Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 000113

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

                                                Л.Э-д холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2017/0291/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                          Б.Бүжинлхам

               Шүүгдэгч                                           Л.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Н.Батбаяр

               Хохирогч                                           Х.Г

               Хохирогчийн өмгөөлөгч               Х.Оюунбат

               Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 344 дүгээр цагаатгах тогтоолтой Л.Э-д холбогдох, 1725000000098 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хохирогч Х.Г нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Орхон аймгийн Онцгой байдлын албанд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Яргуйт баг  тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Боржигон овгийн Л.Э

 

Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 09 сарын 18 ны өдөр  ОРО улсын дугаартай Хюндай Соната маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг газраар явж байвал зам тавьж өгнө”, 9.2. “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэснийг тус тус зөрчин Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг, Уртбулаг багийн дунд байрлах төв авто замын явган хүний гарц дээр явган зорчигч Х.Г-г мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 344 дүгээр цагаатгах тогтоолоор:

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Л.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж,

 

Хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцаах,

 

Л.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СД-ийг хэрэгт хавсаргаж,  ОРХ дугаартай “Хьюндай Соната-6” маркын машиныг  битүүмжлэлээс чөлөөлж,  дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт  эзэмшигчид буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүх явган зорчигч Х.Г нь замын хөдөлгөөний дүрмийн 3.6 заалтыг зөрчсөн гэж буруутгасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх замын хөдөлгөөний дүрмийг явган зорчигч зөрчсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд  Х.Г нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна гэх шинжээчийн 2017.09.21-ний өдрийн 137 дугаар дүгнэлт, шинжээчдийн 2017.10.11-ний өдрийн 147 дугаар дүгнэлт бүхий нотлох баримт хэрэгт авагдсан. Уг нотлох баримтыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байхад Х.Г-ийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

Явган зорчигчийг гарч ирэх үед  ОРХ автомашин явган хүний гарц руу аль хэдийн орсон байна гэж шүүх дүгнэлт хийхдээ камерын бичлэг болон хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн газрын үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн. Дээрх нотлох баримтуудаас ОРХ автомашин нь явган хүний гарцруу орж ирсэн байхад явган зорчигч гарч ирсэн гэж дүгнэхэд үндэслэл болсон нотлох баримтын хэсгийг заагаагүй атал нотлогдож байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Харин дээрх баримтуудыг судалж дүгнэлт гаргасан удаа дараагийн шинжээчийн дүгнэлт явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж дүгнэсэн.

 

Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 зүйлийн 14 дэх заалтыг анхаарч шийдвэрлээгүй. Камерын бичлэг бүхий нотлох баримт нь хэргийн бодит байдлыг бүхий талаас нь үнэлэх баримт эсэх, ялангуяа уг бичлэг нь замын ослын үйл явцыг бүрэн тогтоох байдал бичлэгээс харагдахгүй байгааг шүүх дүгнэн үндэслэх хэсэгтээ заасан байгаа нь эргэлзээ бүхий баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон үзэх үндэслэлтэй байна.

 

Явган зорчигчийг гарцаар гарах үед “зам дээрх үзэгдэлт хэсэг халхалсан саад, тээврийн хэрэгсэл” зогсож байсан гэж шүүх дүгнэсэн. Тухайн явган зорчигчийг гарцаар гарах үед зам халхалсан саад байсан гэх дүгнэлтийг хийхдээ хаана зогсож байсан ямар тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд зам халхалсан саад гэж үзэж байгаа нь тодорхойгүй, явган зорчигчийн явган хүний гарц чөлөөтэй,  ОРХ автомашины жолооч Л.Э-ийн явж байсан замын хөдөлгөөны урсгал чөлөөтэй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл явган хүний гарцаар гарахад саад болох нөхцөл байдал хэрэгт нотлогдоогүй, автомашины жолооч өөрийн урсгалд хөдөлгөөн хийхэд халхалсан саад байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.

 

Анхан шатны шүүх нь сөрөг урсгалтай замын урдаас хойшоо чигтээ хөдөлгөөнтэй урсгалтай халхалсан саадгүй зам дээр явган зорчигч хөдөлгөөнд орж байх үед осолд өртсөн болохыг анхаарч үзээгүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.01 ны өдрийн 344 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Х.Г давж заалдах гомдолдоо:

 

Миний бие нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 08 цаг 30 минутын үед 5.1 дүгээр байрнаас гараад Захиргаа орох гэж явган хүний гарцаар гарч байхад урд зүгээс ирж явсан машин хурдтай ирээд мөргөж унагаагаад хөл дээгүүр дугуй нь гарсан, машин гарцнаас нилээн зайтай очиж зогсоод 2 хүн бууж ирсэн. Жолооч худал мэдүүлэг өгч байгаад харамсаж байна. Би хөлөндөө 4 хадаас хадуулсан, маш их өвддөг, их хохирч байна. Эмнэлэгт 45 хоног хэвтэж өөрийгөө болон хүүхдүүдээ зовоосон. Э намайг эмнэлэгт байхад огт тоогоогүй. Эхнэр, хүүхдүүд бүгд ажлаасаа чөлөө авч Орхон аймагт намайг эмнэлэгт асарсан.

 

Би насаараа спортоор хичээллэсэн хөнгөн атлетик, холын зайн марафонд гүйдэг тамирчин хүн. Гэтэл энэ хэргээс болоод тэмцээнүүддээ оролцож чадаагүйдээ сэтгэлээр унаж байна. Жилд 3-4 тэмцээнд оролцож 80 000 төгрөгөөр шагнуулдаг байсан. Мөн 2020 онд би тэтгэвэрт гарна гэтэл энэ жил олон сар ажлаа хийгээгүй, одоо группэд орно сард 300.000 төгрөгөөр хохирч тэтгэвэрт тогтоолгоход муугаар нөлөөлж байна.

 

Ийм учраас ажилгүй байсан хугацааны цалин, асаргаа сувилгааны зардал, цалингийн зээлийн үлдэгдэл гээд нийт 10,0 сая төгрөг гаргуулж авах шаардлагатай. Би цалингийн зээлтэй сар бүр 323 000 төгрөг төлдөг, үндсэн цалин 550.000 төгрөг авдаг байсан, одоо группэд ороход 250.000 төгрөг авч 300.000 төгрөгөөр хохирч байна.

 

Иймд энэ хүний жолооны эрхийг заавал хасахгүйгээр миний хохирлыг л гаргуулж өгнө үү гэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, яллах дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр няцааж байгаа нь тодорхойгүй, хууль, дүрмийн заалттай харшилсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг хуульд заасан ямар үндэслэлээр цагаатгаж байгааг дурдаагүй, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “цагаатгах тогтоолд шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгана” гэснийг дурдаагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ..., ... гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүгдэгчийн гэм буруутай байдал бүрэн тогтоогдсон. .... шүүхийн дүгнэлт учир дутагдалтай хэргийн бодит байдалтай нийцээгүй.

 

а/ Л.Э-ийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна“ гэснийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт учир дутагдалтай бөгөөд явган зорчигч давуу эрхтэй зорчих зохицуулдаггүй гарцаар жолооч ямарч тохиолдолд явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохооргүй хурд сонгож, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй учир энэ тохиолдолд жолоочийн самбаачлах хугацаа байсан эсэх талаар яригдах хууль зүйн үндэслэлгүй. Харин гарц гарамгүй хэсгээр явган зорчигч гэнэт гарч ирсэн, гэрэл дохио зөрчиж гэнэт гарч ирсэн зэрэг тохиолдолд жолоочийн самбаачлах хугацааг тогтоох асуудал нь яригдаж болох бөгөөд энэ гэм буруугийн асуудалд мөн шууд нөлөөлөх үндэслэл болно. Түүнчлэн шүүхийн дүгнэлтэнд дурдагдсан явган зорчигч гарцаар 2 секунт, 6 секунтэд нэвтрэх эсэх нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл болохгүй.

 

б/Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө...” гэсэн заалтыг тайлбарласан Замын хөдлөгөөний дүрмийн тайлбарт “ ...явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч давуу эрхтэй. Иймд зохицуулдаггүй явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч уг явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зам тавьж өгөх боломж бүхий хурдыг сонгох үүрэг хүлээнэ. Мөн явган хүний гарцын өмнө зогсож байгаа болон хурд хасаж байгаа тээврийн хэрэгсэл нь явган хүний гарцын үзэгдэлтийг хязгаарладаг тул тэдгээрийн хажуугаар нэвтрэхдээ тээврийн хэрэгслийн жолооч явган хүний гарцаар явган зорчигч явж буй эсэхийг мэдэх шаардлагатай байдаг...” гэжээ.

 

Иймд жолооч Л.Э явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ эсрэг эгнээнд зогсож байгаа авто машины дундуур гарцаар явган зорчигч гарч ирж болзошгүй гэдгийг урьдчилан тооцоолж, хурдаа сонгож, гэнэт явган зорчигч гарч ирсэн тохиолдолд түүнийг мөргөхөөргүй хэмжээний хурд сонгон явж, зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд эсрэг урсгалд машин зогсож байсан явган зорчигч халхлагдсан харагдахгүй байж байгааг гэнэт гарч ирсэн байдал нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл болохгүй.

 

Гэтэл явган зорчигч гарцаар замын 3/1 -ийг туулж дуусган жолооч Л.Э-гийн зорчиж явсан уулзвар дээр автомашины хажуу талаар мөргүүлж гэмтсэн үйлдлийг шүүх “явган хүний гарц руу орох хэсгийн зам үзэгдэлт халхалсан саадтай, машинууд 2 эгнээгээр гэрэл дохио хүлээгээд цуварсан байх үед эхний эгнээнд ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гарч, хажуу эгнээнд зогсож байгаа машины урдуур гарангуут эсрэг урсгалаас орж ирж байгаа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, эсрэг урсгалд ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг хараагүй анхаарал болгоомжгүй явсан болох нь тогтоогдсон” гэж өрөөсгөл дүгнэсэн, энэ нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан зохицуулдаггүй гарцаар явган зорчигч давуу эрхтэй нэвтрэх, жолооч явган зорчигчийн хөдөлгөөнд ямарч тохиолдолд саад учруулахгүй зорчих гэсэн хууль, дүрмийн агуулгатай зөрчилдөж байгаа бөгөөд Техникийн шинжээчдийн дүгнэлтээр жолооч Л.Э-ийг буруутгасан заалтыг дээрхи үндэслэлээр няцаасан нь үндэслэлгүй юм.

 

в/ Түүнчлэн шүүх цагаатгах тогтоолдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.6 Явган зорчигч “Зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино” гэсэн явган зорчигчийн үүргээ зөрчсөн болохыг нотолсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ тохиолдолд харин явган зорчигч үүргээ биелүүлж, зөвшөөрөгдсөн гарцаар зам хөндлөн гарч байсан тул дээрхи зохицуулалт хамаарахгүй, харин шүүхийн дүгнэлт хийсэн замын хөдөлгөөний дүрмийн 3.6 гарц гарамгүй хэсгээр явган зорчигч зам хөндлөн гарахад хамаарагдах заалт юм.

 

Иймээс хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ...1.4 ”... дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох нөхцөл ноцтой зөрүүтэй байвал ...” гэснийг болон цагаатгах тогтоолд тавигдах хуулийн шаардлага хангагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1 , 2.4, 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байх тул Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 344 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Батбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Хохирогчийн өмгөөлөгч:...” хохирогч Х.Г замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байхад осол гарсан шалтгаан нөхцлийг хохирогчийн үйлдлээс болсон...” гэж анхан шатны шүүх буруу дүгнэлт гаргалаа хэмээн үзжээ. Хэрэг ослын шалтгаан, болсон хэргийн талаар зөрүүтэй нотлох баримт хэрэгт байхгүй. Замын цагдаагийн шинжээч нарын дүгнэлтүүд /№137, 147/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн зарчмын заалтуудыг зөрчсөн, бүрэн хангалтгүй учир шүүх нотлох баримтын ач холбогдолгүй гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын агуулгад тал бүрээс нь бодитойгоор, эргэлзээгүй хянан үзэж, хэрэг гарах болсон нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан үзээд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн холбогдох заалтуудыг баримтлан үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн тул 2017.11.01-ний өдрийн 344 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Э-ийг 2017 оны 09 сарын 18 ны өдөр ОРО улсын дугаартай “Хюндай Соната” маркийн машин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1.д заасан ...явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг газраар явж байвал зам тавьж өгнө..., гэсэн, 9.2.д заасан ... жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтуудыг тус тус зөрчин Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг, Уртбулаг багийн дунд хэсэг дэх төв замын явган хүний гарц дээр явган зорчигч Х.Г-ийг мөргөж биед нь зүүн шилбэний тахилзуур ясны гадна хавчаарын далд зөрөөтэй хугарал, шагайн үений мултрал, зүүн шилбэ, шагайн үенд зөөлөн эдийн гэмтэл, баруун шуу, тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтаар зам дээр үзэгдэлт халхалсан саад, тээврийн хэрэгсэл зогсож байх үед тэр хэсгээр зам хөндлөн гарч яваа явган зорчигч өөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн байх тул автомашины жолоочийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг тайлбарлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтаар ...явган хүний зохицуулдаггүй гарц дээр явган зорчигч давуу эрхтэй байдаг тул зохицуулдаггүй явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч уг явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зам тавьж өгөх боломж бүхий хурдыг сонгох үүрэгтэй болохыг тусгажээ.

 

Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч Л.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 137 дугаар дүгнэлт, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаартай дүгнэлтүүдийг няцааж үгүйсгэсэн үндэслэл тодорхой заагаагүй, цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг ямар үндэслэлээр цагаатгаж байгаа талаарх хуулийн заалтыг баримтлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6.д заасан ...цагаатгах тогтоолд шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгана...” гэсэн заалтыг орхигдуулсан байна.

 

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэсэн хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Л.Э-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 344 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хохирогч Х.Г нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Л.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР                                                                                           

 

               ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

           

                                                                                                               С.ЦЭЦЭГМАА