Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 181/2016/01139/И/ |
Дугаар | 0614 |
Огноо | 2017-03-03 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 0614
Г.Цоггэрэлийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00009 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.Цоггэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-д тус тус холбогдох
2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний хавсралтын 46а байрны зоорийн давхарын 5, 6 тоот авто зогсоол буюу Г.Цоггэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай маргаантай хэргийг
Хариуцагч “Капитрон банк” ХХК-ний гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Түвшинтамир,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ялалт,
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Чинбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Цоггэрэл нь 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай 120 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 46А байрны 22 тоот 176 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 5, 6 тоот 2 ширхэг авто зогсоолыг 4,5 м.кв талбай бүхий харанхуй өрөөний хамт захиалан бариулж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Үүний дагуу “Мфикс капитал” ХХК-иас орон сууц болон авто зогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч миний нэр дээр бүртгүүлэхийг удаа, дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул миний бие Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 46А байрны 22 тоот, 176 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолууд болон 4,5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “Мфикс капитал” ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4553 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Миний бие дээрх 4553 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн, үнэ төлбөрийг нь бүрэн төлж худалдан авсан орон сууц болон авто зогсоолуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан боловч бүртгэлийн газраас орон сууц болон авто зогсоол нь “Мфикс капитал” ХХК, “Улаанбаатар хотын банк” болон “Капитрон банк”-ны хооронд байгуулагдсан барьцаат зээлиин гэрээнд бүртгэлтэй байна” гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан. Ингээд миний зүгээс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 530 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блю скай” хотхоны 46А байрны 22 тоот орон сууц болон мөн байрны 5, 6 тоот авто зогсоолууд болон 4,5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр Г.Цоггэрэлийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж, шийдвэрлэсэн бөгөөд орон сууц болон авто зогсоолуудын өмчлөх эрхийг иргэн миний нэр дээр дараах байдлаар бүртгэж, гэрчилгээ олгосон. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46А байрны 22 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013783 дугаарт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46А байрны зоорийн давхрын 5 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014261 дугаарт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46А байрны зоорийн давхрын 6 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014262 дугаарт тус тус бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг. Гэтэл “Мфикс капитал” ХХК нь “Капитрон банк”-наас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Капитрон банк”-тай 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа миний өмчлөлийн авто зогсоолуудыг хууль ёсны өмчлөгч надаас зөвшөөрөл авалгүйгээр, надад огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна. “Капитрон банк”-ны дээрх үйлдэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг ноцтой зөрчсөн байхаас гадна тухайн үед орон сууцандаа нүүн орж, өмч хөрөнгөө эзэмшиж, ашиглаж байсан надад мэдэгдэлгүйгээр өмч хөрөнгийг маань барьцаалсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-д заасныг зөрчсөн. Авто зогсоолуудын өмчлөгч Г.Цоггэрэл миний хувьд “Капитрон банк” ХХК-ийн өмнө аливаа үүрэг, хариуцлага хүлээгээгүй, “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк”-ны хооронд үүссэн зээлийн харилцаанд огт хамааралгүй этгээд байх тул өмч хөрөнгийг минь хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл” нь байгуулах үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул “Капитрон банк” болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний Г.Цоггэрэлийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 46А байрны 5, 6 тоот авто зогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Капитрон банк” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Х.Идэрбулган, Г.Чинбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чинтулга эрдэнэ” ХХК нь Капитрон банктай 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 09/15 тоот зээлийн гэрээг байгуулж, 860 000 000 төгрөгийн “ЖАЙКА” төслийн зээлийг, жилийн 9,9 хувийн хүүтэйгээр /6 cap тутам хувьсах/, 120 сарын хугацаатайгаар зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “Мфикс капитал” ХХК нь Капитрон банктай 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 9/15 тоот барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэгт, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46 А, Б, В, Г дүгээр байрны 1-72 тоот авто зогсоолуудыг барьцаалсан юм. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлсэн тохиолдолд барьцааны гэрээг хуульд заасны дагуу байгуулагдсанд тооцож, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Капитрон банкны хувьд дээрх барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуульд заасан журмын дагуу бүртгүүлэн баталгаажуулж хүчин төгөлдөр болсон. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалт “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 зүйлийн 281 дэх заалтад заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах” эрхтэй байх бөгөөд үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэлийн байгууллага нь хуульд заасны дагуу бүртгэх үүрэгтэй юм. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллага бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч нь хуулиар тогтоосон ямар нэгэн журам зөрчөөгүй болохыг нотолж байна. Гэтэл “Мфикс капитал” ХХК нь Г.Цоггэрэлтэй 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 120 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ нэхэмжлэгчийн хөрөнгөөр баригдсан, түүний өмч ба “Мфикс капитал” ХХК нь Капитрон банктай барьцааны гэрээ байгуулахдаа өөрөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж, 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох ...” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг улсын бүртгэлд тусгагдсаны дагуу буюу өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн тодорхойлдог юм. Тус банк нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд авч барьцаалах үед тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн “Мфикс капитал” ХХК нь дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газар ашиглах гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан юм. Барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт болон бусад баримтад тус барилгын захиалагчаар “Мфикс капитал” ХХК, гүйцэтгэгчээр “Вилмар” ХХК байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох “Мфикс капитал” ХХК мөн байна гэж үзэх нэгэн үндэслэл болсон юм. Ийнхүү барьцааны гэрээ нь хууль тогтоомжийн дагуу байгуулагдан бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон байх бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль, эрх зүйн үндэслэл бүрдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Мфикс капитал” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай 120 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Блю скай хотхоны 46А байрны 22 тоотод байрлах 176 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг, 46А байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолуудын хамт захиалсан. Улмаар орон сууц, авто зогсоолын төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлсөөр 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүрэн төлж дуусгасан. Нэгэнт тухайн орон сууц, авто зогсоол нь Г.Цоггэрэлийн өмч хөрөнгөөр бий болсон учраас түүнийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 20-нгы өдрийн 4553 дугаар захирамжаар орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоосон бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэхээр шийдвэрлэсэн учир эдгээр шүүхийн шийдвэрүүдэд бид хүндэтгэлтэй хандаж байгаа болно. Бидний хувьд “Чинтулга Эрдэнэ” ХХК-ийн Капитрон банк ХХК-тай 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот зээлийн гэрээг байгуулсны үндсэн дээр зээлсэн 860 000 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчийн өмчлөлийн 46А байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолуудыг барьцаалж Капитроны банк ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 09/15 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгч нь өөрийн барьцаалсан авто зогсоолуудын төлбөрийг бүрэн төлж, өмчлөх эрх нь үүссэн байсан боловч бид түүнд мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр 09/15 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулан нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн хувьд “Капитрон банк” ХХК болон “Чинтулга эрдэнэ” ХХК-ийн хооронд үүссэн зээлийн өр төлбөрийн асуудалд огт оролцоогүй, банкны өмнө бидний болоод “Чинтулга эрдэнэ” ХХК-ийн өмнөөс үүрэг хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй учир бидний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний хавсралтын 46а байрны зоорийн давхарын 5, 6 тоот авто зогсоол буюу Г.Цоггэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-иас тус бүр 35 100 төгрөг гаргуулан Г.Цоггэрэлд олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч “Капитрон банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Ариунаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх “Капитрон банк” ХХК-нийг иргэн Г.Цоггэрэлээс зөвшөөрөл авалгүй барьцааны гэрээ байгуулсан буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан гэж дүгнэсэн байна. Мөн барьцааны гэрээ байгуулах үед Г.Цоггэрэл нь 5, 6 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгч байсан гэж үзсэн байна. Маргааны зүйл болсон 5, 6 тоот авто зогсоолыг барьцаалсан барьцааны гэрээний 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг бол Г.Цоггэрэлийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамж 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш ойролцоогоор 4 жил 1 cap 18 хоногийн дараа Г.Цоггэрэл нь 5, 6 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тооцогдсон байна. Мөн 5, 6 тоот авто зогсоолын өмчлөгчөөр 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Мфикс капитал” ХХК-ийг бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг бөгөөд энэ өдрөөс хойш 5 жил 3 cap 25 хоногийн дараа энэ гэрчилгээг хүчингүй болгох тухай захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан. 5 жил 3 cap 25 хоногийн дараа “Мфикс капитал” ХХК-ийн гэрчилгээ хүчингүй болж магадгүй гэдгийг “Капитрон банк” урьдчилан тааж мэдэх боломжгүй гэдгийг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна. “Капитрон банк” 5, 6 тоот авто зогсоолыг барьцаалах үед “Мфикс капитал” ХХК нь хууль ёсны өмчлөгч бөгөөд УБЕГ-аас олгосон өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан. Гэрчилгээн дээр өмчлөгч нь “Мфикс капитал” ХХК гэж тодорхойлсон байсан. Энэ үед Г.Цоггэрэлийн асуудлыг огт мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Харин энэ өдрөөс хойш 4 жил 1 cap 18 хоногийн дараа шүүгчийн захирамжаар Г.Цоггэрэл хууль ёсны өмчлөгч болсон байна. “Мфикс капитал” ХХК нь өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авснаас хойш 5 жил 4 сарын дараа түүний гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Барьцааны гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 4 жилийн дараа хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон Г.Цоггэрэлээс зөвшөөрөл авах ёстой гэж үзэн Иргэний хуулийн 56.1.8 дах заалтыг хэрэглэсэн байгаа нь анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснийг илтгэж байна. Анхан шатны шүүх Г.Цоггэрэлийн зүгээс 5, 6 тоот авто зогсоолыг худалдан авахтай холбоотой төлбөр тооцоогоо төлж дуусгасан үеэс өмчлөх эрх нь үүссэн гэж дүгнэсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх, дуусгавар болохтой холбоотой нарийвчилсан зохицуулалтыг анхаараагүйг илтгэж байна. Өөрөөр хэлбэл холбогдох анхан шатны шүүх “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” байна. “Мфикс капитал” ХХК-ийг барьцааны гэрээ байгуулах үед өмчлөгч байгаагүй гэсэн байна. Гэтэл 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Мфикс капитал” ХХК-ийг өмчлөгч гэж бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан байдаг. Мөн “худалдан авсан, зохих төлбөрийг бүрэн хийсэн Г.Цоггэрэлээс зөвшөөрөл, итгэмжлэл аваагүй” гэсэн байна. Энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн хувьд төлбөрийг бүрэн хийснээр өмчлөгч болдог гэсэн хуулийн зохицуулалт байхгүйг анхан шатны шүүхээс анхаараагүйг харуулж байгаа юм. Хэрэгт авагдсан бусад үйл баримтын хугацаатай харьцуулж иж бүрэн дүгнэлт өгөөгүй байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь “Мфикс капитал” ХХК нь өмчлөгчөөр бүртгэгдсэн өдрөөс хойш 5 жил 3 cap 25 хоногийн дараа, Капитрон банкны барьцаа бүртгэгдсэн өдрөөс хойш 5 жил 6 хоногийн дараа гарсныг анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй. Тодруулбал, барьцааны гэрээ байгуулах үед илэрхий байсан нөхцөл байдал, үйл баримтууд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр дунджаар 5 жилийн дараа өөрчлөгдсөн буюу өмчлөгч солигдсон. Анхан шатны шүүхээс 5 жилийн өмнө барьцааны гэрээ байгуулагдах үед үйл баримт ямар байсныг биш, 5 жилийн дараа үйл баримт ямар болж өөрчлөгдсөнөөр 5 жилийн өмнөх барьцааны гэрээг дүгнэсэн байгаа нь илт үндэслэлгүй байна. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр эсэхийг шалгаж тогтооход гэрээ байгуулагдах үеийн үйл баримт нь чухал болохоос барьцааны гэрээ байгуулагдах үед тогтоогдоогүй, нотлогдоогүй, илрээгүй, шийдэгдээгүй, мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй үйл баримтууд төдийлөн ач холбогдолгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримтад хамааралтай, барьцаалагчийн эрхтэй холбоотой хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь хариуцагч “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-д тус тус холбогдуулан 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний хавсралтын 46а байрны зоорийн давхарын 5, 6 тоот авто зогсоол буюу Г.Цоггэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Мфикс капитал” ХХК хүлээн зөвшөөрч, хариуцагч “Капитрон банк” ХХК нь эс зөвшөөрч маргажээ.
“Мфикс капитал” ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг “Капитрон банк” ХХК-д барьцаалж, зээлийн мөнгөн хөрөнгийг авсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 26-29 дүгээр тал/
Уг барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр хэлцэл хийжээ. Уг барьцааны гэрээ байгуулагдах үед барьцааны зүйл болох дээрх 2 авто зогсоол нь 90 хувийн гүйцэтгэлтэйгээр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хариуцагч “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан талаар өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэсэн. Энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Тодуулбал, хариуцагч “Капитрон банк” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулагдах үед маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч “Мфикс капитал” ХХК-ийг өмчлөгч гэж үзэж, барьцааны эрх үүсгэхээр хэлцэл хийсэн нь хууль зөрчөөгүй болно. /хх-ийн 45-46 дугаар тал/
Иймд барьцааны эрхийг шилжүүлэн авч байгаа этгээд болох “Капитрон банк” ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу барьцаалуулах эрхтэй этгээд болох “Мфикс капитал” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр барьцааны эрхийг олж авсан тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар “Капитрон банк” ХХК нь уг барьцааны хувьд шудрага эзэмшигч гэж тооцогдоно.
Иргэний хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оюуны үнэт зүйл, аливаа эрх хөрөнгө болохын хувьд эзэмшилдээ авахад мөн хуулийн 89-94 дүгээр зүйлийн эд хөрөнгөтэй холбоотой зохицуулалт нэгэн адил хамаарах тул барьцааны эрхийг шударгаар олж авсан “Капитрон банк” ХХК-тай байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардахгүй байх зарчимд харшилна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан “зээлийн хувийн хэргийг бүрдүүлэхдээ барьцаалж байгаа эд хөрөнгийг газар дээр нь очиж, нэгбүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусган шалгах” үүргээ “Капитрон банк” ХХК нь хэрэгжүүлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй боловч хариуцагч “Мфикс капитал” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, энэ талаар мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрт тусгагдсан байгаагаас үзэхэд 2010 онд нэхэмжлэгч Г.Цоггэрэлийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байсан гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 16-20, 45-46 дугаар тал/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалах үед буюу 2010 онд шударгаар эзэмшиж байсан буюу оршин сууж байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, зөвхөн худалдах, худалдан авах гэрээ, үнэ төлсөн баримт хэрэгт авагдсан байна.
Нөгөө талаар хариуцагч “Капитрон банк” ХХК-ийн хувьд хариуцагч “Мфикс капитал” ХХК-тай зээлийн барьцааны гэрээ байгуулах үедээ нэхэмжлэгч Г.Цоггэрэлээс зөвшөөрөл авах шаардлагатай байсан гэдгийг мэдэх боломжгүй байсан гэж үзнэ.
Хэдийгээр нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч “Мфикс капитал” ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах, худалдах, худалдан авах гэрээг байгуулж, үүний дагуу төлбөрийг төлсөн гэх боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гэрээний үнийг төлснөөр бус, харин Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүснэ.
Нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн хувьд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4553 дугаар захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрүүдийг үндэслэн 2014 онд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 6-7, 14-20 дугаар тал/
Хариуцагч “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд барьцааны гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь өмчлөгч биш байсан тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй. Уг хэлцлийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч нь буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/00009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлгүй тул “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулагдсан, 09/15 тоот зээлийн барьцааны гэрээний хавсралтын 46а байрны зоорийн давхарын 5, 6 тоот авто зогсоол буюу Г.Цоггэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Цоггэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Г.ДАВААДОРЖ