Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 524

 

 

 

 

 

 

 

 

    2020            5            22                                     524

 

 

                                      

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

хохирогч: Д.Б,

шүүгдэгч: Ч.Н,

шүүгдэгч: Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э, Ч.Н нарт холбогдох эрүүгийн 2005011850609 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геодезийн инженер мэргэжилтэй, дуудлагын жолооч ажилтай, сард 1 000 000  төгрөгийн цалинтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт,

Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, , Э.Э.

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, группд байдаг, сард 350 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт, Ч.Н.

 

Шүүгдэгч Г.Э.Э нь 2020 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80б байрны 73 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.Нг зодсоны улмаас биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины гадна хэсэг, зүүн хацрын төвгөр, зүүн шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун, зүүн эгэмний зулгаралт, баруун зүүн бугалга, баруун шууны цус хуралт гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 11 дүгээр байрны 21 тоотод хохирогч Д.Бгийн нүүр хэсэгт түлхүүрээр цохиж, зодсоны улмаас биед нь тархи доргилт, духны зулгаралт, баруун дээд 3 дугаар шүдний буйл, уруулын дотор салст шилжих нугалаасны язарсан шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.Э мэдүүлэхдээ:

Энэ хэрэг фейсбүүкээр бусдын зураг дээр Г.Н лайк дарснаас үүдэлтэй ч өөр нэг шалтгаан нь намайг шөнө ороход тэр намайг цонх уруу түлхээд 2 давхар цонх маань хагарсан. Би “чи хүн алах нь уу” гээд маргалдаж, гэрээсээ гарч яваад машиндаа сууж байгаад жаахан тайвшраад өөр тийшээ явах гээд найздаа хэлтэл найз маань “чамайг буруугаар ойлгож магадгүй ээ, чи эргээд гэртээ орсон нь дээр байх” гэсэн. Тэгээд би Г.Нг унтсан байх гээд гэртээ орсон. Гэтэл миний хөлийн чимээнээр Г.Н сэрчихээд хэрүүл хийгээд байсан. Тэгэхэд нь “одоо наад хэрүүлээ боль” гэж хэлсэн. Өмнө нь хүртэл ажлаа хийж байгаад орж ирэхээр “чи шөнөжин банзалдаж явж байгаад ирсэн үү” гэдэг. Би Г.Нд гэмтэл учруулсан гэм буруугаа ойлгож байгаа. Хэргийн талаар цааш нь ярих юм байгаа хэдий ч би ярьмааргүй байна. Би эхнэртээ хайртай, одоо хүртэл мессэжээр харьцаж байгаа. Би ээж, эгч, дүүтэйгээ амьдардаг. Би эмэгтэй хүнийг хүндэлдэг, би хэзээ ч тийм үйлдэл гаргахгүй. Гэхдээ эхнэрийнхээ нүдийг хөхрүүлсэн нь миний буруу. Бид гэрлэлтээ батлуулаагүй. Би нэг удаа хүүхэдтэйгээ очиж уулзсан. Дотны нагац ах маань нас бараад тэрнээс хойш нилээд их ажилтай байгаа. Ял шийтгүүлэхэд гомдол санал байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.Н мэдүүлэхдээ:

Хохирогчид гэмтэл учруулсан үйлдэлдээ уучлалт гуйж байна. Энэ явдал болохоос сар гаруйн өмнө намайг харвалт өгснийг Д.Б мэдэж байгаа. Гэтэл энэ хүүхэн орж ирээд, хашгичаад хүүхдийн минь толгой, тархи руу цохиод коридорт орилоод байсан. Тэгэхээр нь би “наашаа ороод ир, орж ирээд учраа ол” гэсэн. Хүүг минь элдвээр хараагаад доромжлоод байсан. Миний зүүн хөл муу учир би хөлөө чирээд босч ирсэн. Миний биеийн байдал ийм байхад би хүнд тийм гэмтэл учруулж чадахгүй. Мөн миний биед ч гэсэн тухайн үед ихээхэн гэмтэл учирсан. Уруул сэт цохигдож, зулгарсан байсан. Энэ маргаан манай гэрт нэг цаг гаруй болсон. Тэгээд намайг дахиад харвачихна гээд хүүхдүүд том өрөө рүү оруулсан байдаг. Хохирогч Д.Б манайд ирэхдээ нүүр ам нь гэмтсэн ирээгүй. Тиймээс би хэргээ хүлээж байна. Д.Бгийн хохиролд нэхэмжилсэн 128 000  төгрөгийг төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Д.Б мэдүүлэхдээ:

Би гэр бүлийн дунд аль хэрүүл хийхийг тэр гэхэв гэж бодоод бүтэн 2 сарын турш уучлалт гуйхыг нь хүлээсэн. Гэхдээ энэ бол гэр бүлийн хүчирхийлэл. Намайг машины түлхүүрээ авах гээд ороход “ломбардад тавьчихсан” гэсэн. Тэгэхээр нь би “чи тэгвэл мөнгийг нь төл” гэтэл “яахаараа би төлдөг юм” гээд хэрүүл хийсэн. Тэгээд байж байтал хаалгаа онгойлгоод ээж нь “юу болоод байна, яагаад байгаа юм, орж ирээд ярь” гээд гэр рүү нь ортол намайг “юу гээд пээдэлзээд байгаа юм” гэхээр нь би “машинаа авах гэж ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би “энд байгаа түлхүүр” мөн үү гээд нэг түлхүүр автал түлхүүрээ шүүрч, аваад л миний толгой уруу цохисон. Э.Э энэ хөлсөлж байгаа байрандаа 4 сар хамт амьдрахдаа 2 удаа гадуур хоносон, үргэлж архи ууж орж ирдэг, 2 удаа дүүг минь зодсон. Авч өгсөн машин нь миний мөнгөөр Э.Эын хадам ээж нь болох Ганцэцэг гэдэг хүн авч өгсөн машин. Машинаа авъя гэхээр миний амьдрал яах юм гэдэг. Машинаа авъя гэж орсноос болж би зодуулсан. Би гомдолтой байна. Г.Нгийн утсан дээр тухайн үеийн үйл явдал бүгд бичигдсэн байгаа. Хуулийн дагуу арга хэмжээг нь авч өгөөсэй гэж хүсч байна. Би өөрт учирсан хохиролд 128 000 төгрөг нэхэмжилж байна. Хэрвээ нотлох баримт болно гэвэл би утасны бичлэг үзүүлж болно. Би Э.Эт нэг ч удаа халдаагүй, нэг ч удаа цохиогүй. Нямсүрэн гуай харин намайг цохисон. Гурвуулаа нийлж намайг боогоод дарахаар нь би мултарч гараад жижиг өрөө рүү нь орсон. Харвасан хүн тийм аймар чадалтай байна гэдэгт би гайхсан. Тэгээд би дүүгээсээ танай хадам ээж чинь харвасан нь үнэн үү гэж асууж байсан. Харин Э.Э Г.Нг боогоод хоолойг нь багалзуурдаж байхад нь түүнийг цохисон  гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Н мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80б байрны 73 тоотод гэртээ байж байхад урьд нь үерхэж байсан залуугийн фейсбүүкийн зураг дээр лайк дарсан байна гээд манай нөхөр Э.Э над руу уурлаад байсан. Тэгээд “би яагаад уурлаад байгаа юм бэ” гэхэд “зайл, зайл” гээд байсан. Э.Эыг би дахин “яагаад байгаа юм бэ” гэтэл намайг түлхээд гарын шуунаас базаад татаад байсан. Тэгэхээр нь би буцаагаад түлхсэн чинь өрөөний цонх руу түлхэгдээд Э.Э гараараа цонх хагалсан. Тэгээд Э.Э гэрээсээ гараад явсан. Шөнө 04 цагийн үед архи үнэртүүлсэн орж ирээд надтай дахин маргаан хийгээд байсан. Би Э.Эт “чи маргааш маргаанаа хий, хүүхэд айлгалаа” гэтэл надтай хэрүүл хийгээд байхаар нь нэг удаа нуруу руу нь түлхтэл шууд миний нүүр рүү мангасдаж, зүүн талын нүд рүү цохиод, намайг орны хажуу талын жижиг ширээ рүү түлхэж унагаасан. Тэгтэл манай 4 сартай хүү цочиж уйлаад, манай ээж Ганцэцэг өрөөнд орж ирээд “юу болоод байгаа юм бэ” гээд Э.Эыг “чи согтуу байгаа юм уу, яагаад охиныг маань зодоод байгаа юм” гэхэд Э.Э ээжид хандаж, “охиноосоо асуухгүй юу, дандаа охиноо өмөөрдөг” гэж ээж рүү хашгирахад ээж Э.Эыг “чи одоо яв, эрүүл болохоор чинь ярилцана” гэтэл Э.Э “угаасаа би явлаа” гээд хувцасаа аваад яваад өгсөн. Тэгээд маргааш нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед Э.Эаас ээжийн надад авч өгсөн Э.Эын унаж явсан 36-31 УБХ улсын дугаартай, хар өнгийн Приус-20 загварын автомашинаа авах гээд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 11 дүгээр байрны 21 тоотод өөрийн нагац эгч Д.Бтай хамт очиход Э.Э гэрээсээ гараад орцондоо зогсож байхад нь таараад Д.Б эгч Э.Эаас “машинаа авъя” гэж хэлтэл “наад машин чинь зээлийн барьцаанд байгаа” гэж хэлсэн. Наад мөнгөө өөрсдөө төлөөд ав гэж Д.Б эгч Э.Э хоёр хоорондоо маргалдаж байтал Э.Эын ээж хаалгаа онгойлгоод “юу гээд даналзаад байгаа юм, гэрт орж ирээд ярилц” гэсэн. Тэгтэл Д.Б эгч “та нартай ярилцах зүйл байхгүй, би өөрийнхөө юмыг авна” гээд Э.Эын гэрт орж коридорт нь зогсоод үүдний тольтой тавиур дээр байсан түлхүүрийг Д.Б эгч хараад “энэ машины чинь түлхүүр мөн үү” гэтэл Э.Эын ээж Ч.Н тэр түлхүүрийг шүүрч аваад Д.Б эгчийн дух руу гартаа машины түлхүүр барьж байгаад цохисон. Тэгтэл Д.Б эгч гайхаад “яаж байгаа юм бэ” гэтэл “та нар дээрэмчид үү” гээд байсан. Д.Б эгч Э.Эын ээж Ч.Нд хандаж, “дахиад цохь” гэтэл Э.Эын ээж Д.Б эгчийн үснээс нь зулгааж дараад, тэр хоёр хоорондоо зууралдаад байсан. Тэгээд тэр гэрт Э.Эын ээж, аав, Э.Э нар Д.Б эгч рүү дайраад байхаар нь салгах гэтэл Э.Э “чи зүгээр байж бай” гээд түлхээд, тэд нар нийлж байгаад Д.Б эгч бид хоёрыг жижиг өрөө рүүгээ оруулсан. Э.Э жижиг өрөөнийхөө үүдэнд зогсчихоод Д.Б эгч бид хоёрыг гаргахгүй, цагдаа дуудна гэсэн. Д.Б эгч бас цагдаад дуудлага өгсөн. Бид хоёрыг жижиг өрөөнд байхад Э.Эын ээж нь маш их хэл амаар доромжилсон. Тэгээд цагдаа дуудаад байж байж байтал Э.Эын эмэгтэй дүү Энхцацрал орж ирээд Д.Б эгчийг өшиглөх гэж байгаад миний гэдэс рүү өшиглөсөн. Э.Э Д.Б эгч хоёр маргалдаад Э.Э Д.Б эгчийг цохиод авсан. Яг хаана нь цохисныг санахгүй байна гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Э мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 30-ны өглөө үүрээр манай ах Э.Э гэрт орж ирээд ээж, аав хоёртой юм ярьж байгаад унтсан. Гэтэл Г.Н эгч над руу “Э.Э очсон уу” гэж мессеж бичсэн байсан. Э.Э ах Г.Н хоёр маргалдаад ах гэртээ ирсэн байсан. Гэтэл орой 18 цагийн үед хаалганы хонх дуугараад Д.Б эгч, Г.Н эгч хоёр ирээд манай давхарын коридорт Э.Э ахтай уулзаад Д.Б эгч орилоод байхаар нь ээж “гэрт ороод яриач” гээд гэртээ оруулсан чинь Д.Б эгч үүдний тавиур дээр байсан түлхүүрийг шүүрч аваад Г.Н эгчээс “энэ машины түлхүүр мөн үү” гэж асуухад ээж Д.Б эгчээс “наадах чинь гэрийн түлхүүр” гээд түлхүүрээ автал Д.Б эгч ээжийг “пиндийсэн авгай минь ер нь бол чамаас болж байгаа юм” гээд ээжийг барьж аваад ээж Д.Б эгч хоёр хоорондоо зууралдаад ах бид хоёр салгаж, Д.Б эгч, Г.Н эгч хоёрыг жижиг өрөөнд, ээжийг том өрөөнд оруулсан. Тэр үед ээжийн даралт ихсээд байсан болохоор түргэн, цагдаа зэрэг дуудсан. Хэн нь хаана нь яаж цохисоныг анзаараагүй, зууралдаад л байсан гэжээ. (хэргийн 27-28 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Г мэдүүлэхдээ:

Шөнө Э.Э орж ирээд Г.Нгийн нүд рүү нь цохисон байсан. Намайг өрөөнд нь ороход Г.Нгийн зүүн нүд улайчихсан, Г.Н газар унасан байдалтай байж байсан гэжээ. (хэргийн 39-40 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4188 тоот дүгнэлтэд:

1. Г.Нгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины гадна хэсэг, зүүн хацрын төвгөр, зүүн шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун, зүүн эгэмний зулгаралт, баруун, зүүн бугалга, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 43-44 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4187 тоот дүгнэлтэд:

1. Д.Бгийн биед тархи доргилт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 3 дугаар шүдний буйл, уруулын дотор салст шилжих нугалаасны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 45-46 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.Э нь Баянгол дүүргийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 64 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ч.Н ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 88 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Г.Э.Э нь 2020 оны 3 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80б байрны 73 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Г.Нг зодсоны улмаас биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины гадна хэсэг, зүүн хацрын төвгөр, зүүн шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун, зүүн эгэмний зулгаралт, баруун зүүн бугалга, баруун шууны цус хуралт гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 11 дүгээр байрны 21 тоотод хохирогч Д.Бгийн нүүр хэсэгт түлхүүрээр цохиж, зодсоны улмаас биед нь тархи доргилт, духны зулгаралт, баруун дээд 3 дугаар шүдний буйл, уруулын дотор салст шилжих нугалаасны язарсан шарх гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Б, Г.Н, гэрч Э.Э, Д.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4187, 4188 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Э, Ч.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Б, Г.Н нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Д.Б нь эмчилгээний зардал болох 128 000 төгрөг нэхэмжлэнэ гэснийг шүүгдэгч Ч.Н хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна.

Хохирогч Г.Н хохирол нэхэмжлээгүй болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Боржигинцарам овогт Энхбаатарын Э.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Ч.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч Ч.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Э.Э, Ч.Н нарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Э, Ч.Н нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Э, Ч.Н нар цагдан хоригдсон хоноггүй, Э.Э бусдад төлөх  төлбөргүй, Ч.Н хохирогч Д.Бд 128 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э, Ч.Н нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН