Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1075

 

 

 

 

 

 

 

 

     2020         06       08                                     2020/ШЦТ/1075

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Улсын яллагч Г.Цэрэнжамц, 

Хохирогч, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн,

Хохирогч, шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, Ж.Б нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05904 0742 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 Б.Б,

Ж. Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ зах дотор үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж Б.Б нь Ж.Бгийн эрүүл мэндэд “тархи доргилт, дух, дээд уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Ж.Б нь Б.Бын эрүүл мэндэд “тархи доргилт, баруун зүүн хөх, дал, бугалга гуяны цус хуралт, шууны арьсны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б, Ж.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

“Тухайн өдөр намайг ажил дээрээ сууж байх үед Б гаднаас орж ирээд “чи яасан даварсан авгай вэ” гэж хэлээд лангуун дээр байсан түлхүүрийн иж бүрдлийг авч над руу шидээд цээжин хэсэгт оносон. Дараа нь шилний резин авч шидсэн ч намайг оноогүй ба намайг үсдээд авахаар нь би Бг өөрөөсөө холдуулах гэж мөр рүү нь түлхэхэд надаас холдохгүй байсан. Бид хоёр зууралдаж байгаад өнхөрөлдөөд газарт унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

 

Хохирогч Ж.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үдээс хойш намайг ажил дээрээ ажлаа хийгээд байж байх үед манай нөхрийн эгч Б манай дэлгүүрт орж ирээд над руу орилж хашгирч байснаа лангуун дээр байсан накладыг авч над руу шидээд биеийн баруун хэсэгт оносон. Быг орилж хашгираад байхаар нь би гараад явсан. Би дараа нь удалгүй Бын дэлгүүрт очиж лангуун дээр нь байсан машины шил арчигчийн резинийг авч түүн рүү шидэхэд Б лангууны араасаа гарч ирээд миний үснээс зулгааж доош дарж газарт хэвтүүлээд цээжин дээр гарч суугаад чамайг алсан ч яадаг юм бэ гэж хэлсэн. Гаднаас Даш гэх манай зах дээр ажил хийдэг ах орж ирээд Б бид хоёрыг салгах гээд чадаагүй гарч явсан ба Б бид хоёр нэлээн удаан ноцолдсон. Б миний үснээс туг тугаар тасдаж унагаад чи наадах үсээ цагдаад үзүүлээрэй гэж хэлсэн. Даш буцаж орж ирээд бид хоёрыг салгахад Б манай дэлгүүрээс зугтаад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12027 дугаартай:

“Б.Бын биед тархи доргилт, баруун, зүүн хөх, дал, бугалга гуяны цус хуралт, шууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11858 дугаартай:

“Ж.Бгийн биед тархи доргилт, дух, дээд уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй” гэх  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:

“2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Б манай дэлгүүрт орж ирээд над руу түлхүүрийн иж бүрдэл авч шидсэн ч намайг оноогүй. Тэгээд Б бид хоёр барилцах үед би юм мөргөсөн. Газарт шланк, ременүүд хөлд тээглэж лангууны ирмэг болон хайрцагтай сэлбэг мөргөж, Б бид хоёр биедээ гэмтэл авсан. Сүртэй зодолдсон зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 80-83/,

 

Шүүгдэгч Ж.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр намайг өөрийн дэлгүүртэй сууж байх үед гаднаас Б орж ирээд лангуун дээр байсан том оврын машины накладыг шидэж миний биеийн баруун хэсэгт оносон. Над руу орилж хашгираад байсан ч би юм дуугараагүй учир Б дэлгүүрээс гарч явсан. Хэсэг хугацааны дараа би Бын дэлгүүр рүү орж лангуун дээр нь байсан машины шил арчигчийн резинийг авч Б руу шидэхэд Б лангууныхаа араас гарч ирээд миний үснээс доош дарж зулгаан намайг газарт хэвтүүлээд дээр гарч суугаад миний толгой, нүүр хэсэгт олон удаа гараараа цохисон. Тухайн үед Б “би өмнө нь хүн алаад хүн амины хэрэгтэй цагдаад мөнгө өгөөд гарсан, чамайг алсан ч мөнгө өгөөд гараад ирэх чадал надад байна” гэж хэлсэн. Тэр үед Даш гуай орж ирээд салгах гээд чадаагүй буцаад гараад явсан. Тэр үед манай ажлын хоёр хүн шагайж харсан ч бид хоёрыг салгаагүй. Би Бад “би чиний үгээр явъя” гэж хэлж амь гуйж доороос арай гэж босоод зууралдаад байж байх үед Даш гуай буцаж орж ирж чи тэр дэлгүүрээс зугтаж гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37/,

 

Шинжээч эмч Ж.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Б.Бын биед үзлэг хийж шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Дүгнэлтэд бичигдсэн бүх гэмтлүүдийн тархи доргилоос бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилтоос бусад гэмтлүүд нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Энэ гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Уналтаас ийм олон гэмтэл нэг доор үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 71/,

 

Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь хохирогчийн дух, дээд уруулд цус хуралт гэмтлийн аль нэгтэй нь хамт тухайн гэмтлин үйлчлэлээр үүссэн байна. Дээрх цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 72/

 - Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 01/,

 

- хохирлын баримт /хх-ийн 11-12/,

- Ж.Бгийн биед үүссэн гэх гэмтлийн гэрэл зураг /хх-ийн 13-14/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 84-86, 87-92/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Ж.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, Б.Бын цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.  

 

2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Да хүрээ зах дотор үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж Б.Б нь Ж.Бгийн эрүүл мэндэд “тархи доргилт, дух, дээд уруулд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ж.Б нь Б.Бын эрүүл мэндэд “тархи доргилт, баруун зүүн хөх, дал, бугалга гуяны цус хуралт, шууны арьсны зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг,  Ж.Бгийн биед үүссэн гэх гэмтлийн гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч Б.Б, Ж.Б нар нь өөрсдийн бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсантай маргахгүй, хүлээн зөвшөөрсөн, тэдний гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, шүүгдэгч Б.Б, Ж.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нотлох баримтаар нэхэмжлээгүй учир бусдад төлөх төлбөргүй, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, холбогдсон гэмт хэргийн талаар илэрхийлж байгаа байр суурь, хийсэн үйлдэлдээ өгч байгаа дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт, ажил эрхлэлт, орлогын байдал зэргийг харгалзан торгох ялыг ялгамжтай оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын олон нийтийг болон бие биенээ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьж хүлээцгүй хандсан үйлдэл, өрөөлийг давж даран авах, өрөөлд дийлдэхгүй гэсэн байр суурьнаас хандсан хандалга, бусдад түрэмгий дээрэнгүй байдлаар хандах гэсэн байдал нөлөөлсөн байна. Цаашид оролцогч нар нь дээрх дутагдлыг анхаарч хэн хэнээсээ уучлал гуйн эвлэрэх нь боломжтой, тэдний хувьд нээлттэй асуудал хэвээр үлдэж байна.  

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт Бн Б, Т овогт Жгийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Бг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ