Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 557

 

 

 

 

 

 

 

  2020           6           03                                  557   

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.О, түүний өмгөөлөгч Г.Гантуяа (2872),

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий (0294) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т холбогдох эрүүгийн 2003002090157 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто зам ашиглалт жолоо мэргэжилтэй, 1 600 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 1-3 насны 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 17 дугаар гудамж, 306 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т.

 

Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны замд “Тоёота приус-20” маркийн, 44-02 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг тус тус зөрчин явган зорчигч 41 настай, эрэгтэй М.Одгэрэлийг дайрч амь насыг нь хохироож зам тээврийн ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.  (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Т мэдүүлэхдээ:

Би 2012 онд жолооч болсон. 2016 онд тээврийн хэрэгсэлтэй болоод тасралтгүй жолоо барьсан. 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хадмындаа очиж золгоод орой 16 цагаас хойш аав, ээж дээрээ очиж золгох гээд эхнэр хоёр хүүхдийн хамтаар очсон. Очих үед манай аав ээж хоёр бага зэрэг халамцуу байсан. Тэгээд юм ярьж сууж байгаад гэртээ харихаар 20 цагийн үед байх, тодорхой санахгүй байна. Бүрэнхий болсон байх үед эхнэр хоёр хүүхдийн хамтаар, би өөрөө машинаа жолоодоод явж байсан. Тэр өдрийн өглөө нь нартай өдөр байсан тул цас хайлмагтсан, орой буцах үеэр цас ороод бага зэрэг хальтиргаатай болсон байсан. Тэгээд дээшээ өгсөж явахад замд хог байсан болохоор нь тойроод явж байтал гэнэт бөөрөнхий, цагиргалаад хэвтэж байгаа нохой шиг хар юм 2-3 метрийн зайд гараад ирсэн. Би тухайн үед ойролцоогоор 20-30 км/цагийн хурдтай явж байсан байх. Тэгээд тоормоз гишгэсэн боловч гулгаад дээгүүр нь гараад явчихсан. Тэгээд би сандраад “юу болсон бэ, яасан бэ” гээд хоёр хүүхэдтэйгээ явж байсан болохоор айсандаа бууж харалгүй шууд явчихсан. Би гэртээ очоод ээж рүү залгасан, “хүү нь ингэчихлээ” гээд. Аав тухайн үед тасраад уначихсан шал согтуу байсан. Харин маргааш өглөө нь аав руу би залгасан. Манай аав 2 удаа осолд орж байсан. Хэрвээ би тухайн үед хүн гэж мэдсэн бол анхны тусламж үзүүлээд, эмнэлгийн газар хүргэж өгөөд туслах байсан. Тийм зүйл үнэхээр тохиолдоно ч гэж бодоогүй, замын голд хүн хэвтэж байна гэж төсөөлөөгүй. Тойрч гарах ч боломж байгаагүй. Би маш их гэмшиж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтийг эсэргүүцэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа хохирогчийн талд 7 980 000 /долоон сая есөн зуун наян мянга/ төгрөгийн хохирол төлж, барагдуулсан. Хохирогчийн талаас уучлалт гуйж байна. Ийм муухай зүйл болсонд үнэхээр их харамсалтай байгаа, намайг үнэхээр уучлаарай. Ийм зүйл болно гэж бодож байгаагүй. Цаашид хохирогчийн ар гэрийнхэнтэй харилцаатай байж тусалж дэмжинэ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-М.О мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би хадмындаа очиж золгоод гэртээ ирсэн. Манай төрсөн эгч Модны 2-т жижүүр хийдэг юм. Тэнд ах маань очоод цасаа шүүрдчихээд өдөр 14 цагийн үед эргэж ирнэ гээд гараад явсан байсан. Бид тэр газар сүүлийн 20 жил амьдарч байна. Тиймээс таньдаг айлуудаараа явж золголт хийж явсан юм байна лээ. Ингээд 20 цаг 30 минутын үед эгч маань над руу “ах чинь гэмтлийн эмнэлэгт хүргэгдчихсэн юм шиг байна” гээд ярьсан. Гэтэл удалгүй гэмтлийн эмнэлгээс над руу 20 цаг 40 минутын үед яриад “яаралтай хүрээд ир” гэж хэлсэн. Тэр үед би ахын утас руу залгатал дуудаад байгаа хирнээ авахгүй байсан. Гэмтлийн эмнэлэг дээр яваад очтол хүлээн авахын амилахуйд маш их даарсан, хамаг юм нь улаан болчихсон, шилбэ нь маш их зулгаралттай татлага хийлгэчихсэн комын байдалтай байсан. Тэгээд ахыг маань хавсарсан гэмтлийн тасаг руу шилжүүлсэн. Шөнийн 00 цаг 55 минутанд амьсгал хураасан. Миний ах группэд байдаг нь үнэн, гэхдээ “Пи-70” гэсэн оноштой хамгийн хөнгөн зэргийн группэд байдаг байсан. Түүнээс биш биеэ авч явах чадваргүй, сэтгэцийн өвчтэй, унаж татдаг хүн байгаагүй. Тэр манай хашаа байшинг хардаг, ээжийгээ асран халамжилдаг, хар бор ажил хийгээд амьдралаа аваад явчихдаг тийм л хүн байсан. Хэрвээ энэ залуу хугацаа алдахгүйгээр эмнэлэгт хүргээд өгчихсөн бол амьтай голтой л байж байгаа. Тэр газар уулын уруу бууж байгаа юм шиг тийм их уруу биш, бид нар хэмжилт хүртэл хийлгэсэн. Ахыг маань чирч явахад ямар нэгэн байдал мэдэгдээгүй гэхэд үнэхээр гайхаж байгаа. 2 гудамжны цаана 8 метр газар чирчихсэн байсан. Ар нуруу нь тэр чигтээ зулгарчихсан байсан. Миний ах хүнд тустай, тусархуу, зөөлөн сэтгэлтэй хүн байсан. Оршуулгын зардалд л энэ хүн тусалсан. Сэтгэл санааны хохирлоо барагдуулмаар байна. Би заавал шүүгдэгчийг шоронд хийнэ гэж зүтгэсэн юм бол байхгүй. Гэхдээ л хүний урманд нэг ч удаа ирээгүй, холбоо бариагүй, уучлалт гуйгаагүй. Ээжийн минь сэтгэл санаа их хүнд байгаа. Баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-З.Ч мэдүүлэхдээ:

Би 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12-1028 тоотод гэртээ байж байгаад орой 19 цаг 30 минутын орчим манай найз Отгонбаатар над руу залгаад “гэртээ хүрээд ир” гэж дуудахаар нь очсон. Тэндээ гэрийх нь гадаа Отгонбаатарын автомашинд бид хоёр 350 граммын Хараа архи хувааж ууусан. 20 цаг өнгөрч байхад Отгонбаатарын охин нь утасдаад байхаар нь манай гэр ойрхон учраас гэрлүүгээ алхаад иртэл манай хашааны баруун урд талын шороон зам дээр нэг хүн хамар амнаас нь цус гарсан гэмээр байдалтай толгой нь баруун тал руу харсан, хажуулдсан гэмээр байдалтай хэвтэж байсан гэжээ. (хэргийн 76 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ш.Ц мэдүүлэхдээ:

Авирмэдийн гэрт золгохоор орсон чинь өвөө 2 хүүхэдтэйгээ сууж байсан бөгөөд “манай хүүхдүүд нэг айлд ороод ирнэ” гэсэн гэж хэлээд байж байтал гаднаас хүүхдүүд нь орж ирээд “доор зам дээр хүн дайрчихсан юм шиг байна. Хажууд нь машинууд зогсож байна, зөрөөд гар гэж хэлээд байсан” гэж ярьсан. Нэг охин нь “манай урд амьдардаг Оогий гэдэг залуутай адилхан хүн байна” гэж байсан гэжээ. (хэргийн 79 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Б мэдүүлэхдээ:

Зүүн нарангийн 11 дүгээр гудамж, 12 дугаар гудамжны дунд байрлах жалга өгсдөг замаар дээшээ өгсөж байсан чинь бид хоёрын хажуугаар өнгө болон маркийг нь сайн мэдэхгүй байна Приус-10 юм уу, Приус-11 маркийн машин байх шиг байсан хажуугаар зөрөөд өнгөрсөн. Тэгээд дээш өгстөл зам дээр хүн хэвтэж байх шиг байхаар нь хажуугаар нь тойрч гараад дээд талд нь очиж зогсоод, өөрийн 86850052 дугаараас цагдаагийн 102 дугаарт дуудлага өгөөд байж байсан гэжээ. (хэргийн 82-83 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б мэдүүлэхдээ:

Манай нөхөр машинаа бариад би 1 настай охиноо урдаа авч суугаад, 3 настай хүүгээ хойно суулгаад хөдлөөд удаагүй уруудаад явж байхад зам дээр хар өнгөтэй зүйл байсан, яг юу байсныг мэдэхгүй байна. Манай нөхөр Тогоодарь “сая юу байсан бэ” гэж хэлэхэд би “нохой шиг амьтан байсан” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 87-88 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Г мэдүүлэхдээ:

“...миний хүү манай гэрээс явснаас хойш 20-30 минутын дараа ээжийнхээ утас руу залгаад “би танай гэрээс гараад явж байгаад машинтай аваар хийчих шиг боллоо” гэж хэлсэн чинь манай эхнэр “юу яриад байгаа юм бэ, үнэн юм уу” гэж асуухад “тиймээ үнэн, би хүн дайрчих шиг боллоо” гэж хэлээд уйлж байгаад утсаа салгачихсан гэжээ. (хэргийн 90-91 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1305 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “М.Одгэрэл 41/эр” гэсэн хаягтай цусны дээж спиртийн зүйл тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “М.Одгэрэл 41/эр” гэсэн хаягтай цусанд 2,1 промилли спиртийн агууламж илрэв.

3. Цусанд 2,1 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 101 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1128 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 44-02 УНИ улсын дугаартай, “ZA-NHW20-AHEGB-T” арлын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн автомашины доод эд ангиудын гадаргууд хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчилэлээр гарсан арчигдсан мөрүүд байна. Мөн урд бамбаан баруун зүүн талын дээд зах ирмэг хатуу мохоо зүйлтэй харилцан үйлчлэлээр ангайж цүлхийсэн байна.

2. Доод эд ангиудын гадаргуунаас үс мэт 4 ширхэг, сэмэрдэс мэт зүйл 3 хэсэг, хоолны үлдэгдэл мэт зүйлс илрүүлснийг гэрэл зургийн аргаар болон биет байдлаар бэхжүүлэн дүгнэлтэнд хавсаргав.

3. Дээр дурдсан сэмэрдэс мэт 3 хэсэг зүйлийг хохирогчийн хувцастай харьцуулах боломжгүй байна гэжээ. (хэргийн 132 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 580 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээж, мөчдийн хавсарсан гэмтэл, уушигны няцрал, цус хуралт, цээжний зүүн хөндийн цус хуралдалт /200гр/, баруун 2-5, зүүн 2-10-р хавирганы шууд хугарал, өвчүү ясны хугарал, сээрний 6-10, бүсэлхийн 1, 2-р нугалмын сэртэн ясны хугарал, нүүр хүзүүний зулгаралт, баруун шагайн шарх, нурууны зулгаралт, өгзөгний цус хуралт, гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, амь насанд аюултай гэмтэл ба гэмтлийн авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй шинэ гэмтлүүд байна.

3.4. Талийгаачид учирсан зүүн шилбэ ясны ил хугарал нь босоо болон хэвтээ байрлалын аль ч үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Талийгаачид учирсан бусад гэмтлүүд нь хэвтээ байрлалд учирсан байх боломжтой гэмтлүүд ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6. Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтлүүд нь хэвтээ болон босоо байрлалын аль ч үед учирсан байх боломжтой.

7. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна.

8. Талийгаач нь цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас уушигны өөхөн бөглөөдсөөр хүндэрч нас баржээ.

9. Талийгаач нь 2020.02.25-нд нас баржээ.

10. Талийгаач нь ВЗ-р бүлгийн цустай байна.

11. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ гэжээ. (хэргийн 150-157 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1332 тоот дүгнэлтэд:

 1. Цагаан өнгийн 44-02 УНИ улсын дугаартай, “Т.Приус-20” тээврийн хэрэгслийн үзлэгээр тээврийн хэрэгслийн хойд тэвшний зах ирмэг хэсгээс үс мэт зүйл 1 ширхэг, зүүн хойд амортизаторын сууриас үс мэт зүйл 1 ширхэг, зүүн гарны жижиг нүхнээс үс мэт зүйл 1 ширхэг, баруун хойд дугуй шаврын хаалтнаас үс мэт зүйл 1 ширхэг, тээврийн хэрэгслийн доод эд ангиудаас авсан бөөлжис хоолны үлдэгдэл мэт зүйлс бэхжүүлэн авав.

2. Цагаан өнгийн 44-02 УНИ улсын дугаартай, приус-20 тээврийн хэрэгслийн гадна болон доод эд ангиудад цус, арьс, биологийн өөр бусад ул мөр илрээгүй гэжээ. (хэргийн 150-151 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1646 тоот дүгнэлтэд:

2.Шинжилгээнд ирүүлсэн 44-02 УНИ улсын дугаартай, “Т.Приус-20” маркийн автомашины доод эд ангиас бэхжүүлж авсан гэх бөөлжис хоолны үлдэгдэл гзж хаягласан дээжнээс эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн.

3.44-02 УНИ улсын дугаартай, “Т.Приус-20” маркийн автомашины доод эд ангиас бэхжүүлж авсан гэх бөөлжис хоолны үлдэгдэл гэж хаягласан дээж илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь М.Одгэрэлийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэжээ. (хэргийн 182-183 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1192 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хүрмэнд 10,5х6,5 см, футболканд 35х30 мм, 8х40 мм, жинсэн өмдөнд 18х23 см, бүсний арал эвдэрсэн, саарал дотуур өмдөнд 24х22 см, оймсон 14х8 см, гутланд 60 мм, 9х1,3 см, 6,5х2,6 см хэмжээтэй хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр шинэ зулгаралт, эвдрэл байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй. Хатуу мохоо үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хүрмэнд 5мм, 3 мм, 46х25 мм, 26х50 мм, 34х40 мм, 20х10 мм, 5мм, хар жинсэн өмдөнд 20х56 мм, 25х26 мм, 25х10 мм, 10х10 мм, дотуур өмдөнд 4х3 мм, шинэ гогдолт, цооролт гарсан байна. Хатуу үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр футболканд 120 см, улбар шар цамцанд 79 см, ногоон цамцанд 151 см гарсан шинэ гогдолт гарсан байна гэжээ. (хэргийн 170 дугаар хуудас)

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 205 дугаартай дүгнэлтэд:

1 ...Т.Приус-20 маркийн 44-02 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэснийг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрчүүдийн мэдүүлэг, цогцост хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 580 дугаартай дүгнэлт ... зэргийг үндэслэхэд явган зорчигч, талийгаач М.Одгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.12 дахь заалт “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зам, орчны нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд хэрхэн оролцохыг хэм хэмжээ тогтоож зохицуулсан ба зам тээврийн осол хэрэг гарсан гэх зам, орчны байдал нь уг осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4. Хэрзгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал илрээгүй хавтаст хэрэгт авагдан ирсэн материалд үндэслэн дүгнэлтийг гаргасан болно гэжээ. (хэргийн 187-188 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Т ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 225 дугаар хуудас)

 

                                                                                       ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны замд “Тоёота приус-20” загварын, 44-02 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг тус тус зөрчин явган зорчигч 41 настай, хохирогч М.Одгэрэлийг дайрснаас амь нас нь хохирсон, улмаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О, гэрч З.Ч, Ш.Ц, Х.Б, Б.Б, Ж.Г, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 1305, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1128, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 580, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1332, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1646, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1192, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 205       дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

 

Тээврийн прокурорын газраас Г.Тогоодарийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаар 7 863 362 төгрөг нэхэмжилсэнээс  мөрдөн байцаалтын шатанд 200 000 төгрөг, шүүхийн шатанд 7 987 862 төгрөгийг төлж, нийт 8 187 862 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж мэдүүлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялын доод хэмжээ 1 жил хорих ял оногдуулав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хоноггүй болно.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 807724 дугаартай В ангиллын жолооны үнэмлэх, “Тоёота приус-20” загварын 44-02 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02535394 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид 1 жил 10 сарын хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Т авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон,

Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялтай дүйцүүлэн 60 хоногийн хорих ялыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялд  нэмж нэгтгэн, Г.Т биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан 1 жил 60 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Г.Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолж, 807724 дугаартай В ангиллын жолооны үнэмлэх, “Тоёота приус-20” загварын 44-02 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №02535394 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Тд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН