Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 038

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1-д заасан Дсумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар агнуур зүйн мэргэжлийн байгууллага “Авралын Эрэлд” ХХК-ийн хийж боловсруулсан “Ахуунт” агнуурын бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөө болон зохион байгуулалтын тайланг баталсан хэсэг, 2-т заасан ”Ахуунт” бүс нутгийн менежментийн хэрэгжүүлэгчээр Н.Эрдэнэбат захиралтай “М” ХХК-тай Амьтны тухай хуулийн 22.3, 22.4, 22.5 дах заалтууд, Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолын 1,2 дугаар хавсралтад заасны дагуу гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг дарга А.Ахылбект зөвшөөрсөн хэсэг, 4-т заасан ...Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон хэсгийг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал, гэрч С.Медеухан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний үндэслэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

 “О” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 93 тоот тогтоолоор батлагдсан журмын дагуу тус аймагт анх удаа агнуурын бүс нутгийн менежментийг нутгийн уугуул иргэдийн оролцоотойгоор байгалийн нөөцийн хамтын менежментэд тулгуурлан агнуур зохион байгуулалтыг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар хийлгүүлэн Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 тоот тогтоолоор батлуулан ажиллаж байсан юм. Уг тогтоолоор “Ахуунт” агнуурын бүс нутгийн менежментийг манай компанид 5 жилийн хугацаатай хариуцуулан хамгаалуулах гэрээ хийж хэрэгжилтийг хангаж тайлагнах, 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсан юм. Үүний дагуу тус бүсийн менежментийг хариуцах гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгуулсан ба өнгөрсөн хугацаанд гадаадын анчдаар ан агнуулснаас орох орлогоос нөхөрлөлүүдийг дэмжиж сүүлийн 3 жилд 100.0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тус “Ахуунт” агнуурын бүс нутагт байгалийн нөөцийн хамтын менежментийг төрийн бодлогод нийцүүлэн үлгэр жишээ хөгжүүлж байгаа юм. Түүнчлэн “О” ХХК нь 2014 оноос хойш одоо хүртэл тухайн гэрээний Дөрвийн 4.3.1-4.3.10 дах хэсэгт заасан хүлээх үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байсан.

 Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “О” ХХК-ийн менежментийн гэрээг цуцлах, бусдад шилжүүлэх шалтгаан байхгүй байхад хувийн ашиг сонирхлын зөрчил агуулсан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 тоот тогтоолын 1 дэх хэсгээр “Д сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар агнуур зүйн мэргэжлийн байгууллага “Авралын Эрэлд” ХХК-ийн хийж боловсруулсан “Ахуунт” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө болон зохион байгуулалтын тайланг баталсныг, 2 дахь хэсгээр “Ахуунт” бүс нутгийн менежментийн  хэрэгжүүлэгчээр Н.Эрдэнэбат захиралтай “М” ХХК-тай  Амьтны тухай хуулийн 22.3, 22.4, 22.5 дахь заалтууд, Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолын 1,2 дугаар хавсралтад заасны дагуу гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг дарга А.Ахылбект зөвшөөрснийг, 4 дэх хэсгийн энэхүү “Ахуунт” бүс нутгийн менежментийн төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай” гэснийг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрсөн үндэслэлийн талаар тайлбарлавал, уг актыг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж бид  үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудад зааснаар сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх, тухайн нөхцөл байдлыг тогтоох зэрэг ажиллагааг хийхгүйгээр шууд шийдвэр гаргаж хариуцагч Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Энэхүү захиргааны акт өөрөө агнуурын бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөө болон зохион байгуулалтын тайланг баталсан, гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг даргад зөвшөөрсөн агуулгатай мөртлөө тогтоолын 4 дэх заалтаар “О” ХХК-ийн менежментийн төлөвлөгөөг баталсан тогтоолыг шууд хүчингүй болгосон нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай эрхийн акт гэж үзнэ.

Уг шийдвэр нь  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, үндэслэлээ зааж чадаагүй, “О” ХХК-ийн тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан, төлөвлөгөөг баталсан эрхийн актыг хүчингүй болгосон сөрөг үр дагавартай захиргааны акт байгаа. Мөн уг актад баримталсан хуулийн зүйл, заалт нь тайлан батлах, гэрээ байгуулах эрх олгох гэсэн агуулгатай, Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтыг удирдлага болгосон, тогтоолыг баримтлаагүй буюу хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байгаа. Амьтны тухай хуульд зааснаар гэрээг анх удаа нэг жил, дараа нь  арван жилийн хугацаагаар байгуулахаар зохицуулсан байх бөгөөд “О” ХХК нь менежментийн төлөвлөгөөг хангалттай биелүүлж ажилласан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа.  “О” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байхад, уг компанийн төлөөлөлд мэдэгдэхгүйгээр гэрээг цусалсан тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Баян-Өлгий аймгийн Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 тоот тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа тэдэнд урьдчилан мэдэгдээгүй, оролцоог нь хангаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар, саналыг аваагүй байгаа. Тус тогтоолын 1 дүгээр хэсэгт “Дсумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар агнуур зүйн мэргэжлийн байгууллага “Авралын Эрэлд” ХХК-ийн хийж боловсруулсан “Ахуунт” агнуурын бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөө болон зохион байгуулалтын тайланг баталсугай гэжээ. “Авралын Эрэлд” ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл авсан байх ба 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрлийн эрх нь дууссан байгаа. Гэтэл тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад 20 хоног өнгөрсний дараа гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу хийгдсэн ажил болох менежментийн төлөвлөгөөг уг тогтоолоор баталсан байна. Энэхүү компанийн хийсэн төлөвлөгөөг баталсантай холбогдуулан Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсон байгаа. Тийм учраас Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолын дээрх заалтуудыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 1 хувь тогтоол гаргах бөгөөд тухайн тогтоолыг чиглэгдсэн этгээд хувилж авч болохоор заасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан тогтоолыг тухайн байгууллага өөрөө харж хамгаалах үүрэгтэй. Гэтэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ үүргээ биелүүлээгүйгээс болж, үүссэн асуудлыг “О” ХХК-д түлхэж байгаа үйлдэл нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин “О” ХХК нь өөрт нь байсан Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 28 тоот тогтоолын хуулбар хувийг эх хувь гэж андуурч явж байсан. Тэр бол эх хувь биш бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуульд аливаа баримтыг эх хувьтай нь тулгаж шинжилгээ хийхээр тусгасан байгаа. Гэтэл тухайн баримтын хуулбар хувийг өгөөд шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь учир дутагдалтай байна. Захиргааны байгууллага, албан тушаалтны иргэдийн эрх ашгийг зөрчсөн хууль бус шийдвэрийг хязгаарлах зорилгоор Захиргааны ерөнхий хууль гарсан бөгөөд уг хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа, маргаан бүхий захиргааны актыг хариуцагч байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж гаргасан болохыг анхаарч үзэхийг хүсэж байна гэв.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай “Агнуурын бүсийн менежментийг сайжруулах тухай” Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж, “Ахуунт” агнуурын бүсийг “О” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар хариуцуулан хамгаалах шийдвэрийг Хурлын бүрэн эрхийн хүрээнд гаргасан. Уг тогтоол нь холбогдох хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн Хурлын тогтоол байсан бөгөөд холбогдох эрх бүхий байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн эрх хэмжээний хүрээнд энэхүү 28 дугаар тогтоолыг хуульд заасны дагуу хүчингүй болгосон. Учир нь Засгийн газрын 2013 оны  93 дугаар тогтоолоор баталсан журмын 2.4 дэх хэсэгт зааснаар “агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч” гэж тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сумын Засаг дарга, аймаг нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай Амьтны тухай хуулийн 22.5-д зааснаар эхний ээлжид нэг жилийн хугацаатайгаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулсан хуулийн этгээдийг, мөн Амьтны тухай хуулийн 22.5-т зааснаар ...энэ хуулийн 22.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжид нэг жилийн хугацаагаар, цаашид  арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно гэж тус тус заасан байдаг. Иймд холбогдох хууль болон Засгийн газрын тогтоолыг үндэслэн Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолоор 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоол, 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлэн 26 дугаар тогтоолыг гаргасан.

Монгол Улсын хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолд нийцүүлэн тогтоол гаргасан нь  Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд ямар нэгэн сонсох ажиллагаа хийх болон хэн нэгний эрх ашгийг зөрчөөгүй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д зааснаар тухайн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн “О” ХХК-ийн зүгээс Дсумын нутаг дэвсгэрт ямар нэгэн агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө хийлгээгүй, Хурлаар төлөвлөгөөгөө батлуулаагүй, сумын Засаг даргатай гурван талт ямар ч гэрээ байгуулаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд тухайн эрх ашгаа хамгаалахаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл “О” ХХК-ийн одоогийн байдлаар ямар эрх ашиг нь зөрчигдөж байгаа нь тодорхой бус байна. Төрийн байгууллагаас гарч буй аливаа шийдвэр нь хууль ёсны бөгөөд албан ёсны байх ёстой. Харин Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 тоот тогтоол нь хууль ёсны бөгөөд албан ёсны болох нь эргэлзээтэй байна. Учир нь, тухайн үед Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Бахыт нь 2014 оны 07 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаартай тогтоол гарч байсан, харин  2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн  28 тоот тогтоол гарч байгаагүй гэж мэдүүлэг өгсөн. Дээрээс нь “Хыдыр” нөхөрлөлийн үүсгэн байгуулагч н.Солтанхан, захирал С.Ерболат нар мэдүүлэг өгөхдөө 28 тоот тогтоол гарч байгаагүй гэсэн байгаа. Гэрч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Айбекийн мэдүүлгээр мөн уг 28 тоот тогтоол гаргаагүй болох нь тогтоогдож байна. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр 28 тоот тогтоол нь хуурамч болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, өнгөт канон ашиглаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг үйлдсэн байна.

Хамгийн анх Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар 24-ний өдрийн 22 тоот тогтоолоор “Хыдыр” нөхөрлөлийг тухайн бүс нутгийн менежментийн хариуцагчаар тогтоосон байдаг. Түүнээс биш “О” ХХК-д эрх олгосон ямар нэгэн шийдвэр Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гараагүй. Харин Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар 24-ний өдрийн 22 тоот тогтоол гарсны дараа  “О” ХХК нь “Хыдыр” нөхөрлөлтэй хамтран ажиллаж байсан зүйл байгаа бөгөөд сумын Засаг дарга хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулж байсан. Энэ нь зөвхөн “Хыдыр” нөхөрлөлийн хүсэлтээр хийгдсэн зүйл байгаа. Гэвч эрх олгосон гэх 28 тоот тогтоол хууль ёсны байж чадахгүй байхад “О” ХХК нь бидний эрх ашиг зөрчигдсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Эдгээр нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул “О” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Хууль бус, хуурамч тогтоол үйлдээд уг тогтоолоороо 3-4 жилийн хугацаанд агнуурын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн зүйл байгаа. 2014-2016 онуудад Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн даргаар ажиллаж байсан А.Бахыт гэдэг хүн 2016 онд тодорхой шалтгааны улмаас ажлаас гарсан ба тухайн үед тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн  2014-2016 оны тогтоол болон албан бичгүүдийг аваад явсан зүйл байгаа. Харин хариуцагчийн хувьд тухайн үед өөрт нь ямар нэгэн нотлох баримт байхгүй байсан учраас 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоол гарсан гэж шүүхэд тайлбар өгсөн байна.  Иймд маргаан бүхий тогтоолын улмаас “О” ХХК-ийн ямар нэгэн эрх хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Гуравдагч этгээд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Манай компани нь “Ахуунт” агнуурын бүс нутагт гадаадын анчдыг ан агнуулах үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн “Хыдыр”  нөхөрлөл болон Дсумтай 1999 оноос хойш одоог хүртэл ан агнуурын бүс нутгийн ашиглалт хамгаалалтын асуудалд сумын төсөвт олон сая төгрөгийн төлбөр төвлөрүүлж ирсэн. Бид 2013 онд “Хишиг амьтан”  ХХК-аар агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагаар Баян-Өлгий аймгийн Дсумын 7 дугаар багийн нутаг “Хыдыр“ нөхөрлөлийн хариуцсан “Ахуунт” орчмын агнуурын бүс нутгийн ангийн нөөцийг тогтоолгож, менежментийн төлөвлөгөөг хийлгэхэд  5.0 сая төгрөгийн хөрөнгө гаргаж хийлгэсэн. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аймгийн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй гэсэн хууль бус шалтгаанаар энэхүү төлөвлөгөөнөөс татгалзсан. Иймээс дахин 2014 онд Дсумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Хишиг амьтан” ХХК нь Дсумын “Ахуунт” орчмын агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө, агнуур зохион байгуулалтын тайланг хийлгэсэн байдаг.

Ингээд Баян-Өлгий аймгийн Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолоор “Ахуунт” бүс нутгийн менежментийн хэрэгжүүлэгчээр Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолоор батлагдсан “Ховор ан амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”, “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-д заасны дагуу манай компанийг гэрээ байгуулан ажиллахыг зөвшөөрсөн. Энэхүү тогтоол нь хууль тогтоомж болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасны дагуу Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан үүргийнхээ дагуу хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох бүрэн эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч талаас захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй ба үүний улмаас нэхэмжлэгч байгууллагын эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргаж байгаа. Гэтэл бусдын эрх ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй болох захиргааны акт гаргахдаа тухайн этгээдэд мэдэгдэх талаар Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан байгаа. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч байгууллагад эрх олгосон гэх тогтоол нь хуурамч, хууль бус болох нь  тогтоогдож байна.

Тухайлбал, Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Бахытын мэдүүлгээр уг асуудал тогтоогдож байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Хурлын нарийн бичгийн дарга нь хуралдааныг зохион байгуулах Хурлаас гарсан аливаа шийдвэрийг хадгалах зэрэг эрхүүдийг хэрэгжүүлэх талаар тодорхой тусгасан байгаа. А.Бахытын мэдүүлгээс үзэхэд 2014 онд Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “О” ХХК-д эрх олгосон 28 тоот тогтоол гарч байгаагүй, 2014 оны 28 тоот тогтоол нь өөр асуудлыг зохицуулж гарсан ба тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчид “О” ХХК-д эрх олгох талаар ерөөсөө хуралдаагүй гэж хэлсэн байна. Тухайн үед Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр ажиллаж байсан хүмүүсийг шүүхээс гэрчээр асууж, 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “О” ХХК-д эрх олгосон 28 тоот тогтоол гарсан эсэхийг тодруулахад бүх Тэргүүлэгчид “үгүй” гэж хариулж байсан байна.

Дээрээс нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездээс шүүх 28 тоот тогтоолын талаар тодруулга авахдаа Я.Сьезд нь “О” ХХК-д эрх олгосон 2014 оны 28 тоот тогтоолын эх хувийг би аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Айбекээс авч нотариатаар баталгаажуулсан ...” гэх тайлбарыг өгсөн. Харин Д.Айбект шүүхээс хууль сануулж мэдүүлэг авахад, “... манайд тийм тогтоол байхгүй, байхгүй тогтоолыг би яаж Я.Сьездэд гаргаж өгөх юм бэ, Я.Сьезд гэдэг хүн худал ярьсан байна, тийм тогтоол манай газарт байхгүй, огт хараагүй ...” гэж хэлсэн байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 28 тоот тогтоолын эх хувийг гаргаж өгсөн байх ба уг тогтоолыг шинжлүүлэх хүсэлтийг би шүүхэд гаргаснаар аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас 28 тоот тогтоолыг шинжлэн үзээд өнгөт хэвлэх төхөөрөмжөөр гаргасан хуурамч баримт байгаа гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна ...” гэж заасан байдаг. Маргаан бүхий захиргааны акт хууль бус байж болно, гэхдээ уг актыг хууль бус гэж хүлээн зөвшөөрч байгаа асуудал биш. Хэрэв тухайн маргаан бүхий акт хууль бус байсан тохиолдолд үүний улмаас нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөн бэ гэдэг асуудал гарч ирдэг. Өнөөдөр нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хэрхэн зөрчигдсөн бэ гэдгийг өөрсдөө нотолж чадахгүй байгаа. Нэхэмжлэгч талын ярьж байгаа 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 тоот тогтоол гэсэн шийдвэр Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гаргаагүй болохыг хариуцагч болон гэрч нар нотолж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй гэж үзэж байна.

“Ахуунт” агнуурын бүс  нутагт тухайн чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг “Хыдыр” нөхөрлөлөөс  өөр байгууллага байхгүй байсан учраас тухайн нөхөрлөлийг менежментийн хариуцагчаар тогтоосон байдаг.  Харин  “Хыдыр” нөхөрлөл нь “О” ХХК-тай хамтран ажиллаж байсан болохоос уг компани нь тухайн бүс нутагт менежментийн хариуцагчаар бие даасан үйл ажиллагаа явуулж байсан удаа байхгүй. Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т зааснаар менежментийн төлөвлөгөөг баталсны дараа тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ангийн бүсийг тогтоох ёстой. Гэтэл “О” ХХК-д эрх олгосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байхад, эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолын холбогдох хэсгээр тус сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар агнуур зүйн мэргэжлийн байгууллага “Авралын Эрэлд” ХХК-ийн хийж боловсруулсан гэх “Ахуунт” агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө болон зохион байгуулалтын тайланг баталж, тус бүс нутгийн менежментийн хэрэгжүүлэгчээр “М” ХХК-тай гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг даргад зөвшөөрч, Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг нэхэмжлэгч “О” ХХК нь хүчингүй болгохыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ “тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Агнуурын бүсийн менежментийг сайжруулах тухай”  28 дугаар тогтоолоор “Ахуунт” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг 5 жилийн хугацаатайгаар хамгаалуулах гэрээ хийж, хэрэгжилтийг хангаж тайлагнах, 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсан. Тус агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар байгуулсан.

Өнгөрсөн хугацаанд гадаадын анчдаар ан агнуулснаас орох орлогоос нөхөрлөлүүдийг дэмжиж сүүлийн 3 жилд 100.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэн ажилласан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад дээрх 28 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон нь хууль бус гэж тайлбарлаж маргасан байна.

Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих, агнуурын бүс нутгийг энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно”, 22.4-т “агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болно”, 22.6-д “энэ хуулийн 22.4-т заасан агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг эзэмшигч нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авна” гэж тус тус заасан.

Мөн  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т зааснаар ан агнуурын менежментийн төлөвлөгөө гэж тухайн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ам амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг ойлгох ба ан агнуурын бүс нутгийн менежментийн хариуцагч гэж Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу  Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор баталсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын Хоёрын 2.4-т зааснаар тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сумын Засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай Амьтны тухай хуулийн 22.5-д зааснаар эхний ээлжид нэг жилийн хугацаатайгаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд байх ажээ.

Мөн Амьтны тухай хуулийн 5.2.4-т заасны дагуу Засгийн газрын дээрх тогтоолоор баталсан “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ын Нэгийн 1.3-т зааснаар тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч, иргэн хуулийн этгээд нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ гэж, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т зааснаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь агнуурын нөөц бүхий болон ангийн аж ахуйн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.

Хууль, журмын дээрх зохицуулалтуудаас үзэхэд тухайн ан агнуурын бүсийг менежментийн төлөвлөгөөг үндэслэн сум, дүүргийн Хурлын байгууллагаас тогтоодог байх ба менежментийн хариуцагч нь тухайн ан агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байх, уг төлөвлөгөөг сумын Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцсэн байх, улмаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь баталсан байх, ингэснээр менежментийн хариуцагч нь  тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сумын Засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай Амьтны тухай хуулийн 22.5-д зааснаар эхний ээлжид нэг жилийн хугацаатайгаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулж ажиллахдаа ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авахаар байна.

Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай “Агнуурын бүсийн менежментийг сайжруулах тухай” 28 дугаартай тогтоолын хуулбараас үзэхэд уг тогтоол нь “Ахуунт” агнуурын бүс нутгийн менежментийг нэхэмжлэгч “О” ХХК-д 5 жилийн хугацаатай хариуцуулж, хамгаалуулах гэрээ хийж, хэрэгжилтийг хангах, 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсан агуулгатай байх боловч нэхэмжлэгч ”О” ХХК-ийг “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн хариуцагчаар дээрх 28 дугаартай тогтоолоор эрх бүхий этгээдээс тогтоосон нь, нэхэмжлэгч тухайн бүсийн хууль ёсны менежментийн хариуцагч болох нь дараах байдлаар тогтоогдохгүй байна.

Нэгдүгээрт

 “Хишиг амьтан” ХХК бүхий агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллага  нь Дсумын “Ахуунт” ан агнуурын бүсэд 2014-2018 онуудад хэрэгжих менежментийн төлөвлөгөөг 2014 онд хийж боловсруулсан байх тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор анх “Хыдыр” нөхөрлөлийн “Хишиг амьтан” ХХК-аар хийлгэсэн гэх “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн дээрх төлөвлөгөөг хэлэлцэн баталж, менежментийн төлөвлөгөөний хариуцагчаар “Хыдыр” нөхөрлөлтэй гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэжээ.

Улмаар “Хыдыр” нөхөрлөл болон Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Н.Ахытхан, Дсумын Засаг дарга А.Ахылбек нар нь хоорондоо 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэг жилийн хугацаатай “Ахуунт” агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэрээ[1] байгуулж, гэрээний хугацаа дууссаны дараа 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр арван жилийн хугацаатай гэрээг дахин байгуулсан нь Амьтны тухай хууль болон холбогдох журмын дээрх зохицуулалттай нийцсэн, үүнээс үзэхэд “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн хариуцагчаар анх тухайн 2014 онд “Хыдыр” нөхөрлөлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон нь нотлогдож байна.

Хоёрдугаарт

Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 онд гаргасан тогтоолуудын эх хувьд шүүхээс үзлэг хийхэд дээрх байдлаар 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр  “Хыдыр” нөхөрлөлийг “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн хариуцагчаар тогтоосон 22 дугаартай тогтоолын эх хувь, тус хуралдааны тэмдэглэл авагдсан, нэхэмжлэгч “О” ХХК-ийг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус агнуурын бүсийн менежментийн хариуцагчаар тогтоосон гэх 28 дугаартай тогтоол авагдаагүй, 2014 оны 28 дугаартай тогтоол нь 08 дугаар сарын 26-ны өдөр гарсан “Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” өөр агуулга бүхий шийдвэр байсан нь  тогтоогдсон.

Хариуцагч талаас шүүхэд анх 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор Ахуунт агнуурын бүсийг “О” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар хариуцуулан хамгаалах шийдвэрийг Хурлын бүрэн эрхийн хүрээнд гаргасан. Уг тогтоол нь холбогдох хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн тул эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон” гэж тайлбарлаж байсан бол хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад дээрх тогтоолтой холбогдуулан “Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар 24-ний өдрийн 22 тоот тогтоолоор “Хыдыр” нөхөрлөлийг тухайн бүс нутгийн менежментийн хариуцагчаар тогтоосон байдаг. Түүнээс биш “О” ХХК-д эрх олгосон ямар нэгэн шийдвэр Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс гараагүй. Харин Дсумын Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 07 дугаар 24-ний өдрийн 22 тоот тогтоол гарсны дараа  “О” ХХК нь “Хыдыр” нөхөрлөлтэй хамтран ажиллаж байсан. 2014-2016 онуудад Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн даргаар ажиллаж байсан А.Бахыт гэдэг хүн 2016 онд тодорхой шалтгааны улмаас ажлаас гарсан ба тухайн үед тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн  2014-2016 оны тогтоол болон албан бичгүүдийг аваад явсан зүйл байгаа. Харин хариуцагчийн хувьд тухайн үед өөрт нь ямар нэгэн нотлох баримт байхгүй байсан учраас 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоол гарсан гэж шүүхэд тайлбар өгсөн байна.” тайлбарлажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байна, 20.4-т ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга байна гэж заасан ба 2014 онд  Дсумын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Бахытын гэрчийн мэдүүлгээр[2] 2014 онд сумын Хурлын Тэргүүлэгчдээс “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн хариуцагчаар “Хыдыр” нөхөрлөлийг тогтоосон нь, харин  “О” ХХК-ийг менежментийн хариуцагчаар тогтоох асуудлыг хэлэлцүүлж байгаагүй нь нотлогдсон.

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д  Хурлын байгууллагын хэлэлцсэн асуудлаар гаргах тогтоолыг олонхын саналаар батлахаар заасан. Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны “ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг батлах тухай” 08 дугаар тогтоолын дагуу 2014 онд тус сумын Хурлын Тэргүүлэгчдээр ажиллаж байсан гэрч Х.Машка, А.Рысхан, С.Ерболат, Х.Ертай, З.Салдан, хариуцагч Б.Айдос нарын  шүүхэд болон хариуцагчийн хувьд өгсөн мэдүүлэг, тайлбараар 2014 онд “О” ХХК-ийг “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн хариуцагчаар тогтоосон, тус компанийн “Уламжлалт ав” ХХК  буюу мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөөг хэлэлцүүлж баталсан, Тэргүүлэгчдийн хуралдаан 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр болсон, тус хуралдаанаар “О” ХХК-ийг тухайн ан агнуурын бүсийн менежментийн хариуцагчаар 5 жилийн хугацаатайгаар тогтоосон гэх нэхэмжлэгчийн маргаан нь тус тус үгүйсгэгдсэн буюу  дээрх үйл баримт тогтоогдохгүй байна.

Гуравдугаарт

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн хариуцагчаар тогтоосон гэх Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Ангийн бүсийн менежментийг сайжруулах тухай” 28 дугаартай тогтоолын эх хувь зохих газруудаас олдоогүй ба нэхэмжлэгч талаас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн[3] уг 28 дугаартай тогтоолын эх хувь гэх баримт нь ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамчаар үйлдэгдсэн баримт болох нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 Хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн дээрх тогтоолын нотариатчаар батлуулсан хуулбар[4], нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн уг тогтоолын нотариатчаар баталгаажуулсан хуулбарыг[5] тус тус Баян-Өлгий аймгийн нотариатч Т.Зулай баталсан байх ба гэрч Т.Зулай нь “уг тогтоолын эх хувийг баталсан” гэж шүүхэд мэдүүлсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “нэхэмжлэгч талд Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай тогтоолын эх хувь анхнаасаа байгаагүй, тогтоолын хуулбар хувиас хуулбарлан  нотариатчаар батлуулсан, нотариатч тухайн үедээ эх баримтын хуулбарыг баталсан гэж ойлгосон, нотариатчид хуулбар хувийн хуулбарыг батлуулж байгааг мэдэгдээгүй” гэх тайлбарыг өгсөн.

Ингэснээр хэрэгт авагдсан Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолын баталгаат гэх хуулбар хувь нь эх хувиас баталсан хуулбар хувь биш болох нь мөн тогтоогдсон.

Дөрөвдүгээрт

Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор баталсан “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ын Нэгийн 1.3-т зааснаар тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч, иргэн хуулийн этгээд нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр, Амьтны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т агнуур зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ гэж,  22.4-т заасан агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг эзэмшигч нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авна гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч “О” ХХК нь “Ахуунт” ангийн бүсийн менежментийн төлөвлөгөөг “Уламжлалт ав” ХХК-иар хийлгэсэн гэж тайлбарлаж, 2015-2019 оны “Баян-Өлгий аймгийн Дсумын “Ахуунт” агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөө бүхий баримтыг нотлох баримтаар хүргүүлсэн боловч нэхэмжлэгчийг тус агнуурын бүсийн менежментийн хариуцагчаар тогтоосон гэх сумын Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийнх гэх  28 дугаартай тогтоол нь энэхүү төлөвлөгөөг хэлэлцэж баталсан агуулгагүй, уг менежментийн төлөвлөгөөнд тухайн баримтыг хийж боловсруулсан гэх агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллага болох  “Уламжлалт ав” ХХК-ийн эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй, компанийн тамга дарж уг төлөвлөгөөг баталгаажуулаагүй, энэхүү төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байх боловч яамнаас Амьтны тухай хуулийн 5.3.2-т зааснаар уг төлөвлөгөөг батлаагүй болох нь тус яамны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06/816, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06/1048 дугаар албан бичгээр[6] тогтоогдсон.

Мөн дээрх байдлаар 2014 онд Дсумын “Ахуунт” ан агнуурын бүсийн 2014-2018 онд хэрэгжих менежментийн төлөвлөгөөг “Хыдыр” нөхөрлөлөөс “Хишиг амьтан” ХХК-аар хийлгэснийг дээрх журамд заасны дагуу тус сумын Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн батлуулсан, “Хыдыр” нөхөрлөлийг “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн хариуцагчаар тогтоож, гэрээ байгуулсан байхад дахин “Уламжлалт ав” ХХК-аар тус бүсийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах болсон, “О” ХХК-ийг дахин тухайн бүсийн менежментийн хариуцагчаар тогтоох болсон шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.

Иймд нэхэмжлэгчийн “Уламжлалт ав” ХХК-аар хийлгэсэн гэх менежментийн төлөвлөгөө хуульд заасан журмаар яамнаас батлагдаагүй, уг менежментийн төлөвлөгөөг хийж боловсруулсан мэргэжлийн байгууллага нь өөрөө баталгаажуулаагүй байх тул “Уламжлалт ав” ХХК нь тухайн менежментийн төлөвлөгөөг хийж боловсруулсан, уг төлөвлөгөөг Дсумын Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, 28 дугаар тогтоолоор баталсан, уг менежментийн төлөвлөгөөний хэрэгжүүлэгчээр “О” ХХК-аар ажилласан гэж тус тус үзэхээргүй байна.

Тавдугаарт

Нэхэмжлэгчээс хэрэгт Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын дарга Н.Ахытхан, Дсумын Засаг дарга А.Ахылбек, “О” ХХК-ийн захирал Х.Хуантхан нарын баталсан, Байгаль орчны ахлах мэргэжилтэн И.Жулдыз, Дсумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Хуан, “Хыдыр” нөхөрлөлийн захирал С.Ерболат нарын хооронд байгуулагдсан “Баян-Өлгий аймгийн Дсумын “Ахуунт” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг 2014  оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 5 жилийн хугацаагаар хариуцах  тухай 02/14 дугаартай гэрээг шүүхэд ирүүлж, уг гэрээг “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын Хоёрын 2.4-т заасан гэрээ гэж тайлбарласан.

Менежментийн хариуцагчийн хувьд түүнтэй байгуулах гэрээ нь дээрх журмын Хоёрын 2.4-т заасантай нийцсэн байх ёстой бөгөөд  02/14 дугаартай гэрээг байгуулсан гэх гэрч Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны ахлах мэргэжилтэн И.Жулдыз нь “02/14 дугаартай уг гэрээг би байгуулаагүй, гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш” гэж мэдүүлсэн. Ингэснээр гэрээг байгуулсан талууд нь сумын Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 22 дугаартай тогтоолоор “Ахуунт” ангийн бүсийн менежментийн хариуцагчаар тогтоогдсон “Хыдыр” нөхөрлөл, Дсумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Хуан нар байгааг уг гэрээг журмын Хоёрын 2.4-т заасан этгээдүүд  хооронд байгуулагдсан  мөн зүйлд заасан гэрээ гэж үзэхээргүй байна.

Энэхүү гэрээний талаар гэрээг байгуулсан гэрч “Хыдыр” нөхөрлөлийн захирал С.Ерболат нь “Манай “Хыдыр” нөхөрлөл нь “Хишиг амьтан” ХХК-д хандаж, 2014 онд 2015 оноос эхэлж 4 жилийн хугацаатайгаар хэрэгжих “Ахуунт” бүсийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хийлгэсэн ба сумын Хурлын байгууллагад “Ахуунт” бүсийн менежментийн хариуцагчаар тогтоож өгөх талаар хүсэлт гаргаж,  үүний дагуу сумын Хурлын байгууллагаас 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаар тогтоолоор “Ахуунт” бүсийн менежментийн хариуцагчаар тогтоож, “Хишиг амьтан” ХХК-аар хийлгэсэн менежментийн төлөвлөгөөг баталсан юм. 2014 оны 10 дугаар сарын үед Дсумын Засаг дарга А.Ахылбек нь надтай уулзаж Арабын Ханхүүгийн байгаль орчныг хамгаалах сангаас “Ахуунт” агнуурын бүсэд том хөрөнгө оруулалт хийх гэж байгаа, тус сан болон “Хыдыр” нөхөрлөлийн хооронд “О” ХХК нь зуучлагч болж ажиллана. Иймээс “О” ХХК-тай “Ахуунт”-ын бүсийн менежментийг хариуцах асуудлаар хамтарч ажиллаарай гэсэн. Тэгэхээр нь би эхний ээлжид шууд татгалзсан. “Ахуунт” бүсийн менежментийн хариуцагч бол манай нөхөрлөл байгаа, иймээс “О” гэх гадны компанитай хамтарч ажиллахгүй, уг ажиллгааг манайх өөрөө бие дааж хариуцана гэсэн. Гэтэл Засаг дарга А.Ахылбек нь “Ахуунт” бүсийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг тухайн орон нутаг мэднэ.

Гадаад улсаас орох том хөрөнгө оруулалтыг манай суманд хийх гэж байгаа учраас та татгалзаж болохгүй. Та “О” ХХК-тай хамтран ажиллахыг зөвшөөр гэсэн ба намайг аймагт дагуулж ирж С.Медеухан гэдэг хүнтэй уулзуулсан. Дсумын Засаг дарга А.Ахылбек, мөн С.Медеухан нар нь надад  “Ахуунт” агнуурын бүс нутагт Арабын Эмират улсын Ханхүүгийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх үйл ажиллагаанд “О” ХХК нь зуучлах, энэ хөрөнгө оруулалтын дагуу “Ахуунт” агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ гэж тайлбарласнаар би 02/14 тоот гэрээнд гарын үсэг зурж байсан. Уг гэрээний дотор агуулгатай нэг бүрчлэн танилцаагүй юм” гэж, гэрч Дсумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Хуанаас  “...02/14 дугаартай гэрээ нь “О” ХХК болон “Хыдыр” нөхөрлөлийн хоорондын хамтран ажиллах талаарх гэрээ байх. С.Ерболат надад танилцуулахдаа “Ахуунт” бүсийн менежментийн төлөвлөгөө, ам амьтан хамгаалах асуудлыг хамтран хариуцахаар болж гэрээ байгуулсан гэж танилцуулсан. Уг гэрээг би уншиж танилцаад  гэрээ нь хамтран ажиллах агуулгатай байсан тул ямар нэгэн зөрчил гаргавал та хоёр хариуцлага хүлээнэ шүү гэж тайлбарлан өгч байсан” гэж, уг гэрээг баталсан гэрч Дсумын Засаг дарга А.Ахылбекээс “...02/14 дугаартай гэрээний “батлав” гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг минийх мөн, энэ гэрээг батлахдаа “О” ХХК нь “Хыдыр” нөхөрлөлтэй хоорондоо тохирч, хамтран ажиллах талаарх гэрээ гэж ойлгосон. Энэ хоёр компани нь “Хишиг амьтан” ХХК-ийн боловсруулсан ангийн менежментийн төлөвлөгөөний дагуу хамтран ажиллаж байгаа гэж ойлгож гэрээг баталж өгсөн” гэж тус тус мэдүүлсэн байна.

Эдгээр үйл баримтаас үзэхэд 2014 онд байгуулагдсан 02/14 дугаартай уг гэрээ  нь  “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн хариуцагч “Хыдыр нөхөрлөлтэй” тухайн бүсийн менежментийг хариуцах асуудлаар хамтран ажиллахаар “Хыдыр” нөхөрлөл болон нэхэмжлэгч “О” ХХК-ийн  хооронд байгуулагдсан гэрээ байх ба  уг гэрээ нь дээрх байдлаар “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын  2.4-т заасан гэрээ биш байгаа нь нэхэмжлэгчийг “Ахуунт” бүсийн менежментийн хариуцагч биш болохыг нотолж байна. Харин дээрх Хоёрын журмын 2.4-т заасан гэрээг дээрх байдлаар эрх бүхий этгээдүүдээс 2014, 2015 онуудад “Хыдыр” нөхөрлөлтэй байгуулсныг дурдах нь зүйтэй.

Зургаадугаарт

Амьтны тухай хуулийн 22.6-д энэ хуулийн 22.4-т заасан агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг эзэмшигч нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авна гэж тус тус заасан.

Байгаль орчны асуудал хариуцсан холбогдох яамны сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А-426,  2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/446,  2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/149 дугаартай тушаалаар Дсумын “Ахуунт” ан агнуурын бүсээс 2015 онд 4-6 толгой угалз, 2016 онд 2-3 угалз,халиун буга 5-6, 2017 онд 1 угалзыг тус тус тусгай зориулалтаар агнуулахаар тоог тогтоосон байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06/816 дугаартай албан бичгээс үзэхэд “О” ХХК нь “Хыдыр” нөхөрлөлтэй байгуулсан гэрээний дагуу Дсумын “Ахуунт” агнуурын бүсээс 2015 онд  15.009, 15.010, 15.061, 15.096 тоот, 2016 онд 16.026,16.027, 16.028, 16.029 тоот, 2017 онд 0170382 тоот ан агнах, барих тусгай зөвшөөрөл нэхэмжлэгч “О” ХХК-нд олгогдож байжээ.

Гэрч “Хыдыр“ нөхөрлөлийн захирал С.Ерболатаас шүүхэд “...О” ХХК-ийн өмнөөс С.Медеухан гэдэг хүн “хамтран ажиллах гэрээ байгуулсан учраас тухайн бүсэд ан агнах гадаадын хүмүүсийг авчрах ажил үүргийг би хариуцъя бусад ажлыг таны нөхөрлөл хариуцаж яваарай” гэсэн. Үүний дагуу манай нөхөрлөл нь хамгаалалтын асуудлыг, тухайлбал ан амьтанд давс, хужир цацах, хулгайн анчдаас хамгаалах, “Ахуунт” бүсэд самбар хаяг байршуулах зэрэг менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан бусад ажил үүргүүдийг хариуцдаг байсан.   2015 онд агнах ангийн хуваарь гарах үед 2015 онд 2 угалз, 2 буга агнах тусгай зөвшөөрөл “Хыдыр” нөхөрлөл болон “О” ХХК-ийн нэр дээр гарч байсан.  Дараагийн жилүүдэд буюу 2016, 2017 онуудад “О” ХХК-ийн нэрээр гарсан. Үүнийг би “ямар учиртай юм бэ” гэж асуухад “О” ХХК-ийн захирал С.Медеухан журамд өөрчлөлт орсон хуучин сумын Засаг даргатай гэрээ байгуулдаг байсан бол одоо яамтай гэрээ байгуулах болсон. Анхнаасаа танай нөхөрлөлтэй байгуулсан хамтран ажиллах гэрээгээр манай компани энэ асуудлыг хариуцахаар болсон учраас манай компанийн нэр дээр гарч байгаа гэж танилцуулсан. Би С.Медеуханд итгэж энэ асуудалд ач холбогдол өгөөгүй юм“ гэжээ.

“Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөөний дагуу  агнуурын нөөцийг тогтвортой ашиглах арга хэмжээг нэхэмжлэгч хариуцахаар болж, тухайн бүсийн менежментийн хариуцагч “Хыдыр” нөхөрлөлтэй хамтран ажиллахаар болсон нь дээрх байдлаар гэрч “Хыдыр” нөхөрлөлийн захирал С.Ерболат, гэрч Т.Солтанхан, гэрч Дсумын Засаг дарга А.Ахылбек, тус сумын байгаль орчны байцаагч Р.Хуан нарын мэдүүлгээр тогтоогдсоноор нэхэмжлэгч “О” ХХК нь ан амьтан агнасны төлбөрт 2015 онд 74 619 500 төгрөг, 2016 онд 156 865 000 төгрөг, 2017 онд 156 000.000 төгрөгийн орлогыг Дсумын төрийн сангийн дансанд тушаасан нь аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2018 оны 01.18-ны өдрийн 5-03/26 дугаартай албан бичгээр[7] тогтоогджээ.

Нэхэмжлэгч “О” ХХК нь “Ахуунт” бүсийн менежментийн хариуцагч болох “Хыдыр” нөхөрлөлтэй дээрх байдлаар тус бүсийн менежментийн төлөвлөгөөний дагуу агнуурын нөөцийг тогтвортой ашиглах арга хэмжээний хүрээнд тус бүсээс ан амьтан агнах, барих асуудлаар гадаадын ачдад зуучлах, агнуурын нөөцийг ашиглах арга хэмжээг  хариуцсан хэрэгжүүлж байсны хувьд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу тусгай зориулалтаар ан амьтан агнасны төлбөрийг төлсөн нь нэхэмжлэгчийг “Ахуунт” бүсийн менежментийн хариуцагч мөн гэдгийг нотлохгүй юм.

Дээрх байдлаар хууль, журамд заасны дагуу 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дсумын Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан болж, олонхын саналаар нэхэмжлэгч “О” ХХК-ийг Ахуунт ан агнуурын бүсийн менежментийн хариуцагчаар 28 дугаар тогтоол гаргаж тогтоосон эсэх нь эргэлзээтэй, хууль ёсны менежментийн хариуцагч мөн гэдэг нь бусад нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй, менежментийн хариуцагчийн хувьд “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөөг хийлгэсэн гэх боловч уг төлөвлөгөөг тухайн компанийн эрх бүхий этгээдээс гарын үсэг зурж баталгаажуулаагүй, уг төлөвлөгөөг хуульд заасан журмаар холбогдох яамнаас батлаагүй,  2014 онд байгуулсан гэх 02/14 дугаартай гэрээ нь “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын Хоёрын  2.4-т заасантай нийцээгүй, өөр гэрээ байсан зэрэг нь нэхэмжлэгч “О” ХХК-ийг “Ахуунт” ан агнуурын  бүсийн менежментийн хариуцагч мөн гэдгийг нотлохгүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар иргэн, хуулийн этгээдэд хууль ёсоор үүссэн эрхийг хамгаалах болохоос хууль бусаар үүссэн эрхийг шүүхээс хамгаалах үндэсгүй тул энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргааныг үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн хариуцагчаар Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 28 дугаар тогтоолоор тогтоосон нь эргэлзээтэй,  хөдөлбөргүй тогтоогдохгүй байгаа боловч уг тогтоолын хуулбар хувийг холбогдох яаманд хүргүүлсэн зэргээр ангийн бүсийн агнуурын нөөцийг тогтвортой ашиглах талаарх менежментийн хариуцагчийн эрх, үүргийг 2015 оноос маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл “О” ХХК нь хэрэгжүүлж ирсэн зэргээр эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх тул Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан гэх “Ангийн бүсийн менежментийг сайжруулах тухай” нэхэмжлэгчид “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн хариуцагч байх эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон гэх 28 дугаартай тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “ж”, 20 дугаар зүйлийн 20.1-д заасан журмаар маргаан бүхий  захиргааны актын холбогдох хэсгээр хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс маргаан бүхий захиргааны актаар Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай тогтоолыг хүчингүй болгохдоо энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, тусгай зөвшөөрлийн эрх нь дууссан “Авралын Эрэлд” ХХК-тай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хийгдсэн ажил болох менежментийн төлөвлөгөө уг 26 тогтоолоор баталсан нь хууль бус гэх маргааны хувьд дээрх байдлаар нэхэмжлэгч “О” ХХК нь “Ахуунт” агнуурын бүсийн хууль ёсны менежментийн хариуцагч байсан нь тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийг татан оролцуулаагүй, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар бодит нөхцөлийг тогтоогоогүй, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломж олгоогүй, 27 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааг хариуцагч талаас явуулаагүй нь, мөн тусгай зөвшөөрлийн эрхийн хугацаа дууссан гэх компанийн хийж боловсруулсан “Ахуунт” ан агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөөг маргаан бүхий захиргааны актаар баталсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй буюу эдгээр  үндэслэлүүд нь  нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4, 7 дугаар зүйлийн 7.6, 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, 22.5, 22.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “ж”, 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн  тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1-д заасан  Дсумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар агнуур зүйн мэргэжлийн байгууллага “Авралын Эрэлд” ХХК-ийн хийж боловсруулсан “Ахуунт” агнуурын бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөө болон зохион байгуулалтын тайланг баталсан хэсэг, 2-т заасан ”Ахуунт” бүс нутгийн менежментийн хэрэгжүүлэгчээр Н.Эрдэнэбат захиралтай “М” ХХК-тай Амьтны тухай хуулийн 22.3, 22.4, 22.5 дах заалтууд, Засгийн газры 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолын 1,2 дугаар хавсралтад заасны дагуу гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг дарга А.Ахылбект зөвшөөрсөн хэсэг, 4-т заасан Дсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон хэсгийг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.РИЗА                                             

 


[1] Хавтас 2, хуудас 12-15

[2] Хэргийн 133 дугаар хуудас/1 хавтас/

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 204 дүгээр хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтас 229 дүгээр хуудас

[5] Хэргийн 9 дүгээр хуудас

[6] Хэргийн 2 дугаар хавтас, 195, 228 дугаар хуудас,

[7] Хэргийн 2 дугаар хавтас, 143 дугаар хуудас