Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 0545

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,

           нарийн бичгийн дарга Г.С ,         

           улсын яллагч А.Т ,

            шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Ц  овогтой Г-д холбогдох ................  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1987 оны 07 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3/ аав, ээжийн хамт / Улаанбаатар хот,Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 9-14 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж, 2018 оны 12дугаар сарын 17-ны өдрийн торгох ялыг хорих ялаар солиулах тухай прокурорын дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар торгох ялыг хорих ялаар сольсон, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б  овгийн Ц-ны Г /РД:___________________/,    

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурьдснаар/  

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 02 сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 9-14 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий ээж О.М-ыг“ 102-т дуудлага өгсөн” гэж газар унагааж гараараа цохиж, чихнээс зулгааж зодож түүний биед баруун чихэнд шарх, баруун доод зовхинд цус хуралт үүсгэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ц.Г нь 2020 оны 02 сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 9-14 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий ээж О.М-ыг“ 102-т дуудлага өгсөн” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :    

- хохирогч О.М-ын....2020 оны 02 сарын 20-ны өдөр 15 цагийн орчим нөхөр Цогтсайханы хамт ууцны мах чанаж байхдаа бид хоёр дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” нэртэй архи худалдаж аваад гэртээ ууж байхад манай хүү Г  гаднаас согтуу орж ирээд “яасан 102-т дуудлага өгдөг юм бэ” “чаддаг юм бол дахиад өг” гээд миний цээж рүү түлхэж газар унагаад толгой руу гараараа цохиж байснаа миний баруун талын чихнээс угзраад цус гаргасан...Би гадагш зугтааж гараад охиныхоо гэрт орж Г  ах чинь намайг зодоод байна гэж хэлсэн. Манай охин Халиунаа цагдаад дуудлага өгсөн...тухай мэдүүлэг /хх-ийн 27-28/,

- гэрч Г.Ц-ны...2020 оны 02 сарын 20-ны өдөр гаднаас хүү Г  согтуу орж ирээд ээжтэйгээ хэрүүл маргаан үүсгэж байснаа гэнэт зодоон болж, Г  ээжийгээ газар унагаад зодож байхаар нь “ээжийгээ алах гэж байна шүү дээ боль” гээд салгахад намайг түлхэж газар унагаасан...М  зугтаасан,  М ын баруун талын чих сэтэрсэн, баруун талын нүд нь хөхөрч хавдсан байсан...тухай мэдүүлэг /хх-35-36/,

- шинжээчийн дүгнэлт:...О.М-ын биед баруун чихэнд шарх, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлдэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-40-41/,

- шүүгдэгч Ц.Г-ын....2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн ээж М  нь намайг архи уулаа өгдөг газар чинь өнгө гээд хэрүүл хийгээд байхлаар нь өгөх газар байвал өгөхгүй юу гээд хэлсэн чинь орон дээр сууж байснаа босч ирээд миний хажууд ирээд хэрүүл хийгээд байхаар нь хувцаснаас татсан чинь газар унасан, үүд рүү чихнээс нь татаж чирсэн. Ээж М-ад учруулсан гэмтлийг би учруулсан...тухай мэдүүлэг /хх-ийн 97-98/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.     

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай байхаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.    

Иймд шүүгдэгч Ц.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :              

Шүүгдэгч Ц.Г нь урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан буюу суллагдсан баримтууд байх тул /х-44, 55/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн, шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримт тус хэрэгт /х-28, 30, 103/,авагдсан байна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэв.       

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.          

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь : 

 

1. Шүүгдэгч Ц.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.    

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ц.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г. Г