Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 546

 

 

 

 

 

 

   

 

      2020         5           29                                    546  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Хонгорзул,

            улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агар,

            хохирогч: Т.Ц,

шүүгдэгч: С.Б,

иргэний хариуцагч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бэд холбогдох эрүүгийн 2005010320161 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэм транс” ХХК-д жолооч ажилтай, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр гудамж, 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, С.Б.

 

    Шүүгдэгч С.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд Баянгол  дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын орчимд “Атибус” ХХК-ийн эзэмшлийн “Хюьндай Аеро Сити-540” маркийн, 09-13 УБН улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тооромслох” гэсэн заалтыг зөрчин огцом тоормослосны улмаас явган зорчигч Т.Ц нь унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- С.Б мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би “Атибус” ХХК-д 4 жил ажилласан. Тухайн ослын улмаас хохирогчийн нотлох баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч цаашид гарсан эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа гаргаж, нэхэмжилвэл төлнө. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Т.Ц мэдүүлэхдээ:

Тухайн үед автобус хэт хурдтай явж байсан учраас би сандлын бариулаас барьж байсан боловч огцом тоормослоход хойд хаалганаас урд хаалга хүртэл унасан. Одоо ослын улмаас чөлөөтэй хөдөлгөөн хийхэд хязгаарлагдмал, өвчин ихтэй, гэмтэл маань эдгээгүй байгаа. Гэмтлийн эмч хэлэхдээ хагалгаанд орох шаардлагатай, үгүй бол цаашдаа суурь өвчтэй болох магадлалтай гэсэн. Шүүгдэгчийн зүгээс шинжилгээ хийлгэсэн, баримттай зардлыг төлж барагдуулсан. Бусад зардлын хувьд надад баримт байхгүй. Тийм болохоор хойшид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлээд жич нэхэмжлэнэ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч- О.Б мэдүүлэхдээ:

Би “Атибус” ХХК-д ашиглалтын инженер ажилтай. С.Бийн хувьд тухайн осол болох үед манай компанид ажиллаж байсан боловч одоо манай компаниас гараад өөр компанид ажиллаж байгаа. Осол болох үед автобусны урд явсан автомашины урдуур явган зорчигч гүйхэд уг автомашин огцом тоормослоход автобус дагаж огцом тоормослоод тухайн автобусанд зорчиж явсан хохирогч гэмтсэн. Манай компанийн хувьд тухайн осол болоход жолоочийн буруутай үйлдэл нөлөөлөөгүй гэж үзэж байна. Тийм болохоор бид хохирлыг хариуцахгүй гэв.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11394 тоот дүгнэлтэд:

           1. Т.Цгийн биед баруун эгэм ясны хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн хугарал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун эгэм, бугалга, зүүн дал, зүүн бугалга, баруун тохой, баруун гуя, баруун өвдөгт цус хуралт, баруун тавхайд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэжээ. (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас)

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 258 тоот дүгнэлтэд:

            1. “Хьюндай аэросити-540” загварын, 09-13 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Салтанхаан овогтой Болотбек нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ, а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага, ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 12.6 “жолоочид зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тооромслохыг хориглоно. 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2. Зорчигч Төгсбаярын Цэвэлмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1в “тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа зориулалтын буух талбай руу ...буух, 6.2г “Чиглэлийн тээврийн хэрэгсэл дотор зогсоогоор зорчихдоо зориулалтын бариулаас барихгүй явах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй.

            3. Шинжилгээ хийх явцад уг хэрэгт ач холбогдол бүхий өөр нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэжээ. (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч- Л.Ундармаа мэдүүлэхдээ:

            Зорчигч Т.Цгийн мэдүүлэгт сандалын бариулнаас барьж явсан гэж мэдүүлсэн байх боловч сууж явсан автобусны сандал нь зөөлөн түшлэгтэй байсан учир зориулалтын бариулаас барьж яваагүй гэж дүгнэлт гаргасан гэжээ. (хавтаст хэргийн 73 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

С.Б нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 85 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 15 цагийн орчимд Баянгол  дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын орчимд “Атибус” ХХК-ийн эзэмшлийн “Хюьндай Аеро Сити-540” маркийн, 09-13 УБН улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.6-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тооромслох” гэсэн заалтыг зөрчсөн огцом тоормослосны улмаас автобус дотор зорчиж явсан зорчигч, хохирогч Т.Ц нь автобус дотор унаж, эрүүл мэндэд нь баруун эгэм ясны хугарал, бүсэлхийн 1 дүгээр нугаламын их биеийн хугарал, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун эгэм, бугалга, зүүн дал, зүүн бугалга, баруун тохой, баруун гуя, баруун өвдөгт цус хуралт, баруун тавхайд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Ц, иргэний хариуцагч О.Б, шинжээч Л.Ундармаагийн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11394 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 258 тоот дүгнэлт, осол гэмлтийн тохиолдолыг бүртгэх хуудас, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас С.Бийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой 731 800 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргасныг С.Б төлсөн тул түүнийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой хохирлыг төлсөн гэж үзэв.

 

Хохирогч Т.Ц нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хор уршгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч С.Бийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг С.Бэд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хохирогч Т.Ц нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН