Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 525

 

 

 

 

 

 

 

 

      2020           5            22                                525            

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 2005015030737 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Москва ресторанд зөөгч ажилтай, сард 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, дүүгийн хамт О.

 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 15-11 тоот нийтийн байранд хохирогч Ё.Зтэй маргалдаж, нуруун тус газар нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.О мэдүүлэхдээ:

Прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Эмчилгээний зардалд 200 000 төгрөг өгсөн. Цаашид эмчилгээ хийлгэж, нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжилвэл төлнө гэв. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ё.З мэдүүлэхдээ:

Би өөрийн найз эмэгтэй болох Б.Отэй хамт 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Дарь-Эх рүү Б.Оийн найзынд очиж эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэж байгаад 2020 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах хаягийг нь тодорхой санахгүй нийтийн байрандаа ирсэн. Тэгтэл Б.О харанхуй шөнө буцаж гарна гээд байсан. Би Отгонцэцэгийг “яах гээд байгаа юм гээд явуулахгүй, унтаж амаръя” гэхэд “би чиний албан ёсны эхнэр чинь биш шүү” гээд заазуур барьж аваад миний нурууг зүсчихсэн.Тэгээд Отгонцэцэг бид хоёр хамт таксигаар Гэмтлийн эмнэлэг явж зүсэгдсэн шархаа оёулсан. Гэмтлийн эмнэлгээс буцаж, нийтийн байрандаа ирээд унтсан. Отгонцэцэг бид хоёр тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Отгонцэцэг надаас “салмааргүй байна, салах юм бол үхнэ” гээд байсан. Тэгээд Отгонцэцэг намайг заазуураар зүссэн гэдгийг ар гэрийнхэнд нь хэлсэн. Ингээд хамт амьдарч байтал Отгонцэцэг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр маргалдахдаа над руу хутга авч шидсэн. Тэр үед надад гэмтэл учраагүй. Тэгэхээр нь би ер нь цагдаагийн байгууллагад хандахгүй бол болохгүй юм байна гээд цагдаад хандсан. Би хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Отгонцэцэг надад 200 000 төгрөг эмчилгээ хийлгээрэй гээд өгсөн. Би нуруугаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай, мөн нурууныхаа соривыг арилгуулах хүсэлтэй байна. Цаашид эмчилгээ хийлгэж хохирлоо нэхэмжлэнэ гэжээ. (хэргийн 19-24 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4866 тоот дүгнэлтэд:

1. Ё.Згийн биед нуруунд сорви тогтоогдлоо. 

2. Дээрх сорви нь ир бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 32-33 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.О ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар гудамжны 11 тоот нийтийн байранд хохирогч Ё.Зтэй маргалдаж, нуруун тус газар нь заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ё.Згийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4866 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй, “Отгонцэцэг надад 200 000 төгрөг эмчилгээ хийлгээрэй гээд өгсөн. Би нуруугаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай, мөн нурууныхаа соривыг арилгуулах хүсэлтэй байна. Цаашид эмчилгээ хийлгэж хохирлоо нэхэмжлэнэ” гэж мэдүүлсэн тул Б.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Б.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Оийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.От даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ё.З нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН