Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 526

 

 

 

 

 

 

 

      2020         5            22                                  526            

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

шүүгдэгч: Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Од холбогдох эрүүгийн 1905035210686 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Home сервис ХХК-д үүлгэлтийн ажилтай, сард 600 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар 03-ны өдрийн 534 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ялыг биелүүлж дууссан, , Ж.О.

 

Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны орцонод хохирогч Л.Лгийн нүүр хэсэгт гараараа цохиж, биед нь дээд уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.О мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлын тухайд надаас хохирогч хохирол нэхэмжлээгүй тул хохирол төлсөн зүйл байхгүй гэв. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Л мэдүүлэхдээ:

2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 21 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 2 дугаар орцны 141 тоотод байрлах гэр рүүгээ орох гээд эхнэр Д.Хүрэлтогоотой хамт бага хүүхдээ би тэвэрчихээд 2 дугаар орцны лифтэнд суух гээд зогсож байсан чинь лифтээр хүмүүс айл нүүлгэж байсан ба тухайн үед лифтэнд суух гээд хүлээж байгаа хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Тухайн намхан богино үстэй юм зөөж байсан залуу нь хүмүүстэй маргалдаад байсан. Тухайн үед хүмүүс хүлээж байгаад лифтэнд сууж байсан ба эхлээд манай эхнэр лифтэнд суугаад явсан. Би хүлээж байгаад буцаж ирэхээр нь суух гэж байгаад нөгөө залууд хандан “та нарын буруу” гэхэд өөдөөс маргаад байсан. Тэгснээ үүд рүү юм зөөгөөд гарахдаа “барьж идэхнээ пизда нар чинь” гэж хэлээд гараад явсан. Тэгснээ буцаж орж ирэхдээ өндөр туранхай залуу хүрч ирээд “та нар юу гээд байгаа юм” гээд маргалдаад байсан. Тэгээд лифт хүлээж байсан чинь нөгөө өндөр, туранхай залуу юмаа зөөгөөд гарахдаа амандаа хараагаад, үглээд байхаар нь би “чи яагаад байгаа юм бэ” гээд араас нь яваад очсон чинь нөгөө туранхай залуу юмаа тавиад над дээр хүрч ирээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Дараа нь дахиад намайг цохих гэхээр нь би бултсан чинь миний дагз дээр оносон. Тэгснээ туранхай залуу намхан жижиг үстэй залуутайгаа орцноос гараад зугтаачихсан. Араас нь гарахад цаашаа гүйгээд зугтаасан байсан.

Миний дээд уруулын дотор тал язарч тархи доргисон байсан. Би тухайн үед өвчин намдаах эм авч уусан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Одоо биеийн байдал сайн байгаа. Ж.Огоос хохирлын талаар ямар нэгэн санал, гомдол байхгүй. Ж.Од надад учруулсан гэмтэлтэй холбоотой хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг хүсч байна гэжээ. (хэргийн 17-20, 21-22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Я.Б мэдүүлэхдээ:

2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 2 дугаар орцны 9 давхарт байрлах 134 тоотын айл нүүлгэлтэнд 20 цаг 50 минутанд ирж ажилласан бөгөөд надтай хамт Бадрал болон түүнээс гадна 7 залуу хамт явж байсан. Ингээд нүүлгэлтийн үеэр 21 цаг өнгөрч байхад Бадрал болон шинээр ажиллаж байсан залуу хоёр байрны оршин суугч нартай маргаж эхэлсэн бөгөөд би маргаан дундуур орж хүмүүсийг тайвшруулсан боловч дараа нь дахиад Бадрал болон шинэ залуу хоёр нөгөө хүнтэй маргаад байсан. Тухайн үед би лифтний үүдэнд зогсож байсан бөгөөд нэг мэдсэн чинь орцны үүдэнд хүмүүс шуугилдаад явчихсан. Хүмүүс байгаа зүгт харахад Бадрал шинэ ажилтан хоёр зугтаагаад орцноос гараад явж байсан. Харин хүүхэд тэвэрсэн залуу цохиулсан байдалтай байсан. Тэгээд нөгөө залуу цагдаад дуудлага өгсөн гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Э мэдүүлэхдээ:

2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Хүлгийн жолооч” компанид айл гэр, албан байгууллага нүүлгэлтийн компанийн ажлаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны 9 дүгээр давхарт байрлах айлыг нүүлгэх захиалга ирээд тус газар руу 21 цагийн үед хамт ажилладаг Бааска ах, Сүндэргүсүм, Туваан болон нэг цагийн ажилтан нарын хамт очоод тус 29 дүгээр байрны 9 давхараас айл нүүлгээд цахилгаан шат буюу лифтээр ачааг буулгаж зөөж байсан. Би нэгдүгээр давхарт Бааска ах, Одко нарын хамт ачааг зөөгөөд машинд ачиж байсан. Тэр үед лифтний үүдэнд хүүхдээ тэвэрсэн нэг ах эхнэртэйгээ байж байсан ба бид нарыг харчихаад “та нар наад ачааагаа шатаар зөөгөөч” гээд Одкоод хэлээд хамт явсан эмэгтэй нь хүртэл уурлаад байхаар нь би очоод “танайх ч гэсэн ингэж нүүж орж байсан биз дээ” гэсэн чинь “битгий олон юм яриад байгаарай, дуугүй байгаарай, ална шүү чамайг” гээд байсан. Тэгээд ачаагаа зөөгөөд дуусгачихсан байхад нөгөө ах эхнэртэйгээ хамт хэрүүл өдөөд байсан. Тэгээд би “аятайхан байгаарай” гэж хэлчихээд гадаа гараад ачаагаа зөөгөөд буцаад орсон чинь Одкоо нөгөө маргалдаад байсан ахтай болон бас танихгүй хоёр залуутай зодолдоод байж байхаар нь би очоод жинсэн яактай залууг нүүр рүү нь нэг удаа гараараа цохисон чинь нөгөө залуу газар унаад нүүрээ дараад байж байхаар нь гаран дээр нь хоёр удаа цохисон. Тэр үед тэнд байсан хүмүүс салгасан. Би Одкоотой орцноос гараад явсан чинь араас нөгөө хүүхдээ тэвэрсэн залуу, жинсэн яактай залуу найзынхаа хамт гараад ирэхээр нь “одоо больё” гээд цаашаа зугтаад явсан. Тухайн үед Одкоо хүүхдээ тэвэрсэн ахыг нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэр жинсэн яактай залуу хаалгаар гарах гэхээр нь би өөдөөс нь цохиод орц руу оруулсан. Тэгээд араас нь очоод нүүр рүү нь цохисон чинь эрүү орчимд нь таараад газар унахаар нь гаран дээр нь хоёр удаа цохисон. Тэр үед Одкоо хүүхдээ тэвэрсэн хүнтэй зодолдож байсан гэжээ. (хэргийн 27-29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Х мэдүүлэхдээ:

2019 оны 8  дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчим би найз Тайванбаатар, Сэржмядаг, Азаа нарын хамт лифт хүлээгээд 12 давхараас лифт дуудсан чинь доор 9 дүгээр давхарт хүмүүс айл нүүлгээд лифтээр юм зөөгөөд байсан. Тэгэхээр нь бид нар доошоо шатаар нэг давхар руу буусан. Тэгээд нэг давхарт бууж ирсэн чинь хүүхэд тэвэрсэн ахтай нөгөө ачаа зөөж байсан хүмүүс маргалдаж байсан. Бид нар хажуугаар нь өнгөрч явсан чинь хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд гарах гээд эргээд харсан чинь нөгөө хүүхэд тэвэрсэн ахыг халзандуу толгойтой залуу нүүр рүү нь гараараа цохиж байсан. Тэгснээ халзан толгойтой ах над дээр хүрч ирээд намайг нэг удаа нүүр рүү нь цохиод байрнаас гараад зугтаачихсан. Тэгээд бид нар араас нь орцны үүд рүү гарсан чинь нөгөө хүмүүс зугтаачихсан гэжээ. (хэргийн 30-31 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Т мэдүүлэхдээ:

2019 оны 8 дугаар сарын 31-ний орой 22-23 цагийн орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 29 дүгээр байрны 159 тоотод байрлах гэрт манай найз Хэрлэн, Сэржмядаг нарын хамт байж байгаад хичээлээ хамт хийж байгаад Хэрлэнг гэр лүү нь дөхүүлж өгөх гээд гэрээс гараад лифт дуудсан чинь ирэхгүй байхаар нь 9 дүгээр давхар хүртэл шатаар буугаад 9 давхараас лифтэнд суугаад нэгдүгээр давхарт буусан чинь ээж Баярмагнай, дүү Азжаргал хоёртой дайралдсан ба тухайн үед лифтээр юм зөөж байсан хүмүүстэй хүүхдээ тэвэрсэн ах, бас нэг махлаг ах хэрэлдээд байж байсан. Тэгээд хажуугаар нь гарч байх үед хойно юм дуугарахаар нь харсан чинь хүүхдээ тэвэрсэн хүнийг жижиг үстэй юм зөөж байсан хүн нүүр рүү нь цохиж байсан. Тэгэхээр нь би очоод салгасан чинь араас нь  нэг хүн ирээд миний дагз орчим руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зууралдаад газар унасан чинь миний мөр орчим руу нэг өшиглөөд орцноос гараад зугтаасан гэжээ. (хэргийн 32-34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Н.Энхцолмон мэдүүлэхдээ:

Л.Лгийн биед учирсан гэмтлүүдээс дээд уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь нэг хүчин зүйлийн нөлөөөгөөр үүссэн гэмтэл бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. (хэргийн 43-44 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10539 тоот дүгнэлтэд:

1. Л.Лгийн биед дээд уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ж.О Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар 03-ны өдрийн 534 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ялыг биелүүлж дууссан гэжээ. (хэргийн 70 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны орцонод хохирогч Л.Лгийн нүүр хэсэгт гараараа цохиж, биед нь дээд уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Л, гэрч Я.Б, Н.Э, Э.Х, М.Т, шинжээч Н.Энхцолмон, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 10539 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй, хохирол нэхэмжлээгүй тул Ж.Ог бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Ж.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Ог 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ж.Од даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Л.Л нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН