| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0997/Э |
| Дугаар | 1035 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 1035
2020 06 03 2020/ШЦТ/1035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Нарийн бичгийн дарга Г.Хулан,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бн овогт Мгийн Бад холбогдох эрүүгийн 2006 00000 1197 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны 1039 тоотод оршин байрлах нийтийн байрны гадна иргэн Д.Уламбаярын толгой болон гарын шуун тус газар нь чулуугаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 1197 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Уламбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Төмөрчөдөрийн хамтаар түүний найз Түмэн-Өлзийгийн гэрт 19 цаг 40 минутын орчим очоод гурвуулаа ойр зуурын юм яриад хөзөр тоглож байх үед гаднаас Түмэн-Өлзийгийн нөхөр Өлзий гэх залуу согтуу орж ирсэн ба эхнэр, бид хоёртой танилцсан. Намайг гараад уулзъя гэж хэлээд бид хоёр хамт гарсан ба хашааны гадна над руу агсарахаар нь би “чи гэрийн эзэн юм бол намбатай бай” гэж хэлэхэд “надад намба заадаг чи яадаг хулгайч вэ” гэж хэлээд заамдаад авснаа өөрийнхөө цамцыг урсан. Тэгээд надад “чи миний цамцыг урчихлаа” гэж хэлээд газраас чулуу аваад намайг цохих гэхээр нь би баруун гарын шуугаар хаасан. Тэр үед манай эхнэр ирээд Өлзий гэх залууг хөөгөөд цагдаа дуудсан. Эхнэр бид хоёр хашааны гадна байсан 23-24 ХЭА улсын дугаартай Пробокс маркийн автомашиндаа сууж байтал Өлзий ирээд яасан овоо цагдаа дууддаг пизда нар вэ, нэг мөсөн алалцаад цагдаагийн газарт очъё гэж хэлээд миний машины хаалганы бариулыг хугалж, баруун талын урд хаалганы цонхыг чулуугаар хагалаад намайг машинаас заамдаж гаргах гээд байсан ба эхнэр машинаас буулглаагүй. Би цагдаа дуудахаар машинтайгаа гудамж уруудахад араас агсараад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 05/
Гэрч Т.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Уламбаярын хамтаар өөрийн найз Түмэн-Өлзийгийн гэрт 19 цаг 40 минутын орчим очсон. Гэрт Түмэн-Өлзийгийн хоёр хүүхэд байсан ба бид гурав хөзөр тоглоод юм яриад сууж байх үед Түмэн-Өлзийгийн салсан нөхөр Ундрах гаднаас согтуу орж ирсэн. Нөхөр бид хоёртой танилцсан ба манай нөхрийн нэрийг олон удаа асууж байснаа уулзъя гээд гадагшаа гарсан. Түүнээс хойш намайг 10 минутын дараа гарахад манай нөхрийг өшиглөж байхаар нь би “Ундрах аа, боль” гэж хэлсэн. Энэ үед манай нөхөр машиндаа суусан ба Ундрах агсарч байснаа манай машины баруун талын урд хаалганы цонхыг хагалаад мөн хаалга хэсгийг чулуугаар зураад манай нөхрийг замдаад машины цонхоор гаргах гэж байснаа толгой хэсэгт чулуугаар 2-3 удаа цохисон. Би нөхрөө машинаас битгий буу гэхэд нөхөр машинаа асаагаад гудамж уруудаад хөдөлсөн. Тэгээд Ундрахыг гэр рүү нь оруулаад найз Түмэн-Өлзийгийн хамт цагдаа хүлээж байтал цагдаа ирээд Ундрахыг авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ний 5365 дугаартай:
“Д.Уламбаярын биед зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх 18/,
Шүүгдэгч М.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр найз Ууганбаяртай Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй архи авч, Ууганбаяртай хувааж уусан. Дараа нь Азаа, Ууганбаярын нарын хамт таски барьж Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрээс 0.5 литрийн Хараа архи аваад хувааж уусан. Тэгээд гэртээ ороход эхнэр Түмэн-Өлзий, Төмөрчөдөр, Уламбаяр нар байсан ба хөзөр тоглоод сууж байсан. Уламбаяр манай гэрийн хойморт сууж байхаар нь би доошоо суу гэж хэлээд маргаан үүссэн. Уламбаяр надад “гарч үзье” гэж хэлээд гараад явсан. Намайг араас нь гарахад Уламбаяр миний толгойн хэсэгт 2-3 удаа цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа толгойн хэсэгт 2 удаа цохисон. Удалгүй Уламбаярын эхнэр Төмөрчөдөр цагдаад дуудсан ба Уламбаяр эхнэрийн хамт өөрийнхөө машинд суугаад дотроос нь түгжихээр нь би “цагдаа битгий дууд” гээд газраас чулуу авч машины жолоочийн талын шилийг хагалсан. Тэгээд Уламбаярын толгойн хэсэгт чулуугаар 2-3 удаа цохисон. Удалгүй цагдаа ирээд намайг авч явсан” гэх мэдүүлэг /хх 33-35/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/,
- Хохирлын баримт /хх-ийн 50-51/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаарс сарын 18-ны өдрийн 1095 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 55-56/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч М.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэхийн лавлагаа /хх-ийн 37/, Ниймгийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 38/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40/, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн тухай тодорхойлолт /хх-ийн 41/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 52-53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч М.Бын иргэн Д.Уламбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Уламбаяр нь нотлох баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрөө барагдуулж авсан байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйдлсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-гийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ