Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 112

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

          Дорнод аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг  даргалан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, “Ялалт” гудамж 10-22 тоотод оршин суух, Боржигон овогт Атарсайханы Гантуяа /РД:ЖМ88100363/ -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, “Ялалт” гудамж 10-12 тоотод  оршин суух, Гэрүүд овогт Мягмарсүрэнгийн Сүхбат /РД:ЖЙ88041371/-д холбогдох

“Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах”  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга  М.Төгс-Эрдэм ,

Нэхэмжлэгч  А.Гантуяа ,

Хариуцагч  М.Сүхбат    нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  Нэхэмжлэгч А.Гантуяа  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь М.Сүхбаттай 2013 онд танилцан үерхэж, дотно харилцаатай болсон. Бид хоёр гэр бүл болон нэг гэрт амьдарч байгаагүй  боловч хоёр гэрээрээ ирж, очин амьдардаг байсан. Бидний дундаас 2015 оны 6 сарын 22-ны  өдөр охин Г.Туяамаа төрсөн.  М.Сүхбат бид хоёр  гэрлэлтээ батлуулаагүй учир охиныхоо төрсний  гэрчилгээ эхээр нь овоглон авсан. М.Сүхбат нь охиноо 6 сартай хэвлийд байхад газрын тосны 21 дүгээр талбайд ажилд орсноос хойш нэг удаа л ирж уулзсан. М.Сүхбат нь намайг төрөх үед ч  ирж уулзаагүй. Охиноо төрөх үед утсаар яриад нэрийг өгсөн. Одоо М.Сүхбат нь өөр эмэгтэйтэй гэр бүл болсон гэсэн. Иймд цаашид хамт амьдрах боломжгүй. М.Сүхбат нь үр хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, эцэг хүнийхээ үүргийг ойлгодоггүй.

Иймээс М.Сүхбатыг  Г.Туяамаагийн төрсөн эцгээр тогтоон, хуулийн дагуу тэтгэлэг гаргуулан  авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч М.Сүхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Гантуяатай  2013 онд танилцаж  дотно харилцаатай болж, хоёр гэрээрээ ирж, очин  амьдарч байсан. 2015 онд бид хоёр гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болон  маргаж бидний харилцаа бага зэрэг хөндийрсөн байсан. Би 2015 оноос газрын тосны газарт ажиллах болсон. Түүнээс болон бид хоёрын харилцаа улам хөндийрсэн. А.Гантуяатай үерхэж байх үед түүний эцэг, эхтэй их дотно харилцаатай  байдаг байсан учир салсны дараа очихоос санаа зовоод охинтойгоо уулзаж чадаагүй юм.

2015 оны 6 сарын 22-ны өдөр төрсөн охин Г.Туяамаа  нь миний  төрсөн хүүхэд мөн учир тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Боржигон овогт Атарсайханы Гантуяа  нь  тус шүүхэд хандан хариуцагч Мягмарсүрэнгийн Сүхбатад холбогдуулан "Хүүхдийн эцэг  тогтоолгон,  тэтгэлэг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд  гаргажээ.

А.Гантуяа нь М.Сүхбаттай албан ёсны гэрлэлтийн баталгаагүйгээр гэр бүлийн харьцаа тогтоон, 2013 оноос 2015 он хүртэл хамт амьдарч,  2015 оны 6 сарын 22-ны  өдөр охин Г.Туяамааг  төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний  гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаар Ягаан цээнэ өрхийн эмнэлгээс ирүүлсэн тодорхойлолт зэрэг  баримтаар тогтоогдож байна.

М.Сүхбат нь 2015 оны 6 сарын 22-ны өдөр төрсөн Г.Туяамааг өөрийн төрсөн хүүхэд  болохыг  хүлээн зөвшөөрч байх тул  Г.Туяамаагийн төрсөн эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д " гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр" хуульд заасан байх бөгөөд  Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар хуульчилсан байх тул хариуцагч М.Сүхбатаас хуульд заасны дагуу  хүүхдийн тэтгэлгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 6 сарын 22-ны  өдөр төрсөн Г.Туяамаагийн  төрсөн эцэг нь Мягмарсүрэнгийн Сүхбат   мөн болохыг тогтоосугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь  хэсэгт зааснаар 2015 оны 6 сарын 22-ны   өдөр төрсөн Г.Туяамааг    11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Мягмарсүрэнгийн Сүхбатаас сар тутам тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч  А.Гантуяад   олгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар  цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сүхбатаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Гантуяад, 28122.8 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.    

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  мөн зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг  дурдсугай.

 6. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

           7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                        Ш.АЛТАНЦЭЦЭГ