Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2017/00047

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 28 дугаар байрны 15 тоотод оршин суух, Цэгц овогт Бадамхандын Туяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 23 тоотод оршин суух, Боржигин овогт Отгонсүрэнгийн Мөнхбатад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр  сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би О.Мөнхбатад 2015.01.29-ний өдөр барьцааны гэрээ байгуулан 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй 3.000.000 төгрөгийг Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 5 дугаар гудамжны 9 тоотын гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж зээлдүүлсэн. Үүнээс хойш О.Мөнхбат нь зээлийн хүүгээ төлж байгаад гэрээний хугацаа дууссан тул 2015.03.28-ны өдөр О.Мөнхбаттай дахин зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл О.Мөнхбат 2015 оны 4 дүгээр сарын хүүгээ өгснөөс хойш утсаа салгаад алга болсон. Иймд О.Мөнхбат нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул 6.420.000 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч О.Мөнхбат нь 6.420.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар  харилцан тохиролцож, заасан хугацаандаа мөнгөө төлөөгүй нөхцөлд зээлийн гэрээнд тусгагдсан Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 5 дугаар гудамжны 9 тоот хаягт байршилтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Б.Туяа нь хариуцагч О.Мөнхбатаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.420.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.   

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 58.825 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О.Мөнхбатаас 58.825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Цэгц овогт Бадамхандын Туяагийн нэхэмжлэлтэй, Боржигин овогт Отгонсүрэнгийн Мөнхбатад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 6.420.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Мөнхбат нь 6.420.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлөх, тохирсон хугацаандаа мөнгөө төлөөгүй нөхцөлд зээлийн гэрээнд тусгагдсан Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 5 дугаар гудамжны 9 тоот хаягт байршилтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 58.825 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О.Мөнхбатаас 58.825 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

                                           ШҮҮГЧ                                      П.ТУЯА