Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 522

 

 

 

 

 

 

 

 

    2020           5            22                                 522                

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: У.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.От холбогдох эрүүгийн 2005005400702 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “Ээгийс” ХХК-д засал чимэглэлчин ажилтай, сард 1 200 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт 0, У.О.

 

Шүүгдэгч У.О нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бирк” караоке дотор хохирогч Ц.Нг зодож, биед нь зүүн нүдний эвэрлэгийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-У.О мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Хохирогчид 135 000 төгрөг төлж, хохирогч надтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, саналгүй гэсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Н мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 23-ны орой 18:00 цаг өнгөрч байхад ажлаа тараад хамт ажилладаг Ундрахбаяр, бүтэн нэрийг нь мэдэхгүй Отгоо, Ганцэцэг, Нарандагина нарын хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Молор” нэртэй зочид буудлын хоёр давхарт байдаг пабад пиво уухаар орсон. Тэгээд нэг хүний нэг, нэг шил Сэнгүр нэртэй пиво авч, ууж байгаад дуусгалгүй, тэр пабад байдаг караокены өрөө орж, нэг цаг дуулангаа авсан пивоо уусан. Тэгээд караокены цаг дууссан болохоор бид нар караокены өрөөнөөс гарч, пабын зааланд суухаар болсон. Тэр үед бид нартай хамт байсан Нарандагина гээд эх баригчийн нөхөр нь ирсэн гээд яваад өгсөн. Тэгээд Отгоо, Ундрах, Ганцэцэг нарын хамтаар пабад үлдэж, нэмж Сэнгүр нэртэй пивоос 8 ширхэгийг авч, хүний хоёр, хоёрыг уусан. Тэгээд сүүлд авсан 8 пивоо дуусгаад ярилцаж байгаад дахин 4 ширхэг пиво авч уусан. Тэгээд хамгийн сүүлд авсан 4 ширхэг пивоноос би нэгийг нь ууж байгаад тэр пивоо яаж дуусгаснаа санахгүй байгаа бөгөөд нэг сэрсэн чинь нэг караокены өрөөнд танихгүй хоёр эмэгтэйтэй би маргаад зогсож байсан. Тэр үед хаанаас гарч ирснийг мэдэхгүй, надтай маргаж байсан хоёр эмэгтэйн хамтаар миний санаж байгаагаар танихгүй гурван залуу байсан бөгөөд нэг залуу нь над руу уурлаад элдэв янзаар хэлээд байх шиг байсан. Тэр үед надтай маргаад байсан хоёр эмэгтэйн нэг нь намайг цохиж аваад байх шиг байсан бөгөөд нэг мэдсэн чинь би караокены гадаа гарчихсан, нэг хүүхэн миний үснээс зулгаачихсан, намайг өшиглөөд байх шиг байсан. Тэр үед үснээс зулгаасан хүүхнийг тавиач гэж зөндөө хэлж байж миний үснээс зулгаахаа болиод тавихаар нь би уйлаад гэр рүүгээ такси бариад харьсан. Тэгээд би гэр рүүгээ явж байхдаа бусдад зодуулснаа мэдээд байсан бөгөөд өглөө гэртээ унтаж байгаад сэрээд хартал миний зүүн нүд улайсан, баруун, зүүн гуяны гадна хэсэгт хөхөрсөн, хоёр гарын шуу, тохой зэрэг газрууд хөхөрч улайсан болохоор нь цагдаад хандах хэрэгтэй гээд өргөдөл гаргасан.

Миний биед учирсан гэмтэлд одоогоор 133 700 төгрөгийн зардал гараад байгаа.

Хохирлоо нөхөн төлүүлсэн тул гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 15-16, 40-41, 96 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Б мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 23-ны орой 22:00 цаг өнгөрч байхад гурван эрэгтэй, хоёр эмэгтэй гээд таван хүн манай караокед орж ирсэн. Тэгээд тэр хүмүүс 1 дугаарын өрөөнд орсон бөгөөд яг хэд гэдгийг нь санахгүй байна, пиво захиалсан. Тэгээд тэр хүмүүс караокед дуулж байгаад хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна. 1 дугаарын өрөөнд орсон гурван залуугийн нэг залуу нь караокены өрөөнөөс гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө залуу өөр нэг танихгүй эмэгтэйг дагуулан орж ирээд бусад руугаа орсон. Тэгээд байж байтал нөгөө 1 дугаарын өрөөнд байсан хүмүүс орилолдоод байхаар нь би эхлээд зөөгч Мөнгөн-Эрдэнийг явуулсан. Мөнгөн-Эрдэнэ нэг дугаарын өрөөнд орж сануулчихаад буцаж ирсэн. Тэгээд удалгүй дахиад нөгөө 1 дугаарын өрөөнд байсан хүмүүс дахин хоорондоо маргалдаад байхаар нь манай зөөгч дахин сануулаад байхад дахин хоорондоо маргалдаад байхаар нь би өөрөө очиж шалгахад сүүлд орж ирсэн нэг охиныг анх караокед байсан хоёр эмэгтэйн нэг нь үснээс нь зулгаагаад газар унагаасан байсан. Харин арай цайвар, шар үстэй гэмээр охин нь нүүр орчим нь хөлөөрөө өшиглөж байхад хамт явж байсан гурван залуу нь зүгээр хараад зогсож байсан. Тэгээд би тэр хүмүүст “маргаанаа болихгүй бол цагдаа дуудлаа, эсхүл та нар эндээс гарчих” гэсэн чинь тэр өрөөнд анх орсон хүмүүс сүүлд ирсэн охиныгоо “энэ хүүхнийг явуулчих, бид нар эндээ суумаар байна” гээд байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүсийг гарчих гэсээр байгаад гаргасан. Тухайн үед 1 дугаарын өрөөний хаалганы хүрээ мод эвдэрсэн байсныг тэр өрөөнд байсан гурван залуугийн хоёр нь янзалж өгөөд явсан бөгөөд харин нөгөө нэг охиныг өшиглөөд байсан цайвар үстэй охин картаар тооцоо хийгээд гарсан.

Миний харснаар бол тэр өрөөнд анх орсон хоёр эмэгтэйн бараан үстэй охин нь хохирогч эмэгтэйн үснээс зулгаачихсан дараад байж байсан. Нөгөө шаргал, цайвар үстэй эмэгтэй болохоор газар уначихсан байсан. Хохирогч эмэгтэйн нүүр толгой орчим руу нь хөлөөрөө өшиглөж байсан. Намайг ороод маргааныг салгахад хохирогч эмэгтэйн зүүн нүд нь хөхөрч шалбараад, тэр хавьд нь гутлын мөр гарчихсан байсан гэжээ. (хэргийн 17-18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Э мэдүүлэхдээ:

...ирээд удаагүй байтал нэг танихгүй эмэгтэй ороод ирсэн. Тэгээд тэр эмэгтэй бид нартай танилцсан. Тэр үед би тэр эмэгтэйтэй танилцаагүй юм. Гэтэл тэр эмэгтэй намайг хэл амаар доромжлоод байсан. Тэр үед найз Хишигбат гаднаас орж ирээд, танихгүй эмэгтэйтэй танилцаад, бид нарын авсан өрөөнд хамт суусан. Тэгээд байж байтал манай найз Ган-Эрдэнэ, Оюука эгчтэй хамт тамхи татахаар гарсан. Нөгөө танихгүй эмэгтэй надад нэг пиво өгөхөөр нь би “уухгүй, болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй Хишигбатын хажууд сууж байтал манай эхнэр Хишигбат, нөгөө танихгүй эмэгтэй хоёрын хажууд очоод суутал танихгүй эмэгтэй манай эхнэрийг түлхчихсэн. Манай эхнэр газар унаад босч ирээд нөгөө танихгүй эмэгтэйн толгой орчимд караокены номоор цохих үед манай найз Хишигбат эхнэрийн гартаа барьсан караокены номоор нөгөө эмэгтэйг цохиулахгүй гээд гараараа хаасан. Би босоод эхнэрээ татаад салгасан. Тэр үед Оюука эгч, Ган-Эрдэнэ хоёр орж ирсэн бөгөөд Оюука эгч нөгөө эмэгтэйг “чи яахаараа манай дүүг түлхдэг юм” гээд нүүр орчим нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд бид нар явах гээд караокены өрөөнөөс гарахдаа хэн нь мэдэхгүй, караокены өрөөний хаалганы налишик модыг эвдчихсэн байхаар нь Ган-Эрдэнэ бид хоёр караокены ажилчдаас алх аваад хаалгыг нь янзлах гэж байхад нөгөө танихгүй эмэгтэй, Оюука эгч, манай эхнэр гурав дахиад хоорондоо зодолдсон байсан бөгөөд хэн нь хэнийхээ биед халдсан талаар харж чадаагүй.

Маргаан болохоос өмнө тэр гурвын хэн алинд нь гэмтэл шарх байгаагүй. Харин Ган-Эрдэнэ бид хоёрыг хаалга янзлах үед тэр гурав зодолдосны дараа манай эхнэрийн эрүүний зүүн хэсэгт нь маажсан шарх байсан. Харин Оюука эгчийн зүүн нүд нь байсан шиг санагдаж байна, хөхөрч хавдсан байсан. Тэрнээс болж Оюука эгч хэд хоног ажилдаа явж чадаагүй. Танихгүй эмэгтэйн бас зүүн нүдий доохон талд шанаа орчимд нь хавдаад хөхөрсөн байсан гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-У.У мэдүүлэхдээ:

...цаг хэд болж байсныг мэдэхгүй, Оюунчимэг эгч бид хоёр караокеноос гарч тамхи татахаар болоод гадаа гараад тамхи татаад зогсож байтал нэг танихгүй эмэгтэй бид хоёр дээр ирээд тамхи асуухаар нь өгсөн. Тэгээд Оюунчимэг эгч бид хоёр тамхиа татаж дуусаад орох гэж байтал нөгөө тамхи гуйсан эмэгтэй бид хоёрыг “хэнтэй яваа юм, хамт сууж болох уу” гээд байсан. Тэр үед бид хоёр “хүмүүстэй явж байгаа, болохгүй” гэсэн боловч тэр эмэгтэй “хамаагүй, зүгээр танилцаад сууя” гэсээр байгаад бид хоёрын араас караокены өрөөнд ороод ирсэн. Тэгээд тэр эмэгтэй орж ирээд “сайхан танилцаад, сууя” гэхээр нь бид нар угаасаа караокены цаг дуусах гэж байсан болохоор яахав гэж бодоод суулгасан. Тэгээд байж байтал нөгөө эмэгтэй манай нөхрийг “авсан пивоо уугаач” гээд байсан. Тэр үед манай нөхөр “үгүй” гэхэд тэр хүүхэн барьсан пивоо ширээн дээр тавих гэж байгаад асгачихсан. Би тэр хүүхэнд “чи одоо явчих” гэсэн чинь тэр хүүхэн над руу их муухай “чи дуугүй бай, гичий минь” гэхээр нь би ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд удаагүй нөгөө хүүхэн манай нөхөр рүү уурлаад элдвээр хэлээд агсараад байсан бөгөөд тэгж байхдаа “манай нөхөр цагдаа” гээд байсан. Тэгэхээр нь миний дургүй хүрээд тэр хүүхний хажууд очоод буландаж суугаад “чи одоо болиоч, одоо явчих” гэсэн чинь тэр хүүхэн намайг сууж байсан газраас гараараа түлхээд унагасан. Тэр үед би унасан газраасаа босоод ширээн дээр байсан караокены номоор цохих гэсэн боловч тэр эмэгтэйн хажууд сууж байсан Хишигбат гараараа хаасан бөгөөд манай нөхөр босч ирээд намайг татсан. Тэр үед ариун цэврийн өрөө орох гээд билүү, тамхи татахаар гарсан Оюунчимэг, Ган-Эрдэнэ хоёр караокены өрөөнд орж ирж таараад Оюунчимэг эгч нөгөө эмэгтэй рүү “чи манай дүү нарыг яагаад байгаа юм” гээд дөхөөд очтол нөгөө эмэгтэй Оюунчимэг эгчийн нүүрэнд аль гараараа гэдгийг санахгүй байна, гараараа нэг удаа цохисон. Оюунчимэг эгч нөгөө эмэгтэйн өөдөөс очтол Ган-Эрдэнэ араас нь татсан боловч Оюунчимэг эгч өөрөөсөө түлхэж тавиулаад нөгөө эмэгтэйн урдаас очоод нэг удаа гараараа нөгөө эмэгтэйн нүд орчим нь цохисон. Тэр үед Ган-Эрдэнэ дахин Оюунчимэг эгчийг татаж салгасан. Харин Хишигбат нөгөө эмэгтэйг татаад салгасан гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Г мэдүүлэхдээ:

...намайг тамхи татчихаад караокены өрөөнд ороход юунаас болж маргасныг мэдэхгүй Урангоо тэр танихгүй хүүхэнтэй маргаад бие биенийхээ үснээс зулгаачихсан байсан. Тэр үед Энхтөр Урангоог салгах гээд татаж байсан. Харин Хишигбаатар нөгөө танихгүй эмэгтэйг “болиоч ээ, чи” гээд салгах гэж байсан. Тэр үед миний урд орсон Оюунчимэг “хөөе яаж байна аа” гээд маргааныг салгах гэсэн боловч хойшоо гэнэт над руу болсон. Тэгэхдээ “миний нүд рүү цохичихлоо” гэж байсан бөгөөд дахиад нөгөө хүүхэн рүү ойртохоор нь би татаад салгасан. Тэгээд маргааныг салгаад Оюунчимэг, Урангоо хоёрыг бид нар караокены өрөөнөөс гаргаад нөгөө хүүхэнтэй Хишигбаатар, Энхтөр бид нар үлдээд хаалганы налишк янзлах гээд байж байтал Хишигбаатар Оюунчимэгтэй уулзана гээд караокены өрөөнөөс гарсан. Тэр үед нөгөө хүүхэн лав л миний зүүн бөөр орчим араас нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр хүүхэн өрөөнөөс гараад удаагүй дахиад маргаан болоод байхаар нь Энхтөр бид хоёр караокены өрөөнөөс гартал нөгөө танихгүй хүүхэн Оюунчимэг хоёр бие биенийхээ үснээс зулгаачихсан байсан. Урангоо караокены тек орчимоос ирэх гэж байхад нь Энхтөр очиж салгасан. Харин Хишигбаатар нөгөө хүүхнийг салгаад цааш болоод караокеноос гарсан. Тэгээд би караокены тооцоо хийгээд тэд нарын араас гарсан. Тухайн үед тэр эмэгтэйн биед яг хэн яаж халдсан талаар харсан зүйл байхгүй. Ямар ч байсан Урангоо эхлээд тэр хүүхэнтэй үсдэлцээд байсан. Яг тэр эмэгтэйг цохиж, зодоод байсан юм харагдаагүй. Тэр хүүхэн Урангоотой үсдэлцсэн. Оюунчимэг салгах гэсэн боловч миний нүдийг цохичихлоо гээд баруун нүдээ гараараа дараад хойшоо болсон. Тэр үед би Оюунчимэгийн гарыг авч харахад баруун нүдэн доогуур нь бага зэрэг улайчихсан байсан. Бас тэр хүүхэн миний зүүн бөөр орчим нэг удаа өшиглөсөн. Сүүлд таксинд суугаад явж байхад тэр хүүхэн Урангоогийн хацрыг маажсан гээд Урангоогийн баруун хацарт маажсан шарх үүссэн байсан гэжээ. (хэргийн 24-25 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2124 тоот дүгнэлтэд:

1. Ц.Нгийн биед зүүн нүдний эвэрлэгийн шарх гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 39-30 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

У.О ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 75 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

  Шүүгдэгч У.О нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бирк” караоке дотор хохирогч Ц.Нг зодож, биед нь зүүн нүдний эвэрлэгийн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Нгийн мэдүүлэг, гэрч Г.Б, Д.Э, У.У, С.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2124 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас У.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Ц.Н нь “Миний бие хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч У.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, У.О нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч У.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг У.От даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, У.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН