б.Золбоод шилжүүлэхээр тохиролцсон байна. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт шаардах эрх эзэмшигч нь үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шаардах эрхээ шилжүүлж болохоор заажээ.

 

            Мөн зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч Э.Энхсанжаа нь өөрийн гүйцэтгэх өрийг,  шаардах эрх эзэмшигч Д.Золбаяртай тохиролцож гуравдагч этгээд “Хорхон буянт” ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

            Иймд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан харилцаанаас үүдэн Б.Золбоо, “Хорхон буянт” ХХК нар 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамал 10 дугаар гудамж, 51 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 10-11 дүгээр тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар өмнө байгуулсан гэрээний хэлбэрээр зээлийн гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 65 000 000 төгрөгийг зээлдэгч Э.Энхсанжаа нь хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Золбоог зээлийн гэрээний үүргийг хариуцагч “Хорхон буян” ХХК-иас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болно. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

             Хэдийгээр нэхэмжлэгч Б.Золбоо, хариуцагч “Хорхон буянт” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.Золбоо нь 65 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч “Хорхон буян” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг 1 сарын хугацаанд, 5 хувийн хүүтэй төлөх нөхцөлтэй буцаан төлөх үүргийг хүлээсэн байх боловч шаардах эрх болон өр шилжих тухай гэрээ нь хэлбэрийн хувьд үүрэг бий болсон гэрээний хэлбэртэй адил байхаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

 

            Талууд 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр хүү  тохиролцоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Зээлдэгч нь  60 000 000 төгрөгийн үндсэн үүргээс 40 000 000 төгрөгийг нь зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох 66-43 УНМ улсын дугаартай, “Лексус 570” маркийн автомашиныг бусдад худалдаж төлсөн, энэ талаархи баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. /хх-ийн 8 дугаар тал/

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагч “Хорхон буян” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл  25 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Золбоод олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 123 дугаар зүйлийн 123.2, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Хариуцагч “Хорхон буян” ХХК нь зээлийн гэрээний үүрэг 66-43 УНМ улсын дугаартай, “Лексус 570” маркийн автомашиныг худалдан борлуулсан үнээр хангагдаж дууссан гэж  тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

            Хариуцагч “Хорхон буян” ХХК-д шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх бөгөөд  хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд  хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, буруутгах үндэслэлгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/7115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Э.ЗОЛЗАЯА     

 

                  ШҮҮГЧИД                                              Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ