Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 534

 

 

 

 

 

 

 

 

  2020           5          26                                      534

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Ж.Буянжаргал,

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч: Х.Э нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Эод холбогдох эрүүгийн 2002002060159 тоот дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, хувиараа япон хэлний орчуулга хийдэг, сард 800 000 төгрөгийн орлоготой, ам бүл 1, суух, ял шийтгэлгүй, , Х.Э.

 

             Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Баян-Чандмань сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж олж авч бэлтгэн,

             улмаар 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл өөрийн оршин суух Баянгол  дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 101 тоот гэртээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, өвс гэх нэршилтэй 0.5 литрийн хуванцар савтай, 128 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, мөн ногоон өнгийн гялгар ууттай 11 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Х.Э мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би Дархан-Уул аймаг руу явж байтал машины дугуй хагараад замын хажууд зогссон юм. Тэгээд  тухайн өвс гэх зүйл замын хажуугаар ургасан байхаар нь сонирхоод бага зэрэг түүгээд гэрийнхээ тагтан дээр тавиад орхисон байсан. Япон улсад байдаг байхдаа нэг хар арьстай эрэгтэй хэрэглэж байхыг нь харж байсан тул сонирхоод хэрэглэж үзсэн. Би өвсийг хэрэглэхдээ сонингийн цаасанд ороож татсан. Анх удаа хэрэглэсэн. Мансууруулах бодисын агууламжтай өвс хэрэглэвэл эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг мэдээгүй. Би мансууруулах бодисын агууламжтай өвсийг өөрийн гэртээ хадгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Энхт мэдүүлэхдээ:

102 буюу цагдаа руу яриад манай дүү солиороод байна гэж хэлсэн. Тэгтэл цагдаагаас дүү чинь архи уусан юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би ерөөсөө архи уугаагүй солиороод байна гэж хэлсэн. Тэгтэл нөгөө цагдаа одоо танай гэрт очно гэсэн. Тэгээд би өөрийнхөө өрөө рүү ороод байж байтал гаднаас хоёр цагдаа дуудлагаар ирчихсэн байхаар нь коридор руу гараад нөгөө хоёр цагдаад наадах чинь ингээд өвс татаад солиороод байгаа юм гэсэн. Тэгтэл нөгөө цагдаа тэр татаад байгаа өвс хаана байгаа юм гээд Энхболдын өрөө рүү ороод хайсан боловч гарч ирээгүй. Тэгэхээр нь би наад өрөөг нь сайн үз гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр цагдаа буцаад том өрөө рүү ороод цоожтой юмаа нээж үзүүл гээд Энхболдыг манай гэрт байдаг сейф маягийн төмөр савыг онгойлго гэж хэлэхэд онгойлгосон. Тэгээд үзтэл юу ч гараагүй. Гэтэл Энхболд намайг нөгөө хоёр цагдаад “наадах чинь өөрөө хэрэглэдэг, наадхынхаа өрөөнд ороод  үз” гээд хэлээд байж байтал нөгөө хоёр цагдаагийн нэг нь Энхболдын өрөөнөөс жижиг пивор савтай өвс гаргаад ирсэн. Тэгээд гал байна уу гэж асуухаар нь би гал өгсөн чиньь нөгөө өвсийг шатааж үзээд удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн дуудсан.

2019 оны 3 сард Энхболд анх надаас “чи ийм юм татаж үзэх үү, их гоё тархи амраадаг бэлдмэл байдаг юм, тархи хөгжүүлнэ гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 43-44 дүгээр хуудас)

 

            2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

            Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 101 тоот байр байх ба өөр өнгийн бүргэд хаалга байна. Хаалгыг нээж ороход гал тогоо, том өрөө, хоёр жижиг өрөө гэсэн зохион байгуулалттай, 3 өрөө байр байна.

            Буйдангийн гол хэсгийн зүүн талд шар өнгийн модон ширээ байна. Ширээний дээд талд хуванцар саван дотор ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. Ширээн дээр 0.5 гр хэмжээтэй ногоон өнгийн таглаатай савтай байв. Мөн шилэн дугуй саванд тунгалаг цаас хэсэглэж хийсэн байсныг 8 дугаар тавьж, гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав. Мөн ширээн дээр хар өнгийн дөрвөлжин хуванцар саван дотор ногоон өнгийн уутанд өвс мэт зүйл хийснийг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Өрөөний бусад хэсэгт үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй гэжээ. (хэргийн 9-10 дугаар хуудас)

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд:

       2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Х.Эын Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11-101 тоотод хийсэн хэргийн газрын үзлэгээр хураагдсан бөөрөнхий хэлбэртэй дотор хэсэг нь хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон шил, тугалган цаас, ногоон өнгийн гялгар ууттай, өвс ургамал, хог хаягдал, ногоон өнгийн тагтай хуванцар савны хамт 90,9 грамм ногоон өнгийн нунтаг өвс ургамал, зиплок түгжээтэй гялгар уутны хамт 66,9 грамм ногоон өнгийн нунтаг өвс ургамал зэрэг эд зүйлийг хүлээн авах ажиллагааг 16 цаг 25 минутанд дуусгав гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1611  тоот дүгнэлтэд:

1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн обьектууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн 0.5 литрийн хуванцар савтай өвс мэт зүйл, ногоон өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл тус бүрээс Дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн дотроо тугалган цаасны хэсэг, үнс бүхий шилэн савнаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэжээ. (хэргийн 48-49 дүгээр хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 385 тоот дүгнэлтэд:

1. Х.Э нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Х.Э одоо сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

3. Х.Э сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.

4. Х.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Х.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Х.Э мансуурах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Х.Э нь сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэжээ. (хэргийн 62 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасанд:

Х.Э нь урьд ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 69 дүгээр хуудас)

 

             ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

             Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Баян-Чандмань сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, олж авч, бэлтгэсэн,

улмаар уг бодисыг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 101 тоот гэртээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй 0.5 литрийн хуванцар савтай, 128 грамм цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, мөн ногоон өнгийн гялгар ууттай 11 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Х.Энхты мэдүүлэг, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1611, 1610 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгасан, Нийслэлийн прокурорын газраас Х.Эод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Иймд шүүгдэгчийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул уг бодисыг устгах нь зүйтэй.

 

Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Х.Эыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Эод хорих ялыг оногдуулахгүйгээр  3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

            3. Х.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож,

7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Х.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял  оногдуулахыг дурдсугай.

 

            5. Шүүгдэгч Х.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 0.5 литрийн хуванцар савтай, 128 грамм цэвэр жинтэй, өвс гэх нэршилтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, ногоон өнгийн гялгар ууттай 11 грамм цэвэр жинтэй нунтаг ногоон өнгийн ургамал мэт зүйл, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон дотроо тугалган цаастай бөөрөнхий хэлбэртэй шилэн сав зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эод хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН