Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1036

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

     2020        06         03                                  2020/ШЦТ/1036

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,   

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Аид холбогдох эрүүгийн 2006 02021 1245 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Замчны 01-01 тоот хашаан дотор иргэн Б.Батцэцэгтэй маргалдаж улмаар үснээс нь татаж газар унагааж, газраас чулуу авч Б.Очирбат руу чулуу шидэх үедээ Б.Батцэцэгийг онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 02021 1245 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч Х.А нь иргэн Б.Батцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан,

 

Хохирогч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 04 дүгээр сарын 06-ны оройн 21 цаг өнгөрч байх үед манай гэрийн хашааны хаалгыг хүн нүдээд байхаар нь би гэрээсээ гарч хашааны хаалгыг онгойлгоход надтай хамтран амьдрагч Очирбатын хуучин эхнэр нь зогсож байсан ба над руу орилж чарлаад хашаа руу орж ирээд миний машины цохисон. Намайг ямар ч шалтгаангүйгээр үсдэж дараад газарт унагаасан бөгөөд Очирбат гэрээс гарч ирээд тэр эмэгтэйгээс намайг салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр эмэгтэй газраас чулуу авч миний уруул болон шүдний хэсэгт цохисон. Цохиулсанаас болж миний дээд талын үүдэн шүд унаж, хажуу хоёр шүд хөдөлж, уруулын дээд хэсэг сэтэрч, хамраас цус гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09, 10-13/,

 

Гэрч Б.Очирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Батцэцэгийн 3 настай хоёр ихэр хүүхдийн төрсөн өдөр болоод дэлгүүрээс идэж уух зүйлс цуглуулаад хашаандаа машинаа оруулж тавиад гэртээ орсон. Удалгүй хашааны хаалга нүдсэн ба Батцэцэг гэрээс гараад явсан. 1 минут орчимын дараа би гэрээс гарахад миний салсан эхнэр А хашаанд орж ирсэн байдалтай Батцэцэг, тэр хоёр надаас болж маргалдахаар нь би Аид хандаж “би чамд сэтгэлгүй болсон, хүүхдүүдийн тэтгэмжийг өгөөд чамаас бүүр ямар ч холбоогүй болно” гэж хэлэхэд А уурлаж хашаанд байсан машиныг өшиглөхөд Батцэцэг “чи яагаад хүний машин өшиглөж байгаа юм” гэж хэлээд А, Батцэцэг нар хэрэлдэж, нэг нэгийгээ  хэл амаар доромжилж байснаа А Батцэцэгийн үснээс үсдээд авахад зөрүүлээд Батцэцэг Аийн үснээс үсдэж авсан. А Батцэцэгийг үсдээд доошоо дарсан ба Батцэцэгийг доошоо хагас суух үед А гуя руу нь өшиглөсөн. Би тэр хоёрын дундуур орж салгаж Аийг яв гэж хэлэхэд явахгүй байсан ба намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Аийн цамцны захаас татаж хашаанаас гаргасан. Тэр үед А, Батцэцэг нар хэрэлдсэн хэвээрээ байсан. Тэр үед А газраас 2 удаа чулуу авч над руу шидэхэд миний хажууд зогсож байсан Батцэцэгийн нүүрэн тус газарт онож, уруулаас нь цус гарч байсан ба урд хоёр шүд нь унасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4427 дугаартай:

“Б.Батцэцэгийн биед нэг шүдний булгарал, дээд уруулд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24/,

 

Шүүгдэгч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Очирбатыг Батцэцэгийн хашаанд машинаа оруулсан байсан ба тухайн өдрийн орой 22 цагийн орчим хашааны хаалгыг нь цохитол Батцэцэг гарч ирэхээр нь “Очирбаттай уулзая” гэж хэлтэл дуудахаар гэр рүүгээ орсон. Би тэр үед хашааны хаалганы завсараар гараа хийж хаалгыг нь онгойлгож хашаанд орсон. Батцэцэг, Очирбат хоёр гэрээсээ гараад ирэхээр нь Очирбатын нүүрэн тус газарт хоёр удаа алгадсан ба Батцэцэг яаж байгаа юм бэ гэж хэлээд намайг түлхсэн. Би Батцэцэгийг үсдэж байгаад зүүн талын хацар орчим гараараа нэг удаа алгадахад Очирбат намайг багалзуурдаж аваад хашааанаас гаргасан. Би хашаанаа гадна гараад дунд зэргийн хэмжээтэй 2-3 ширхэг чулуу аваад шидсэн ба үүнээс нэг ширхэг чулуу Батцэцэгийн нүүрэн тус газарт оносон. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 70-72/ 

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 02-03/,

- хохирол нөхөн төлүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 05/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Х.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, Нийслэлийн ерөнхий боловсролын 88 дугаар сургуулийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 38/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 39/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /хх-ийн 41/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-42-44/, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 59-61/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Х.Аийн иргэн Б.Батцэцэгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч Б.Батцэцэгт төлж барагдуулсан байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Х.А нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Х.Аид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Х.Аийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хуульд заасан дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Хгийн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Х.Аид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ